| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 950 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 950
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга M.Баярмаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Г.Золбаяр,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Л холбогдох эрүүгийн 1906 02062 1040 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ
аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш,
дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сэлэнгэ аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн
хойд талд байрлах 2 давхар тоосгон улаан өнгийн нийтийн байрны 9 тоотод түр
оршин суудаг, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Л .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” төв дотор иргэн Г.Золбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Нэгдэлчин” зочид буудалд амарч байхад хаалга нүдээд онгойлгохгүй байтал улам чанга нүдээд байсан. Тэгээд манай нөгөө хамгаалагч хаалга онгойлгож өгөхөд “пиздаа нар чинь яагаад хаалгаа онгойлгодоггүй юм бэ” гэж хэл амаар өдөөд байсан. Би “ийм харанхуй шөнөөр юу хийж яваа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед хохирогч Г.Золбаяр согтуу байсан. Буудлаар хүмүүс амарч байгаа хүний амгалан тайлан байдлыг алдагдуулах хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн Г.Золбаяр “яагаад онголйгодоггүй юм бэ” гэж хэлээд хутга бариад “чамайг би алнаа” гэхээр нь би сандлаар айлгах гээд сандлаараа далайлгаад хутгыг нь булааж авах гээд хэд хэдэн удаа цохисон. Хутгыг нь булааж аваад сандал дээр суулгаад эмнэлэгт “очиж үзүүл, гэрт чинь аваачаад өгье” гэсэн чинь “би чамаар хүргүүлэхгүй” гээд манай нөгөө хамгаалагч гаргаж өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Золбаярын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би “Нэгдэлчин” зочид буудалд байрлах автомат тоглоомын газар руу тоглох гэж ороод хаалгыг нь нүдсэн. Ороход Очироо гэх залуу хаалга тайлж өгсөн. Гэтэл Г.Лхагва-Учрал залуу нойлоос гарч ирээд “пиздаа минь чи хаалга ямар аймар нүддэг юм бэ, ямар аймар шазруун юм бэ, хонзонтой шүү” гэж хэлсэн. Би өмнө нь энэ хүнд зодуулж байсан. Гэхдээ би эр хүний ноён нуруу гээд зүгээр орхисон. Би сандал дээр суухад надтай хэрүүл өдөөд, намайг шууд сандлаар цохисон. Би халаасандаа байгаа хутгаа гаргаад айлгах гэтэл намайг сандлаар цохисон. Намайг цаг гаруй зодсон камерын бичлэг байх ёстой. Намайг зодож байх үедээ “наадахыг чинь алаад шоронд суучихъя” гэж орилоод байсан. Би Б.Л “болъё оо” гэтэл намайг нойлд цус угааж байхад элэгдээд цаг гаруй болсон. Би гарахдаа Очироод “битгий хүнд хэлээрэй” гэж хэлсэн. Очироо гэх залуу хүн чанар гаргасан. Би гэртээ очоод тархинаас цус гарсан тул гэмтлийн эмнэлэгт очсон.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Золбаярын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Д.Ууганбатын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3915 дугаартай дүгнэлт /хх-21-22/, шүүгдэгч Б.Л урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” төв дотор иргэн Г.Золбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Золбаярын өгсөн: “...2019 оны 3 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын өргөтгөл хэсэгт байрлах автомат тоглоомын газарт тоглох гээд 04 цаг 45 минут үед очоод хаалгыг нь тогшоод тайлж өгөхгүй болохоор нь би нилээн 10 минут орчим нүдсэн. Хаалгыг Б.Л тайлж өгөөд “пизда чинь ямар аймаар шазруун цохьдог юм бэ, чи дээрээс хойш ер нь өдөөд байгаа шүү, дээр болсон явдал чинь багадаад байгаа юм уу” гэхээр нь би “чи зүгээр ажлаа хий, пизда минь” гэж хэлсэн. Тэгтэл намайг Б.Л миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Би хувцсаа шидээд буйдан дээр суугаад үдээсээ үдэж байхад тас гээд сандал ороод ирсэн. Тэр сандлаар нилээн зодуулсан. Би тэгээд шоконд орсон. Би цаг гаруй хугацаанд зодсон. Намайг плита мөргүүлээд байсан.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ууганбаярын өгсөн: “...Намайг ажиллаж байхад буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны 04-05 цагийн хорорнд унтаж байхад буудал талаар ордог ажилчды хаалгыг нэг хүн цохиод байхаар нь очиж харсан чинь урд нь ажиллаж байсан Г.Золбаяр гэж залуу хаалга цохиод байсан. Тухайн үед Б.Л бид хоёр хаалга тайлж өгөөгүй. 10-15 минут орчим хаалга цохиод дараа нь чимээгүй болсон. Удалгүй Г.Золбаяр эргэж ирээд хаалга өшиглөөд балбаад байхаар нь би босож очоод хаалга онгойлгосон. Тэгсэн Г.Золбаяр “яагаад хаалга онгойлгохгүй байгаа юм бэ, өдөөд байгаарай” гээд хутга гаргаж ирэхээр нь би цохиод хойшо болоход хутгаа далд хийсэн. Б.Л сууж байсан төмөр хүрээтэй зөөлөвчтэй сандлаа аваад Золоогийн нуруу, толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Сандалаа хаяад Золоогийн мөн нүүр рүү нь 1-2 удаа цохисон.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3915 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Золбаярын биед тархи доргилт, зулайн ар хэсэгт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын баруун хэсгээр цус хуралт, хамрын баруун угалз, таславчинд шарх, хамрын үзүүр, зүүн шуунд зулгаралт, хэвлийн зүүн хажуу талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-37/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Л яллагдагчаар өгсөн: “...Би дүгнэлттэй танилцлаа. Г.Золбаярын биед учирсан гэмтлүүд нь миний хүчин зүйлийн үйлчлэлээр учирсан гэмтлүүд болохоор би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-29-30/,
Шүүгдэгч Б.Л урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Л 2019 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” төв дотор иргэн Г.Золбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Г.Золбаяр нь баримтаар төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Б.Л хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Л 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Л нь шүүхээс оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Г.Золбаяр нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС