Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 156

 

                                             А.О-д холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар магадлалтай, А.О-д холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1996 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежмент мэргэжилтэй, Ховд аймгийн Ц ХХК-д кассын нярав ажилтай, ял шийтгэлгүй Т овогт А-ийн О.

А.О нь 2021 оны 12 дугаар сарны 17-ны өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав зочид буудлын урд зогсоол хэсэг рүү 00-00 улсын дугаартай “Sonаta NF” загварын тээврийн хэрэгслийг жолоодож орох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас хохирогч Б.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор А.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 23 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “922,328 төгрөгийг” гэснийг “9,032,328 төгрөгийг”,

“13,000,000 төгрөгийг” гэснийг “4,890,000 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэжээ.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх нь надад холбогдох хэргийг хохирогч Б.Н болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын гомдлоор хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын гол агуулга нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой буюу хохирогчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас олох ёстой орлогыг шүүгдэгч надаас гаргуулах тухай байсан. Миний бие тэрхүү нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа юм. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “Ц” ХХК-ний дэргэдэх эмэгтэйчүүдийн эмнэлэг нь бие даасан аж ахуйн нэгж бөгөөд түүний үйл ажиллагааны орлогыг хохирогч Б.Нгийн /хувь хүний орлого/ мэтээр тайлбарлаж байгаа хэдий боловч дээрх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь хохирогчийг өвчтэй байх хугацаанд тасалдаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байдаг. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэргэжлийн үйл ажиллагааны орлого нь татвар ногдох орлогод хамаарагдахаар хуульчлагдсан байх тул хохирогчийн үйл ажиллагааны орлогыг давж заалдах шатны шүүх тодорхойлохдоо татварын хууль болон түүнтэй холбоотой журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогчийн мэргэжлийн үйл ажиллагааны орлогыг тодорхойлохдоо татварын байгууллагад хохирогчийн хүргүүлсэн мэргэжлийн үйл ажиллагааны орлогоос улсад төлсөн татварын өмнөх оны мөн үеийн тайлан, лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тодорхойлох нь хууль тогтоомжид нийцэх ёстой юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь зөвхөн хохирогчийн арилжааны банкинд эзэмшиж буй ___, ___ дугаартай хувийн данснуудын хуулгаар түүний орлогыг тодорхойлсон нь буруу гэж үзэж байна. Хэрэгт хохирогч нь яагаад зөвхөн хувийн дансны хуулга ирүүлсэн атлаа, аж ахуйн нэгжийн татварын тайланг хавсаргасан нь мөн эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа юм. Учир нь хувийн дансаар үйлчлүүлэгчдээс авсан үйлчилгээний хөлсөө “Ц” ХХК-ний дансанд шилжүүлж, аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоо мэдүүлдэг байсан эсэх, аль эсвэл хохирогч нь хувь хүний орлого, /мэргэжлийн үйл ажиллагаа/-аас олсон орлого буюу хувийн дансанд орсон орлогоос улсад татвар төлдөг байсан уу, гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа ба татвар ногдох орлогоо зөв тодорхойлж мэдүүлж байсан эсэх нь тодорхой бус, нотлох баримтаар тогтоогдоогүй буюу түүний олох ёстой байсан орлогыг татвар ногдох орлогоор тодорхойлоогүй нь буруу гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжин оролцоно. Тухайн хэрэг дээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой 6 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Хохирогч Б.Нгийн хувь хүний орлогыг дансны хуулганаас түүх байдлаар түүний олох ёстой байсан орлогыг тодорхойлсон нь хууль зөрчсөн гэж шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа. Орлогыг тодорхойлохдоо Монгол улсад үйл ажиллагаа явуулсан хувь хүний орлого татвар ногдсон хэсгээс тодорхойлох ёстой. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан бол тухайн татварын жилийн эцэст тайлангаа татварын байгууллагад хүргүүлж түүнээс 10 хувьд татвар ногдож төлөгдсөн байдаг. Энэ тайлан нь хэрэгт авагдаагүй учир хувийн дансны хуулгаар тодорхойлох нь буруу юм. Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хохирогчийг өвчтэй байх хугацаанд тасалдсан бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тайлангаас тасалдсан тухай хэрэгт авагдсан баримтаас “Ц” ХХК-ний үйл ажиллагаанаас тасалдаагүй болох нь тогтоогддог. Түүний үндсэн ажил буюу Ховд аймгийн бүсийн оношилгоо шинжилгээний төвд төрийн албаны ТҮ ажилладаг цалин, нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хэмжээнд тасалдаагүй явж байсан, тасалдсаныг нөхөн төлсөн, олох ёстой орлогыг өгсөн. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны олох ёстой орлогыг тодорхойлж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогч Н-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэргийн хувьд хохирогч Н Ховд аймгийн бүсийн оношилгоо шинжилгээний төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ээлжээр ажилладаг. Ээлжийн бус үедээ тухайн эмнэлгээсээ 3 метрийн зайд байрлах “Ц” гэх эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгтээ ажилладаг байсан. Хувийн эмнэлгийнх нь үүсгэн байгуулагч нь Н-ийн нөхөр Б юм. Б-ын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд байгаа, эмэгтэйчүүдийн болон эмнэлгийн мэргэжилтэй хүн биш, Ховд их сургуульдаа биеийн тамирын багшаар ажилладаг хүн. Энэ хүний үүсгэн байгуулсан компаний үйл ажиллагааг явуулдаг гол хүн нь хохирогч Н байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн тусгай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, үүсгэн байгуулах албан ёсны бичиг баримтан дээр нэг эмчийн бүрэлдэхүүнтэй Н томилсугай гэсэн баримт баримтуудаар тогтоогдож байгаа. Н хавтаст хэрэгт хоёр дансны хуулгыг гаргаж өгсөн байдаг. Эхний дансны хуулгаар тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийн бэлэн мөнгөөр хийсэн орлогыг орой нь АТМ-ээр хийдэг данс, хоёр дахь данс нь болохоор эмнэлгээр үйлчилгээ авсан хүмүүсийн мобайл болон карт уншуулсан дансны хуулгуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэхүү хоёр дансны хуулганы нийт үнийн дүнг авч үзэхэд эхний данс 6,786,600 төгрөг, хоёр дахь данс нь 16,953,500 төгрөг нийтдээ 23,740,100 төгрөгний орлого олсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 2 сарын орлого нь хоёр дансны хуулгаар тогтоогддог. Ховд аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвд олдог цалин биш хувийн эмнэлэгтээ үйлчилгээ үзүүлж ажилласан орлого нь Нийн дансаар орсон болох нь тогтоогддог. Хохирогчийн хувьд олсон орлогоо 100 хувь нэхэмжлээгүй, үүний 50 хувь болох 12,000,000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах журмаар гомдол гаргасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ 8,110,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдаг. Хохирогчийн хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан эмэгтэйчүүдийн эмчээр хагалгаанд ордог байсан бол осолд орсноосоо хойш хагалгаанд ороогүй, хийх боломжгүй болсон. Осолд орсноос хойш сар болгон Улаанбаатар хотод очиж сэргээн засах эмчилгээг хийлгэдэг. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан нөхцөл байдалтай байгаа гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч А.О нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 00-00 улсын дугаартайSonata NF загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний   дүрмийг   зөрчиж,   зам тээврийн   осол   гаргасны   улмаас   хохирогч Н-д хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ   талаар   анхан   шатны   шүүх   нь   шүүгдэгчийн  гэм   буруу,   гэмт   хэргийн зүйлчлэлийн   талаар   үндэслэл   бүхий   дүгнэлтийг   хийж,  Эрүүгийн   хуульд   заасан төрөл   хэмжээний   дотор   эрүүгийн хариуцлага   оногдуулж,   мөн   хохирогч Н гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл бүхий болжээ.   Харин   шийтгэх   тогтоолын   удиртгал  хэсэгт   шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярыг шүүгдэгч гэж буруу бичиж бичиг техникийн алдаа гаргасан байсныг дурдах нь зүйтэй байна. Уг шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу хэргийг давж заалдах шатны шүүхээс хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад иргэний нэхэмжлэлтэй холбоотой өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  Шүүхээс дүгнэхдээ хохирогч Нийн хувьд үндсэн ажлаас гадуур “Ц” ХХК-нд  ажиллаж  цалин   түүнтэй   адилтган   орлого   олдог  байдал  нь түүний Хаан банкны дансны орлогын гүйлгээгээр нотлогдож байх тул гэмтлийн улмаас хэвтэрт байсан 2 сарын хугацаанд олох байсан нийт орлого 8,110,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.  Гэтэл хэрэгт 2019-2021 онд “Ц” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн лавлагаа авагдсан ба 2021 онд 575,365 төгрөгийг төлсөн байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тооцож гаргадаг бөгөөд хэрэв хохирогчийн 2 сарын орлого 8,110,000   төгрөг   гэж  үзвэл   аж   ахуй  нэгжийн   жилийн   орлого   нэмэгдэж,   түүнд ногдох татварын хувь хэмжээ нэмэгдэхээр байна. Үүнээс үзэхэд “Ц” ХХК-ийн төлсөн татвар олсон орлого хоёрын хооронд харилцан зөрүүтэй байдал үүсч байхад давж   заалдах   шатны   шүүхээс   хохирогчийн   орлогыг   тооцохдоо   зөвхөн түүний Хаан банкны өдөр тутамын орлогын гүйлгээгээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж хохирогч Б.Нг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

Дээр дурдсан зардлуудаас хохирогч нь “эм тарианы зардал болон хувийн эмнэлгийн орлого (хэргийн 35 дахь тал), түүний өмгөөлөгч нь эмчилгээний зардал, хоёр сарын цалингийн дутуу, хувийн эмнэлгийн орлого, өмгөөлөгчийн хөлс зэргийг тус тус нэхэмжилснийг анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг нягтлан хянаж үзсэний үндсэн дээр хувийн эмнэлгийн орлого, өмгөөллийн хөлснөөс бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хохирогч Б.Нгийн хувьд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс гадна хувийн хэвшлийн эмнэлэгт ажилладаг болохыг үгүйсгээгүй хэдий ч тухайн эмнэлгийн эмчээр ганцаараа ажилладаг, түүнээс шалтгаалан эмнэлгийн орлого тасарсан нь хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй, хохирогч Б.Нгийн эзэмшлийн Хаан банкны дансны орлогын хэмжээ буюу хувь хүний дансны мэдээллээр хуулийн этгээдийн орлогыг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлт хийж иргэний нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүхийн энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т заасан “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэсэн тохиолдолд хамааралтай байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр хохирогч нь мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхээ алдаж, энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан эрх нь  зөрчигдсөн байна.

Анхан шатны шүүхийн энэхүү алдаатай шийдвэрийг зөвтгөхийн оронд давж заалдах шатны шүүх нь “...Хаан банкны ___ дугаарын депозит дансны хуулганаас үзэхэд хохирогчийн ажлын бусад цагаар хувиараа эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, үйлчилгээ үзүүлсний хөлс буюу хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого олдог байсан нь илэрхий тогтоогдож байна” гэж дүгнэж 8,100,000 төгрөгийг шүүгдэгчээс нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Тухайлбал, “Ц” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэлд “Х” нэртэй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийг 2 эмч, 1 эх баригч, 2 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Б.Нг сонгосон байна. (хэргийн 85 дахь тал)

Ийнхүү сонгогдсоноор Б.Нг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж үзэх боломжгүй бөгөөд тэрээр Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар тухайн хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, санхүүгийн тайланг гаргах, түүнчлэн энэ зүйлийн 95.4-т зааснаар эдгээр баримт бичгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй болно.

Дээрх хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байхаас гадна энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан зүйлийг нягтлан бодох бүртгэлд заавал тусгах шаардлагатай юм.

Гэтэл дээрх хуульд заасан журмаар нягтлан бодох бүртгэл хөтөлсөн баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх нь компанийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу биш уг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирлын хувийн дансаар хийгдсэн мөнгөний гүйлгээнд үндэслэн Б.Нгийн “хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй адилтгах орлого”-г тодорхойлсон нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн Б.Нгийн хувийн аж ахуйн нэгжид ажиллан, олж байсан орлого нь сар бүрийн цалин хөлс хэлбэрээр эсхүл өөр байдлаар олгогдож (орлогын тодорхой хувь, ногдол ашиг г.м) байсан эсэхийг зайлшгүй тогтоох нь уг асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.  

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч А.Огийн гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн прокурорын дүгнэлтийг тус тус хангаж, хохирогч Б.Нд гэм хорын төлбөр нэмж олгохоор шийдвэрлэсэн магадлалын заалтыг энэ тогтоолд заасан үндэслэлээр хүчингүй болгож, шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “...иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...иргэний нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ