Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01954

 

 

 

 

 

 

 

  2024 11 04 210/МА2024/01954

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03597 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******-д холбогдох

Мэдэгдэл хүчингүй болгуулах, худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, тус гэрээгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер кастле хотхон, B блок, *******,*******ын 1 өрөө 41.5 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 4,400,000 төгрөгөөр тооцож 182,600,000 төгрөгөөр захиалсан.

1.2. Гэрээнд зааснаар гэрээний үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх 109,560,000 төгрөгийг хариуцагч *******-ийн харилцах дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.

1.3. Гэтэл *******-ийн төлөөлөгч гэх ******* ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлээр ...хуваарьт төлбөрийг барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулагдсан ...гэрээний 4.1.4-т заасны дагуу цуцлагдсан болохыг үүгээр мэдэгдэж төлсөн төлбөрийг шилжүүлэх тул төлбөрийг буцаан авах дансыг цахим хаягаар хүргүүлнэ үү... гэж ирүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний Санамж хуудас-ны 3-т зааснаар хариуцагч огт урьдчилан сануулаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй атлаа шууд гэрээг цуцалсан нь захиалагчийн эрхийг зөрчсөн.

Иймд ******* ХХК-ийн мэдэгдлийг хүчингүй болгуулж, ******* болон Г.******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Г.*******тай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний 2.1.10-д заасан орон сууцны үнэ 182,600,000 төгрөгийг гэрээний 3.1-д зааснаар 60 хувь буюу 109,560,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2-т заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14,608,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14,608,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14,608,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14,608,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14,608,000 төгрөгөөр тус тус бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон.

2.2. Гэвч нэхэмжлэгч Г.******* нь урьдчилгаа 109,560,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлснөөс хойш дахин төлөлт хийлгүй, гэрээний 4.4.8-д заасан үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээний 3.2, 6.1-т заасны дагуу гэрээг цуцалсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Г.*******гийн буруутай үйлдлийн улмаас буюу харилцан тохиролцсон хугацаанд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлөлтийг тус тус хийгээгүйн улмаас Иргэний хуулийн 225, 226, 355 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуцлагдаж, тухайн орон сууцыг бусдад зарсан учир нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу үнийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Уянгын тайлбарын агуулга:

Б.******* нь *******, ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр С-2023/087 тоот Орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны үнэд 186,750,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлж худалдан авсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа учир нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэл үндэслэлгүй.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, *******-иудад холбогдох 2023.08.22-ны өдрийн 0202 тоот гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-иас 109,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.01-ний өдөр төлсөн 1,141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч Г.******* болон гуравдагч этгээд Б.*******тай байгуулсан гэрээнүүд нь нэг ижил загвартай, хариуцагчийн зүгээс захиалагч бүртэй ижил нөхцөлөөр гэрээг байгуулсан. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын үе шат дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Танай байгууллага захиалагч бүртэй байгуулсан гэрээ адил нөхцөлтэй байдаг уу гэх асуултад тэрээр Тийм гэж хариулсан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг огт үнэлэхгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн С-2022/0112 дугаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримтад үндэслэлгүйгээр талуудын хооронд үүссэн маргааны зүйл болох гэрээнд гэрээ цуцлах урьдчилсан нөхцөлийг зохицуулсан заалтыг стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

5.2. ******* ХХК-ийн борлуулалтын албанаас 2023 оны 3 дугаар сарын 30, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөлтөө хугацаандаа хийгээрэй гэх мессеж л байдаг. Гэтэл анхан шатны шүүх тус мессежийг урьдчилсан сануулсан, нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэл гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь үндэслэлгүй.

Тухайн мессеж нэмэлт хугацаа тогтоосон агуулгагүй байхад анхан шатны шүүхээс нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

5.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээд Б.******* нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагч гэрээнээс татгалзсан тул орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл гуравдагч этгээд Б.******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох талаар бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд Б.Уянгын хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх Орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-ний талаар маргаагүй, орон сууцны өмчлөлийн талаар шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх эрх хэмжээг хэтрүүлэн Б.Уянгыг тухайн орон сууцны шударга өмчлөгч гэж үзэж шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу 2023 оны 3 болон 6 дугаар саруудад төлөлт хийх ёстой байсан боловч хийгээгүй учир хариуцагч 8 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан ба мэдэгдэлд мөнгө буцаан шилжүүлэх дансыг өгөх талаар тусгасан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл өөрийнхөө дансыг өгөөгүй. Тиймээс энэ асуудалд хариуцагч компанийг буруутгах үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүх маргаан бүхий гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ биш болохыг тодорхойлсон. Энэ хэргийн зохигчид үнийн дүн, зээлийг төлөх нөхцөл, бартер, хугацааг улирал болгоноор сонгох эсэх зэргийг тохиролцсон тул стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарахгүй.

6.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах нэхэмжлэл гаргаагүй учир гуравдагч этгээдийг шударга өмчлөгч байна гэдгийг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК, *******-д холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1. Г.*******, *******-ийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ривер кастле байрны В блок *******т*******ын 41.5 м.кв 1 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан өмчлөлд хүлээлгэн өгөх, Г.******* нь орон сууцны үнэд 182,600,000 төгрөгийг төлөхдөө урьдчилгаа 109,560,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөр 73,040,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 31, 6 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 31, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14,608,000 төгрөгөөр тус тус бэлэн төлөхөөр үүрэг хүлээжээ.

Дээрх гэрээний дагуу Г.******* нь урьдчилгаанд 109,560,000 төгрөг төлсөн, 2023 оны 3 дугаар сарын 31, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс ******* ХХК-иас 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байна.

3.2. Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлдээ дээрх мэдэгдэл буюу гэрээнээс татгалзсныг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ хүчинтэй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, тус мэдэгдлийг хүчингүй болгуулах, гэрээг үргэлжлүүлэхийг шаардсан.

Нэхэмжлэлийн шаардлагад зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга тусгагдах ёстой. Гэрээний нэг тал нөгөө талдаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд хариуцагч талаас гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн агуулгатай мэдэгдэл хүргүүлсэн гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал гэрээнээс татгалзсан бөгөөд татгалзал нь хуулийн дагуу эсэх нь маргааны зүйл болжээ.. Иймд гэрээнээс татгалзсан агуулга бүхий бичгийн хэлбэрийн мэдэгдлийг хүчингүй болгох нь гэрээнээс татгалзсан татгалзлыг хүчингүй болгох үр дагавартай эсэх буюу шаардлага болох эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ. Өөрөөр хэлбэл мэдэгдэл гэх нэртэй албан бичиг ирээгүй бол гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа эсэх, эсхүл гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэх үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг тодруулах учиртай.

3.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан 2 дахь шаардалага нь гэрээний үүргийг үргэлжүүлэхийг даалгах гэж тодорхойлогдсон байна. Гэрээнд 2 тал хоёулаа хэд хэдэн үүрэг хүлээж болно. Энэ тохиолдолд шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль үүрэг вэ гэдгийг тодруулах учиртай.

Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээг урт хугацааны гэж тодорхойлж, гэрээ цуцлахдаа хариуцагч талаас хуульд заасан урьдчилан мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх агуулгатай байх бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд тодорхой хугацаа тохиролцсоныг урт хугацааны гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүх зохигчийн тайлбарт хөтлөгдөж гэрээ цуцалсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Орон сууц өмчлөлд шилжүүлэх гэрээг цуцлавал аль хэсгийг тооцож, аль хэсгээр хэлцэл буцах талаар үүргийг тооцох боломжгүйг анхаараагүй байна.

Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс эрх зүйн буруу дүгнэлт хийх үндэслэл болжээ.

4. Иймд нэхэмжлэлийн шаардлага гэдэгт хууль болон гэрээгээр олгосон эрх, түүний зөрчлийг тодорхойлж, уг зөрчлийг хуульд заасан ямар аргаар хэрэгслээр арилгуулахыг хүсэж буй байдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэл тодорхойгүй нөхцөлд шүүх маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй, ийнхүү тодруулснаар талууд тухайн хүрээнд бүрэн мэтгэлцэж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

5. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,141,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА