Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 337

 

 

      2019      04            09                                   2019/ШЦТ/337

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Н.Түвшинбаяр;

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

            шүүгдэгч: П.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвжалын П.Бод холбогдох эрүүгийн 1809022910167 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагаан Хайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 12 дугаар гудамж 73 тоотод оршин суух,

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ИР79012210 регистерийн дугаартай, Буянтхангай овогт Пүрэвжалын П.Б.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

 

Яллагдагч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбийн голын хажууд Д.Мэндбаярын “гар утсаар яриад өгье” гэж хэлэн авч зугтаан гар утасны хавтсанд байсан биет 80.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэлгүйгээр дээрэмдэж 152.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мэндбаярын мэдүүлэг /хх-ийн 19-20/, П.Бын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-33/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/, Д.Мэндбаярын “хохирол хүлээн авсан баримт”  /хх-ийн 29/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Сэлбэ голын орчим “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн авч зугтаан гар утасны хавтсанд байсан биет 80.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэлгүйгээр дээрэмдэж 152.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Д.Мэндбаярын /хх-ийн 15-16/: “... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шөнийн 21 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд Сувдын гүүрийн хажууд голынхсо зүүн талд явж байхад жоохон халамцуухан 30 гаран насны нэг залуу над дээр ирээд миний утсыг гуйгаад “би эхнэртэйгээ ярих гэсэн чинь нэгж байдаггүй” гээд байхаар нь би утсаа өгөхөд 88467616 гэсэн дугаар луу залгаад нэг эмэгтэйтэй яриад надад буцааж миний утсыг өгсөн. Дахиад жаахан байж байгаад намайг “ахаа та түрүүн миний ярьсан дугаар луу дахиад нэг залгаад өгөөч” гэхээр нь би утсаа өгөхөд нөгөө эмзгтэйтэйгээ яриад, дахиад 89164408 гэсэн дугаар луу залгаад өөрийгөө “Цогтоо байна” гээд “завтай бол гараад ир” гэж яриад тэр чигээрээ миний утсыг аваад зугтаасан. Хойд арынхан хавтсанд хүнд өгөх гэж байсан 80.000 төгрөг байсан...” гэх мэдүүлгээр,

         

          П.Бын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20, 35/: “...Өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед нэг өвгөнтэй юм яриад, гар утсыг нь гуйж авч яриад явж байснаа санаж байна”. Би хохирогч Д.Мэндбаярт хохирол 170.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.           

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн, хохирогчийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү П.Бын гэм буруутай үйлдэл нь “бусдын хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

хохирогч Д.Мэндбаярын “... хохирол 170.000 төгрөг авсан, гомдол, санал байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 29 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буянтхангай овогт Пүрэвжалын П.Быг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ