Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 211/МА2024/00020

 

211/МА2024/00020

 

 

 

                                        Д.Дийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00392 дугаартай шийдвэртэй

Д овгийн Дийн Дийн хүсэлттэй мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

 хүсэлт гаргагч Д.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Дийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Д, өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1990 онд Д.Стай гэр бүл болсон. Миний 1995-1997 онд мал маллаж байсантай холбоотой баримт /малын А/ архивд хадгалагдаж үлдээгүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд миний Ааймгийн Б сумын Т багийн Б гэх газар 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч Д.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Учир нь энэ хугацааны малын А данс гарахгүй байгаа тул миний Аймгийн Б сумын Т багийн Б гэх газарт 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/00392 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Дархан овгийн Дамдинсүрэнгийн Дийн Аймгийн Б суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл  мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          4. Хүсэлт гаргагч Д.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: .. Аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.30-ны өдрийн 129/ШШ2024/00392 шийдвэрийг Аймгийн Э сумын 0-р баг Цы 0-0 тоотод оршин суух Д.Д би эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Миний бие өндөр насны тэтгэврийг малчин нөхцөлөөр тогтоолгох зорилготойгоор Аймгийн Б суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан талаарх үйл явцыг  тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж намайг хохироолоо. Би 1990 оноос эхнэр Стай гэр бүл болж тэр цагаас одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Хөдөө амьдардаг хүмүүс мал маллаж амьдардаг өөр ямар ч ажил хийхгүй. Төрийн байгууллагын хариуцлагагүй үйл байдлаас болж би хохирмооргүй байна. Малыг 12 сарын эхний 15 хонгийн дотор байнга тоолж байдаг хэр нь бүртгэл байхгүй байгаа нь миний буруу биш ээ. Мал бүртгэл тооллогын баримтыг малчид хариуцдаггүй. Манай эхнэр 2021.03.18-ны өдрийн 129/ШШ2021/00209 тоот шийдвэрээр 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний хооронд мал маллаж байсан байна гэж тогтоосон харин нөхөр болох намайг энэ хугацаанд мал маллаагүй байна гэж үзсэн нь бүр ойлгомжгүй байна. Иймээс би шүүхийн дутуу шалгаж шийдлээ гэж гомдож байгаа тул хэргийг хянаж хүсэлтийг бүрэн хангаж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Гомдолдоо эхнэр Сармандахыг шүүхийн шийдвэрийг хавсаргаж өглөө. Бид хоёр одоог хүртэл гэр бүл хэвээрээ хөдөө мал маллаж амьдарч байна. Мөн 195-1997 оны хооронд ч хамт амьдарч байсан юм аа. Өмгөөлөгч Г.Эын сонгон авсан. Давж заалдах шүүх хуралдаанд  оролцуулна. Гомдолд УТХ төлсөн баримт шүүхийн шийдвэр хүсэлт хавсаргав...  гэжээ.

5. Хүсэлт гаргагч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 он хүртэл малын А данс гарахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосонд давж заалдах гомдол гаргасан гэв.

6. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралд аанд гаргасан саналдаа: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад Дийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, доордуулсан нотлох баримт байсан. Шүүх дордуулсан нотлох баримтыг үнэлж шийдсэн гэж харж байна. Багийн Засаг дарга тодорхойлолт гаргаж өгөхдөө Д нь эхнэр, хүүхдүүдийнхээ хамт 1995-1997 онуудад Т багийн Байц хэмээх газар мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Энэ тодорхойлолтыг бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчүүдээс хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар үгүйсгэгдээгүй байна. Энэ хүн тухайн үед мал маллаж байсан байна гэдэг нь анх төрсөн хүүхдийнх нь маягтаар харагддаг. Тухайн хүүхдийн гэрчилгээнд аав нь компанийн малчин, ээж нь саальчин гэсэн үйл явдал байгаа. Мал тооллогын бүртгэл архивд байгаагүй үйл явцад эргэлзээ төрөхүйц нотлох баримт байна. Нийгмийн даатгалын байгууллагад ажилгүй байна гэж бүртгүүлсэн байна гэдгийг үндэслэж хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарласан байсан. Тухайн үед малчин хүмүүсийг ажилтай байсан гэж үздэггүй байсан. Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн нэр томьёо сүүлд гарч ирсэн учраас 1990-1995 оны үеүдэд огт байгаагүй. Энэ хүмүүс хувийнхаа малыг маллаж байхдаа хувийн малаа маллаж байгаа гэсэн тэмдэглэгээг огт хийлгэж байгаагүй. Энэ нотлох баримтаар ажилгүй байсан гэж үзэх боломжгүй. Тухайн үед ажил хийж байсан эсэх талаар лавлагаа аваад хийж байсан талаар баримт гарч ирэхгүй байгаа гэж үзсэн. Малын А данс гарахгүй л бол ажилгүй гэж үзээд байгаа нөхцөл байдал нь тухайн иргэний эрх зүйн байдлыг дордуулж байгаа үйл явц юм. Багийн Засаг даргын тодорхойлолтыг ямар эх сурвалжийг үндэслээд байгааг тодруулаагүй байна гэж үзээд байгаа нь буруу. Багийн Засаг даргын тодорхойлолтыг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна гэж харахаар байгаа. Багийн Засаг даргын тодорхойлолт нь ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүй, ийм л тодорхойлолтууд ирдэг. Эх сурвалжаа заасан тодорхойлолтоо таарч байгаагүй юм байна. Хэрвээ багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн бол гэрчээр асуух боломжтой байсан. Шүүх онцгой ажиллагааны журмаар шалгаж байгаа хэргээ сайн мухарлах ёстой гэж үзэж байна. Нэлээн шалгасан байна лээ. Гэхдээ багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэлгүй байна гэж үзэх байсан бол тэр хүнийг гэрчээр асуух боломжтой. Үнэхээр багийн Засаг даргын тодорхойлолтыг үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа бол ямар эх сурвалжаар тодорхойлоод байгааг нь гэрчээр асуух боломжтой нөхцөл байжээ. 2 гэрчийн мэдүүлэг байдаг. Гэрчийг мэдээж хүсэлт гаргаж байгаа тал өөрөө гэрчээ асуулгах хүсэлтээ гаргаж өгнө. Тоо бүртгэгч, малын эмч зэргийг асуусан бол хамт мал маллаж байсан хүмүүсээсээ илүү гэрчлэгдэх боломжтой нөхцөл байна. Ийм ажиллагаа дутуу хийгдсэн. Энэ хүн шүүх хуралдааны шатанд манай архив шатсан гэж мэдүүлсэн байсан. Үнэхээр шатсан юм уу шатаагүй юм уу гэдгийг тодруулах ёстой байсан болов уу гэж бодож байна. Хэрвээ шатсан байсан бол энэ хүнтэй холбоотой баримт гарахгүй. Өрхийн бүртгэл нь 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Түүнээс өмнө өрхийн бүртгэлийн асуудал яригдаагүй байдаг. Шинээр нотлох баримт бүрдүүлэх байсан гэж харж байгаа. Үнэхээр архив шатсан байсан тэр дунд Дийн материал шатсан байж болно. Багийн архив гэж тусдаа байхгүй суманд л архивлагдана. Тэгэхээр эргэлзээгүй байдлаар нотлогдож байгаа гэж үзэх баримт байхгүй байна. Хэргийн бүрдлийг дутуу шалгасан байгаа учраас анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Хэрвээ нотлох баримт хангалттай цугларсан байна гэж үзвэл хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Хүсэлт гаргагч Д.Д Ааймгийн Б сумын Т багийн Б гэдэг газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хувийнхаа малыг маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүх санаачилгаараа болон зохигчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, хүсэлт гаргагчийн хүсэлт, үйл баримт, эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хүсэлт гаргагч Д.Дийн 1995-1997 онд  мал маллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн,  хүсэлтийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Д.Д “...Манай эхнэр Сыг 1995-1997 оны хооронд мал маллаж байсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон атал миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэргийг хянаж хүсэлтийг хангаж шийдвэрлэж   өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 02/09 дугаар тогтоолоор Д.Д нь 1995-1997 онуудад мал маллаж байсныг нотлох баримт хангалтгүй байх тул зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар тогтоох боломжгүй гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 9/

 

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 32/19 дугаар албан бичгээр 1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт байхгүй тул  Аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 02/09 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн тухай Д.Дт мэдэгдсэн байна. /хх-ийн 10/

 

Ааймгийн Б сумын Т багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн 213 дугаар албан бичигт Б сумын Т багийн архивт Д.Дт холбогдох 1995-1997 оны хүн ам, өрхийн бүртгэл хадгалагдаагүй болохыг тодорхойлжээ. /хх-ийн 22/

 

Мөн хүсэлт гаргагч Д.Д 2013 оны 07 сарын 30-ны өдөр Ааймгийн Э сумын Нийгмийн даатгалын хэлтэст 1990-2000 оны хооронд тодорхой хөдөлмөр эрхэлж байгаагүй тул хуулийн дагуу тус оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгнө үү гэсэн өргөдөл гаргаж, 1990-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байна. /хх-ийн 23-25/

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Д.Дийн хүсэлтээр гэрч С.А, С.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан Ааймгийн Э сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 368 дугаар тодорхойлолт /хх-ийн 5/, Үндэсний төв архивын 2024 оны 07 сарын 29-ний өдрийн 03-02/4210 дугаарын лавлагаа /хх-ийн 56/, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /хх-ийн 57-61/ зэрэг бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй, үйл баримтыг хангалттай нотолж чадаагүй, дээрх 2 гэрчийн мэдүүлэг эдгээр нотлох баримтуудаар няцаагдаж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  Д.Дийн 1995-1997 онуудад мал маллаж байсан болох нь тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Д.Дийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хүсэлт гаргагч Д.Д давж заалдах гомдолдоо эхнэр Д.Сын 1995-1997 онуудад мал маллаж байсныг шүүх тогтоосон атал миний мал маллаж байсныг тогтоосонгүй гэсэн үндэслэл зааж,  анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 129/ШШ2021/00209 дугаар шийдвэрийг хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т заасан “...давж заалдах гомдолд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй...” гэснийг зөрчсөн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2024/000392 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Д.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хүсэлт гаргагч Д.Дийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.Д

 

                                          ШҮҮГЧИД                                     В.Ц

 

                                                                                                Н.Э