Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/01973

 

 

 

 

 

 

  2024 11 08 210/МА2024/01973

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/03450 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэг болон алдангид 450,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-иас ******* ХХК нь 262,372,498 төгрөгийн, ******* ХХК нь 158,171,179 төгрөгийн хадгаламжийн авлагатай байсан.

1.2. Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-д 677,555,354 төгрөгийн зээлийн өртэй байсан бөгөөд ******* ХХК болон ******* ХХК нь ******* ХХК-иас авах ёстой дээрх мөнгөө ******* ХХК-ийн тус банкинд төлөх ёстой байсан зээлийн төлбөрөөс 430,543,677 төгрөгийг тооцуулж хариуцагчийн өмнөөс үүрэг гүйцэтгэхээр ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК гэсэн 4 компани хоорондоо тохиролцсон.

1.3. Мөн ******* ХХК нь ******* ХХК-ийн ХХК-д төлөх 158,171,179 төгрөгийг төлж, уг мөнгийг шаардах эрхийг ХХК-тай байгуулсан гэрээгээр шилжүүлэн авч, ******* ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Өр шилжүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* ХХК нь 2020.10.10-ны өдөр 30,543,677 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард 200,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сард 200,000,000 төгрөг нийт 430,543,677 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүрэг хүлээсэн.

1.4. Дээрх гэрээний дагуу ******* ХХК нь 2020.10.10-ны өдөр 30,543,677 төгрөг, 2021.08.20-ны өдөр 100,000,000 төгрөг нийт 130,543,677 төгрөг төлж, үлдсэн 300,000,000 төгрөгийг шалтгаангүйгээр төлөөгүй байна.

1.5. ******* ХХК-тай 2020.09.28-ны өдөр байгуулсан 108/2020-5-БК-01 тоот гэрээний 6 дугаар зүйлд хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн.

Хариуцагч нь төлбөр төлөх хугацааг 970-1001 хоног буюу 3 жилээр хэтрүүлсэн. Алдангийг 2020 оны 12 дугаар сараас эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2023.09.06-ны өдрийг хүртэл 0,1 хувиар гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцоход 294,100,000 төгрөг төлөхөөр байх боловч хуульд заасан хэмжээгээр буюу гүйцэтгээгүй үүрэг болох 300,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 150,000,000 төгрөгөөр бодсон.

Иймд нийт 450,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн төлбөрийн 300,000,000 төгрөгийн шаардлагад маргах зүйл огт байхгүй. Уг мөнгийг төлнө. 

2.2. Ковид-19 цар тахлын хугацаа 2020 оноос 2022.12.31-ийг хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд манай компани эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж, бараа материал орж ирэхгүй, ажил зогсох гэх мэт нөхцөл байдлууд их нөлөөлсөн. Үүнийг тооцож алданги тооцох хугацааг багасгаж, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 375,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 75,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,032,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийн хэмжээг илт их гэж үзэж 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаас үзэхэд алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь хүртэл хэмжээгээр тооцох боломжтой. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-нд алдангийн хэмжээг 0,1 хувиар тогтоосон нь илт их гэж үзэхээргүй бага хэмжээ юм.

4.2. Мөн ******* ХХК нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангитай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2020/71 тоот гэрээ байгуулж 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар тохиролцож, улмаар тус гэрээний үүргээ гүйцэтгэхэд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2021.10.18-ны өдрийн 02/561 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г олгосныг бидний маргаанд нотлох баримтаар тооцон үнэлж үндэслэлгүйгээр алдангийн хэмжээг бууруулан шийдвэрлэсэн.

Шүүх бидний хооронд байгуулагдсан гэрээ бус өөр гэрээний хувьд хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлийг манай гэрээнд хамаатуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-ын 2021.10.18-ны өдрийн 02/561 тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г нотлох баримтаар үнэлж, ашигласан нь үндэслэлгүй.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 2.7.1 дэх хэсэгт хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эсхүл энэхүү журамд заасан давагдашгүй хүчин зүйл эсхүл хүнд нөхцөл байдлын тохиолдолд хамаарахгүй гэж заасан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2020.09.28-ны өдрийн 108/2020/БК/01 тоот Өр шилжүүлэх гэрээ-нд давагдашгүй хүчин зүйлийн талаар тохиролцож тусгасан заалт байхгүй.

4.3. Шүүх алдангийн хэмжээг илт их гэж үзвэл тодорхой хувиар багасгах нь шүүхийн эрх боловч төлбөр төлөгдөлгүй хэдий хэр хэмжээний хугацаа өнгөрсөн, давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлаж буй нөхцөл байдал дуусгавар болоод хэр хугацаа өнгөрсөн эсэх, талууд гэрээний алдангийн хэмжээг хэдэн хувиар тохиролцсон эсэх, хариуцагч нь татгалзлын үндэслэл болж буй нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн эсэх талаар дүгнэлт хийлгүй, тодорхой үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.8-д заасан агуулгад нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 75,000,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх асуудал яригдсан боловч нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргасан байсан учир манайх бас гомдол гаргасан.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс ******* ХХК болон *******наас гэрчээр оролцуулахаар хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангаагүй. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь өөрийн өмгөөлөгч н.*******г оролцуулах, мөн ******* ХХК-ийн Ерөнхий захирал Н.******* биечлэн хуралд оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.2-т заасныг зөрчсөн.

6.2. Гэрээний хугацаанд Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 цаг үе таарсан бөгөөд энэ нь аж ахуйн нэгжүүд бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан төдийгүй дээрх хүндрэлтэй цаг хугацаа бүрэн арилаагүй байна.

Учир нь, ******* ХХК барилгын компаний хувьд захиалгын дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл бүрэн авч чадаагүй байгаа бөгөөд барилгын ажил бартерын журмаар явагдаж байгаа нөхцөл байдалтай байна. Энэ тухай нэхэмжлэгчид ойлгуулан үнийн дүн дээр эвлэрэх санал оролдлогуудыг удаа дараа хийсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй.

Жич: Гэрээний төлбөрт орон сууц оролцуулах саналыг гэрээ байгуулан цагаас эхлэн тавьж ирсэн байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/03450 дугаартай шийдвэрээс 75,000,000 төгрөгийн алдангийн хэмжээг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Шүүхэд 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Гэтэл хэргийг шийдвэрлэдэг өдөр хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид нийт 450,000,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч үндсэн төлбөр 300,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 150,000,000 төгрөгийг ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас багасгах агуулга бүхий тайлбар гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016.10.20-ны өдрийн 0055/32/СС-2016 тоот Зээлийн гэрээ-ний үүрэг 560,992,404 төгрөг, 2017.12.12-ны өдрийн ББГ-2017/ЗГ/132 тоот Зээлийн гэрээ-ний үлдэгдэл үүрэг болох 116,562,950 төгрөг нийт 677,555,354 төгрөгийн төлбөрөөс ******* ХХК-иас ******* ХХК-д өгөх 158,171,179 төгрөг, ******* ХХК-д өгөх 262,372,498 төгрөгийг хасаж тооцох буюу ******* ХХК-ийн өмнөөс ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2020.09.28-ны өдөр ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 20/0428 тоот Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ, 2020.09.28-ны өдөр ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 108/2020/ЧХБК/01 тоот Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагджээ. /хх-ийн 40-43 дугаар тал/

3.2. Улмаар, ******* ХХК нь ХХК-ийн ******* ХХК-д төлөх 158,171,179 төгрөгийг төлж, уг мөнгөн хөрөнгийг ******* ХХК-иас шаардах эрхээ ******* ХХК нь ******* ХХК-д шилжүүлсэн болох нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2020.09.28-ны өдөр байгуулсан 108/2020/ЭММ/01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, ******* ХХК-ийн 2024.04.16-ны өдрийн 24/54 дугаартай Тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 60-63, 65 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй боловч хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн харилцааг тодорхойлсон шүүхийн дүгнэлтийг залруулна, энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

4.1. Дээрх гэрээнүүдийн хүрээнд талууд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Өр шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь *******наас авах хадгаламжийн авлага 430,543,677 төгрөгийг ******* ХХК-ийн *******инд төлөх зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасуулах, ******* ХХК нь 430,543,677 төгрөгийг тогтоосон хугацаанд, хэсэгчлэн буцаан төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг хуулиар зохицуулагдаагүй, гэрээний үндсэн шинж хэлбэрийг агуулсан өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Талуудын байгуулсан гэрээний шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн өрийг төлөх, тийнхүү төлсөн хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан төлөхөөр тохирсон нь агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтад нийцнэ.

Нэхэмжлэгч байгууллага дээрх гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагчийн зүгээс гэрээний үүрэгт 130,543,677 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн талаар зохигчид маргаагүй, уг төлбөрийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, харин алдангийг багасгах эсэх асуудлаар маргасан.

4.2. Гэрээний 6-д хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр талууд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Талуудыг гэрээ байгуулах үед ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байх ба энэ нөхцөлд талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь алданги төлөх үндэслэл болно.

4.3. Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зөрчлийн улмаас хүлээх хариуцлага буюу алдангийн хэмжээг 50 хувиар багасган тогтоохдоо ковид-19 цар тахлын нөхцөл байдлын нөлөөллийг харгалзсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх алдангийг бууруулж шийдвэрлэхдээ хэргийн болон цаг үеийн нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэн дүгнэсэн, ийнхүү шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй болно. Иймд алдангийг бүрэн гаргуулах, алдангийн хэмжээг дахин багасгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан зохигчдын давж заалдах гомдол хангагдахгүй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Д.*******т итгэмжлэл олгосон ба тус байгууллагын зүгээс төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэл зориг илэрхийлээгүй нөхцөлд тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Н.*******ыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Иймд энэ талаарх хүсэлтийг шүүх хангаагүй нь хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

5.2. Хариуцагч талын *******ны захирал гэх Н., Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн ажлын албаны дарга гэх Э. нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг шүүгчийн 2024.08.13-ны өдрийн 182/ШЗ2024/13517 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, энэ талаарх үндэслэлээ тодорхой тусгасан байх ба уг дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 138-141 дүгээр тал/

5.3. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.******* нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байх ба эрүүл мэндийн шалтгаантай холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй тул өмгөөлөгч Д.*******г шүүх хуралдаанд оролцуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй. Иймд анхан шатны шүүх өмгөөлөгч Д.*******г оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/03450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 532,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 532,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

Т.ГАНДИЙМАА