| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00437/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр баг, Шугшаагийн 2-4 тоотод суух, Онги овгийн Бандийн Батзул /РД:КГ61041601/,
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд Хими-биологийн багшаар 1983 оны 08 дугаар сард томилогдон ажиллаж нийт 33 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1983 онд ажилд томилогдсон тушаал олдохгүй байгаа учир тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1983 оноос 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батзул нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд Хими биологийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч П.Оюунчимэгийн шүүхэд өгсөн: “Б.Батзул 1983 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуульд Хими биологийн багшаар очиж намайг 1991 онд Гурвантэс сумаас шилжихэд тэнд ажиллаад үлдсэн. 1991 оноос Гурвантэс сумандаа тасралтгүй одоог хүртэл ажиллаж байгаа. 1983 оноос хойш Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй Хими биологийн багшаар ажиллаж байгаа. Би хамт ажиллаж байсан. 1983-1991 оныг хүртэл хамт ажилласан. Би Гурвантэс сумын сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
2.Гэрч Ц.Гатавын шүүхэд өгсөн: “Б.Батзул 1983 онд сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуульд Хими биологийн багшаар ажиллахаар очиж байсан. Түүнээс хойш тус сумандаа тасралтгүй одоог хүртэл ажиллаж байгаа. Өөр газар шилжсэн зүйл байхгүй. Намайг 1991 оны намар Номгон сум руу шилжихэд Гурвантэс сумандаа ажиллаад үлдсэн. Түүнээс хойш тасралтгүй ажилласныг нь мэднэ. Хамт ажиллаж байсан учраас. Би 1982 оны намраас 1991 оны намар хүртэл тус суманд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгч Б.Батзулын иргэний үнэмлэхийн хуулбар, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд сургуулиас олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын 005159, 068253, 0440294 тоот дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 526 тоот Б.Батзул нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуульд 1983 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Нэхэмжлэгчээс П.Оюунсүрэнд олгосон итгэмжлэл, багийн Засаг даргын тодорхойлолт,
6.Гэрч П.Оюунчимэг, Ц.Гатав нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Нэхэмжлэгч Б.Батзул нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд Хими биологийн багшаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус сургуульд ажиллаж байсан гэрч П.Оюунчимэг, Ц.Гатав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 526 тоот Б.Батзул нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд сургуульд 1983 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.Батзулын хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд Хими биологийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Б.Батзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Онги овгийн Бандийн Батзул /РД:КГ61041601/-ын 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд Хими биологийн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР