| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2024/02102/И |
| Дугаар | 210/МА2024/01944 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01944
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2024/01944 |
Б.Ч-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/03614 дугаар шийдвэртэй
Б.Ч-ын нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох
1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би өөрт хамааралтай 3 хэрэгт Л.Б-ыг өмгөөлөгчөөр ажиллуулах, өмгөөллийн хөлсийг 3,500,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа 1,700,000 төгрөг өгсөн.
Гэвч өмгөөлөгч Л.Б- 2021 оны 07 сарын 08-ны өдрийн давж заалдах шатны шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө над руу утсаар Би маргааш шүүх хуралд оролцохгүй, ажил гарсан, өчигдөр өршөөлийн хууль гарсан тул чи азтай, өршөөлийн хуульд хамрагдана. Чи шүүх хуралд очоод намайг өршөөж өгнө үү гээд хэлчих. Тэгээд л чи ялгүй өршөөгдөөд, цагаадаад хийсэн хэрэг чинь хэрэгсэхгүй болно гэж хэлэхэд нь би итгэсэн.
Давж заалдах шүүх хуралд би нэгдүгээрт Б надад зодуулсан гэх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хоёрдугаарт Шүүх эмнэлгийн давтан шинжилгээ хийлгэх, гуравдугаарт Өршөөлд хамруулж өгнө үү гэж хэлсэн.
Шүүхийн шийдвэрээр намайг өршөөлийн хуульд хамруулсан бөгөөд би тухайн үед нь ялгүй болсон, намайг гүтгэсэн хэрэг хэрэгсэхгүй болгож цагаатгагдлаа гэж бодсон. Гэвч дараа нь хуулийн хүмүүс Өршөөгдөнө гэсэн чинь хийсэн хэргээ хүлээсэн гэсэн үг шүү дээ гэхэд Л.Б- өмгөөлөгчид хулхидуулснаа мэдсэн...
Энэ хүн нь харьцаа муутай, ёс зүйгүй бөгөөд ээж бид хоёрт маш их дээрэнгүй хандаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх хэргийн хуралд оролцохдоо намайг өмгөөлж чадаагүй ялагдсан. Мөн Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газраас ээжийг маань дуудахад өмгөөлөгчийн хувьд хамт очих ёстой байсан боловч ирээгүй.
Иймд өмгөөлөгч Л.Б-д төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би иргэн Б.Ч-тай 2021 оны 04 сарын 17-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, түүнд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Улмаар хэргийн материалтай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн **** шийтгэх тогтоолоор түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байсан. Б.Ч-ын хувьд дээрх гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байгаа тухай хүсэлтээ илэрхийлснийх нь дагуу миний зүгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай тухай давж заалдах гомдлыг гаргаж, уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсан.
Б.Ч- нь гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах боломж бага болохыг түүнд удаа дараа танилцуулж байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болох өдөр Б.Ч- нь манай ажилд ирж уулзсан ба миний хувьд шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй, харин нэхэмжлэгч нь Өршөөлийн хуульд хамрагдах саналыг хүлээн авч Өршөөлийн хуульд хамрагдах юм чинь та шүүх хуралдаанд оролцоод хэрэггүй, би ганцаараа оръё гэж хэлсэн.
Мөн 2021 оны 04 сарын 05-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний 4.2.3-т Өмгөөллийн явцад үйлчлүүлэгч тал цаашид өмгөөлүүлэхээс татгалзсан тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж заасан. Гэрээний дагуу өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж, түүний гаргасан давж заалдах гомдлын дагуу би давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Ч-ын өмгөөлөгчөөр оролцсон ба давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх үед Б.Ч- нь цаашид өмгөөлүүлэхээс сайн дураар татгалзсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар Л.Б-д холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай Б.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.Б- нь 2 удаагийн шүүх хурлыг хойшлуулж энэ хэрэгт ямар ч хамааралгүй н.Э- гэгч өмгөөлөгчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг нь хангаж, н.Э-г гэрчээр оруулсан. н.Э-г орж ирэхэд шүүгч инээсэн, н.Э- бас инээсэн ба тэд танилууд байсан нь илт байсан. Тэгэхэд би Л.Б-ыг миний нэхэмжилсэн хэрэгт ямар ч хамааралгүй, урьд нь огт хараагүй хүнийг гэрчээр оролцуулах гэснийг ойлгосон. Шүүх хурал дуусаагүй байхад хурал нөгөө талд шийдэхийг би мэдсэн. Шүүхийн шийдвэрт н.Э-ийн тухай нэг ч үг бичигдээгүй байна. Л.Б- нь давж заалдах шатны шүүхэд олон жил ажиллаж байсан, шүүхийн бүх хүмүүсийг таньдаг гэж ярьж байсан. Л.Б- нь мөн гэрээ хийсэн боловч гэрээгээ зөрчсөн, шүүх хуралд оролцоогүй. 3 хэрэгт 3 сая төгрөгөөр тохиролцож байсан ч Авлигатай тэмцэх газарт хамаарах хэргээ гэрээнд огт тусгаагүй байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Л.Б-д холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1.Талууд 2021 оны 04 сарын 05-ны өдөр байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Б.Ч-т холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч Л.Б- хууль зүйн туслалцаа үзүүлж, уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалж ажиллахаар талууд харилцан тохиролцжээ. Гэрээний 3.1-т үйлчилгээний хөлс, хөлс төлөх журмыг гэрээний хавсралтаар тохиролцохоор заасан ч хэрэгт тус гэрээний хавсралт авагдаагүй байна.
3.2.Мөн 2021 оны 04 сарын 17-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Б.Ч-т холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Л.Б- хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцож, гэрээний хавсралтад ажлын хөлсийг 3,500,000 төгрөг байхаар зааж, урьдчилгаа хөлс 1,000,000 төгрөг авсан талаар тусгажээ.
3.3.Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээнээс гадна Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газарт шалгаж байгаа асуудлаар хариуцагч хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж, төрсөн эх И.Ж-аас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрч ... энэ хүн Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас дуудахад хамт очих гэсэн боловч ирээгүй ... гэж мэдүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд тус гэрчийн мэдүүлгээр зохигчид өмгөөллийн үйлчилгээний талаар хүсэл зориг илэрхийлсэн гэх байдал нотлогдоогүй байна.
3.4.Иймээс зохигчийн хооронд 2021 оны 04 сарын 05-ны өдөр болон 2021 оны 04 сарын 17-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, ажлын хөлсийг нийт 3,500,000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэх үндэслэлтэй байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ болох, мөн уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан Авлигатай тэмцэх газарт хамаарах хэргээ гэрээнд тусгаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
4.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2021 оны 04 сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 сарын 10-ны өдөр 700,000 төгрөгийг хариуцагчид төлсөн ба энэ талаар зохигч маргаагүй.
5.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байна. Тодруулбал хариуцагч нь И.Ж-ын нэхэмжлэлтэй, Б.Ч-, Э.Б нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 59,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Ч-ын өмгөөлөгчөөр оролцсон болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 862 дугаартай магадлалаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүхээс И.Жавзанхандын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Зохигчид 2024 оны 09 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд мэтгэлцсэнээс үзвэл, нэхэмжлэгч нь өмгөөлөгч Л.Б-ыг И.Ж-д ашигтай шийдвэр гаргуулж чадаагүй гэх агуулгаар тайлбарласан байх боловч уг тайлбар баримтаар тогтоогдоогүй. Мөн хариуцагч нь уг иргэний хэрэгт түүнийг оролцуулахаас татгалзсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасан ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан нөхцөл байдал тогтоогдоогүйг зөв дүгнэжээ.
6.Хариуцагч нь нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг субьектын хувьд хуульд заасан чиг үүргээ бүрэн, бодитой явуулаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
6.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмгөөлөгч Л.Б- нь би маргаашийн хуралд оролцохгүй, ажил гарсан Өршөөлийн хууль гарсан тул шүүх хуралд очоод намайг өршөөж өгнө үү гээд хэлчих, тэгээд чи ялгүй өршөөгдөөд, цагаадаад хэрэг чинь хэрэгсэхгүй болно гэж хэлсэнби ялгүй болж цагаадлаа гэж бодсон ч өршөөгдөнө гэсэн нь хийсэн хэргээ хүлээсэн гэдгийг дараа нь мэдсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хурал болохын өглөө Б.Ч- манай ажилд ирж уулзсан, миний зүгээс шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн санал гаргаагүй, харин тэрээр өршөөлд хамрагдах саналыг хүлээн авч Өршөөлийн хуульд хамрагдах юм чинь та шүүх хуралд ороод хэрэггүй, би ганцаараа орьё гэсэн гэж тайлбарлажээ.
6.2.Хариуцагч буюу өмгөөлөгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Б.Ч-т холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа өмгөөлөгчөөр оролцжээ. Гэрээний дагуу үйлчлүүлэгч Б.Ч-т хууль зүйн үйлчилгээ үзүүлж, түүний өмнөөс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн агуулгаар давж заалдах гомдлыг бичсэн, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгч Б.Ч- оролцож, өмгөөлөгч Л.Б- оролцоогүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн **** хуралдааны тэмдэглэл, **** магадлалаар тогтоогдсон байна.
6.3.Мөн хариуцагч нь Э.Эн-ээс гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрчийн мэдүүлэг нь зохигчийн хэн нь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй гэх саналыг гаргасан, нэхэмжлэгчийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсний үр дагаврыг хариуцагч тайлбарлан өгсөн эсэхийг тодорхой илэрхийлээгүй, харин зохигчийн хоорондоо ярилцаж байсныг гэрчилсэн агуулгатай байх тул хариуцагчийн татгалзлыг нотлох ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. Гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй ч хуульд заасан журмын дагуу давж заалдах шатны шүүх үнэлнэ.
6.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч нь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохгүй талаар тухайн шүүхэд мэдэгдээгүй байна.
Үүнээс гадна өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцохгүй байх нь Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан өмгөөллийн үйл ажиллагааны агуулгад нийцэхгүй.
6.5.Иймээс хариуцагч Л.Б-ыг 2021 оны 04 сарын 17-ны өдрийн гэрээний 4.1.4-т заасан эрүүгийн хэргийн бүх шатанд төлөөлөх үүрэг, мөн Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6.6.Харин өмгөөлөгч хууль зүйн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь буруу болсон гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Ч- нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүсэлтээ гаргасан байх бөгөөд хэргийн баримтаар өмгөөлөгч нь чи ялгүй өршөөгдөөд, цагаадаад хэрэг чинь хэрэгсэхгүй болно гэсэн зөвлөгөө өгсөн гэх байдал тогтоогдоогүй байна.
7.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь 2021 оны 04 сарын 17-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь урьдчилан төлсөн хөлсийн холбогдох хэсгийг буцаан шаардах эрхтэй. Иймээс Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 1,700,000 төгрөгийн 50 хувь болох 850,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
8.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан буюу ...н.Э-ийг гэрчээр орж ирэхэд шүүгч инээсэн, тэд танилууд байсан, хурал дуусаагүй байхад нөгөө талд шийдэгдэхийг мэдсэн ... шийдвэрт н.Э-ийн тухай нэг ч үг бичигдээгүй... гэж дурджээ.
8.1.Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр Э.Э-гээс гэрчийн мэдүүлэг авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан тул хариуцагчтай хамтран ажилладаг өмгөөлөгчийг гэрчээр оролцуулах нь хууль зөрчихгүй.
8.2.Мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүгч талуудад хуульд заасан эрх, үүрэг болон шүүгчээс татгалзах эрхийг тайлбарласан ба нэхэмжлэгч дээрх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хэргийн баримтаар шүүгч татгалзан гарах нөхцөл бүрдсэн нь тогтоогдоогүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
8.3.Гэрч Э.Энххэрлэнгийн мэдүүлгийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл болохгүй.
Иймээс энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Л.Б-аас 850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/03614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч Л.Б-аас 24,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ