Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01375

 

Г.Иийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00215 дугаар шийдвэр,

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

           Г.Иийн нэхэмжлэлтэй,

           “М” ХХК-д холбогдох          

           6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

     Хариуцагчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Г.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “М" ХХК нь “М” ХХК-тай 2013-01-01-ний өдөр байгуулсан “Бараа зээлээр худалдах-худалдан авах” СС-93/025 тоот гэрээний дагуу хариуцагчийн импортлон борлуулдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг байсан. Гэрээнд заасны дагуу хариуцагч худалдан авсан барааныхаа төлбөрийг 7 хоног бүрийн ням гаригт багтаан сард нэг удаа борлуулалтын падааны үнийн дүнгээр  төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч үүргээ гүйцэтгэлгүй явсаар 2014 оны 3-р сарын байдлаар нийт 5сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. "Монголиан Стар Мелшерс" ХХК 2014-02-28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тусгаарлагдаж, өргөн хэрэглээний барааны салбарын эрх үүрэг, шаардлагыг "Монголиан Стар Медикал" ХХК-д шилжүүлсэн. Эдгээр шаардлага, авлагын дотор "М" ХХК-ийн 5 сая төгрөгийн төлбөр багтсан. Хариуцагч дээрх төлбөрөөс 2014-10-27-ны өдөр 1сая төгрөг төлж, 4 сая төгрөг  төлөгдөөгүй. 2016-11-03-ны өдөр “Монголиан Стар Медикал” ХХК иргэн Г.Ид хариуцагчаас төлбөр шаардах эрхээ шилжүүлж, 01 тоот гэрээг байгуулж, “М” ХХК-д мэдэгдсэн. Иймд энэхүү шаардлага гаргах эрх Г.Ид байгаа. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-д  нэхэмжлэгч алданги тооцож Иргэний хуулийн 232.4-т заасан зохицуулалтын хүрээнд алдангид 2 сая төгрөг шаардах үндэслэлтэй. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үлдэгдэл 4 сая төгрөг, алданги 2 сая  төгрөг нийт 6 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2013.01.01-ээс “Монголиан Стар Мелшерс" ХХК-тай гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээтэй ажиллаж байсан. Тус компаний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, мөн борлуулалт муудсантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүнээ хүлээлцэж ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтийг манай компани гаргаж ажлаа хүлээлцсэн. Эцсийн тооцоо хийж барааг буцаасан бөгөөд 134.936 төгрөгний бараа хугацаа ойртсон, сав баглаа муудсан гэдгээр актлагдсан боловч хасч тооцоогүй. Тус компаний зөвшөөрлөөр “Тансаг Трейд” ХХК-д 2.139.693 төгрөгийн, Госттрейд ХХК-д 181.327 төгрөгийн урамшуулал олгосныг мэдсээр байж хасаагүй. Үлдэгдэл 1.544.044 төгрөг нь бүгд жижиг дэлгүүрүүдэд олгосон урамшуулал, цалингийн дутуу, байрны түрээсийн төлбөр зэргийг тооцоход тус компанид өгөх төлбөр байхгүй. Харин ч бид  авлагатай. 2012-05-21-ний өдрөөс 2012-12-31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. 2013-01- 01-ний өдрөөс 2013-12-31-ний өдрийг хүртэл  гэрээ хийсэн.  2012 онд 6 сар, 2013 онд 01 сараас 03 сарыг хүртэл 3 сар үйл ажиллагаа явуулсан. 2013 оны 12 сард дуусах байсан гэрээг  06 сард манай  хүсэлтээр  цуцалсан. Гэрээ цуцалснаас хойш бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй.Гэрээг цуцлаад “Тосттрейд" ХХК-д манай эрхэлж байсан үйл ажиллагааны эрх шилжсэний дараа эцсийн тооцоо хийж 5 сая төгрөгийн тооцоо байсан. 1 сая төгрөг төлсөн. Гэрээний хугацаанд борлуулалтын орлогыг манай байгууллага цаг тухайд нь хийж байсан бөгөөд зөрчсөн асуудал байхгүй. Үлдэгдлийн талаарх шаардлага, мэдэгдэл ирж байгаагүй нь үүний баталгаа юм. Иймд алдангийг төлөх боломжгүй. 4 сая төгрөгөөс “Тансаг трейд” ХХК-д 2.139.693 төгрөг, “Гост трейд" ХХК-д 181.327 төгрөг, бусад дэлгүүрүүдэд 127.432 төгрөг, нийт 2.448,452 төгрөгийн урамшуулал тухайн байгууллагын эрх бүхий ажилтны зөвшөөрлөөр олгосон. 134.936 төгрөг нь актлагдсан барааны үнэ юм. Иймд 4 сая төгрөгөөс 1.416.612 төгрөг төлөх боломжтой. Гэрээнд манай байгууллага бусад дэлгүүрүүдэд бараа түгээхдээ тодорхой хэмжээний урамшуулал, хөнгөлөлт эдлүүлэх талаар заалт байхгүй ч гэрээт борлуулагчаар "М” ХХК ажиллахаас өмнө ч урамшуулал авч байсан. Бусад газруудад урамшуулал олгож байсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. 134.936 төгрөгийн бараа анх ирэхдээ шаардлага хангахгүй ирсэн. Удаа дараа буцаая гэхэд “Бид үнэ бууруулах шийдвэр гаргая, байж байг" гэсэн учир эцсийн тооцоо хүртэл манай компани дээр байсан. Нийт бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн, зөвхөн нярай, гоо сайханы бараа, угаалгын бодис байсан нь борлуулалтад муугаар нөлөөлж гэрээг цуцлах, үйл ажиллагаагаа зогсоох саналыг тавьсан юм.  “М" ХХК гэрээт борлуулагч болсон гэдгийг тухайн дэлгүүрүүдээр “М” ХХК-ийн нягтлан бодогчийг дагуулж яваад хэлсэн байдаг. Мөн “Урамшууллыг үргэлжлүүлэн олго" гэж Өвөрхангай аймгийг хариуцсан төлөөлөгч хэлсэн. Өвөрхангай аймагт Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн 3 аймагт үйлчлэх салбар байсан. Тухайн салбарыг хариуцсан эрхлэгч нь Д.Батчимэг. Д.Батчимэг нь танай байгууллагыг сонголоо гээд Архангай аймагт салбар нээсэн. Иймд урамшуулал үнийн дүнгээс хасагдах ёстой юм. 1.416.612 төгрөгийн үлдэгдлийн хувьд  өдөр тутам утсаар ярьдаг байсан.  “...Гэрлийн мөнгө, түрээсийн асуудлыг шийдэж өг” гэхэд “... дээш нь ярьж шийдэж өгье...” гэдэг байсан. 1.4 сая төгрөгийн хувьд түрээс гэхгүйгээр тухайн байгууллагатай олон удаа харилцаж байсны хувьд боломжоороо төлөөд дуусгая гэж байсан. Гэтэл "Монголиан стар дистрибюшин" ХХК нь 4 сая төгрөг нэхэмжилсэн. “Монголиан стар медикал" ХХК-иас манай компаний үлдэгдэл, өр төлбөрийн талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Үлдэгдлийн баталгаа хийгээгүй, ярилгүйгээр 3 удаа нэхэмжлэл гаргаж байна. "Монголиан стар медикал” ХХК нь яагаад манай байгууллагаас мөнгө нэхэмжилдэг юм бэ? гэхээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр эрх шилжиж ирсэн учир уг тогтоолын дагуу нэхэмжилж байна гэдэг. Өмнө нь “Монголиан стар дистрибюшин" ХХК мөн л хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр эрх шилжиж ирсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байсан. Шийдвэрүүдийг харахаар өмнө нэхэмжлэл гаргаж байсан “Монголиан стар дистрибюшин” ХХК, одоо нэхэмжилж байгаа “Монголиан стар медикал" ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хоёулаа нэг  өдөр гарсан байдаг. Уг хурлын тогтоолыг нөхөж гарсан байх гэж бодож байгаа.  “Монголиан стар медикал" ХХК-ий аж ахуй нэгжийн гэрчилгээний ар талд ажиллах хугацааг “Үйл ажиллагаа хэвээр, 2016-07-28-ны өдөр сунгав” гэж тэмдэглэсэн, тухайн тэмдэглэлд өөрчлөлт ороогүй байгаа.  “Монголиан стар мелшерс" компаниас “Монголиан стар медикал” ХХК салсан талаар ерөөсөө байдаггүй. “Монголиан стар медикал” ХХК-ийн хурлын тоггоолыг харахад шаардлага хангасан тогтоол гэхэд бас хэцүү. “Монголиан стар мелшерс" ХХК нь манайхтай байнга харилцаатай байсан.  Нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

        Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00215 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “М" ХХК-иас 6 сая төгрөг гаргуулж  Г.Ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “М" ХХК-иас 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 06-ны өдрийн 16 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч С.Оюунсүрэн, өмгөөлөгч С.Чулуунаа нар хяналтын гомдолдоо: шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, үйл баримтыг бодитойгоор авч үзсэнгүй. М ХХК нь Монголиан стар мелшерс ХХК-д 6 сая өгрөгийн өр төлбөрийн дутагдал, үлдэгдэлтэй талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг, Монголиан стар мелшерс ХХК-с гаргасан хүсэлт, Монголиан стар медикал ХХК-д 2014-02- 28-ны өдрийн байдлаар  үлдэгдэл шилжүүлсэн жагсаалтаар нотлогсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эдгээр нотлох баримтууд нь доорх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно. Учир нь: Хариуцагчийн төлөөлөгчийн ... барааны үлдэгдэл тооцоогүй гэсэн тайлбар болон хариуцагчийн 2013 оноос 2015 оны тайлан баласанд тус компанид өргүй талаарх тайлангаар Д.Отгонбаярын мэдүүлэг няцаагддаг. Мөн хоёр компанийн хооронд тооцоо нийлээгүй, хэдэн төгрөгийн өр төлбөртэй талаар албан ёсны дүгнэлт, акт шийдвэр гараагүй үед итгэлцлийн үндсэн дээр төлбөр гарвал боломжтой хугацаанд төлж бахаар тухай бичсэн С.Оюнсүрэнгийн хүсэлт нь нотолгооны баримт болохгүй. ...харилцагчийн үлдэгдэл шилжүүлсэн жагсаалтанд Өвөрхангай, Архангай аймгийн балансад тооцоо нийлээгүй. Үлдэгдэл 5сая төгрөг гэж бичигдсэн нь М ХХК Монголиан стар мелшерс” ХХК нарын хооронд тооцоо нийлээгүй байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, 5сая төгрөгийн өртэй талаарх нотлох баримт эж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй болно. М ХХК Монголиан стар мелшерс” ХХК нарын 2013.01.01-ний өдөр байгуулсан “Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 7-д талуудын хүлээх хариуцлага гэсэн бүлэгт “гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэсэн нөхцөлийг тохиролцсон байгаа. Гэтэл шүүх гэрээний дээрх заалтыг харгалзан анхаарч үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл зоригт нийцүүлэн шийдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх ... 2014-02-28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор гоо сайханы худалдаа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнесийг үйл ажиллагаанаасаа тусгаарлан Монголиан стар медикал ХХК-д шилжүүлэхтэй холбоотойгоор Монголиан стар мелшерс ХХК-ийн 2014 оны жилийн эцсийн тайлангийн эргэлтийн хөрөнгийн дансны авлагаас охин компани болох Монголиан стар медикал ХХК-д дансны авлага шилжүүлсэн гэж үзэж байгаа. ...өмнө нь Монголиан дистербюшин ХХК нь М ХХК-иас нэхэмжлэгчийн шаардаад байгаа мөнгийг нэхэмжилж байсан. Монголиан стар мелшерс ХХК-ийн аж ахуйн гэрчилгээн дээр эрх шилжсэн, хасалт хийгдсэн бүртгэ, тэмдэглэл байгаагүй ба 2014 оны жилийн эцсийн тайлан гаргаагүй байхад Монголиан стар медикал ХХК-д 2014-02-28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолдоо жилийн эцсийн тайлан шилжүүлсэн талаар бичигдсэнээс нь үзэхэд мөнгө нэхэмжлэхийн тулд уг тогтоолыг нөхөн бичсэн нь тогтоогдсон байхад шүүх үүнийг анхаарсангүй. Хариуцагч нь Монголиан стар мелшерс ХХК-тай тооцоо нийлээгүй, өр дутагдалтай талаар акт байхгүй, 6сая төгрөгийн өртэй гэсэн санхүүгийн нэг ч нотолгоогүй, үлдэгдлийн талаар маргаантай нотлох баримт нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулга, шинж чанарыг буруу тайлбарлан Иргэний хуулийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.И 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргаж,  “М" ХХК-с 2013 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийн “Бараа зээлээр худалдах-худалдан авах” СС-93/025 дугаар гэрээгээр олгосон барааны үлдэгдэл 4 сая төгрөг, алданги 2 сая төгрөг нийт 6 сая төгрөг шаардсан байна.

  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...“М” ХХК өмнө нь энэ мөнгийг М ХХК-д шилжүүлж, нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож байсан...шаардах эрх нь Монголиан Стар Медикал ХХК-д шилжүүлсэн гэдэг нь эргэлзээтэй...үлдэгдэл 4 сая төгрөгөөс гологдол барааны үнэ, урамшуулал, түрээс, цалин зэргийг хасвал манайх авлагатай гарна...” гэжээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

      Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

     “...М” ХХК нь өргөн хэрэглээний барааны салбараа  М ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүнд хариуцагчийн өр төлбөр  багтсан... М ХХК шаардах эрхээ Г.Ид  шилжүүлсэн...” гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч нийт 6 сая төгрөгийг “Мөнгөт оюу” ХХК-с нэхэмжилсэн боловч энэ үйл баримт  нотлогдоогүй тул шийдвэр үндэслэлгүй байна. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “...М ХХК нь  М ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж байхдаа хариуцагчтай гэрээ хийсэн...”  гэж нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үлдэгдэл 4 сая, алданги 2 сая төгрөг нийт 6 сая төгрөгийг М ХХК-с М ХХК  шаардсан, Сум дундын 1-р шүүх 2015 оны 312 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй /хх122-125/ болгожээ. 

       Сум дундын 1-р шүүхийн 2015 оны 312 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул  М ХХК-с 2013-01-01-ний өдрийн “Бараа зээлээр худалдах-худалдан авах” СС-93/025 дугаар гэрээний үүргийг шаардах эрх М ХХК-д 2015 оноос хойш байхгүй болсон гэж үзнэ.

       Түүнчлэн, Монголиан стар мелшерс ХХК нь оноосон нэрээ өөрчилсөн гэж  М ХХК-с 2013-01-01-ний өдрийн гэрээний үүргийг М ХХК нэхэмжилсэн тухай 2015 оны 312 дугаар шийдвэрт тусгагдсан байх тул “....М ХХК нь өргөн хэрэглээний барааны салбараа 2014 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр М ХХК-д шилжүүлсэн...” гэх Г.Иийн тайлбар нотлогдоогүй  байна. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, “М” ХХК-с “Бараа зээлээр худалдах-худалдан авах” СС-93/025 дугаар  2013 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийн үүрэгт барааны үлдэгдэл төлбөр 4 сая төгрөг, алданги 2 сая төгрөг нийт 6 сая төгрөг гаргуулах тухай Г.Иийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2017/00215 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 123, 262 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул “М" ХХК-с 6.000.000 төгрөг гаргуулах тухай  Г.Иийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг “М” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.  

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ