Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1554

 

 

 

 

 

 

 

 

 

П.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00372 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд холбогдох

Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дамбасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Хүрэлбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч П.Хүрэлбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 53 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаал хууль бус болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5443 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоолоор тус тус тогтоож, намайг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу ажилдаа орохоор уулзахад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл тус шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулсаар байна. Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5443 дугаар шийдвэр гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх 11 сар 9 хоногийн цалин 10 159 866 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, Т.Уугансайхан нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 1990 оноос хойш хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах, хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн бусад хор уршгийг арилгах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд түүний дэргэд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв ажилладаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар батлагдсан Улсын комиссын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.8-д Улсын комисс нь дарга, нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Санхүү, эдийн засгийн сайд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын цагаатгалын тасгийн дарга, Ажлын албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ гэж заасан байдаг бөгөөд тус комисс хуралдаж эрх хэмжээнийхээ хүрээнд бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Тус комиссын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг татан буулгаж, Судалгааны алба болгох шийдвэрийг гаргасан. П.Хүрэлбаатар нь тус Судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаалаар бусдыг үл хүндэтгэн харилцах, хэл амаар доромжпох, зүй бусаар авирлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халагдсан бөгөөд энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан.

Шүүх асуудлыг шийдвэрлэх явцад буюу 2015 оны 2 сард Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны албыг татан буулгаж, эрдэм шинжилгээний 5 ажилтны орон тоо болон цалингийн 30 000 000 төгрөгийг 2015 оны батлагдсан төсвөөс хасхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Судалгааны алба татан буугдаж, төсөв хасагдсан бөгөөд нэхэмжлэгч П.Хүрэлбаатарын орон тоо, цалингийн төсөв бүрэн хасагдсан учир энэхүү нөхцөл байдлыг П.Хүрэлбаатарын энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхэд тайлбарласан боловч шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан.

Иймээс Улсын комисс нэхэмжлэгч П.Хүрэлбаатарт Судалгааны алба татан буугдсанаас хойших цалинг олгох боломжгүй болоод байна. Тус комисс П.Хүрэлбаатарын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 ны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 781 433 төгрөг тухайн үед авч байсан цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын тооцоонд 141 471 төгрөгийг суутган 639 961 төгрөг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөх боломжтой юм.

Улсын комиссын ажлын албаны ажилтнууд албан тушаалын хувьд төрийн захиргааны ангилалд, бичиг хэрэг зэрэг туслах албан тушаалууд төрийн үйчилгээний ангилал, зэрэглэлд хамаарагддаг бол Судалгааны албаны ажилтнууд ТҮШУ ангилалд хамаарагддаг байсан. Ажлын албаны 11 ажлын байранд сул орон тоо байхгүй бөгөөд төрийн захиргааны албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан нь дээрх хуультай зөрчилдөж байна. Төрийн захиргааны албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Улсын комисс шүүхийн шийдвэр биелүүлэх үү, хууль зөрчих үү гэсэн хоёр зөрчилдөөнтэй байдалд хүрээд байна. Иймд энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, П.Хүрэлбаатарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 165 156 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Хүрэлбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас 80 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Хүрэлбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 153 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчааас 179 153 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дамбасүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хэт нэг талыг барьсан гэж хариуцагч талаас үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч П.Хүрэлбаатарт шүүхэд нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэдгээ нотлох баримтаар хангалттай нотолж өгсөн хэмээн хариуцагч талаас үзэж байна.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 1990 оноос хойш хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах, хэлмэгдэгчид болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн бусад хор уршгийг арилгах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд түүний дэргэд Улс төрийн талаар хэлмэгсдийн судалгааны төв ажилладаг байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар батлагдсан Улсын комиссын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.8-д Улсын комисс нь дарга, нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Санхүү,эдийн засгийн сайд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын Цагаатгалын тасгийн дарга гэсэн албан тушаалтнуудаас бүрдэнэ гэж заасан байдаг бөгөөд тус комисс хуралдаж эрх хэмжээнийхээ хүрээнд бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Тус комиссын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг татан буулгаж, Судалгааны алба болгох шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Судалгааны албыг татан буулгаж, эрдэм шинжилгээний 5 ажилтны орон тоо болон цалингийн 30 000 000 төгрөгийг 2015 оны батлагдсан төсвөөс хасахаар шийдвэрлэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар түүний ажиллаж байсан Судалгааны алба 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр татан буугдаж П.Хүрэлбаатарын ажлын байр орон тооны цомхотголд орж, цалингийн сан нь төсвөөс хасагдсан болно. Энэ тухай нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд хангалттай гаргаж өгсөн.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах шаардлагыг гаргах боломжтой боловч ажил хийх сонирхолгүй, цалин аваад явах хувийн шунахай сэтгэлээр хандаж байгаад харамсаж байна. Нэхэмжпэгчийн энэхүү шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байхад хариуцагчаас түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.Хүрэлбаатар нь хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтны орон тоо, цалингийн сан хасагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5443 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоолууд авагдсан байх ба эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч П.Хүрэлбаатарыг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн байна. /хх 7-37/

 

            Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч П.Хүрэлбаатар нь ажилдаа эргэж орох талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч ажил олгогч үүрэгт ажилд нь аваагүй тул Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16300390 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 51-57/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой бол түүнийг дахин нотлохгүй.

           

            Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5443 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзэн, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 165 156 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас гаргуулан нэхэмжлэгч П.Хүрэлбаатарт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Мөн шүүх нэхэмжлэгч П.Хүрэлбаатарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

           

            Хариуцагч давж заалдах гомдолдоо П.Хүрэлбаатарын ажлын байр орон тооны цомхотголд орж, цалингийн сан нь төсвөөс хасагдсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах санал болгох үүрэгтэй. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид адил чанарын өөр ажил санал болгож байсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй тул ажилтны ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.     

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Дамбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Дамбасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН