| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 204/2023/00026 |
| Дугаар | 204/МА2024/00027 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 204/МА2024/00027
2024 оны 11 сарын 07-ны өдөр Дугаар 204/МА2024/00027 Өвөрхангай аймаг
З.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00366 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч З.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ***-д холбогдох,
Нийт 11,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Т-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ын тайлбарын агуулга: Миний бие 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд 11 жил 5 сар ажилласан. Мөн Өвөрхангай аймгийн *** 2005 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 16 жил 10 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Ийнхүү төрийн байгууллагад нийт 28 жил 3 сар ажилласан учир Монгол Улсын Соёлын Яамнаас Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасныг баримтлан 36 сарын үндсэн цалинтай тэнцэх нөхөн олговор 22,160,000 төгрөгийг 2022 онд олгохоор Аймгийн *** дансанд шилжүүлсэн байхад надад 10,600,000 төгрөг олгож, 11,560,000 төгрөгийг одоо хүртэл олгохгүй байна.
Музейн захирал мөнгийг бүрэн олгохгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа таны ажиллаж байсан Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуй бол улсын байгууллага биш учраас нөхөн олговрыг одоо хүртэл бүтэн өгөхгүй, тэр энэ байгууллагаас асуу гэж чирэгдүүлсээр өнөө хүрч байна.
Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуй нь 1992 онд хувьчлагдахаасаа өмнө улсын үйлдвэрийн газар байсныг мэдэхгүй хүн байхгүй. Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд ажилласан нь төрийн албад ажилласанд тооцогдоно гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолыг үндэслэж сангийн аж ахуйд ажиллаж байсан нь төрийн албанд орохоор байна гэж нэхэмжлэл гаргасан.
Иймд Өвөрхангай аймгийн ***-ээс 11,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Өвөрхангай аймгийн ***-н татгалзал, тайлбарын агуулга: З.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь З.Т-ийн сангийн аж ахуйд ажилласан жил нь төрийн алба хаасан хугацаанд хамаарахгүй. Төрийн албанд 19 жил 3 сар ажилласан гэж тогтоосны дагуу энэ жилд хамаарах тэтгэмж болох 10,600,000 төгрөгийг олгосон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар З.Т-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн ***-д холбогдох 11,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,910 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч
З.Т-өөс Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд ажиллаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй байна” гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй, хуулийн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд ажиллаж байснаа тогтоолгох тухай асуудал огт байхгүй байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлт хийж байгаа нь хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М З.Т нь Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд 1984-1998 он хүртэл тракторчин, 2005-2022 он хүртэл Өвөрхангай аймгийн ***-д жолоочоор тус тус ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нар ажилласан хугацаан дээр маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ч дээрх үг өгүүлбэр байхгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ... 106222 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт нэхэмжлэгч З.Т-ийг Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд ажиллаж байсан гэх бичвэр бүдэг ..., .. *** сумын сангийн аж ахуй 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр компани болж зохион байгуулагдсан, нэхэмжлэгч З.Т-ийг 1992-1998 онд Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна гэх мэт олон үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, дурдсан зарим баримтыг өөрчлөн бичиж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч 1984-1992 онд Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд ажиллаж байсан гэж он цагийг тодорхойлж, үүнийгээ хөдөлмөрийн дэвтрийнхээ хуулбараар нотолсон байхад шүүх 1992-1998 онд Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад дурдаагүй, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй үйл баримт, он цагийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэгч З.Т нэхэмжлэлийнхээ шаардлагад Монгол Улсын Соёлын Яамнаас нөхөн олговрын мөнгө гэж шилжүүлсэн 22,100,000 төгрөгөөс дутуу олгосон 11,560,000 төгрөгийг Өвөрхангай аймгийн ***-ээс нэхэмжилсэн
байхад хэрэгт огт хамааралгүй үйл баримтыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэмжийн мөнгө нь аймгийн ***-н дансанд орсон байхад надад өгдөхгүй байгаа. Би аймгийн Засаг дарга, Төрийн сангийн хүмүүс дээр орж уулзахад байж байгаарай гэж хэлсээр өдий хүрсэн. Тиймээс би тэтгэмжийн мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШШ/366 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдаагүй зүйлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гараагүй. Соёлын яамнаас гаргасан мөнгийг надад олгож өгнө үү гэж гомдол гаргасан. Гэтэл Соёлын яамнаас гаргасан мөнгийг хагасалж олгосон. Гэтэл аймгийн *** нэхэмжлэгч З.Т-ийн тэтгэмжийг дутуу бодож олгосон талаар ойлгомжгүй олон дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан баримтыг бүдэгхэн байгаа учраас уншиж гаргахгүй байна гэсэн. Техникийн гэрэл ашиглаж үзэж болно гэж бодож байна. Мөн санаагаараа Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуй хэдэн онд хувьчлагдсан гэж *** аж ахуй тухайн онд хувьчлагдсан юм чинь энэ үед ажиллаагүй гэж дүгнэсэн. Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуй улсын байгууллага биш гэж тайлбарласан. Энэ байгууллага 1995 онд хувьчлагдсан. 1994-1982 оны хооронд ажиллаж байсан гэсэн гэж шүүх дүгнэлт хэсэгтээ зааж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна.
Соёлын яам мөнгийг олго гэж шийдвэр гаргасан байхад салбарын байгууллага өөрчлөх тогтолцоо байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрөөс тогтоож өгсөн тэтгэмжийн мөнгийг нөхөж олгож өгнө үү. Энэ нь дээрх дурдсан баримтаар үндэслэлтэй байгаа.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч З.Т нь хариуцагч Өвөрхангай аймгийн ***-д холбогдуулан нийт 11,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Өвөрхангай аймгийн *** эс зөвшөөрч маргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00366 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар З.Т-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн ***-д холбогдох 11,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. Энэ шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн “... Монгол Улсын Соёлын Яамнаас нөхөн олговрын мөнгө гэж шилжүүлсэн 22,100,000 төгрөгөөс дутуу олгосон 11,560,000 төгрөгийг Өвөрхангай аймгийн ***-ээс нэхэмжилсэн байхад хэрэгт огт хамааралгүй үйл баримтыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд ... шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр энэ шаардлагыг хангаагүй байна.
5. Нэхэмжлэгч З.Т-ийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлж, төрийн албанд 19 жил, 11 сар ажилласан гэж тооцон, нэг удаагийн буцалтгүй тусламж 10,621,703 төгрөг олгосон нь Өвөрхангай аймгийн ***-н захирлын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/06 тоот тушаалын хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн хүснэгт №35 гэх баримтын хуулбараар, мөн Монгол Улсын Соёлын яамнаас 36 сараар тооцон 22,164,200 төгрөг Өвөрхангай аймгийн ***-д шилжүүлэн, З.Т олгоогүй үлдэгдэл 11,543,497 төгрөгийг улсын төсвийн байгууллагын татан төвлөрүүлэлтийн дансанд шилжүүлсэн нь гэрч Б.Р-ын мэдүүлэг зэргээр нотлогдсон бөгөөд эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Харин Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйд нэхэмжлэгч З.Т-ийн 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан хугацаа төрийн алба хаасан хугацаанд хамаарах эсэх нь маргааны зүйл болсон байна.
6. Хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
6.1 Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуйг улсын төсөвт үйлдвэрийн газар гэх агуулгаар дүгнэсэн байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Мөн Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуй нь 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ямар статустай байсан, хэдэн онд хувьцаат компани болсон гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод тодорхойгүй байгаа учраас үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий баримт гэж дүгнэх боломжгүй байна.
Тиймээс дээрх үйл баримтыг тогтоосон тохиолдолд Өвөрхангай аймгийн *** сумын *** аж ахуй нь Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3 дугаар зүйлд заасан аль байгууллагад хамаарах эсэх талаар шүүх дүгнэх боломжтой.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар дээр дурдсан үйл баримтыг зохигчоос тодруулаагүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй тул уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
6.2 Түүнчлэн анхан шатны шүүх “...нэхэмжлэгч З.Т нь 1996-1998 онуудад ажиллаж байсан гэх *** сумын *** аж ахуй нь компанийн зохион байгуулалтад шилжсэн байсан тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд төрийн албанд ажилласан гэж үзэх үндэслэл тогтоодохгүй байна...” гэж нэхэмжлэгч З.Т-т хамааралгүй хугацаа буюу 1996-1998 онтой холбогдуулан дүгнэлт хийж, маргааны зүйлийн талаар дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Дээрх байдлаар хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.
6.3 Нэхэмжлэгч З.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Өвөрхангай аймгийн *** захирал Д.Т гэж бичсэн боловч нэхэмжлэлийн утга хэсэгт Өвөрхангай аймгийн ***-ээс 11,560,000 төгрөг гаргуулна гэснээс дүгнэхэд нэхэмжлэгч З.Т нь хариуцагчийг байгууллага буюу Өвөрхангай аймгийн *** гэж тодорхойлжээ.
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн ***-н захирлаар Д.Т-ыг томилсон байх боловч анхан шатны шүүхийн нэхэмжлэл гардуулсан баримт дээр Д.Т-ын эрхэлсэн ажлыг “Барилга” гээд улмаар хариуцагч байгууллагын албан бланк, тамга байхгүй Д.Т гэж иргэнээс хариу тайлбар авсан зэргээс дүгнэхэд Д.Т нь одоо Өвөрхангай аймгийн ***-н захирлаар ажиллаж байгаа эсэхийг тодорхойгүй болгож байна. Нөгөө талаас хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учраас тухайн тодорхойгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжгүй. Мөн нэхэмжлэл гардуулсан тухай баримт болон хариу тайлбар дээр бичигдсэн Д.Т гэсэн гарын үсэг өөр өөр байна.
Үүний хууль зүйн үр дагавар нь анхан шатны шүүх хариуцагч Өвөрхангай аймгийн ***-г төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулан, хариу тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.
6.4 Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч Д.Т-д шүүхээс хэргийн материалтай танилцах боломжийг олгосон боловч тэрээр шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцаагүй, хуульд заасан эрхээсээ татгалзсан гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэж дүгнэсэн байна.
Гэтэл иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх боловч хэргийн материал танилцуулахаар анхан шатны шүүх ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна. Учир нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 298 дугаар албан бичгээр хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн гэх боловч үүнийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн нь тодорхойгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагчийн эрхийг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ы улсын тэмдэгтийн хураамж төлсөн 201,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ы улсын тэмдэгтийн хураамж төлсөн 201,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ