Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 450

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4-р баг, Жаал-Уул 6-8 тоотод оршин суух, Охин тайж овгийн Доржийн Жагзмаа /РД:КЮ82101305/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, Зүүнсайханы 1б-23 тоотод оршин суух, Олон овоот овгийн Дэжидмаагийн Наранцэцэг /РД:КЮ84072104/-д холбогдох

718,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жагзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Жагзмаа миний бие 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “Алтай” зочид буудлын рестораныг түрээслүүлэн ажиллуулж байсан бөгөөд миний найз Д.Наранцэцэг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Лувсангийн Энхболдын бие төлөөлөгч Б.Эрдэнэбаттай гэрээ байгуулаад 14 хоног танай гал тогоонд хамт ажиллая гэсэн. Би зөвшөөрч бүх материал надаас гарах юм чинь чамд 100,000 төгрөг өгье гэж хэлж хоёулаа зөвшилцөн ажилласан. Нийт 14 хоног 686,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орно гээд надад 06 сарын 16-ны өдөр 320,000 төгрөг авсан гээд 280,000 төгрөг өгсөн. Гэтэл Д.Наранцэцэг сүүлийн 3 хоног ажилдаа ирээгүй. Би ганцаараа ажлаа дуусгаад 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл мөнгөө авахаар гэрээ байгуулсан газраа очтол Д.Наранцэцэгийн Хаанбанк дахь 5585234356 тоот дансанд 06 сарын 16-ны өдөр 686,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн гэсэн. Одоо манай түрээсийн мөнгө нэхэгдээд материалын мөнгөгүй ажил зогссон болно.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Жагзмаа, хариуцагч Д.Наранцэцэг нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Б.Батбаяр нь нэхэмжилж буй 718,000 төгрөгийн 442,200 төгрөгөөс татгалзаж 217,800 төгрөгийг хариуцагч Д.Наранцэцэгээс гаргуулахаар болж, хариуцагч Д.Наранцэцэг нь 217,800 төгрөгийг төлөхөө  хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Талууд хэн нэгний нөлөөнд авталгүй, өөрийн хүсэл зоригоор уг эвлэрлийн гэрээг байгуулав.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж, хариуцагч Д.Наранцэцэг нь 217,800 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Жагзмаа нэхэмжлэлийн шаардлагын 442,200 төгрөгөөс татгалзаж 217,800 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Д.Наранцэцэг нь 217,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Д.Жагзмаад бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жагзмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,782 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Д.Наранцэцэгээс 10,891 төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогоос 10,891 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Жагзмаад олгосугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР