Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч: Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Өын Бд холбогдох 1835000690136 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 02-15 тоотод оршин суух хаягийн бүртгэлттэй, одоо Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 24 айлын 2-13 тоотод оршин суух, регистрийн дугаар ОБ93122914, Х овогт Өын Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын сарын 14-нөөс 15-ны өдөрт шилжих шөнө тус аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Гы өвөлжөөний хашаанд байсан бог малнаас хохирогч Г.Гийн 2, хохирогч Ж.Гы 4, хохирогч Ж.Г-ын 1, хохирогч Б 2 ямааг тус тус хулгайд алдагдсан гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэг учрал болсон газарт хэргийн газрын үзлэг хийхдээ хөндөнгийн гэрчээр Г.Б, Г.Г нарыг оролцуулаагүй атлаа оролцуулсан мэтээр тэмдэглэл хөтөлж, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Гг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлэгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Гийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Батсуурийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлэгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Гантулгыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

Шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогч нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.Гд, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Гэд, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Бт, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.Г нарт танилцуулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн,

Хавтаст хэргийн материалыг хохирогч Г.Г, Г.Б, Г.Г, Ж.Г нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Ө.Бг “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ө.Б нь Увс аймгийн Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зориуд устгасан, хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хэрэг бүртгэлтийн 173500227 дугаартай хэргийг шалгах явцад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Б нь надаас 2 удаа мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авахдаа хулгайлагдсан 9 ямааны талаар асуусан. Надаас хохирогчоор мэдүүлэг авч байна гэж хэлсэн ба би мэдүүлгээ уншиж танилцаагүй. Надаас мэдүүлэг авахдаа ямар нэгэн хууль сануулаагүй. Эхний мэдүүлгийг 1 дүгээр сарын эхээр манай гэрт хөдөө авсан. 2 дахь мэдүүлгийг Наранбулаг сумын төвд Цагдаагийн хэсгийн өрөөнд авсан. Эхний мэдүүлгийг манай гэрт ирж гараар бичиж авсан. 2 дахь мэдүүлгийг цагдаагийн хэсгийн өрөөнд компьютер дээр аваад надаар гарын үсэг зуруулсан. Бичигтэй цаасан дээр гарын үсэг зуруулсан. Таны үзүүлж байгаа хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд зурагдсан байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тухайн гарын үсэг нь намайг бодвол гоё бичсэн байна. Харваас миний гарын үсэг биш байна. Таны надад үзүүлж байгаа хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа тодорхойлолтыг би одоо харж байна. Мөн хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би гарын үсэг зураагүй. Таны надад үзүүлж байгаа 69 дүгээр хуудсанд байгаа хэргийн материал танилцуулсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би хэргийн материалтай танилцаагүй...” /1-р хх-ийн 71-73 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Би хэргийн газрын үзлэгт оролцоогүй ба хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зурсан удаа байхгүй. Таны үзүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зурагдсан гарын үсгийг би харлаа, энэ гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Хэсгийн төлөөлөгч Ө.Б надаас 2 удаа мэдүүлэг авсан. Наранбулаг сумын нутаг Саравх гэх газарт анх удаа, Наранбулаг сумын төвд 1 удаа авсан. Мэдүүлэг авахдаа алдагдсан ямааны талаар тодруулж асуусан. 2 удаа мэдүүлэг авахдаа хоёуланд нь хохирогчоор авсан. Тухайн үед Ө.Б надад уншиж өгөөд танилцуулж байсан. Ө.Б надаас мэдүүлэг авахдаа тэр даруйд нь гарын үсэг зуруулж байсан. Би өгсөн мэдүүлгийг уншаагүй. ...Би малын үнэлгээ хийсэн тодорхойлолтыг хараагүй. Би гарын үсэг зурсан зүйл байхгүй. ...Ө.Б надаас 2 удаа мэдүүлэг авсан. Би мэдүүлэг дээр гарын үсэг зурсанаа санаж байна. Бусад материалыг нь мэдэхгүй байна...” / 1-р хх-ийн 74-77 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Ж.Гы өвөлжөөнд байсан бог малаас 9 тооны ямаа хулгайлагдсан гэх хэрэг бүртгэлтийн 173500227 дугаартай хэргийг шалгах явццаа хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Б нь надаас нийт 2 удаа мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа тус аймгийн Наранбулаг сумын цагдаагийн хэсгийн байранд авсан. Надаас мэдүүлэг авахдаа хохирогчоор мэдүүлэг авсан. Таны надад үзүүлсэн хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудаст байгаа гарын үсгийг би харлаа, 15 дугаар хуудаст байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. 16 дугаар хуудаст Г.Г гэдэг нэрний урд зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг мөн байна. Би тухайн үед мэдүүлгийг уншаад нэрнийхээ урд зурсан. Харин 16 дугар хуудасны урд талын доод хоосон зайнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...38 дугаар хуудаст байгаа Г.Г гэх нэрийн өмнө зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Хэргийн материалыг надад танилцуулж байсан гэхдээ хавтаст хэргийн 67 дугаар хуудаст байгаа Г гэдэг нэрний урд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна...” /1-р хх-ийн 80-81 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хэсгийн төлөөлөгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уг хэрэг болон өөр 2 хэрэг нийт 3 эрүүгийн хэрэгт ажиллагаа хийхээр маршрут, төлөвлөгөө гарган батлуулж 66 литр бензин авч албаны УАЗ-2206 маркийн, 13-64 УВХ улсын дугаартай автомашинаар 331 км явж ажилласан байна. Би хэсгийн төлөөлөгч Ө.Бгийн 2017, 2018 оны эд хөрөнгийн бүртгэлийг үзэхэд албаны гар утас, зургийн аппарат, камер байхгүй байсан. Энэ бүртгэлийг хуулбарлан өгсөн байгаа...” /2-р хх-ийн 75 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай” тэмдэглэл, эрүүгийн 1735002270034 дугаартай хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд /1-р хх-ийн 11-44 тал/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3522 дугаартай “1. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г, Г.Б, Г.Г, Ж.Г, Г.Г нарын гэх гарын үсгийн туршилтын загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Хавтаст хэргийн материалын 4 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 18 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 39 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 68 дугаартай хуудсанд авагдсан 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн огноотой хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй “Б” гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Б гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, зонхилох хэлбэр, налалт, үсгийн хэмжээ, сунгалт, холболт зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

3. Хавтаст хэргийн материалын 4 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн огноотой хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтад зурсан шинжилж буй “Г” гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Гийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох чиглэл, налалт, үсгийн хэмжээ, холболт, даралт, чиглэл зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний тоо, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

4. Хавтаст хэргийн материалын 13, 14 дугаартай хуудсуудад авагдсан “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 37 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 70 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй үл уншигдах элементүүдээс бүтсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Ггийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох чиглэл, сунгалт, чиглэл зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

5. Хавтаст хэргийн материалын 16 дугаартай хуудсанд авагдсан "2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр" гэсэн огноотой хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 38 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 01 сарын 14-ний өдөр" гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 67 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй "Г" гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Гийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох чиглэл, сунгалт, чиглэл зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

6. Хавтаст хэргийн материалын 20 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр" гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 40 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр" гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 69 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй "Г" гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г-ын гэх гарын үсгийн загваруудтай галиглал, ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, налалт, сунгалт, чиглэл, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна" гэх дүгнэлт, хавсралтууд /1-р хх-ийн 113-125 тал/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4188 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн "1735002270034" эрүүгийн хэргийн дугаартай хавтаст хэргийн материалд авагдсан шинжилж буй гарын үсгүүд нь Ө.Бгийн бичгийн хэв мөн байна.

 2. Дээрх хавтаст хэргийн материалын 4 дугаартай хуудсанд авагдсан "2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр" гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 18 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр" гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 39 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 01 сарын 14-ний өдөр" гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 68 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй "Б" гэж уншигдах гарын үсгүүд нь Ө.Бгийн бичмэлээр бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, налалт, үсгийн хэмжээ, сунгалт, даралт, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.

3. Хавтаст материалын 4 дугаартай хуудсанд авагдсан "2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр" гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтад зурсан шинжилж буй "Г" гэж уншигдах гарын үсэг Бгийн дармалаар бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний зонхилох хэлбэр, налалт, үсгийн хэмжээ, сунгалт, даралт, чиглэл зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

4. Хавтаст материалын 13, 14 дугаартай хуудсуудад авагдсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр" гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 37 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр" гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 70 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй үл уншигдах элементүүдээс бүтсэн гарын үсгүүд нь Ө.Бгийн бичмэлээр бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох хэлбэр, үсгийн хэмжээ, сунгалт, холболт, даралт зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

5. Хавтаст материалын 16 дугаартай хуудсанд авагдсан "2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр" гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 38 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр" гэсэн Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 67 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй "Г" гэж уншигдах гарын үсгүүд нь Ө.Бгийн бичмэлээр бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, үсгийн хэмжээ, сунгалт, даралт зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

6. Хавтаст материалын 20 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр" гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 40 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр" гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 69 дугаартай хуудсанд авагдсан "2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр" гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй "Г" гэж уншигдах гарын үсгүүд нь Ө.Бгийн дармалаар бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, налалт, үсгийн хэмжээ, даралт, чиглэл, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна" гэх дүгнэлт, хавсралтууд /1-р хх-ийн 128-147 тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 тоот “...Өын Бг энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймаг дахь цагдаагийн газарт жижүүрийн офицероор томилсугай...” гэх тушаал, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 152, 154-155 тал/,

 Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/516 тоот “...Цагдаагийн дэслэгч Өын Бг Увс аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицерийн ажлаас энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 11 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн газарт Наранбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсугай” гэх тушаал, /1-р хх-ийн 153 тал/,

Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5/03 дугаартай “...Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 5/01 дугаартай “Хянан шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай...” гэх тогтоол /2-р хх-ийн 61-62 тал/,

Увс аймаг, Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ажиллах ажлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...173500227 дугаартай хэрэгт иргэн Ж.Г, Г.Г, Ж, Н, С, Б нараас мэдүүлэг авах... Явах маршрут ...нийт 331 км...” гэх удирдамж, 331 км явах 66 литр шатахуун олгох баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, эд хариуцагчийн карт /2-р хх-ийн 71-74 тал/,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 78-81 тал/,

шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалтын өгсөн “Би 2011 онд Хууль сахиулахын их сургуульд элсэлт өгч суралцаад 2015 онд Цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжлээр төгсөж Увс аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офецирээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Гы өвөлжөөний хашаанд байсан бог малаас хохирогч Г.Гийн 2, Ж.Гы 4, Г.Г-ын 1, Б 2 ямааг тус тус хулгайлсан гэх эрүүгийн 1735002270034 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг илрүүлсэн юм. ...Би мөрдөн шалгасан хэргийн хохирогч гэх хүмүүстэй Г, Г, Б, Г нараас тус бүр 1 удаа уулзаж хохирогчоор тооцож мэдүүлэг авсан. Хохирогч нараас анхны удаа авсан мэдүүлэг үг үсгийн алдаатай байсан тул дахин мэдүүлэг авахаар 4 хохирогчтой холбогдсон боловч утас нь холбогдохгүй байсан ба биеэр очих гэхээр цастай зудтай байсан учраас хохирогч нарын мэдүүлгийг дахин гаргаад өөрөө гарын үсэг зурсан. Түүнээс биш хэргийн бодит үнэнийг гуйвуулсан мэдүүлэг болгож засаагүй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба надад хуулийн дагуу арга хэмжээ авахад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /1-р хх-ийн 170-172 тал/ гэх мэдүүлэг, нотлох баримтуудыг хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Ө.Б нь эрүүгийн 17350002270034 дугаартай 2017 оны 12 дугаар сарын сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Г-ы өвөлжөөний хашаанд байсан бог малнаас хохирогч Г.Гийн 2, хохирогч Ж.Гы 4, хохирогч Ж.Г-ын 1, хохирогч Б 2 ямааг тус тус хулгайд алдагдсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагаа явуулсан байх ба ийнхүү явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасан “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ. ...Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, тус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлийг тус тус 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хуурамчаар үйлдсэн, устгасан үйл баримт нотлогдож тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б “...Би тэр хүмүүсийн гарын үсгүүдийг зурсан нь үнэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гэмт хэрэг биш гэж үзэж байна...” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн "...Ө.Б нотлох баримт устгасан, хуурамч нотлох баримт үйлдэж, хэрэгт хавсаргасан нь хэн нэгэн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрт бичигдсэн хохирогч нарын мэдүүлгүүдийг хуурамчаар үйлдсэн гэх мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд агуулгын хувьд зөрүү байхгүй. Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч энэ үйлдэл хийхдээ өөрийн, эсхүл хэн нэгэн этгээдийн эрх ашгийн төлөө хийгээгүй, үүний улмаас хохирол хэн нэгэн хүнд учраагүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч бодит хохирол, хор уршиг учраагүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, ...хуурамчаар үйлдсэн, ...эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн...” гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсдөг буюу материаллаг хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгаж үнэлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн санаатай үйлдэл бөгөөд заавал хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгөнд хохирол учирсан байхыг шаардахгүй.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэг учрал болсон хэргийн газарт үзлэг хийхдээ хөндөнгийн гэрчээр Г.Б, Г.Г нарыг оролцуулаагүй атлаа оролцуулсан мэтээр тэмдэглэл хөтөлж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Гг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Гийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Б-ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Г.Г-ыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан боловч уг хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгаж, дахин хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогч нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ж.Гд, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Гэд, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Г.Бт, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.Г нарт танилцуулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн, хавтаст хэргийн материалыг хохирогч Г.Г, Г.Б, Г.Г, Ж.Г нарт танилцуулаагүй атлаа 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдсон.

Дээрх нотлох баримтууд нь эрүүгийн 1735002270034 дугаартай хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт тул уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор шүүгдэгчийн хууль бус үйлдлийг илрүүлж, залруулсан байна.

 Шүүгдэгч Ө.Бгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 1735002270034 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч Г.Г, Ж.Г, Г.Г, Г.Б нарын мэдүүлгийг хавтаст хэргээс авч устгасан, дээрх хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материал танилцуулсан баримт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж гарын үсгээ зурж, хэрэгт хавсаргасан үйлдэл нь өөрт болон бусдад бодит хохирол учруулаагүй боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн шууд санаатай, хууль бус үйлдэл байх ба цаашлаад прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт сөргөөр нөлөөлөх, хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулах үр дагавартай болно.

Шүүгдэгч Ө.Б нь тухайн үед /хэрэг үйлдэх 2017 оны 12 сараас 2018 оны 2 дугаар сарын хооронд/ Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/516 тоот тушаал /хх-ийн 153 тал/-аар Увс аймгийн Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажилд томилогдон ажиллаж байсан дэслэгч цолтой цагдаагийн алба хаагч байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт хуульчилснаар хууль сахиулагч байна. 

Хууль сахиулагч /мөрдөгч/ нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгаж үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн болон хуурамч нотлох баримтуудыг прокурорт гаргаж өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байна.

Иймд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ө.Бг “хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5/03 дугаартай тогтоолоор хяналтын прокурор Я.Динагийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Хянан шалгах ажиллагаа явуулах тухай” 5/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул уг хянан шалгах ажиллагааны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03-04, 45-65 тал/ зэргийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.    

Шүүгдэгч Ө.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон анх удаа гэмт хэрэг үйлдсэн талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Ө.Бгийн нэр дээр 9309 УБП улсын дугаартай Mazda Famila загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй талаарх Автотээврийн төвийн 145 дугаартай албан бичиг, гэрлэлт бүртгэлгүй тухай Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 5 сарын 16-ны өдрийн 45/016315 дугаартай лавлагаа, газар болон газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаагүй талаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2018 оны 5 сарын 22-ны өдрийн лавлагаа, Увс аймаг Улаангом сумын 11 дүгээр багийн 24 айл, 2-14 тоотод ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлсон Улаангом сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 734 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 17 хороо, эмнэлэг 2 гудамж 15 тоотод хаягийн бүртгэлтэй талаарх иргэний үнэмлэх лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. /1-р хх-ийн 150, 156-160 тал/

Шүүгдэгч Ө.Бд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “...мөнгөн торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд буюу сард 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ө.Бд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Өын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х овогт Өын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Бд шүүхээс оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч. дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА