Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Э.Халиун;

иргэдийн төлөөлөгч: А.Цогтоо;

шүүгдэгч: С.З, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Жавзансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэргэлэнгийн С.Зд холбогдох эрүүгийн 1909000000106  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, өвөг эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 1 дүгээр гудамжны 28 тоотод оршин суух, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай,  У393031534 регистерийн дугаартай, Илжигэн овогт Сэргэлэнгийн С.З.

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.З нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 1 дүгээр гудамжны 28 тоотод өөрийн хойд аав болох А.Бямбасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.З мэдүүлэхдээ: Би айлгая гэж бодоод аавын урдаас нь хэрэлдээд байж байсан. Манай аав үгэнд орохгүй миний урдаас хэрэлдээд байсан. Би “Та ээжийг уруу татаж архинд оруулж байна” гэж хэлсэн.  Би хутгаа бариад урдаас нь очсон. “Таниас айна гэж бодоо юу” гээд хутгаа араар нь явуулсан чинь аав айгаад хойшоо болоод хутганд өртсөн. Би яах гэж ийм зүйл хийвээ гэж бодоод цагдаа дуудсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жавзансүрэн мэдүүлэхдээ: Би талийгаач Бямбасүрэнгийн том эгч нь байгаа юм. Хэрэг гардаг өдөр 7 буудал дээр хүнтэй уулзах гээд байж байтал талийгаачийн том хүү нь залгаад “ажаа та хаана байна? Ойрхон байна уу? аав нас барсан байна” гэхээр нь “та нар л алаа биз, хэн алсан” гээд уурласан юм. Намайг очиход манай дүү нас барсан байсан. Манай дүү эхнэртэйгээ хамт архи уудаг. Миний дүү улсад хийсэн бүтээсэн ажилтай хүн юм. Улсад олон жил ажилласан, инженерийн мэргэжилтэй хүн байсан. Миний дүү С.Згийн ээжтэй суухад С.З 4 настай жоохон байсан. Манай Сэргэлэн гэж бэрийн ээж нас барснаас хойш архи уудаг болсон. Энэ залууг группт нь манай ээж хөөцөлдөж байж оруулж өгсөн. Манай дүү өвөл ажилгүй байдаг. С.З сүүлийн үед архи их уудаг болсон. Тэр группын мөнгийг нь манай дүү аваагүй. Өөрийнх нь өвөө авсан байх. Манай дүү нас барахаасаа өмнө 10 хэд хоногийн өмнө ээж дээрээ ирж байж байгаад нэг өдөр л яваад өгсөн байсан. Манай дүүг 2, 3 удаа  сэхээнд ортол нь зодож байсан. Би энэ тухай цагдаагийн байгууллагад өгч байгаагүй. Би оршуулгын зардалд 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 35.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жавзансүрэн /хх-ийн 38, 40/, гэрч У.Сэргэлэн /хх-ийн 42/, гэрч Г.Алтансүх /хх-ийн 53/, гэрч Ш.Уртнасан /хх-ийн 54-55/ нарын мэдүүлэг, С.Згийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7/, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 404 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-62/, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 1119-120/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 25-27/, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 769 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-91/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 387 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-116/, С.Згийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 144-153, 170-171/, хохирлын баримт /хх-ийн 174-175/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.З нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 1-28 тоотод өөрийн хойд эцэг А.Бямбасүрэнтэй “халамжийн мөнгийг маань авлаа, байнга архи уулаа” гэж хэрэлдэж маргалдсаны улмаас А.Бямбасүрэнг цээжинд нь хутгалж алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жавзансүрэнгийн /хх-ийн 38, 40/: “...Өнөөдөр өглөө 10.00 цагийн үед талийгаачийн хүү Очироо над руу залгаад “ажаа та хаана байна?” гэхээр нь би “ажил дээр” гэж хэлэхэд “аймар юм болсон байна” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад “аав нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнхээрээ орж ээжийг дагуулж гэрт нь очсон. Гэрт нь очиход дээшээ харсан, цусанд будагдсан, нас барчихсан байсан...Би том эгч нь байгаа юм. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ...Би С.Згээс ажил явдлын 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 35.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч У.Сэргэлэнгийн /хх-ийн 42/: “...Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмон 1-28 тоотод нөхөр Бямбасүрэнгийн хамт оршин суудаг юм... Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагт Бямбасүрэн бид хоёр босоод хойд айлын Даваасүрэнгийн гэрт нөхөр Бямбасүрэнгийн хамт ороод Даваасүрэн, Хашчулуун нарын хамт дөрвүүлээ 0,75 литрийн “Сэржим” архи хувааж уугаад 08 цагийн орчим гэртээ орсон. Гэтэл С.З орж ирээд бид хоёроос өөрийн халамжийн мөнгийг нэхсэн. Би “чиний мөнгийг аваагүй, өвөө чинь мэдэж байгаа” гээд аавынх руу С.Зг дагуулаад орсон. Аавын гэрт ороход аав Уртнасан унтаж байхаар нь би гэрээс нь гараад явтал араас С.З хүрч ирээд намайг “чи миний мөнгийг өг” гэхээр нь “би аваагүй” гэтэл миний нүүр хэсэг рүү С.З гараараа нэг удаа цохиод унагаасан. С.З намайг цохиж унагаагаад гэр рүү алхаад явсан. Би араас нь яваад ортол гэрийн баруун талын орон дээр Бямбасүрэн дээшээ хараад хэвтсэн, амнаас цус гарсан байдалтай хэвтэж байсан. Орны хажууд С.З зогсож байсан... Тухайн үед С.З халамжаас мөнгөө аваад явж байсан юм байна лээ. Манай гэрт байхдаа С.З халааснаасаа мөнгөө аваад гаргаж ирээд буцаагаад хийсэн. Өнөө өглөө босоод нөхөр бид хоёр мөнгийг нь авчихлаа гээд манай гэрт орж ирсэн юм байна лээ. Уг асуудлаас болоод маргалдсан юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Алтансүхийн /хх-ийн 53/: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өглөөний 9 цагийн үед бие засах гээд найзынхаа гэрээс гараад нойль орох гээд явж байтал над дээр 30 орчим насны эрээн ногоон өнгийн зузаан цамцтай, эрэгтэй залуу ирсэнээ “гар утсаар чинь ярьмаар байна” гэхээр нь гар утсаа өгсөн чинь миний гар утсаар шууд цагдаагийн 102 дугаар руу залгаж ярьснаа “миний мөнгөөр архи авч уулаа гэж би уурлаад хойд аавыгаа хутгаар алчихлаа. Зүрх тус газарт нь хутгаар бүлсэн чинь үхчих шиг болчихлоо” гэж ярьсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ш.Уртнасангийн /хх-ийн 54-55/: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өглөөний 6 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 1-28 тоот задгай хашаанд байдаг 5 ханатай монгол гэртээ унтаж байхад манай гэрийн хажуу талд байрлах манай охин Сэргэлэнгийн гэрт дуу чимээ гараад хүмүүс хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь чимээгүй болгох санаатай орноосоо босож хувцасаа өмсөөд охин Сэргэлэнгийн гэрт орох санаатай гарах гэтэл манай гэрт унтаж байсан охины хүүхэд С.З нь гэрийн зүүн талд орон дээр унтаж байснаа сэрээд хувцасаа өмсөөд надаас түрүүлээд босч яваад охины гэрт орсон юм. Тэгэхээр нь би араас нь удалгүй гараад охины гэрт орсон чинь манай охины нөхөр Бямбасүрэнг хойд талын орон дээр дээшээ харсан хэвтээд нүүр ам, хажуу талд нь бөөн цус болсон байсан С.З нь шоконд орсон байдалтай хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7/: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өглөө эрт босоод л халаасаа уудлаад үзэхэд мөнгө байхгүй болохоор нь би өвөө Уртнасангаас асуухад “ээж чинь өмнөх өдөр шал согтуу мөнгө барьж орж ирэхээр нь би хөөгөөд гаргасан, ээжээсээ асуу” гэж хэлэхээр нь би ээжийн гэр рүү ороод харахад ээж Сэргэлэн, хойд аав Бямбасүрэн нар баруун талын орон дээр шал согтуу хэвтэж байхаар нь би “халаасанд байсан мөнгө хаана байна” гэж асуухад ээж “байхгүй аваагүй” гэж хэлэхээр нь ээжийг дагуулаад өвөөгийн гэр рүү ороод би “ээж мөнгө аваагүй байна” гээд өвөөгийн хажууд “мөнгө төгрөг хаана байна, та нараас өөр хэн авдаг юм” гэхэд ээж “одонгийн мөнгө байсан юм, чиний мөнгийг аваагүй” гэж хэлэхээр нь би хойд ааваасаа нэхэхээр ганцаараа гэрт нь ороод орны тэр хавиар үзээд “мөнгө хаана байна” гэж хойд ааваасаа асуугаад “та нар дандаа архи уулаа, эмэгтэй хүнийг дагуулж архи уудаг, өмнө нь гэрээ шатаасан, эндээс яв, одоо цуг байж чадахгүй шүү” гэж уурлаж хэлчихээд хөргөгчин дээр байсан хутгыг нь аваад буцаж суугаад ярьж байгаад “хохь чинь шүү, танийг хутгалж чадахгүй айна гэж бодоо юу” гэж хэлээд айлгах гээд биенийх нь араар явуулах гэхэд хойд аав арагшаа болоод суга руу нь хатгачихсан юм. Тэгээд би өөрөө айгаад цагдаа, эмнэлгийг арын айлын хүний утсаар дуудчихаад буцаж ороод эмнэлэг, цагдааг хүлээж байхад эмнэлэг, цагдаа цуг ирсэн. Цагдаа ирэхээр нь би үнэнээ хэлээд “хутгаар хатгасан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн машин суугаад явсан. Тухайн үед ээж хажууд хараад сууж байсан. Ээж “чи хүн алчихлаа” гээд орилоод гүйгээд байсан. Би мөнгөө нэхэж, мөн ээжийг архинд орууллаа гэж маргалдаж байгаад баруун талын суганд нь хутгаар хатгасан...Би хөргөгчин дээр байсан хутгыг авсан. Тэр хутга ээжийн гэрт байдаг шар бариултай хоолны нарийхан хутга байсан. Би хуруутай гар болох зүүн гараараа аваад баруун талын суганд нь нэг удаа хутгалсан. Манай ээж Сэргэлэн байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

“Талийгаач А.Бямбасүрэн нь нэгдүгээр бүлгийн цустай, 170 см өндөртэй, 63 кг жинтэй байна.Талийгаач А.Бямбасүрэнгийн цогцост цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 4-5-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны дунд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, духанд шарх, нүүрэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Талийгаачид   шинжилгээгээр   үхэлд   хүргэхээр   архаг   хууч өвчин тогтоогдсонгүй.Дээрх цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 4-5-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны дунд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, духанд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 4-5-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны дунд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, үхлийн шалтгаанд шууд хамаарах гэмтэл болно. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн шээсэнд мансууруулах бодис илрээгүй байна. Талийгаач А.Бямбасүрэн нь цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 4-5-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушигны дунд дэлбэнг гэмтээсэн, хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ” гэсэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 404 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 60-62/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн /хх-ийн 1119-120/: “...Духанд дахь шарх хуучин, нүүрэн дэх зулгаралт нь хэрэг үйлдэгдэхээс өмнө үүссэн хуучин шарх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цохигдох, мөргөх, унах зэрэгт аль алинд нь үүсгэгдэх боломжтой. Духанд үүссэн хуучин шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 25-27/, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 769 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-91/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.З нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 387 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно /хх-ийн 114-116/.

 

С.Зд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийсэн , эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Хэдийгээр амь хохирсон А.Бямбасүрэнгийн цусанд 4,4% промилли, шээсэнд 4,1 промилли алкохол илэрсэн нь спиртийн өндөр агууламжийг илэрхийлэх боловч хохирогчийн бие физиологийн онцлогоос хамаарч согтолтын хэмжээ өөр өөр байх тул тухайн үед С.Зтэй хэрүүл маргаан хийх зэргээр бие даан идэвхтэй үйл хөдлөл хийж байсан А.Бямбасүрэнг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх, улмаар үүнийг нь С.З мэдсээр байж далимдуулан алсан гэж дүгнэх боломжгүйгээс гадна прокурор энэ байдлаар С.Зг буруутгаж яллаагүй болохыг дурьдаж байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Згийн  “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар нотлогдсон байх тул шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлдэг учиртай. Хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Хуульд тусгайлан заасан заалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл бөгөөд энд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймээс бусад эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жавзансүрэнгийн “сэтгэл санааны хохирол 35.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон оршуулгын зардал болох 1.500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Згээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Жавзансүрэнд олгох нь зүйтэй.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой (хохирогч нас барсантай холбоотойгоор) нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх С.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч С.З нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож өмнөх гэмт хэрэгт нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан) нөхцөл байдлуудыг харгалзаж С.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай бор өнгийн иштэй хутгыг устгаж, амь хохирогчийн тухайн үед өмсөж байсан бор өнгийн хүрэм, хөх өнгийн цамц, хар саарал ханцуйтай хар хоолойтой цамц, цагаан эрээн цамц, ногоон эрээн футболк, хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, бараан өнгийн дотуур өмд, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн оймс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөөгчид буцаан олгохоор тогтов. 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Илжигэн овогт Сэргэлэнгийн С.Зг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Зг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Зд оногдуулсан хөнгөн ял болох 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Згийн урьд цагдан хоригдсон 70 (дал) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Згээс нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.Жавзансүрэнд олгож, ,хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “сэтгэл санааны хохирол 35.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай бор өнгийн иштэй хутгыг устгаж, амь хохирогчийн тухайн үед өмсөж байсан бор өнгийн хүрэм, хөх өнгийн цамц, хар саарал ханцуйтай хар хоолойтой цамц, цагаан эрээн цамц, ногоон эрээн футболк, хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, бараан өнгийн дотуур өмд, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн оймс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөөгчид буцаан олгосугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                                   Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                        З.ТӨМӨРХҮҮ