Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Хохирогч Ч.Отгонтуяа, түүний өмгөөлөгч С.Амар /ҮД:1378/,

          Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сандаг-Очир,

          Гэрч Д.Гэрэлт-Од, А.Одгэрэл,

          Шинжээч И.Базаррагчаа,

          Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал /ҮД:0491/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бод холбогдох 1803 00518 0293 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 1-7 насны 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 98 дугаар байрны 2-606 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Сын Б, /РД:.........../,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          С.Б нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр оройн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Асем вилла” хотхоны хойд замд Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн 10.2-т “Гүйцэж түрүүлэх үйлдэлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэж тус тус заасныг зөрчин Тоёота ландкрузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас уг автомашин онхолдож, зорчигч Ж.Даваагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Отгонтуяагийн эзэмшлийн Тоёота ландкрузер-200 маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашинд 70,103,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн: “Миний урд явсан машин номергүй байсан. Би номергүй машины ард явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд нь гараад явсан юм. Ер нь ойр орчимд саад тээр болохоор юм байгаагүй. Ард нь нэг Ланд-200 явж байсан. Би тэрнийг эхэлж гүйцээд дараа нь энэ номергүй явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд нь гараад явсан. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ янз бүрийн шахах үйлдэл хийгээгүй. Яг гүйцэж түрүүлэх үйлдэх хийх журмаараа хийж түрүүлсэн. Тэгээд буцаад эгнээндээ ороод явж байхад хойд талын машин чихрах дуу гарсан. Би бол зөөлөн явсан. Цонх онгорхой байсан. Намайг харахад арын машин дайвалзаж байсан. Ямар ч байсан засмал дээр хоёр дайвалзаад тэгээд шороон зам дээр дайвалзаад унасан. Тэгээд яг унахыг нь би харсан. Тэгээд унахаар нь би машинаа замын хажууд тавиад шууд яваад очсон. Өөдөөөс машин тэрэг байгаагүй.Надтай хамт нэг хүн явсан. Уулын замд үргэлжилсэн цагаан шугам байдаг. Би түүнийг давж гүйцэж түрүүлсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Отгонтуяагийн өгсөн: “Хэргийн газар би өөрөө байгаагүй, манай бэр эгч миний машиныг унаж яваад энэ осол гарсан. Манай бэр эгчийн найз, ээж хүүхэдтэйгээ явж байсан гэсэн. Миний машин 2018 оны шинэ машин байсан. Миний хувьд машиныхаа хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Нийт 72.103.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сандаг-Очирын өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 12–ны өдөр манай компаний эзэмшлийн талбайн  хойд талын төв зам дээр зам тээврийн осол болоод манай компаний эзэмшлийн хашаа, хашааны шонд хохирол учирсан. Үнэлгээгээр 663.900 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Дээрээс нь мөн үнэлгээчиний төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гэрэлт-Одын өгсөн: “Миний урд талд явж байсан хар ланд-200 маркийн машин хойд талын дугаар байхгүй явж байсан. Миний хажуугаар цагаан машин гүйцэж түрүүлсэн. Урд талын машин баруун зүүн гар тал руу муруйгаад тэгээд ойчсон. Нөгөө гүйцэж түрүүлсэн машин нилээн зайтай очоод зогссон байсан. Унасан машины тоормозны гэрлийг би хараагүй. Би өөрөө 40-50 км цагийн хурдтай явж байсан. Миний урд талын машин надтай ойролцоо хурдтай явж байсан. Хажуугаар гүйцэж түрүүлэн өнгөрсөн Тоёота хайлюкс машин жаахан шахаад өнгөрсөн. Тэр Ланд крузер машин нөгөө цагаан өнгийн Тоёота хайлюксийг өнгөрсний дараа дайвалзаад унасан...” гэх мэдүүлэг,

     Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Одгэрэлийн өгсөн: “06 дугаар сарын 12-ний өдөр би Асем виллагийн тэр хавьд найз болон найзынхаа ээж, хоёр хүүхэдтэй явж байсан. 40-50 км цагийн хурдтай явсан. Эсрэг урсгалаар дугуйтай хүмүүс явж байсан. Хажуугаар дунд гарын цагаан жийп гүйцэж түрүүлж байна гэж бодож,  урдуур дайраад ороод ирэхээр нь би баруун дараад нэг мэдсэн өнхөрөөд ойчсон байсан. Тухайн үед миний урд машин гараад ирэхээр нь би зугтах үйлдэл хийсэн. Би хэдэн удаа баруун гар, зүүн гар луугаа дарснаа мэдэхгүй байна. Хамгийн эхэнд баруун тийш дараад буцаад хариулахад чадаагүй тэгээд буцаад унасан. Миний эсрэг урсгалаар ирж байсан дугуйтай хүмүүс надад саад болоогүй. Осол гарсан нь шүүгдэгчийн буруу гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч И.Базаррагчаагийн өгсөн: “Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт буюу ”7.1 ... тэмдэглэлийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Тоёота Ланд Крузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашины жолооч А.Одгэрэл нь хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Тоёота Ланд Крузер маркийн машин нь 2-3 удаа дайвалзах нь жолооны хүрдийг эргүүлэх өнцөг, чиглэлээс хамаарна. Харин дайвалзах хөдөлгөөн нь тоормоз гишгэснээс хамаарахгүй. Тэгш хуурай гадаргуутай, шулуун замд 40-50 км цаг хурдтай явж байгаа 3350 кг жинтэй автомашин нь жолооны хүрдийг эргүүлэх өнцөг чиглэлээс хамааран дайвалзах боломжтой...” гэх мэдүүлэг,

          Мөрдөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх.1.6-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Отгонтуяагийн өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн Тоёота ландкрузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашиныг өөрийн зөвшөөрлөөр бэр эгч А.Одгэрэлд өгч унуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.26-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Даваагийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос зуслан буюу Туул зөрлөг орохоор 2 зээ, охин Ганцэцэг нарын хамт Одгэрэлийн автомашинаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Богд уулын замаар явж байсан. Тэгтэл машины зүүн талаар цагаан өнгийн жийп маркийн автомашин их хурдтай гүйцэж түрүүлэн орж ирээд шахах шиг болсон, тэгтэл манай жолооч охин “яанаа” гээд машин мурилзаад замаас гарч онхолдсон. Машин зөөлөн явсан учир зөөлөн онхолдсон...” гэх мэдүүлэг /хх.1.32-34/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сандаг-Очирын өгсөн: “... Манай ”Скай резорт” ХХК-й хашаа эвдэрсэн тул үнэлгээгээр гарсан хохирол болон үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.1.39-41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Ганцэцэгийн өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найз Одгэрэлийн машинаар ээж Даваа болон хоёр охины хамт ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Богд уулын замаар явж байхад манай машины зүүн гар талаар цагаан өнгийн жийп маркийн автомашин гүйцэж түрүүлээд хажуу талаар орж ирэхдээ шахсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Одгэрэлийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны оройн 17 цагийн орчимд нөхрийн дүү Ч.Отгонтуяагийн эзэмшлийн 33-30 УНА улсын дугаартай Тоёота ландкрузер маркийн автомашиныг жолоодон найз Ганцэцэг болон түүний хоёр охин Тэнүүн, Танан, ээж Даваа нарын хамт Туул зөрлөг орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Богд уулын замаар 40-50 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл миний зүүн гар талаар нэг цагаан өнгийн жийп машин гүйцэж түрүүлэх гээд хажуу талаар орж ирээд явж байгаад гэнэт миний урдуур баруун гар тийшээгээ жолоогоо дараад ороод ирэхээр нь мөргөлдөх нь гэж бодоод би баруун гар тийш жолоогоо дараад хариулж чадалгүй замаас гараад нэг мэдэхэд онхолдсон байсан. Уг машин дуут дохио болон гүйцэж түрүүлэх дохио өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.48-49/,

          “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10912332 дугаартай “... Тоёота ландкрузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашинд 70,103,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх автомашины үнэлгээний тайлан /хх.1.64-69/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай “... Ж.Даваагийн биед зүүн шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх.1.72-73/,

          “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “...“Скай Резорт” ХХК-ийн хашаанд 663,900 төгрөгийн хохирол учирсан...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.91-97/,

          Мөрдөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх.1.182-186/,

          Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 739 дугаартай “... Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16     а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.2-т заасан “Гүйцэж түрүүлэх үйлдэлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /хх.1.188-189/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гэрэлт-Одын өгсөн: “... Тухайн өдөр би Баянзүрх дүүргийн товчоо орохоор өөрийнхөө эзэмшлийн 98-85 УБР дугаартай хар өнгийн Т.Ландкрузер-200 маркийн автомашиныг жолоодоод уг замаар явж байсан. Миний урд талд одоо онхолдсон гээд байгаа хар өнгийн Т.Ландкрузер-200 маркийн автомашин явж байсан. Уг машины улсын дугаарыг санахгүй байна. Уг машин их зөөлөн бага хурдтай явж байсан. Би 40-50 км/цагийн хурдтай явсан. Тухайн өдөр замаар машины хөдөлгөөн байхгүй, зам хуурай, үзэгдэх чөлөөтэй байсан. Эсрэг урсгалд машин байхгүй байсан. Онхолдсон автомашин болон би ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байсан. Ингээд намайг явж байхад миний зүүн гар талаар цагаан өнгийн жийп маркийн автомашин /улсын дугаарыг хараагүй/ гүйцэж түрүүлж гарч яваад миний урд талд явсан хар өнгийн Т.Ландкрузер-200 маркийн /онхолддог/ автомашины зүүн гар талаар гүйцэж түрүүлэхдээ баруун гар тийшээгээ жолоогоо дараад, онхолдсон автомашины зүүн хажуу талаас нь жаахан шахас хийгээд уг машины урдуур нь ороод чигээрээ явах үед нөгөө хар өнгийн Т.Ландкрузер-200 маркийн автомашин баруун гар тийшээгээ жолоогоо огцом нэг дараад, буцааж зүүн гар тийшээгээ жолоогоо дараад, машин зам руу нэг голлож ороод, буцаад баруун гар тийшээгээ машин нь яваад, замын хажуу тал руу замаас гарч онхолдсон. Би ард нь явсан болохоор зогсоод, онхолдсон машин дээр явж очсон. Онхолдсон машин зүүн хажуу талаараа харсан байдалтай онхолдсон байсан. Машинаас хүмүүс нь гарч ирсэн. Нэг эгчийн гар нь болохгүй байна гэсэн. Машинд эрэгтэй хүн байгаагүй. Би жаахан байж байгаад яваад өгсөн. Шахсан цагаан өнгийн жийп маркийн автомашин зогсчихсон, жолооч нь бууж ирсэн байсан. Онхолдсон машины жолооч эмэгтэй нь “та яагаад намайг шахчихваа” гэж цагаан жийп маркийн автомашины жолоочид хэлж байсан. Тэр үед цагаан өнгийн жийп маркын автомашины жолооч залуу “миний урдаас нэг унадаг дугуйтай хүн ирэхээр нь зам руугаа орсон гэж хэлж байсан. Цагаан өнгийн жийп маркийн автомашин миний машиныг гүйцэж түрүүлэхээс өмнө би онхолдсон машины ард 30-40 метрийн зайтай явсан. Цагаан өнгийн жийп маркын автомашин намайг гүйцэж түрүүлсэн чигээрээ эсрэг урсгалаар яваад миний урд явсан онхолдсон машины зүүн гар талаар нь гүйцэн түрүүлж орох үедээ баруун гар тийшээгээ жолоогоо дараад онхолдсон машины зүүн талаас нь жаахан шахаад тэр чигээрээ эгнээндээ ороод явсан. Цагаан өнгийн жийп маркийн автомашин онхолдсон машиныг мөргөж шүргээгүй. Онхолдсон машины жолоочийг онхолдохоос өмнө ямар хүн жолоодож явсаныг хараагүй. Харин онхолдсоны дараа эмэгтэй жолооч машиныг жолоодож явсан байна гэж мэдсэн. Тоормос гишгэсэн эсэхийг анзаараагүй. Маш хурдан болсон. Онхолдсон автомашины хойд улаан гэрэл ассан эсэхиг би анзаарч хараагүй. Би ганцаараа явсан. Цагаан өнгийн жийп маркийн автомашинд хэдэн хүн явсаныг би анзаараагүй. Уг машины жолооч нь өндөр нууруутай шаравтар залуу байсан. Эсрэг урсгалд автомашин ирж байгаагүй. Цагаан өнгийн жийп маркийн автомашин онхолдсон машин бид хоёрын голоор ороогүй тэр чигээрээ гүйцэн түрүүлж явсан. Мөн унадаг дугуйтай хүн явж байсан эсэхийг би анзаарч хараагүй. Харин цагаан өнгийн жийп маркийн автомашины жолооч нь унадаг дугуйтай хүн эсрэг урсгалаас ирж байсан гэж хэлж байсан. Цагаан өнгийн жийп маркийн автомашин миний болон онхолдсон автомашины зүүн гар талаар гүйцэж  түрүүлэхдээ дуут дохио өгөөгүй, гүйцэж түрүүлэхдээ дохиогоо өгсөн байсан эсэхийг мэдэхгүй байна. Би 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Уг машин хоёр машин давхар гүйцэн түрүүлж байгаа болохоор онхолдсон машин бид хоёроос илүү хурдтай явсан байх. Яг хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Үргэлжилсэн цагаан зураас замын голд байсан. Бас замынхаа хоёр талаар цагаан зураас байсан. Машин замд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Чигээрээ зам байсан. Өгсүүр уруу байгаагүй, тэгшхэн зам байсан. Уг замд гэрэл дохио явган хүний гарц байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.5-6/,

          Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 12/47 дугаартай: “... Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт буюу “... 7.1... тэмдэглэлийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөн...” гэх дүгнэлт /хх.2.24-25/,

          Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.11/,

          Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.1.15/,

          Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх.1.21/,

          “Таван богд” ХХК-й тодорхойлолт /хх.1.29/,

          Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх.1.136-138/,

          Туршилт хийсэн тэмдэглэл /хх.2.4/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          С.Б нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр оройн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Асем вилла” хотхоны хойд замд Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн 10.2-т “Гүйцэж түрүүлэх үйлдэлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэж тус тус заасныг зөрчин Тоёота ландкрузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашиныг шахсаны улмаас уг автомашин онхолдож, зорчигч Ж.Даваагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.Отгонтуяагийн эзэмшлийн Тоёота ландкрузер-200 маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашинд 70,103,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх.1.6-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Отгонтуяагийн өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн Тоёота ландкрузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашиныг өөрийн зөвшөөрлөөр бэр эгч А.Одгэрэлд өгч унуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.26-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Даваагийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос зуслан буюу Туул зөрлөг орохоор 2 зээ, охин Ганцэцэг нарын хамт Одгэрэлийн автомашинаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Богд уулын замаар явж байсан. Тэгтэл машины зүүн талаар цагаан өнгийн жийп маркийн автомашин их хурдтай гүйцэж түрүүлж орж ирээд шахах шиг болсон тэгтэл манай жолооч охин “яанаа” гээд машин мурилзаад замаас гарч онхолдсон. Машин зөөлөн явсан учир зөөлөн онхолдсон...” гэх мэдүүлэг /хх.1.32-34/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Ганцэцэгийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найз Одгэрэлийн машинаар ээж Даваа болон хоёр охины хамт ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Богд уулын замаар явж байхад манай машины зүүн гар талаар цагаан өнгийн жийп маркийн автомашин гүйцэж түрүүлээд хажуу талаар орж ирэхдээ шахсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Одгэрэлийн өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 12-ны оройн 17 цагийн орчимд нөхрийн дүү Ч.Отгонтуяагийн эзэмшлийн 33-30 УНА улсын дугаартай Тоёота ландкрузер маркийн автомашиныг жолоодон найз Ганцэцэг болон түүний хоёр охин Тэнүүн, Танан, ээж Даваа нарын хамт Туул зөрлөг орохоор ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш Богд уулын замаар 40-50 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл миний зүүн гар талаар нэг цагаан өнгийн жийп машин гүйцэж түрүүлэх гээд хажуу талаар орж ирээд явж байгаад гэнэт миний урдуур баруун гар тийшээгээ жолоогоо дараад ороод ирэхээр нь мөргөлдөх нь гэж бодоод би баруун гар тийш жолоогоо дараад хариулж чадалгүй замаас гараад нэг мэдэхэд онхолдсон байсан. Уг машин дуут дохио болон гүйцэж түрүүлэх дохио өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.48-49/,

          “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10912332 дугаартай “... Тоёота ландкрузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашинд 70,103,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх автомашины үнэлгээний тайлан /хх.1.64-69/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай “... Ж.Даваагийн биед зүүн шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх.1.72-73/,

          “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “...“Скай Резорт” ХХК-ийн хашаанд 663,900 төгрөгийн хохирол учирсан...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.91-97/,

          Мөрдөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх.1.182-186/,

          Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 739 дугаартай “... Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16     а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.2-т заасан “Гүйцэж түрүүлэх үйлдэлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /хх.1.188-189/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гэрэлт-Одын өгсөн: “... миний зүүн гар талаар цагаан өнгийн жийп маркийн автомашин гүйцэж түрүүлж гарч яваад миний урд талд явсан хар өнгийн Т.Ландкрузер-200 маркийн автомашины зүүн гар талаар гүйцэж түрүүлэхдээ баруун гар тийшээгээ жолоогоо дараад, онхолдсон автомашины зүүн хажуу талаас нь жаахан шахас хийгээд уг машины урдуур нь ороод чигээрээ явах үед нөгөө хар өнгийн Т.Ландкрузер-200 маркийн автомашин баруун гар тийшээгээ жолоогоо огцом нэг дараад, буцааж зүүн гар тийшээгээ жолоогоо дараад, машин зам руу нэг голлож ороод, буцаад баруун гар тийшээгээ машин нь яваад, замын хажуу тал руу замаас гарч онхолдсон... Онхолдсон машины жолооч эмэгтэй нь “та яагаад намайг шахчихваа” гэж цагаан жийп маркийн автомашины жолоочид хэлж байсан. Тэр үед цагаан өнгийн жийп маркийн автомашины жолооч залуу “миний урдаас нэг унадаг дугуйтай хүн ирэхээр нь зам руугаа орсон” гэж хэлж байсан... Би 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Уг машин хоёр машин давхар гүйцэн түрүүлж байгаа болохоор онхолдсон машин бид хоёроос илүү хурдтай явсан байх... Үргэлжилсэн цагаан зураас замын голд байсан. Бас замынхаа хоёр талаар цагаан зураас байсан...” гэх мэдүүлэг /хх.2.5-6/,

          Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй багийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 12/47 дугаартай: “... Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт буюу “... 7.1... тэмдэглэлийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөн...” гэх дүгнэлт /хх.2.24-25/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Отгонтуяагийн өгсөн: “... манай бэр эгч миний машиныг унаж яваад энэ осол гарсан. Манай бэр эгчийн найз, ээж хүүхэдтэйгээ явж байсан гэсэн. Миний машин 2018 оны шинэ машин байсан. Миний хувьд машиныхаа хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Нийт 72.103.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гэрэлт-Одын өгсөн: “... Хажуугаар гүйцэж түрүүлэн өнгөрсөн Тоёота хайлюкс машин жаахан шахаад өнгөрсөн. Тэр Ланд крузер машин нөгөө цагаан өнгийн тоёота хайлюксийг өнгөрсний дараа дайвалзаад унасан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Одгэрэлийн өгсөн: “... Хажуугаар дунд гарын цагаан жийп гүйцэж түрүүлж байна гэж бодож,  урдуур дайраад ороод ирэхээр нь би баруун дараад нэг мэдсэн өнхөрөөд ойчсон байсан. Тухайн үед миний урд машин гараад ирэхээр нь би зугтах үйлдэл хийсэн. Би хэдэн удаа баруун гар, зүүн гар луугаа дарснаа мэдэхгүй байна. Хамгийн эхэнд баруун тийш дараад буцаад хариулахад чадаагүй тэгээд буцаад унасан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч И.Базаррагчаагийн өгсөн: “Тоёота хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт буюу “7.1 ... тэмдэглэлийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Тоёота Ланд Крузер маркийн 33-30 УНА улсын дугаартай автомашины жолооч А.Одгэрэл нь хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Тоёота Ланд Крузер маркийн машин нь 2-3 удаа дайвалзах нь жолооны хүрдийг эргүүлэх өнцөг, чиглэлээс хамаарна. Харин дайвалзах хөдөлгөөн нь тоормоз гишгэснээс хамаарахгүй. Тэгш хуурай гадаргуутай, шулуун замд 40-50 км цаг хурдтай явж байгаа 3350 кг жинтэй автомашин нь жолооны хүрдийг эргүүлэх өнцөг чиглэлээс хамааран дайвалзах боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн “... би уг машиныг гүйцэж түрүүлэхдээ шахаагүй, осол гаргаагүй, гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн “... С.Бын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй...” гэх дүгнэлт нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Даваа /хх.1.32-34/, гэрч Я.Ганцэцэг /хх.1.43-45/, А.Одгэрэл /хх.1.48-49/, гэрч Д.Гэрэлт-Од /хх.2.5-6/ нарын тус тус өгсөн мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 739 дугаартай дүгнэлт /хх.1.188-189/, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээчдийн 12/47 дугаартай дүгнэлт /хх.2.24-25/, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гэрэлт-Од, А.Одгэрэл, шинжээч И.Базаррагчаа нарын тус тус өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          С.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч С.Боос 156.360 төгрөг гаргуулж хохирогч Ж.Даваад, автомашины хохирол 70.103.000 төгрөг, үнэлгээний төлбөр 2.000.000 төгрөг, нийт 72.103.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Отгонтуяад, эвдэрсэн хашааны үнэ 663.900 төгрөг, үнэлгээний төлбөр 80.000 төгрөг, нийт 743.900 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Скай Резорт” ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

          Хохирогч Ж.Даваа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Боос жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

С.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч С.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй, эсхүл нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй учир дээрх хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

          С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

          Хэрэгт битүүмжилсэн С.Бын өмчлөлд бүртгэлтэй Тоёота Хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай, Тоёота чейзэр маркийн 21-37 УНК улсын дугаартай, Хово Б223257 маркийн 32-96 УНЧ улсын дугаартай, Тоёота кроун маркийн 11-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

          Мөн хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн В, С, D, Е, М ангилалын 259787 дугаартай үнэмлэх 1 ширхэгийг С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Ш овогт Сын Быг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. С.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт битүүмжилсэн С.Бын өмчлөлд бүртгэлтэй Тоёота Хайлюкс маркийн 02-11 НАА улсын дугаартай, Тоёота чейзэр маркийн 21-37 УНК улсын дугаартай, Хово Б223257 маркийн 32-96 УНЧ улсын дугаартай, Тоёота кроун маркийн 11-64 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          7. Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн В, С, Р, Е, М ангилалын 259787 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч С.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Боос 156.360 төгрөг гаргуулж хохирогч Ж.Даваад, 72,103,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Отгонтуяад, 743,900 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Скай Резорт” ХХК-д тус тус олгосугай. 

          9. Хохирогч Ж.Даваа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох С.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР