| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0298/э |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 327
2019 04 04 2019/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: П.Ганбаатар;
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
хохирогч: Ж.Батбуян;
шүүгдэгч: П.Н, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Пүрэвсүрэнгийн П.Нд холбогдох 1809045921280 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........,
Увс аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ......... регистерийн дугаартай, Тугтан овогт Пүрэвсүрэнгийн П.Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч П.Н нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Асайтын 07-447 тоотод иргэн Ж.Батбуянг хувийн таарамжгүй харьцаа буюу архи ууж согтуурсан үедээ “ам руу салаавч гаргалаа” гэх шалтгааны улмаас архины шилээр толгойн тус газарт нь 3 удаа цохиж баруун зулай, чамархайн ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун зулайн, зүүн чамархай, дагзны хуйханд няцарсан шарх, дух, хамарт зулгаралт, баруун нүдний зовхины дотор булан, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Батбуян /хх-ийн 14-16/, гэрч С.Нямхүү /хх-ийн 18, 91/, Ц.Пүрэвсүрэн /хх-ийн 21-22/, Б.Отгонбаяр /хх-ийн 84-85/, Н.Чулуунбаатар /хх-ийн 86-87/, С.Золжаргал /хх-ийн 88-89/, нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12016, 228 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 26, 123-124/, П.Нын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7, 19-20/, П.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-36/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 67-101/, хохирогч Ж.Батбуяны хүсэлт /хх-ийн 78/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Асайтын 07-447 тоотод согтуурсан үедээ Ж.Батбуянг “ам руу салаавч гаргалаа” гэх шалтгааны улмаас архины шилээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ж.Батбуянгийн мэдүүлсэн /хх-ийн 14-16/: “... 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 буудлын орчим найз Отгонбаярын гэрийг янзалж байхад манай найз П.Н миний толгой хэсэгт 3 удаа цохисон. Бид хоёр тухайн өдөр архи уусан байсан бөгөөд хоорондоо ялимгүй зүйлээс болж маргалдсан. Миний толгойн ард 16 оёдол тавьсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би урьд өмнө П.Нтай маргалдаж байгаагүй6 Би хохиролд 1.100.000 төгрөг хүлээн авсан. Хохирлын талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Отгонбаярын мэдүүлсэн /хх-ийн 85/: “... бид хэд ажлаа дуусгачхаад 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Удалгүй би нилээн согтоод тасраад уначихсан. Нэг сэрсэн чинь Батбуянгийн толгойн тус газраас цус гарчихсан П.Н нь Батбуянг гэмтлийн эмнэлэг аваад явсан. Золжаргал, П.Н нар Батбуянгийн хажууд байсан. Харин Чулуунбаатар байхгүй болсон байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Золжаргалын мэдүүлсэн /хх-89/: “...Чулуунбаатар нь удалгүй Отгонбаярын гэрээс яваад өгсөн. Отгонбаяр орон дээрээ тасарчихсан байсан. Батбуян, П.Н хоёр зэрэгцээд суучихсан хоорондоо юм яриад байсан. Тэр хоёрын яриа нь чанга болоод Батбуян нь П.Нын нүүр рүү салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь нээх тоогоогүй өөр тийшээ хараад сууж байтал сандлаас хүмүүс унах чимээ гарахаар нь хартал П.Н, Батбуян нар газарт уначихсан Батбуянгийн толгойн тус газраас цус гараад байхаар нь П.Нд “Батбуянгийн толгойноос цус гарч байна, эмнэлэгт үзүүлээч” гэж хэлсэн. Тэгээд П.Н нь Батбуянг эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Чулуунбаатарын мэдүүлсэн /хх-ийн 87/: “... Бид 2 шил архи хувааж уучхаад манай гэрт хөдөөнөөс хүн ирсэн гэхээр нь би яваад өгсөн. Зодоон болсныг хараагүй. Харин Батбуян нь архи уугаад согтоод агсан тавиад салаавч гаргаад уур амьсгал эвдээд байсан...” гэх мэдүүлгээр,
П.Нын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6-7/: “... Гэнэт миний уур хүрээд Батбуянгийн толгой тус газарт архины шилээр 2 удаа цохиод авчихсан юм. Тэгсэн чинь Батбуянгийн толгойноос цус гараад байхаар нь Батбуянгийн эхнэрийг гар утсаар дуудаад Батбуянг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд эмнэлэгт хэвтүүлсэн. Би Батбуянгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлгээр,
Ж.Батбуянгийн биед “... дух яс, баруун чамархай ясны ил хугарал, хамар ясны хугарал” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12016 дугаар дүгнэлт /хх-ийн 26/,
Дээрх шинжээчийн дүгнэлтэд материалаар давтан шинжилгээ хийсэн 228 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд /хх-ийн 123-124/: “Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 12016 тоот шинжээчийн дүгнэлт үндэстэй. Ж.Батбуянгийн биед “баруун зулай, чамархайн ясны шугаман ил хугарал, хамар ясны хугарал, баруун зулайн, зүүн чамархай, дагзны хуйханд няцарсан шарх, дух, хамарт зулгаралт, баруун нүдний зовхины дотор булан, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт” бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Харин зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх баруун зулай, чамархайн ясны шугаман хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь тэнссэн байдал нь шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эмнэл зүйн шинж, шинжилгээгээр нотлогдсон байх ба эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй шаардсан байна. Харин амь насанд аюултай гэмтэл гэдэгт гэмтэл учирсан даруйдаа үхэлд хүргэх гэмтлүүд хамаардаг. Баруун зулай, чамархай ясны шугаман хугарал гэмтэл нь тархийг дарж гэмтээгээгүй учир мэс заслын эмчилгээ шаардлагагүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэснээр болон Ж.Батбуянгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 94-101/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч толгойдоо цохиулсныг гэрч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг архины шилээр цохиж зодосноо өөрөө хүлээн мэдүүлж, гэрч нарын мэдүүлгийг баталж болсон үйл явдлыг тэдэнтэй адил мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг тоосгоор зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн П.Нын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч П.Нын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ж.Батбуянгийн “ найз П.Нд санал, гомдол байхгүй, бид нар эвлэрсэн, хохирлын талаар гомдол саналгүй, эмчилгээний зардал бүрэн төлсөн. Энэ хэргийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн баримт хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч нь эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэвэл энэ талаарх баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүх П.Нын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргуулсан “Health Aid” эмнэлгийн толгойн КТГ-ын бичлэг бүхий 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Батбуянд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугтан овогт Пүрэвсүрэнгийн П.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ныг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Ж.Батбуян нь цаашид эмчилгээ, асарч сувилах зэрэгт зайлшгүй гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт хавсаргасан “Health Aid” эмнэлгийн толгойн КТГ-ын бичлэг бүхий 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Батбуянд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ