Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбаатар,

          Улсын яллагч Ч.Алтансүх,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулга, Д.Эрдэнэбилэг,

          Хохирогч Д.Баатарцог, Г.Зоригтхүү, С.Пүрэвжав,

          Иргэний нэхэмжлэгч Э.Оюунсайхан,

          Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0250/,

          Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.11 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, О.Э нарт холбогдох 1806 00000 0700 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 25-578 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д Б /РД:.........../,

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бүс нуурын 05-03 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Оийн Э /РД:........./,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.Б, О.Э нар нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны 8-36 тоот гэрт нь Д.Энхтуяаг боомилж алсан,

          Мөн Д.Б, О.Э нар нь Д.Энхтуяаг боомилж алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны 8-36 тоот орон сууцыг бензин цацаж галдан шатааж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүн алахыг завдсаны улмаас З.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Бадамлах нар” Сууц өмчлөгчдийн холбоонд 11,299,000 төгрөгийн, С.Пүрэвжавт 948,150 төгрөгийн, Э.Батцоожид 1,979,625 төгрөгийн П.Жанчивсүрэнд 790,400 төгрөгийн, Г.Зоригтхүүд 6,310,500 төгрөгийн, Д.Баатарцогт 13,138,150 төгрөгийн, Д.Мөнх-Эрдэнэд 750,000 төгрөгийн, Д.Дашмядагт 305,000 төгрөгийн, А.Мөнх-Эрдэнэд 576,000 төгрөгийн, О.Уранчимэгт 356,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитоор харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулгын өгсөн: “... Би шүүгдэгчийн төрсөн ах. Энэ хэргийн талаар ярих зүйлгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: “... “Бадамлах нар” орон сууцны конторын менежер ажилтай. Шатаасан барилгын материалыг манай компаниас төсөв гаргаж засварласан. Манай компанид 11.200.999 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулвал гомдолгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баатарцогийн өгсөн: “... Тухайн өдрийн орой 23 цагийн үед би буйдан дээрээ зурагт үзэж, эхнэр ариун цэврийн өрөөнд шүдээ угааж байсан. Гэнэт дэлбэрэлт болоод удалгүй дахин 2 удаа дэлбэрсэн. Эхнэртээ “байрнаас гараарай” гэж хэлээд охиноо унтсан чигт нь тэврээд орцоор гүйж байхад дэлбэрэлтээс болж 8 давхарт их саатсан. Тэр үед 8 давхарт амьдардаг ахтай таарсан. Би тэр чигтээ гүйхээрээ орцноос гарсан. Гэтэл эхнэр байхгүй байсан. Эмэгтэй хүн болсон хойно гэрээсээ авах эд зүйл байсан байх. Тэр үед манай байранд утаа орж ирсэн учир эхнэр хажуу айл руу орсон байсан. Би эхнэрээ хайхаар байр луу эргэж орох гэхэд хүмүүс оруулахгүй байсан. Онцгой байдлын бүрэлдэхүүн төв зам дээр их хурдан ирсэн боловч туслах зам руу орох гэж хугацаа алдсан. Онцгой байдлын ажилчид тухайн байрны 9, 10 дугаар давхарын айлын хүмүүсийг аварсан. Гал унтарсаны дараа гэртээ ороход бүх юм шатсан байсан. Тухайн байрыг 8 хувийн зээлээр 2015 онд худалдаж авсан. Манай гэрээс авах эд зүйл байгаагүй. Эхнэр, бид хоёр өмссөн хувцастайгаа үлдсэн. Манай гэрийнхэн бүтэн 1 жилийн туршид 4 удаа нүүсэн. Сүүлд аав, ээж дээрээ очиж амьдарч байна. Тухайн байранд эхнэр дахиж амьдрахгүй гэсэн учир засвар хийгээд зарсан. Мандал даалтгалаас 9.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хасагдсаар байгаад 5.000.000 төгрөгийг авсан. Манай гэрийнхэн 24.000.000 төгрөгөөр хохирсон. Тухайн үед асуудлыг сайн мэдэхгүй учир баримтаа цуглуулж аваагүй. Талийгаачид гүн эмгэнэл илэрхийлж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Зоригтхүүгийн өгсөн: “... Манайх 10 давхарын айл. Манай хадмынхан Багануур дүүрэгт амьдардаг байсан учир тухайн өдөр эхнэр, бид хоёр Багануур луу явсан байсан. Маргааш нь тухайн асуудлыг мэдсэн. Болкон дээр хураасан гэр ахуйн эд зүйлс шатсан. Анх 16.000.000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээний компанийн үнэлгээгээр үнийн дүн буурсан. Одоо 6.310.500 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Пүрэвжавын өгсөн: “... Манайх 12 давхарын 55 тоотын айл юм. Гэртээ байх үед бензин үнэртсэн юм. Би гэрээсээ гарч, 11 давхарын айлын хаалгыг нүдэхэд хаалгаа тайлж өгөөгүй. 10 давхар луу уруудаж явах үед дэлбэрэлт болсон. Тухайн байранд засвар хийхээс өмнө мэргэжлийн хяналтын газар, УИХ-ын гишүүн Ж.Э нарт байрны дүгнэлт гаргаж өгөх тухай хүсэлт тавихад нэг ч хариу өгөөгүй. Үүн дээр би гомдолтой байна. Обойг хуулаад харахад даацын хана цуурсан. Дүүргэлтийн хана муудсан. Талийгаач, манайх хоёрын байр хямд үнэтэй буюу 37.6 метр квадрат юм. Чадалтай хүмүүс нь тухайн байрыг зараад нүүсэн. Би тухайн байрыг зарлаа гэхэд зарсан мөнгөөр өөр байр худалдаж авах боломжгүй байна. Тухайн байрыг шатаасан үйлдлийг террорист халдлага гэж үзэхээр байсан. 948.000 төгрөгийн хохирлыг барагдуулвал гомдолгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Оюунсайханы өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саруул” хотхоны 22 дугаар байны 36 тоот айлд гэмт хэргийн улмаас гал түймэр гарч, манай компанийн эд хөрөнгийн даалтгалд даатгуулагч Баатарцог, Сумъяа нарын орон сууцад гал гарсаны улмаас их хэмжээний хохирол учирсан. Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.7 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлэн авч нөхөн төлбөрт 5.000.000 төгрөгийг төлсөн. Тухайн 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.7-10, 42-45, 59-60, 63-65/,

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.10-16, 21-24, 28-41,46-58, 61-62, 66-67/,

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.74-76/,

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.77-80/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн дуудлага, мэдээллийн тухай баримт /хх.1.83-86/,

          Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх.1.86-89/,

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.92-111/,

          Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.123-124/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.1.126-128/,

          Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх.1.129-132/,

          Нийслэлийн онцгой байдлын газрын галт түймэртэй тэмцэх хэлтэсийн дуудлага хүлээн авсан тэмдэглэл /хх.1.134/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.1.179/,

          Саруул хорооллын 112 дугаар байрны 36 тоотод гал гарсаны улмаас уг орон сууцанд учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.1.181-202/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулгын “... Би өөрийн төрсөн дүү Д.Энхтуяа, Д.Б нарын талаар мэдүүлэг өгнө... Нэг дүү маань нэг дүүгийн минь амь насыг хохироосон хэрэгт холбогдсон байна. Иймд хэнийг нь гэхэв дээ хэцүү байна. Ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.1.175/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн 26  дугаар хороо, Саруул хотхоны 12 дугаар байрны 36 тоотод гэмт хэргийн улмаас гал гарсан. Манай “Бадамлах нар” ХХК нь уг байрны орон сууцны ашиглалтыг хариуцсан компани юм. Иймд байрныхаа өнгө үзэмжийг галд шатсан байдлаар нь байлгахгүйн тулд засвар үйлчилгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх1.203-205/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Пүрэвжавын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед би том өрөөндөө сууж байхад гэрт бензин их хэмжээгээр үнэртээд эхлэхээр нь би доод талын айлыг бензинээр юм хийгээд байна гэж бодоод доош 11 давхарт бууж, хаалгыг нь тогшсон. Тэгтэл хаалгаа онгойлгохгүй болохоор нь буцаж гэр лүүгээ ороод эхнэртэйгээ хаалгаа онгорхой байлгаж агаар оруулаарай гээд буцаж 10 давхар луу бууж байхад гэнэт дэлбэрэлт болж өөдөөс агаарын хүчтэй урсгал орж ирсэн. Тэгээд би буцаж гүйгээд гэртээ ортол эхнэр бичиг баримтаа авчихсан байхаар нь бид 2 гадаа гарсан. Орц битүү утаа болчихсон байсан. Ийм зүйл болсон... Гэртээ ороход манай гэрийн тааз харлаж, утааны үнэр орчихсон. Ханын цаас урагдсан байсан. Би байрандаа бүрэн засвар хийсэн. Баримтаа авчирч өгөөд үнэлгээ гаргуулна” гэх мэдүүлэг /хх.1.212-214/,

          С.Пүрэвжавт учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.1.206-211, 218/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батцоожийн өгсөн: “... Манайх шатсан айлын зүүн талын буюу 8 давхарт амьдардаг айл юм. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний орой эхнэр 2 хүүгийн хамт гэртээ байж байтал 00 цагийн орчимд юм дэлбэрч байгаа юм шиг чимээ сонсогдоход хаалгаа онгойлгоод хартал гадна коридор шороо утаа болсон байхаар нь хаалгаа хаасан чинь эхнэр хажуу талын айл шатаж байх шиг байна гэхээр нь ахиад хаалгаа онгойлгосон чинь 33 тоот айлын эмэгтэй коридорт гараад зогсчихсон гал команд дуудаач гэхээр нь би өөрийнхаа утаснаас 101 рүү дуулга өгөх гэсэн боловч авахгүй байхаар нь 2 хүүхдээ аваад шатаар доошоо буусан. Намайг шатаар бууж байхад зөндөө хүмүүүс зэрэгцээд шатаар бууж байсан... Жижиг өрөөний балконы хаалт бүхэлдээ шатсан бөгөөд балкон дээр байсан эд зүйлс шатсан... Гал гарах үед 2 хүүхэд минь байсан. Ямар нэг гэмтэл шарх учраагүй, манай хүүхдэд ямар нэг нөлөө болон гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх.1.228-233, 3.190/,

          Э.Батцоожид учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.1.219-227, 234-244/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Жанчивсэнгээгийн өгсөн: “... Уг 112 дугаар байрны 40 тоотод манай хүү Ж.Мөнгөн-Эрдэнэ амьдарч байгаад гадаадад сурахаар явж, нэг айлд 1 жилийн хугацаагаар түрээслүүлсэн... Гал гарсны улмаас тагтан дээр байсан зүйлс болон байрны тодорхой хэсэг галд шатсан байгаа. Тагтны цонх хаалга хийлгэхэд 790,000 төгрөг болсон...” гэх мэдүүдэг /хх.2.1-3/,

          П.Жанчивсэнгээд учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.1. 245, 2.1-8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Зоригтхүүгийн өгсөн: “... Балконы гадна талын шил, вакум цонх нь хагараад рам нь шатсан юу ч үгүй болсон байна. Унтлагын өрөөний цонх хагарсан байна. Ер нь манай балкон дээр байсан эд зүйл шатсан байна. Хохирлын тооцоо гаргаад нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх.2.14-18/,

          Г.Зоригтхүүд учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.2.9-13, 19-24/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баатарцогийн өгсөн: “... Манайх 112 дугаар байрны 41 тоотод байдаг юм, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний 23 цаг 30 минутын орчимд байх гэртээ байж байтал гэнэт юм дэлбэрч байгаа юм шиг хүчтэй 2-3 удаа дуугарч газар хөдөлж байгаа юм шиг санагдсан... Тэгээд би охиноо хараад цонх руу харахад цонхны цаана галын дөл харагдаж байсан. Тэгээд би охиноо аваад шатаар буухад 8 давхрын шатны вакум хаалт нураад унаж байсан. Тэгээд би охинтойгоо бүр гадаа гараад онцгой байдал дуудсан. Гал гарах үед охин байсан. Ямар нэг гэмтэл шарх учраагүй. Манай охинд учирсан гэмтэл байхгүй учир үзүүлэхгүй... унтлагын өрөөний тагт болон цонх бүрэн шатсан гэрийн бүх зүйлс хөө тортог болсон, хөшиг тогтоогч, хөшиг зэрэг шатсан байсан” гэх мэдүүлэг /хх.2.49/,

          Д.Баатарцогт учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.25-79/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Эрдэнэчимэгийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн өнгөрч байхад гэртээ гэрлээ унтраагаад хэвтэж байсан чинь манай гэрийн хаалгыг 2 удаа хүчтэй тогшсон. Удалгүй коридорын дохиологч дуугарахаар нь нээгээд харсан чинь өөдөөс нил утаа орж ирсэн. Биднийг буух үед маш их утаатай байсан...” гэх мэдүүлэг /хх.2.81,87/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5318 дугаартай:

          “... 1. З.Эрдэнэчимэгийн биед угаарын хийн хордлого тогтоогдлоо.

          2. Дээрх хордлого нь химийн бодис угаарын хийн үйлчлэлээр үүснэ.

          3. Дээрх хордлого нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.5.6. З.Эрдэнэчимэг нь жирэмсэн байх бөгөөд дээрх хордлогын улмаас жирэмсэн эх болон урагт одоогуур ямар нэгэн гаж нөлөө үзүүлсэн гэх зүйл тогтоохгүй...” гэх дүгнэлт /хх.2.89/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Би өчигдөр 2018 оны 04 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед найз Бержаний гэрт ирж хоносон юм... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны гадна өөрийнхөө 29-38 УБЭ дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлээ тавьж хоночихоод өнөөдөр 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагийн үед явах гээд гарч ирсэн чинь миний ард талын салхины шил хагарсан байсан, машинуудын салхины шилэн дээр юм унаж хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.95/,

          Д.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.2.100/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дашмядагийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө унтаж байхад гэнэт юм дэлбэрч байгаа юм шиг дуу чимээ гараад сэрсэн. Тэгээд юу болов гээд бүх өрөөгөөрөө яваад шалгахад юм мэдэгдээгүй. Тэгтэл хаалганаас хар утаа болон бензиний үнэр гэрт орж ирсэн. Мөн тэр чимээнээр хажуу талын айлууд орцонд гараад гал гарч байна гэхээр нь би унтлагын цонхоороо хартал хажуу З6 тоотын айл шатаж байсан. Тэгэхээр нь хувцасаа өмсөөд хүмүүсийн адил гадагшаа гарсан. Гэрээс гарахад битүү хар утаа орцоор болчихсон юм харагдахгүй байсан. Манай гэрийн 2 өрөөний хана цуурч ханын цаас урагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.106/,

          Д.Дашмядагт учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.112/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Болорзолын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сард би Саруул хотхоны 112 дугаар байрны 40 тоот 02 өрөө байрыг хөлсөлж сууж байсан. Тэр шөнө уг байранд хүн хоноогүй Манайхан бүгд өөр газар хоносон. Тагтан дээр байсан хувцас шатсан. Би хувцасаа нэхэмжлэхгүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх.3.184/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Манайх 112 дугаар баирны 50 тоот орон сууцыг эзэмшдэг бөгөөд хэрэг болох үед Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй түрээслэн сууж байсан юм. Манай байранд хэргийн улмаас тагтны вакум хаалт шатсан, гэрт хөө тортог орж байрны засвар хийгдсэн, хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.2.154/,

          А.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.2.156-157/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Уранчимэгийн өгсөн: “... Би гомдолтой байна. Гал гарсны улмаас манай гэрийн хаалга харлаж арилахгүй байгаа. Бүх өрөө рүү утаа тортог үнэр болсон. Бид нар анх орохдоо өөрсдөө ханын цаас болон бүх засвараа өөрсдөө хариуцаж хийсэн... Практикал даатгалаас хохирлоо барагдуулж авсан учир надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.127-128/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нэргүйн өгсөн мэдүүлэг /хх.2.177/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх.2.180/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Галтбаатарын өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цаг 40 минутын орчимд 20 орчим насны 2 эрэгтэй хүүхэд 5 литрийн 2 ширхэг усны савтай явганаар ирээд бензин авмаар байна, машины бензин дуусаад ойрхон унтарчихлаа гэхээр нь би зориулалтын бус саванд өгөхгүй түрээд ирж болохгүй юм уу гэтэл түрж болохгүй байна ойрхон шүү дээ ахаа гээд шалаад байхаар нь адилхан жолооч хүн юм чинь гайгүй биз дээ гэж бодоод машинтай ороод ир камераас нууж өгөхгүй бол болохгүй гэтэл тэр 2 залуу цааш явж 2-3 минутын дараа маркийг нь үл мэдэх цагаан өнгийн машинтай ирээд усны саваа арын зорчигчийн суудлын хөлд байрлуулчихсан байхад нь би арын хаалгаар шланкаа оруулж байгаад тэр 2-ын усны савыг нь АИ-92 бензинээр дүүргэн өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх.2.182-183/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 934 дугаартай: “... Талийгаач Д.Энхтуяа нь механик амьсгал бүтэлт, багалзуурдалтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05:40 цагт цогцост хийсэн гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.2.199-201/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч П.Мөнхбатын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 201/926 дугаартай: “... Хэргийн газрын үзлэг болон хэргийн газрын материалаас үзэхэд гал гарсан шалтгаан ил галын нөлөөгөөр /асаасан асаагуураас/ үүсвэрлэн гарсан байна. Хэргийн газрын үзлэгээс тухайн өрөөнд гарсан гал ямар нэгэн багаж хэрэгсэлүүдийн эвдрэлээс гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно. Хэргийн газрын үзлэг гал түймрийн шаталтын явц тархалт, дэлбэрэлтийн байдлаас үзэхэд галын голомт Саруул хотхоны 112 дугаар байрны 1 дүгээр орцны 36 тоот айлын дотор талдаа. Гал нь орох үүдний хэсгээс эхлэн шатах шингэн болон хялбар шатах материалаар дамжин цааш тархаж ассан байна. Мөн шатах шингэн болох /бензин/ ууршилтийн нөлөөгөөр          агаарт тоосонцортой орчинд тархан, битүү өрөө, тасалгаанд тэсрэлт үүссэн байна...” гэх дүгнэлт /хх.2.229-230/,

          Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 465, 466 дугаартай дүгнэлтүүд /хх.2.236-242/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн: “... Тэгээд Энхтуяа эгчийг хэзээ алах, яаж алах талаараа ярилцсан юм. Э надад чи эгчийг боо, би үлдсэн зүйлийг хийнэ гэсэн. Тэгээд 12,000 төгрөг байснаараа нэг 0,5 литрын архи аваад бид хоёр эгчийн байрны 12 давхарлуу лифтээр гарч архиа уусан юм. Тэгээд 16 цагийн үед шатаар бууж эгчийнд ороход эгч ганцаараа байж байсан. Тэгээд бид гурав тэднийд байж байгаад 23 цагийн үед Э гарч тамхи татъя гэхээр нь за гээд бид хоёр орцонд гарсан. Тамхиа татчихаад буцаж ороод байж байхад Э эгчийн нөүтбүүкийг авахаар эгчийн өрөөнд орсон. Би араас нь ороход Э эгчийг орон дээр нь дараад боож байхаар нь би хажууд нь очоод хамт боолцсон юм. Тэгээд Э наадах чинь ухаан алдчихсан чи очоод уут аваад хүрээд ир гэхээр нь би цэнхэр өнгийн гялгар уут аваачаад өгөхөд Э миний өмсөж явсан биеийн тамирын хар өнгийн өмдний уяаг харчихаад наад уяагаа тайлж өг гэхээр нь би уяаг тайлаад өгсөн. Тэгтэл Э би толгойг нь өргөж байя чи наад уяагаа хүзүүн доогуур нь хийгээд уя гэхээр нь хэлсэнээр нь уясан. Тэгээд бид хоёр мөнгө хайсан чинь 260,000 төгрөг гарч ирсэн. Мөн алтан гинж 3 ширхэг, кулон 2 ширхэг, бөгж 3 ширхэг, ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг гарч ирснийг авсан. Мөн талийгаачийн гар утас, эгчийн хадгаламжийн дэвтэр, гадаад паспортыг авсан. Тэгээд бид хоёр хаалгыг нь түгжээд шатаар бууж гадагшаа гарсан чинь Э өнөөдөр хүнд мөнгөтэй болсоноо мэдэгдэж болохгүй. Тийм болохоор өнөөдөр хаана очиж хонох уу гэхээр нь би найзын ах Баасансүрэнгийн /80802122/ бид хоёр очиж хоносон. Маргааш өглөө нь Э гаръя гэхээр нь тэднийхээс явсан. Э одоо хоёулаа цогцосыг гаргаж хаях хэрэгтэй байна гэхээр нь би юунд хийж гаргаж хаях юм гэхэд Э чемоданд хийж гаргаж хаяна гэсэн. Бид хоёр Нарантуул зах руу очиж том чемодан хайсан чинь олдоогүй. Харин хар өнгийн том тор худалдаж аваад Энхтуяа эгчийн гэр лүү очоод торондоо хийх гэтэл хөл гар нь хөшчихсөн учраас багтахгүй байхаар нь хөнжилөнд нь боогоод оролдож байгаад торондоо багтаасан. Тэгээд өргөөд гарах гэтэл өргөж дийлэхгүй болохоор нь би үүнийг энд нь орхичих уу гэж хэлэхэд Э өнөөдөр авч гарах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цогцосыг орихоод Сансар орж алтан эдлэлийг нь өөр өөр ломбардад барьцаанд тавьсан. Надад Э 421,000 төгрөг өгөөд тэнцүү хуваасан шүү гэж хэлсэн. Тэгээд мөнгөөрөө Нарантуул зах орж хувцас авчихаад би Налайх руу ганцаараа явсан. Э хаашаа явсаныг нь би мэдэхгүй. Би Налайхад очоод найз охинтойгоо уулзаад байж байхад Э хурдан ир гэж дуудахаар нь би 23 цагийн үед Чулуун овоон дээр Этай уулзсан. Тэгсэн чинь Э очоод шатаачихъя гэж хэлэхээр нь би тэгье гээд 5 литрийн 2 ширхэг цэвэр ус аваад усыг нь асгаад замын хойд талд байх Петровисын шатахуун түгээх станцаас машины бензин дуусчихлаа гэж хэлээд хоёр савандаа бензин хийлгэж аваад такси бариад Баян Монголын хажууд буугаад Энхтуяа эгчийн байр луу алхсан. Энэ үед 23 цаг өнгөрч байсан. Тэгээд нүхэн гарцаар гарч байранд орсон. Тэгээд авч орсон бензинээ эргэн тойрон асгаад үүдэнд очиход Э лифтээ 8 давхарт аваад ир гээд цаас, улаан өнгийн асаагуур гартаа барьчихсан байсан. Тэгээд намайг хаалга шууд хаана шүү гэж хэлээд цаас асаагаад шидэхэд шууд дэлбэрсэн. Би лифтэнд орсон чинь лифт гацсан байхаар нь бид хоёр шатаар буугаад байрнаас гараад нүхэн гарцаар Соёолж руу гарсан. Тэгээд такси бариад Чулуун овоо ороод Баасансүрэнгийнд очиж хувцасаа солиод хувцасаа авсан. Э Шархаданд очиж гэрээсээ мөн хувцасаа аваад бид хоёр Налайх явсан. Налайхад очоод Э найз охиных руугаа явж, би 2 дугаар байранд байх Баттулгынд очсон, сольсон хувцасаа Баттулгын гэрийн гадаа байх хогийн саванд цэнхэр ууттай хийчихсэн. Тэднийд хоноод тэндээ байж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх.3.40-41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.Эын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн: “... Б надад манай төрсөн эгч мөнгөтэй тул гэрт нь орж алтан эдлэл, бусад зүйлийг авья гэж ярихаар нь би эхэндээ итгээгүй дургүйцэж байсан чинь хамт гэр лүү нь очъё гэж хэлээд дагуулан явж гэрт нь очих үед эгч нь гэртээ ганцаараа байсан... эгчийн өрөөний хаалгыг тогшоод эгчээ нөүтбүүкээ өгчих гэж хэлтэл зөвшөөрөөд ав гэхээр нь би аваад Бт нөүтбүүкийг өгөөд өөдөөс нь шууд дараад орон дээр хэвтүүлэх үед Хуягаа гэж орилсон тэгээд би гараараа хоолойг нь боож байхад Б ирээд орилоод байхаар нь амыг нь дараад хэсэг байж байгаад би гараа хоолойноос нь авч амыг нь дарж Б хоолойг нь гараараа боож дарсан тэр үед хэсэг тийчигнэж байгаад болихоор нь би гялгар уут байвал аваад ир гэтэл Б гал тогооны өрөөнөөс авчираад надад өгөхөөр нь би толгойг нь өндийлгөж өгөөд Б толгойд нь углаж халааснаасаа бэлдэж авч явсан уяагаар /саарал өнгийн малгайтай цамцны уяа байсан гэх/ хоолойгоор нь гялгар уутан дээрээс нь боож уяад байж байхад дахин амьсгалаад байх шиг байхаар нь би дахин уяа байна уу аваад ир гэтэл цаанаас Батухяг уяа олж ирээд дахин нөгөө уяан дээрээс нь давхарлаж уяаад байж байхад Б цаана бичиг баримт мөнгө төгрөг хайгаад шүүгээнд байсан зүйлийг ухаж байхаар нь би очиж хамтдаа юм хайж эхэлсэн ба тэр үед бэлнээр 300,000 гаран мянган төгрөг, Худалдаа хөгжилийн банкны карт болон цагаан өнгийн банкны дугтуйтай бичиг олоод нөгөө картны дугаартай тохирч байгаа эсэхийг шалгаж хартал тохирч байсан болохоор нь авсан ба алт монетон ээмэг бөгж, кулон зэрэг байсныг авч эгчийнх нь хэрэглэж байсан 2 гар утсыг авсан ба ээмэг бөгж кулон зэргийг яг хэдэн ширхэг байсныг мэдэхгүй байна, харин гар утас нь Ай фон-7 плас, Самсунг нөт-3 гэсэн маркийн утаснууд байсан. Ингээд тэр шөнөдөө гэрээс нь тал шилтэй архиа аваад гарч Саруул хотхоны байрны араас такси бариад Сандэй худалдааны төв рүү явж тэнд очиж зогсоод ATM-с нөгөө картнаас 500,000 төгрөг авч, нөгөө такситайгаа яваад Чулуун овооны тэнд байдаг Симба ахынд очих үед шөнийн 03 цаг болж байсан ба Симба ах очих үед та хоёр хаанаас ийм их архи дарс, мөнгө төгрөгтэй болчихвоо, та хоёр юу хийгээд яваад байна аа гэхээр нь харуулын ажил хийж байгаа, тэгээд барилгаас материал гаргаж зараад мөнгөтэй болсон гэж худлаа хэлсэн, ингээд гарч бааранд орох байсан боловч цагийн дараа баар хаах байсан болохоор багшийн дээд рүү такси бариад тэндээс пабд орж 8 лаазтай пиво, 2 савтай ундаа том савтай пиво зэргийг авч буцаад Симба ахынд очиж пивоо ууцгаасан ба би нэг лаазыг уугаад унтаад өгсөн, нөгөө хоёр уугаад үлдсэн, ингээд маргааш өглөө нь босоод шөнө барьж явсан таксины жолоочийн дугаарыг авчихсан байсан болохоор утсаар дуудаж ирүүлээд шар хад руу Даария Дүүрия эгчийнх рүүгээ очиж уулзаад өмнө нь өр тавьсан байсан мөнгөнүүдээ төлж барагдуулаад байж байхад эгч нар чи хаанаас мөнгөтэй болсон юм бэ гэхээр нь ажил хийж байгаа гэж худлаа хэлээд гарч ирээд такситайгаа буцаад Симба ахынд иртэл Батухяг унтаж байсан, ингээд сэрээгээд нөгөө таксинд суугаад Саруул хотхон руу очиж эгчийг нь чемоданд хийгээд авч гараад хөдөө аваачиж байгаад шатаах гэж байсан боловч гэрт нь ороод хамгийн том чемоданд хийхэд гар хөл нь хөшөөд багтахгүй байхаар нь гарч яваад Нарантуулаас том цүнх аваад буцаж ирээд эгчийг нь хөнжилд ороож том цүнх рүүгээ хийсэн ингээд авч гарах гэтэл хүнд авч явж байгаа гэдэг нь илт мэдэгдээд байхаар нь таксины жоооч гадарлаад мэдэх байх гэж бодоод больж, орой ирээд бензин авчираад шатаана гэж тохироод гэрээс нь гарч явсан. Ингээд Сансар орж эгчийнх нь гэрээс авсан алт монетон эдлэлийг 2-3 ломбарданд эд зүйлүүдийг хувааж тавьсан ба нийтдээ 1 сая гаруй төгрөг болж байсан, ингээд буцаж Нарантуул зах орж хувцас авч өмссөн ба Б тэндээсээ Налайх руу явж, би шар Хад руу эгчийндээ очсон чинь манай эгч нар хаанаас мөнгө төгрөгөтэй болсон бэ, буруу замаар яваад байна уу, гэхээр нь би уур хүрээд би яадаг юм бэ, хулгай хийсэн, хүн алсан хийсэн хэргээ би өөрөө хүлээнэ, хулгай хийж, хүн алсан гэдгээ хэлтэл эгч нар уурлаад юу яриад байнаа, балай юм битгий яриад бай гэж уурлаад би гэрээс нь гарч Офицер дээр ирээд 20 орчим минут зогсоод яах вэ, цагдаа руу очих уу, Симба ахынд очих уу гэж эргэлзэж байгаад Симба ахынд очиж Бийг Налайхаас дуудсан, ингээд тэднийд Бтай уулзаад яах вэ гэж ярьж сууж байгаад орой болчихоор нь гэрээс нь гарч яваад гудамжны үзүүрийн дэлгүүрээс 5 литрийн 2 савтай ус авч гараад усыг нь асгаад саваа бариад Чулуун овооны тэнд байдаг нэрийг нь санахгүй байна, нэг колонк орж савандаа бензин авах гэтэл машинтай ирж ав гэж хэлээд өгөөгүй, тэгтэл Б нөгөө түгээгч залуутай уулзаж байгаад эргэж ирээд такси бариад очиж авна гэсэн, ингээд колонкын хажуугаас такси бариад клонк руу орж бензин авах гэж байгаа юм шиг зогсоод арын хаалгыг онгойлгож 2 савандаа бензин авч нөгөө такситайгаа Баян Монгол хороололын харалдаа зам дээр буугаад ертөнцийн зүгээр урагшаа төмөр замын доогуур гарсан замаар алхаж Саруул хотхон руу орж гэрт нь ороод бензинээ эргэн тойрон бүх шатаж болох зүйл рүү асгаж цацаад цогцосыг орон дээр ил гаргаж хөнжилөөр нь хучиж дээр нь дахин бензин асгаад үүдэнд нь ирээд цаас шатааж хаях гэж байхад 8 давхарт хүн гарч ирж байгаа чимээ гарахаар нь болиод нойлын өрөөнд орж шатаасан цаасаа нойл руу хийж хаясан, ингээд хэсэг хүлээгээд чимээгүй болчихоор нь дахин цаас шатааж гадна хаалгыг онгойлгож байгаад Б хаалганы гадна талд би хаалганы дотор талд зогсож байгаад асаасан цаасаа шидэхэд шууд гал өөдөөс тургиж хүрээд ирсэн ингээд бид хоёр гадагшаа түлхэгдэн хаалганы өөдөөс харсан лифтний хаалгыг мөргөж унасан ингээд босоод шатаар гүйж буухад тухайн давхарын шат хаалгануудыг тусгаарлаж хийсэн вакум хаалт нурж унасан байсан юм, ингээд шатаар доош буугаад гадагшаа гарч таксинаас буусан газар луугаа гүйсэн ба төмөр замын нүхэн гарцаар гарч Нарны замын цаад талаас буудал дээр зогсож байсан 2 таксины нэгийг бариад Симба ахын гудамжны харалдаа буугаад гэр лүү нь орж Б хувцасаа сольж бид хоёр гарч дахин гудамжнаас такси бариад би эгчийнхээ гэрээс цүнхтэй хувцасаа авч, машин дотор сольж өмссөн ба миний өмсөж явсан хар өнгийн пүүз, саарал цагаантай биеийн тамрын өмд, хар цагаан улаан хосолсон нимгэн куртик зэргийг бензин үнэртээд, мөн өмдний шуумаг шатчихсан болохоор нь сольж өмссөн юм. Ингээд Офицер дээрээс 1000-ын унаад сууж Налайх явж тэндээ буугаад Буян төвийн гаднаас салж яваад би найз охин Ихэрцэцэгийг дуудан гэрээс нь гаргаж ирээд гудамжинд уулзаад буудалд орж хамт хоносон. Маргааш өглөө нь буудлаас гарч найз охины гэр лүү очиж цүнхтэй хувцасаа тавьж, гоймон идчихээд гарсан Бтай 2-р байранд очиж уулзчихаад буцаж гараад Нарангийн гудамж руу очиж найз нартайгаа уулзан салаад явж байхад Бийн том эгчийн охин Хулан миний утас руу залгаад Хуягаа агаа юу гэхээр нь би Э байнаа, танай ахтай уулзаагүй 2 хонож байна гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд удалгүй дахин өөр дугаараас залгаад Налайхын цагдаагаас ярьж байна, та ирээд зураг үзээрэй Бтай хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ гэж асуугаад байсан ингээд цагдаа руу очихоор шийдээд явж байгаад эргэж Бийн байгаа 2-р байр луу очиж уулзаад хоёулаа амаа нийлүүлэх үү гэж яриад худлаа ярихаар шийдээд тэндээс гарч найз охиных руугаа очиж хувцасаа сольж өмсөөд цагдаагийн хэлтэс рүү очиж болсон бүх зүйлийг хэлж ярьсан. Б надад манай эгч мөнгөтэй байгаа, хоёулаа цааш нь харуулаад мөнгөтэй болж сайхан амьдарч болохгүй юм уу гэхээр нь эхэндээ зөвшөөрөхгүй байж байгаад сүүлдээ зөвшөөрч хамт эгчийнх нь гэр лүү явахаар болсон юм. Тэгээд сүүлдээ эргэлзэж эхэлсэн болохоор хийж чадахгүй, олон удаа гэрээс нь гарч уулзаж яах талаараа дахин дахин ярьж байсан... эгчийгээ Б нь ганцаараа амьдардаг, бид нарыг харж үздэггүй, олон алт монетон зүйлүүдтэй гэдгийг хэлдэг байсан ба одоогуур 500 сая төгрөгтэй байгаа гэж хэлсэн... хамгийн эхлээд тэр шөнөдөө 500,000 төгрөг, дараа нь 160,000 төгрөг, 50,000 төгрөгийг авсан ба гэрээс нь гарсан 300,000 төгрөгийг Б авсан, ломбарданд алт, монетон эдлэл тавиад авсан мөнгийг бид хоёр хувааж авсан юм. Үлдэгдэл алт монет нь Бахуягт байгаа. Нэг гар утсыг нь би найз охиндоо өгсөн ба нэг нь Бт байгаа...” гэх мэдүүлэг /хх.3.45-49/,

          Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны 55 тоот орон сууцны ханын цууралтын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.207-211/,

          Д.Бийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.3.103-126/,

          Хохирлын тооцоо /хх.4.92-93/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Д.Б, О.Э нар нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны 8-36 тоот гэрт нь Д.Энхтуяаг боомилон алж, түүний гар утас, үнэт эдлэл зэрэг нийт 4,229,820 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө 260,000 төгрөг, банкны картаар 710,000 төгрөг авсан,

          Мөн Д.Б, О.Э нар нь Д.Энхтуяаг боомилж алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны 8-36 тоот орон сууцыг бензин цацаж галдан шатааж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар З.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгаж, гэмтээсний улмаас “Бадамлах нар” ХХК-д 11,299,000 төгрөгийн, С.Пүрэвжавт 948,150 төгрөгийн, Э.Батцоожид 1,979,625 төгрөгийн, П.Жанчивсүрэнд 790,400 төгрөгийн, Г.Зоригтхүүд 6,310,500 төгрөгийн, Д.Баатарцогт 13,138,150 төгрөгийн, Д.Мөнх-Эрдэнэд 750,000 төгрөгийн, Д.Дашмядагт 305,000 төгрөгийн, А.Мөнх-Эрдэнэд 576,000 төгрөгийн, О.Уранчимэгт 356,000 төгрөгийн, нийт 36,452,825 /42,148,878/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.7-10, 42-45, 59-60, 63-65/,

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.10-16, 21-24, 28-41,46-58, 61-62, 66-67/,

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.74-76/,

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.77-80/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн дуудлага, мэдээллийн тухай баримт /хх.1.83-86/,

          Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх.1.86-89/,

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.92-111/,

          Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.123-124/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх.1.126-128/,

          Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх.1.129-132/,

          Нийслэлийн онцгой байдлын газрын галт түймэртэй тэмцэх хэлтэсийн дуудлага хүлээн авсан тэмдэглэл /хх.1.134/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.1.179/,

          Саруул хорооллын 112 дугаар байрны 36 тоотод гал гарсаны улмаас уг орон сууцанд учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.1.181-202/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулгын “... Нэг дүү маань нэг дүүгийн минь амь насыг хохироосон хэрэгт холбогдсон байна. Иймд хэнийг нь гэхэв дээ хэцүү байна. Ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.175/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн “... Баянзүрх дүүргийн 26       дугаар хороо, Саруул хотхоны 12 дугаар байрны 36 тоотод гэмт хэргийн улмаас гал гарсан. Манай “Бадамлах нар” ХХК нь уг байрны орон сууцны ашиглалтыг хариуцсан компани юм. Иймд байрныхаа өнгө үзэмжийг галд шатсан байдлаар нь байлгахгүйн тулд засвар үйлчилгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх1.203-205/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Пүрэвжавын өгсөн: “... гэнэт дэлбэрэлт болж өөдөөс агаарын хүчтэй урсгал орж ирсэн... Гэртээ ороход манай гэрийн тааз харлаж, утааны үнэр орчихсон. Ханын цаас урагдсан байсан. Би байрандаа бүрэн засвар хийсэн...” гэх мэдүүлэг /хх.1.212- 214/,

          С.Пүрэвжавт учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.1.206-211, 218/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батцоожийн өгсөн: “... Жижиг өрөөний балконы хаалт бүхэлдээ шатсан бөгөөд балкон дээр байсан эд зүйлс шатсан...” гэх мэдүүлэг /хх.1.228-233, 3.190/,

          Э.Батцоожид учирсан хохирлын баримт, үнэлгээ /хх.1.219-227, 234-244/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Жанчивсэнгээгийн өгсөн: “... Гал гарсны улмаас тагтан дээр байсан зүйлс болон байрны тодорхой хэсэг галд шатсан байгаа. Тагтны цонх хаалга хийлгэхэд 790,000 төгрөг болсон...” гэх мэдүүдэг /хх.2.1-3/,

          П.Жанчивсэнгээд учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.1. 245, 2.1-8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Зоригтхүүгийн өгсөн: “... Балконы гадна талын шил, вакум цонх нь хагараад рам нь шатсан юу ч үгүй болсон байна. Унтлагын өрөөний цонх хагарсан байна. Ер нь манай балкон дээр байсан эд зүйл шатсан байна...” гэх мэдүүлэг /хх.2.14-18/,

          Г.Зоригтхүүд учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.9-13, 19-24/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баатарцогийн өгсөн: “... унтлагын өрөөний тагт болон цонх бүрэн шатсан гэрийн бүх зүйлс хөө тортог болсон, хөшиг тогтоогч, хөшиг зэрэг шатсан байсан” гэх мэдүүлэг /хх.2.49/

          Д.Баатарцогт учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.25-79/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Удалгүй коридорын дохиологч дуугарахаар нь нээгээд харсан чинь өөдөөс нил удаа орж ирсэн. Биднийг буух үед маш их утаатай байсан...” гэх мэдүүлэг /хх.2.81,87/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5318 дугаартай:

          “... 1. З.Эрдэнэчимэгийн биед угаарын хийн хордлого тогтоогдлоо.

          2. Дээрх хордлого нь химийн бодис угаарын хийн үйлчлэлээр үүснэ.

          3. Дээрх хордлого нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.2.89/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... ард талын салхины шил хагарсан байсан, машинуудын салхины шилэн дээр юм унаж хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.2.95/,

          Д.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.100/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дашмядагийн өгсөн: “... би унтлагын цонхоороо хартал хажуу З6 тоотын айл шатаж байсан... Манай гэрийн 2 өрөөний хана цуурч ханын цаас урагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.106/,

          Д.Дашмядагт учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.112/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Болорзолын өгсөн: “... Тагтан дээр байсан хувцас шатсан...” гэх мэдүүлэг /хх.3.184/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... Манай байранд хэргийн улмаас тагтны вакум хаалт шатсан, гэрт хөө тортог орж байрны засвар хийгдсэн, хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.2.154/

          А.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлын баримт, тогтоосон баримт, үнэлгээ /хх.2.156-157/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Уранчимэгийн өгсөн: “... Гал гарсны улмаас манай гэрийн хаалга харлаж арилахгүй байгаа. Бүх өрөө рүү утаа тортог үнэр болсон...” гэх мэдүүлэг /хх.2.127-128/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Галтбаатарын өгсөн: “... би арын хаалгаар шланкаа оруулж байгаад тэр 2-ын усны савыг нь АИ-92 бензинээр дүүргэн өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх.2.182-183/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Энхбаатарын 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 934 дугаартай: “... Талийгаач Д.Энхтуяа нь механик амьсгал бүтэлт, багалзуурдалтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05:40 цагт цогцост хийсэн гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.2.199-201/,

          Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч П.Мөнхбатын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 201/926 дугаартай: “... Хэргийн газрын үзлэг болон хэргийн газрын материалаас үзэхэд гал гарсан шалтгаан ил галын нөлөөгөөр /асаасан асаагуураас/ үүсвэрлэн гарсан байна... Хэргийн газрын үзлэг гал түймрийн шаталтын явц тархалт, дэлбэрэлтийн байдлаас үзэхэд галын голомт Саруул хотхоны 112 дугаар байрны 1 дүгээр орцны 36 тоот айлын дотор талдаа. Гал нь орох үүдний хэсгээс эхлэн шатах шингэн болон хялбар шатах материалаар дамжин цааш тархаж ассан байна...” гэх дүгнэлт /хх.2.229-230/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн: “... Тэгээд Энхтуяа эгчийг хэзээ алах, яаж алах талаараа ярилцсан юм. Э надад чи эгчийг боо, би үлдсэн зүйлийг хийнэ гэсэн... Тамхиа татчихаад буцаж ороод байж байхад Э эгчийн нөүтбүүкийг авахаар эгчийн өрөөнд орсон. Би араас нь ороход Э эгчийг орон дээр нь дараад боож байхаар нь би хажууд нь очоод хамт боолцсон юм. Тэгээд Э наадах чинь ухаан алдчихсан чи очоод уут аваад хүрээд ир гэхээр нь би цэнхэр өнгийн гялгар уут аваачаад өгөхөд Э миний өмсөж явсан биеийн тамирын хар өнгийн өмдний уяаг харчихаад наад уяагаа тайлж өг гэхээр нь би уяаг тайлаад өгсөн. Тэгтэл Э би толгойг нь өргөж байя чи наад уяагаа хүзүүн доогуур нь хийгээд уя гэхээр нь хэлсэнээр нь уясан. Тэгээд бид хоёр мөнгө хайсан чинь 260,000 төгрөг гарч ирсэн. Мөн алтан гинж 3 ширхэг, кулон 2 ширхэг, бөгж 3 ширхэг, ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг гарч ирсэнийг авсан. Мөн талийгаачийн гар утас, эгчийн хадгаламжийн дэвтэр, гадаад паспортыг авсан... Тэгсэн чинь Э очоод шатаачихъя гэж хэлэхээр нь би тэгье гээд 5 литрийн 2 ширхэг цэвэр ус аваад усыг нь асгаад замын хойд талд байх Петровисын шатахуун түгээх станцаас машины бензин дуусчихлаа гэж хэлээд хоёр савандаа бензин хийлгэж аваад такси бариад Баян Монголын хажууд буугаад Энхтуяа эгчийн байр луу алхсан. Энэ үед 23 цаг өнгөрч байсан. Тэгээд нүхэн гарцаар гарч байранд орсон. Тэгээд авч орсон бензинээ эргэн тойрон асгаад үүдэнд очиход Э лифтээ 8 давхарт аваад ир гээд цаас, улаан өнгийн асаагуур гартаа барьчихсан байсан. Тэгээд намайг хаалга шууд хаана шүү гэж хэлээд цаас асаагаад шидэхэд шууд дэлбэрсэн...” гэх мэдүүлэг /хх.3.40-41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.Эын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн: “... эгчийн өрөөний хаалгыг тогшоод эгчээ нөүтбүүкээ өгчих гэж хэлтэл зөвшөөрөөд ав гэхээр нь би аваад Бт нөүтбүүкийг өгөөд өөдөөс нь шууд дараад орон дээр хэвтүүлэх үед Хуягаа гэж орилсон тэгээд би гараараа хоолойг нь боож байхад Б ирээд орилоод байхаар нь амыг нь дараад хэсэг байж байгаад би гараа хоолойноос нь авч амыг нь дарж Б хоолойг нь гараараа боож дарсан тэр үед хэсэг тийчигнэж байгаад болихоор нь би гялгар уут байвал аваад ир гэтэл Б гал тогооны өрөөнөөс авчираад надад өгөхөөр нь би толгойг нь өндийлгөж өгөөд Б толгойд нь углаж халааснаасаа бэлдэж авч явсан уяагаар /саарал өнгийн малгайтай цамцны уяа байсан гэх/ хоолойгоор нь гялгар уутан дээрээс нь боож уяад байж байхад дахин амьсгалаад байх шиг байхаар нь би дахин уяа байна уу аваад ир гэтэл цаанаас Батухяг уяа олж ирээд дахин нөгөө уяан дээрээс нь давхарлаж уяаад... ингээд колонкын хажуугаас такси бариад колонк руу орж бензин авах гэж байгаа юм шиг зогсоод арын хаалгыг онгойлгож 2 савандаа бензин авч нөгөө такситайгаа Баян Монгол хороололын харалдаа зам дээр буугаад ертөнцийн зүгээр урагшаа төмөр замын доогуур гарсан замаар алхаж Саруул хотхон руу орж гэрт нь ороод бензинээ эргэн тойрон бүх шатаж болох зүйл рүү асгаж цацаад цогцосыг орон дээр ил гаргаж хөнжилөөр нь хучиж дээр нь дахин бензин асгаад... дахин цаас шатааж гадна хаалгыг онгойлгож байгаад Б хаалганы гадна талд би хаалганы дотор талд зогсож байгаад асаасан цаасаа шидэхэд шууд гал өөдөөс тургиж хүрээд ирсэн ингээд бид хоёр гадагшаа түлхэгдэн хаалганы өөдөөс харсан лифтний хаалгыг мөргөж унасан... эгчийгээ Б нь ганцаараа амьдардаг, бид нарыг харж үздэггүй, олон алт монетон зүйлүүдтэй гэдгийг хэлдэг байсан ба одоогуур 500 сая төгрөгтэй байгаа гэж хэлсэн... картаар нь... хамгийн эхлээд тэр шөнөдөө 500,000 төгрөг, дараа нь 160,000 төгрөг, 50,000 төгрөгийг авсан ба гэрээс нь гарсан 300,000 төгрөгийг Б авсан, ломбарданд алт монетон эдлэл тавиад авсан мөнгийг бид хоёр хувааж авсан юм. Үлдэгдэл алт монет нь Бахуягт байгаа. Нэг гар утсыг нь би найз охиндоо өгсөн ба нэг нь Бт байгаа...” гэх мэдүүлэг /хх.3.45-49/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулгын өгсөн: “... Би шүүгдэгчийн төрсөн ах... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: “... “Бадамлах нар” орон сууцны конторын менежер ажилтай. Шатаасан барилгын материалыг манай компаниас төсөв гаргаж засварласан. Манай компанид 11.200.999 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баатарцогийн өгсөн: “... Гэнэт дэлбэрэлт болоод удалгүй дахин 2 удаа дэлбэрсэн... Гал унтарсаны дараа гэртээ ороход бүх юм шатсан байсан... Манай гэрээс авах эд зүйл байгаагүй. Эхнэр, бид хоёр өмссөн хувцастайгаа үлдсэн. Мандал даалтгалаас 9.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хасагдсаар байгаад 5.000.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Зоригтхүүгийн өгсөн: “... Манайх 10 давхарын айл... Болкон дээр хураасан гэр ахуйн эд зүйлс шатсан. Анх 16.000.000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээний компанийн үнэлгээгээр үнийн дүн буурсан. Одоо 6.310.500 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Пүрэвжавын өгсөн: “... Манайх 12 давхарын 55 тоотын айл юм. Гэртээ байх үед бензин үнэртсэн юм. Би гэрээсээ гарч, 11 давхарын айлын хаалгыг нүдэхэд хаалгаа тайлж өгөөгүй. 10 давхар луу уруудаж явах үед дэлбэрэлт болсон... Тухайн байрыг шатаасан үйлдэлийг террорист халдлага гэж үзэхээр байсан. 948.000 төгрөгийн хохирлыг барагдуулвал гомдолгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Оюунсайханы өгсөн: “... манай компанийн эд хөрөнгийн даалтгалд даатгуулагч Баатарцог, Сумъяа нарын орон сууцад гал гарсаны улмаас их хэмжээний хохирол учирсан... нөхөн төлбөрт 5.000.000 төгрөгийг төлсөн. Тухайн 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Д.Б, О.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.11 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Д.Б, О.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

          Д.Б, О.Э нар нь Д.Энхтуяаг боомилж алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж орон сууцыг нь бензин цацаж галдан шатааж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүн алахыг завдсаны улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 10 хүнд эд хөрөнгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурдсанаас үзэхэд чухам хэнийг алахыг завдсан нь тодорхойгүй байх ба тус үйлдэлийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд нь хохирол учирсан 11 хүнийг шүүгдэгч нар алахыг завдсан гэж улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

          Гэвч Д.Б, О.Э нарт хүн алахыг завдсан сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй, харин тэд хүн алсан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, уг орон сууцыг бүлэглэж галдан шатаасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, түүнчлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган, гэмтээж нийт 42,148,878 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул тухайн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт болгон хөнгөрүүлж өөрчлөн, энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчидийн дүгнэлтийг хүлээн авсан болно.

          Харин яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч нар талийгаачийн 4,229,820 төгрөгийн эд зүйлс, бэлэн мөнгө 260,000 төгрөг, банкны картаар 710,000 төгрөгийг авсан талаар дурдалгүй орхигдуулсаныг, мөн О.Эын эцгийн нэрийг “Отгондагвадорж” гэж бусад холбогдох баримтад тусгасан байхад “Отгондаваа” гэж ташаа бичсэн техникийн шинжтэй алдааг тус тус залруулж зөвтгөх нь зүйтэй.

          Иймд Д.Б, О.Э нарыг “Хүнийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бүлэглэж алах”, “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах”, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгах, гэмтээх” гэмт хэргүүдийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулга нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс, бэлэн мөнгийг хүлээн авч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч “Бадамлах нар” ХХК-д 11,299,000 төгрөг, хохирогч С.Пүрэвжавт 948,150 төгрөг, хохирогч Э.Батцоожид 1,979,625 төгрөг, хохирогч П.Жанчивсэнгээд 790,400 төгрөг, хохирогч Г.Зоригтхүүд 6,310,500 төгрөг, хохирогч Д.Баатарцогт 13,138,150 төгрөг, хохирогч Д.Мөнх-Эрдэнэд 750,000 төгрөг, хохирогч Д.Дашмядагт 305,000 төгрөг, хохирогч А.Мөнх-Эрдэнэд 576,000 төгрөг, хохирогч О.Уранчимэгт 356,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-д 5,000,000 төгрөг, “Практикал даатгал” ХХК-д 1,822,233 төгрөг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Б, О.Э нараас гаргуулж тус тус олгох нь зүйтэй бөгөөд хохирогч Д.Болорзол, З.Эрдэнэчимэг нар нь хохирол нэхэмжлээгүй байна.

          Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулга, хохирогч С.Пүрэвжав, Э.Батцоож, П.Жанчивсэнгээ, Г.Зоригтхүү, Д.Баатарцог, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Дашмядаг, А.Мөнх-Эрдэнэ, О.Уранчимэг, Д.Болорзол, З.Эрдэнэчимэг, “Бадамлах нар” ХХК, иргэний нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Б, О.Э нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Д.Б, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Б, О.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Д.Б, О.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.Б, О.Э нар нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, нийгмийн аюул, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ ихтэй, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн буюу үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээс гэмшсэн гэж үзэхээргүй, улмаар бусдад учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан хугацаатай хорих ял оногдуулах тухай хүсэлтийг хангах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Хүн алахыг Д.Б, орон сууц галдан шатаахыг О.Э санаачилсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан холбогдох бусад нотлох баримтуудаас үзэхэд тэдний хэн нэг нь гэмт хэрэг үйлдэхийг удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нар урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэж гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон учир тэдэнд адил хэмжээний ял тус тус оногдуулсан болно.

          Д.Б, О.Э нарт оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг, мөн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй.

          Шүүгдэгч Д.Б, О.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Д.Б, О.Э нарын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 325 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, бусад эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохих бөгөөд амь хохирогч Д.Энхтуяагийн өмчлөлийн /хх.3.136/ орон сууцыг мөрдөгчийн тогтоолоор  битүүмжилсэн гэж яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан байх боловч уг тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.11 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт Д.Б, О.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

          2. Б овогт Дийн Б, Б овогт Оийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад заасан “Хүнийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бүлэглэж алах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгах, гэмтээх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Шүүгдэгч Д.Б, О.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан, Д.Б, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Д.Б, О.Э нарт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Б, О.Э нарын урьд нь цагдан хоригдсон 325 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

          7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулга нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс, бэлэн мөнгийг хүлээн авч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Д.Болорзол, З.Эрдэнэчимэг нар нь хохирол нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, 13 ширхэг металл зүйл, жижиг өрөөнөөс хураан авсан 1 ширхэг металл зүйл, хар өнгийн уяа 1 ширхэг, саравчтай хар өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг, хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, цагаан, улаан, хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгиин пүүзэн гутал 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, дутуу шатсан хуванцар сав 1 ширхэг, орны даавуутай гудас 1 ширхэг, хөнжилийн даавуутай хөнжил 1 ширхэг, сахиус 1 ширхэг, ногоон өнгийн майк 1 ширхэг, цагаан өнгийн резинэн бүс 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, мэс заслын цагаан өнгийн боолт 1 ширхэг, цагаан өнгийн самбай даавуу 1 ширхэг, таггүй Нокиа маркийн гар утас 1 ширхэг, SK гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, улаан өнгийн Самсунг маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн оосортой, оосор нь тасарсан цаг 1 ширхэг, цагаан өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, соёмбо, хас дүрстэй 2 ширхэг цагаан өнгийн металлан бөгж, цагаан өнгийн оймс 1 хос, цэнхэр ууттай арц, шар өнгийн хадаг, сангийн бойпор, будаа зэрэг зүйлс, тамхины асаагуур 3 ширхэг, Худалдаа хөгжилийн банкны карт 1 ширхэг, Виза картын пин код бичсэн цаас 2 ширхэг, ЛД тамхи 12 ширхэг, Curren гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхэг, хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, О.Эын ХААН банкны виза карт 1 ширхэг, Ю-Мони карт 1 ширхэг, Кэнди карт 1 ширхэг, Эын Төрийн банкны карт 1 ширхэг, 80581031 дугаартай утасны сим картын үүр 1 ширхэг, Соёмбо, очирын дүрстэй цагаан өнгийн металлан бөгж 2 ширхэг, хүрэн өнгийн цэрэг тэлээ 1 ширхэг, хар өнгийн бүс 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, бэлгэвч 1 ширхэг, О.Эын цахим үнэмлэх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, хохирогч “Бадамлах нар” ХХК-д 11,299,000 төгрөг, хохирогч С.Пүрэвжавт 948,150 төгрөг, хохирогч Э.Батцоожид 1,979,625 төгрөг, хохирогч П.Жанчивсэнгээд 790,400 төгрөг, хохирогч Г.Зоригтхүүд 6,310,500 төгрөг, хохирогч Д.Баатарцогт 13,138,150 төгрөг, хохирогч Д.Мөнх-Эрдэнэд 750,000 төгрөг, хохирогч Д.Дашмядагт 305,000 төгрөг, хохирогч А.Мөнх-Эрдэнэд 576,000 төгрөг, хохирогч О.Уранчимэгт 356,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-д 5,000,000 төгрөг, “Практикал даатгал” ХХК-д 1,822,233 төгрөг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Б, О.Э нараас гаргуулж тус тус олгосугай.

          10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтулга, хохирогч С.Пүрэвжав, Э.Батцоож, П.Жанчивсэнгээ, Г.Зоригтхүү, Д.Баатарцог, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Дашмядаг, А.Мөнх-Эрдэнэ, О.Уранчимэг, Д.Болорзол, З.Эрдэнэчимэг, “Бадамлах нар” ХХК, иргэний нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Д.Б, О.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б, О.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР

                                              ШҮҮГЧИД                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                      Б.АРИУНХИШИГ