Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0009

 

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

Монголбанкинд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                             Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:                         Д.Мөнхтуяа

             Шүүгчид:                                             Г.Банзрагч

                 М.Батсуурь                      

            Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                Л.Содномдорж

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Ц.Д, өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор тогтоогдсон 3.446.159.752 төгрөгийн хохирлыг Монголбанкнаас гаргуулах,

2.Хэргийн нөхцөл байдал: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолоор Ц.Д-ийг хохирогчоор тогтоож, 3.446.159.752 төгрөгийг “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/66 дугаар тушаалаар татан буугдсан “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайланг баталж, банкны эрх хүлээн авах ажиллагааг мөн өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцсон байна.

3.Нэхэмжлэгчээс: “... шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч надад 3,446,159,752 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад төлбөр төлөгч “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайланг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчөөс эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгож татан буулгасан нь миний эрхийг зөрчиж байна, надад ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад эрхэд халдсан ...” гэж,

4.Хариуцагчаас: “... банкны эрх хүлээн авагчийн банкны актив хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах үүрэг нь банкны нийт актив хөрөнгийг худалдан борлуулснаар дуусгавар болдог. Борлуулах актив хөрөнгө буюу орлого байхгүй болсон тохиолдолд бусад нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах боломжгүй болж эрх хүлээн авагчийг татан буулгадаг, эд хөрөнгийг зүй зохистой хуваарилсан үүрэг гүйцэтгэдэг тул хувийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа, захиргааны байгууллага биш, хадгаламж эзэмшигч байсан гэдгээ нотолж чадаагүй, хэдэн жилийн дараа гэнэт гарч ирээд миний мөнгө алга болчихлоо гээд байгаа, хадгаламжийн дэвтэр нь буруу бичигтэй, банк дампуурснаас хойш бичилт байдаг” гэж тус тус маргажээ.

5.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Монголбанкны ерөнхийлөгчид банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох эрхийг хуулиар олгосон байх тул маргаан бүхий тушаалыг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсончлон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь нэгэнт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг дээрх хуульд заасан тохиолдолд хамруулах боломжгүй.

5.2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-г бусад заалтууд болох 47.1.1-47.1.5-д заасан нөхцөлүүдтэй адилтгах байдлаар буюу илэрхий алдаатай байх тохиолдолд хэрэглэнэ. Гэтэл энэ тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал нь “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайлан буюу Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу тус банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцох шийдвэр гаргуулах саналд үндэслэсэн, мөн уг тайланд нэхэмжлэгч Ц.Д-ийн төлбөрийг барагдуулах боломжгүй талаар тодорхой дурдсан байх тул илт хууль бус захиргааны актад тооцохгүй.

5.3.“Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,446,159,752 гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхад шийдвэр гүйцэтгэлийн шатанд эрх хүлээн авах ажиллагаа нь дуусгавар болсон “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монголбанкны тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн дээрх 2023 оны 295 дугаар магадлалд хариуцагч Монголбанк авлагаа барагдуулсан нь нэхэмжлэгч Ц.Д-ийн “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулах авлагыг барагдуулах боломжгүйд хүргэж банкийг хөрөнгөгүйжүүлсэн гэх гомдол үндэслэлгүй болох талаар, мөн одоогийн маргаан бүхий тушаал нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нийцсэн талаар, энэхүү шийдвэрийн улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэх боломжгүй болсны үр дагаврыг Монголбанк хариуцах үндэслэлгүй болох талаарх үйл баримтыг тус тус эцэслэн дүгнэсэн байна гэжээ.

6.Нэхэмжлэгч Ц.Д-оос давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч Монголбанк нь татан буугдсан банкинд банкны эрх хүлээн авагчийг томилох, эрх хүлээн авагчийн тайланг хүлээн авч, түүний үйл ажиллагааг дуусгавар болгосон талаар нэхэмжлэл гаргаагүй. Татан буугдсан “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгосон захиргааны актын эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж шүүхэд хандсан.

6.2.Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, хохирол нэхэмжилсэн маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн магадлал хэрэгт байхгүй, харин захиргааны шүүхийн харьяаллын бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Тэгэхээр захиргааны шүүх нэхэмжлэлд дурдсан асуудалтай холбоотой шүүхэд гаргасан нотлох баримт болон үйл баримтыг огт шийдвэрлээгүй.

6.3.Шүүх Монголбанкны үйл ажиллагааны үндсэн чиглэл зорилгын нэг хэсэг болох “харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй.

6.4.Хэрэгт нотлох баримтаар иргэн Ц.Д-ид төлбөр барагдуулах боломжгүй болсон тухай мэдэгдсэн албан бичиг огт байхгүй, “Анод банк” дахь банкны эрх хүлээн авагчаас албан мэдэгдэл огт ирүүлж байгаагүй, Монголбанкнаас төлбөр төлөх боломжгүй талаарх бичгийг хадгаламж эзэмшигчдэд хүргүүлснээр хуульд заасан хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй.

6.5.Монголбанкны  байгуулсан, татан буулгасан “Анод банк” дахь банкны эрх хүлээн авагчтай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үүссэн эрх зүйн үр дагавар бусдад төлөх төлбөрийг хуульд заасан үндэслэлээр барагдуулахгүй байгаа нь шүүхийн өмнө тэгш байх, шударга ёсны зарчим алдагдаж байна гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэж үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан байна.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

9.Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлнэ” гэж, 74.2-т “Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, Монголбанк нь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг хянасны эцэст түүнээс ирүүлсэн тайланг батлах чиг үүрэгтэй буюу банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, орлогыг хуваарилах, банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх зэрэг үүргээ хэрхэн хэрэгжүүлснийг хянах чиг үүрэгтэй байна.

10.Энэ тохиолдолд Монголбанк дээрх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй, шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

11.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан, давж заалдах шатны шүүхээс  “Монголбанкны ерөнхийлөгчид банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох эрхийг хуулиар олгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй, учир нь хариуцагч уг эрхээ хэрэгжүүлэхдээ илэрхий алдаа гаргасан эсэх нь маргаанд гол ач холбогдолтой, тухайлбал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

12.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж заасан, энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, түүнийг Монголбанк хэрхэн хянасан, маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл зэрэгт холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хариуцагч Монголбанкны шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянан үзэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

13.2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланд “эрүүгийн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,4 тэрбум гаргуулж, хадгаламж эзэмшигч Ц.Д-д ... олгохоор шийдвэрлэсэн. “Анод банк” ХК-ийн актив хөрөнгө дуусгавар болсон тул дээрх нэхэмжлэгч нарын төлбөрийг барагдуулах боломжгүй болсон тухай албан тоотыг нэхэмжлэгч нарт баталгаатай шуудангаар хүргүүлсэн бөгөөд ... Ц.Д нарын асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан тоот хүргүүлсэн болно” гэжээ.

14.Уг үйл баримттай холбоотойгоор Анод банкны хадгаламж эзэмшигчийн бүртгэл, төлбөр төлөх дараалалд хэрхэн яаж оруулсан, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллыг хэрхэн тогтоосон тухай баримтыг хэрэгт цуглуулах нь маргааны үйл баримтыг бүрэн тогтооход ач холбогдолтой байна. Мөн түүнчлэн банк татан буулгах үйл ажиллагаатай холбоотой ямар дүрэм журам мөрдөгдөж байсан, уг дүрэм журамд нийцсэн эсэхийг судлах нь зүйтэй юм.

15.Хариуцагчаас “Ц.Д-ийг өөрийг нь дуудаж уулзаж, дараалалд оруулах гээд бичиг баримтыг нь үзэхэд хадгаламжийн дэвтэрт нь банк дампуурснаас хойш орлогын гүйлгээ хийсэн теллерийн бичсэн тэмдэглэл байсан, энэ ямар учиртай гэхэд дэвтрээ аваад явсан, дахиж ирээгүй” гэж маргасан, үүнд холбогдох баримтыг цуглуулах, хадгаламжийн дэвтэр, холбогдох бичилтүүд болон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нотлох баримтыг цуглуулах нь хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай байна.

16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “авлага байгаа, 149 тэрбум төгрөгийг улсаас гаргасан, улсын мөнгийг буцааж авна” гэж тайлбарласан, эндээс үзэхэд маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “банкны хөрөнгө дуусгавар болсон, төлбөр барагдуулах боломжгүй болсон” гэх нөхцөл байдал эргэлзээтэй байгаа тул үүнд холбогдох баримтыг мөн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

17.Иймээс дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                          М.БАТСУУРЬ

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ