| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 110/2018/0028/З |
| Дугаар | 221/МА2019/0490 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0490
| 2019 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2019/0490 | Улаанбаатар хот |
Х.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Мын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэрээр:
1 дүгээр заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дугаар заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3,17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ "нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацаа өнгөрсөн асуудалд захиргааны байгууллагын хууль бус, буруутай үйл ажиллагаа байгаагүй нь тогтоогдсон, хариуцагч нь сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа бүрдүүлсэн баримт бичгийг шалгах үүрэг хүлээхгүй" гэх агуулгаар тайлбарласан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж чадаагүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь К.Ты хуурамч бакалаврын диплом ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас миний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тул нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргасан боловч нэр дэвшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байхад нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацаа өнгөрсөн асуудалд захиргааны байгууллагын хууль бус, буруутай үйл ажиллагаа байгаагүй нь тогтоогдсон, хариуцагч нь сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа бүрдүүлсэн баримт бичгийг шалгах үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна, 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийн 2 жилийн хүчинтэй хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу бусдын буруутай үйл ажиллагаанаас болсон болох нь К.Ты гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хяналтын прокурорын тогтоол, хариуцагчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтаар тогтоогдсон ба бусдын буруутай үйлдлийн улмаас буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар нөөцөд байх хугацаа өнгөрсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар хуульд нарийвчлан зохицуулагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай. зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг огт хэрэглээгүй. Ямар үндэслэлээр хэрэглээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно гэж заасан ба бусад хууль тогтоомжид хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааныг улмаас хэтэрсэн бол хугацааг сэргээхээр зохицуулсан байдаг.
Гэмт хэргийн хохирогч болж өөрөөс үл хамаарах шалтгаанаар нөөцийн бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол нэр дэвшүүлэх шийдвэр гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасантай нийцэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эс үйлдэхүйг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа ба шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ бөөлүүлээгүй.
Монгол Улсын төрд 32 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, хуульд заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн ганц хүний нэрийг дэвшүүлэхгүй, гэмт хэргийн хохирогч болсон байхад эрхийг нь сэргээж өгөхгүй байгаад туйлын гомдолтой байгаа ба ийм байдлаар гэмт хэрэгтнүүдийг үйлдлийг зөвтгөж, түүний улмаас хохирсон хүнийг хохирч үлд гэж шийдвэрлэдэг жишиг тогтвол төрд хуурамч, хууль бус үйлдэл газар авахаар байгааг шүүх огт харгалзаж үзээгүй ба шударга шүүхээр шүүлгэх эрхийг анхан шатны шүүх зөрчсөн.
Төрийн албанаас хууль бусаар халагдаж, 2 жилийн дараа ажилдаа томилогдох эсхүл төрийн албаны зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгохоор маргах явцад 2 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн иргэнийг албан тушаалд нь томилж ажиллуулдаг жишиг нэгэнт тогтсон ба миний эрх зөрчигдсөн байдал үүнтэй яг ижилхэн байгааг шүүх анхаарч үзээгүй. 2015 онд хэрэв К.Т гэмт хэрэг үйлдэж, сонгон шалгаруулалтад оролцоогүй бол цор ганц сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн нэхэмжлэгч X М нэр дэвшиж, томилогдох боломжтой байсан ба шүүх болон хариуцагчийн гаргаж байгаа шийдвэр нь огт ёс суртахууны хэм хэмжээ, шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр Баян-өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, Баян-өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бологчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч ажлын байранд өрсөлдөж тэнцсэн нэр бүхий иргэдийг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсний дотор нэхэмжлэгч Х.М /63.8 оноо/ байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад К.Турсыхан /67.5 оноо/ нь хамгийн өндөр оноо авсан тул дээрх албан тушаалд томилсон байна.
Иргэн К.Т тухайд: Толбо сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохдоо уг хуурамч бакалаврын дипломыг ашиглан бүртгүүлсэн буюу К.Т хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэх асуудал нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Нэхэмжлэгчээс “...Баян-Өлгий Уг орон тоонд ажиллаж байгаа К.Т дипломыг хуурамчаар бүрдүүлж, шаардлагыг хангаагүй мөртлөө сонгон шалгаруулалтад оролцсон... Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдоогүй байсан бол миний бие тухайн үед уг албан тушаалд томилогдон ажиллах боломжтой байсан... К.Ты хууль бус үйл ажиллагааны улмаас миний удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа өнгөрсөн, төрийн албаны зөвлөл эс үйлдхүйгээс болж , миний төрийн алба хаах эрхийг зөрчигдөж, цалин хөлс авах боломжгүй болгож, хохирол учруулсан тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэлх хугацааны дээрх албан тушаалын цалин хөлсийг салбар зөвлөлөөс гаргуулах ёстой...” гэж маргадаг.
Маргаан бүхий акт болох Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор хүчингүй болгосныг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байна.
Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”, 40-т “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй...” гэж тус тус зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэрээр удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад орсон иргэн 2 жилийн хугацаанд тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигдэх эрхтэй байна.
Х.М салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх бөгөөд уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, түүнийг уг өдрөөс хойш 2 жилийн хугацаанд гомдол гаргаж байгаагүй.
2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь “Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа К.Т... хуурамч диплом ашиглаж сонгон шалгаруулалтад оролцсон” гэх өргөдлийг Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан нь улмаар К.Т нь хуурамч баримт бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцсон нь баримтаар тогтоогдсон нь хэрэгт авагджээ.
Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад байх 2 жилийн хугацаа нь дууссан байсан.
Дээрх нөөцийн жагсаалтад байх хугацаандаа нэхэмжлэгч нь холбогдох захиргааны байгууллагад хандан өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэх, хэрэв захиргааны байгууллага нь гаргасан өргөдөл гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй гарсан бол шүүхэд хандан эрхээ хамгаалуулах боломж нээлттэй байжээ. Гэтэл энэ ажиллагааг нэхэмжлэгч нь 2018 оныг хүртэл хийгээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж болохоор хуульчилжээ.
Үүнээс дүгнэн үзвэл нэхэмжлэгчийг тухайн удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх боломжгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2019/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР