Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, Жаал-Уулын 1-28 тоотод оршин суух Боржгин овгийн Бат-Эрдэнийн Мөнхтуяа /РД:ЕЮ92101405/,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Гоёотын 20-9 тоотод оршин суух Нэве овгийн Нэргүйн Лхагва-Очир /РД:ФБ91041712/,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхтуяа, хариуцагч Н.Лхагва-Очир, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Лхагва-Очиртой 2008 оноос 2014 оныг хүртэл хамтран амьдарсан. 2015 онд хүүхдүүдээ бодоод эвлэрэх санал тавихад гэр бүлтэй болсон гэж хэлсэн. Хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Л.Учрал, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин М.Намуунаа төрсөн, хүү 5 настай, охин 4 настай. Н.Лхагва-Очир удаа дараа архи ууж, согтуугаар зодож, сэтгэл санааны дарамтад оруулж амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байна. Иймд Н.Лхагва-Очироос хүү Учрал, охин Учрал нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаангүй.” гэжээ.

Хариуцагч Н.Лхагва-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Учрал, М.Намуунаа нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ”Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь хариуцагч Н.Лхагва-Очирт холбогдуулж 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Л.Учрал, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.Намуунаа нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Н.Лхагва-Очир нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Б.Мөнхтуяа, Н.Лхагва-Очир нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Л.Учрал, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин М.Намуунаа нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Н.Лхагва-Очироос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Л.Учрал, охин М.Намуунаа нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн, Өмнөговь аймгийн “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү Л.Учрал, охин М.Намуунаа нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болголоо.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Н.Лхагва-Очироос гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Лхагва-Очирын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Н.Лхагва-Очир нь хүү Л.Учрал, охин М.Намуунаа нарт сар бүр 164,300 төгрөгийн 50 хувь болох 82,150 төгрөгийг тус тус тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 985,800 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож  56,418 төгрөг /28,209х2/-ийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Н.Лхагва-Очироос улсын тэмдэгтийн хураамжид 56,418 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Гоёотын 20-9 тоотод оршин суух Нэве овгийн Нэргүйн Лхагва-Очир /РД:ФБ91041712/-оос 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Л.Учрал, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.Намуунаа нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Лхагва-Очир нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Лхагва-Очироос 56,418 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХТӨР