Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         04            09                                338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            улсын яллагч: Н.Түвшинбаяр;

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

хохирогч: Д.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа;

шүүгдэгч: Н.Ө, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Норовсүрэнгийн Н.Өд холбогдох эрүүгийн 1809041021051 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг технологийн багш мэргэжилтэй, .........., ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .........., урьд:

 

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 542 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123-1-р зүйлийн 2, 241-р зүйлд зааснаар нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ... регистерийн дугаартай, Боржигон овогт Норовсүрэнгийн Н.Ө.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Норовсүрэнгийн Н.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их тамир” амралтын газарт С.Эрдэнэтуяад баяр хүргэн хөл орчмоос нь өргөхдөө өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас түүнийг унагааж, хохирогч С.Эрдэнэтуяагийн эрүүл мэндэд нь дагз ясны шугаман хугарал, дух хэсгийн тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан тул одоо нэмж ярих зүйлгүй. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.  

Хохирогч Д.Эрдэнэтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Их тамир” амралтанд хамт олноороо явж амарсан. Өглөө цайнд орчихоод байж байтал, Пүрэвсамбуу, Н.Ө хоёр ирсэн. Тэгээд намайг Н.Ө хөлний тахим хэсгээс өргөөд, намайг даагаагүй унагаасан.  Баяр хүргээд “Эрка эгчээ” гээд л өргөсөн. Би ухаан алдсан байсан. Тэр даруйдаа түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээ гараад маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Бид хоёр хамт ажилладаг болохоор одоо гомдол байхгүй. Миний хохирол төлбөр болох 3.700.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ гэмтлээс шалтгаалаад нүдэндээ хагалгаанд ор гэсэн. Үүний төлбөр нь 850.000 төгрөг болно гэсэн. Цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжилнэ гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эрдэнэтуяа /хх-ийн 17-18/, гэрч Н.Пүрэвсамбуу /хх-ийн 20-21/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11200, 167 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 36, 43-44/, Н.Өлзийтулгын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/, Н.Өлзийтулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 111-115/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Н.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах “Их тамир” амралтын газарт  иргэн С.Эрдэнэтуяаг Монгол Улсын одон медиалиар шагнуулсанд баяр хүргэн, хөлийн тахим орчмоор өргөж тэврэхдээ С.Эрдэнэтуяаг өргөж даалгүйгээр газарт унагааж түүнийг хүнд гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Д.Эрдэнэтуяагийн /хх-ийн 17-18/: “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Их тамир” амралтын газрын 4 дүгээр давхарт байрлаж байсан юм. Тухайн үед миний өрөөний түлхүүрийг Батсайхан багш авсан байсан бөгөөд ирсэн талаар нь хаалга татаж үзээд зогсож байтал доороос Н.Ө, Н.Пүрэвсамбуу нар өгсөж гарч ирсэн. Н.Ө “Эрка эгч” гээд хүрч ирээд 2 хөлийн шилбэ хэсгээс өргөсөн бөгөөд намайг хойш нь алдаад би хойшоо савахдаа хана, шал мөргөсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Пүрэвсамбуугийн /хх-ийн 20-21/: ”...2018 оны 09 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Их тамир” амралтын газар очоод ажлын багш Н.Өтай нэг өрөөнд орсон юм... Бид хоёр өглөө 08 цагийн орчим босоод хоолонд орчихоод гарч ирээд өрөө рүүгээ явж байтал Д.Эрдэнэтуяа багш өмнөөс гарч ирээд уулзсан юм. Тэр үед Н.Ө багш, Д.Эрдэнэтуяа багш хоёр тэврэлдээд баяр хүргээд, тухайн үед Д.Эрдэнэтуяа багш төрийн одон авсан байсан. Тэрэнд нь баяр хүргэж байсан бөгөөд Д.Эрдэнэтуяа багш арагшаа савсан юм...” гэх мэдүүлгээр,

 

Н.Өлзийтулгын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6-7/: “...Манай сургуулийн хамт олон 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Их тамир” амралтын газар амрахаар очоод орой 19 цагийн үед хоолонд ороод би сургуулийн багш Н.Пүрэвсамбуу багштай нэг өрөөнд хамт ороод амарсан... Өглөө 08 цагийн үед хаалга тогшоод “хоолондоо ороорой” гэж амралтын газрын хүмүүс хэлэхээр нь босоод Н.Пүрэвсамбуу багш бид хоёр хоолонд орохоор гарсан. Тэгээд хоолондоо орчихоод гарч ирээд өрөө рүүгээ Н.Пүрэвсамбуу багш бид хоёрыг явж байхад 4 дүгээр давхарт Д.Эрдэнэтуяа багштай тааралдсан. Тухайн үед Д.Эрдэнэтуяа багш “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор” шагнуулсан байсан бөгөөд “баяр хүргье Эрка эгчээ” гээд хоёр талаасаа уулзаад Д.Эрдэнэтуяа багшийн гуя хэсгээс нь өргөхөд Д.Эрдэнэтуяа багш арагшаа савах явцдаа хана мөргөөд, ханаа дагаад газарт унасан юм. Тэгээд Н.Пүрэвсамбуу багш бид хоёр 2 талаас нь суганаас нь өргөөд өрөөнд нь оруулахад багш нар өрөөнөөс нь гарч ирж таарсан. Өрөөнд нь оруулаад түргэний эмч дуудсан...” гэх мэдүүлгээр,

           

Д.Эрдэнэтуяагийн биед  “дагз ясны шугаман хугарал, дух хэсгийн тархины эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11200 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 36/,

 

“Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11200 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Д.Эрдэнэтуяагийн биед дагз ясны шугаман хугарал, дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43-44/ болон Д.Эрдэнэтуяагийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 76/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

  

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг тэвэрч өргөхдөө даалгүйгээр газарт унагасан болохыг хохирогч, гэрч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогч, гэрч нарын мэдүүлгийг баталж болсон үйл явдлыг тэдэнтэй адил мэдүүлсэн, хохирогч нь газарт савж унасны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийн хөлийн тахим орчмоор өргөж тэврэхдээ түүнийг даалгүйгээр газарт унагаахдаа хүнд гэмтэл учруулсан С.Өлзийтулгын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

           

            Шүүгдэгч Н.Өлзийтулгын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Эрдэнэтуяа “...Н.Өтай эвлэрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ. Н.Өд санал гомдол байхгүй, баримттай эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн...” гэсэн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч нь цаашид эмчилгээ, асарч сувилах зэрэгт зайлшгүй гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Н.Өлзийтулгын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогчийн эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан тул шүүгдэгч Н.Өлзийтулгыг нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хориглох эрх хасах ял оногдуулав.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Норовсүрэнгийн Өлзийтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хориглох эрх хасах ял оногдуулсугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд оногдуулсан эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Н.Ө нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч С.Эрдэнэтуяа нь цаашид эмчилгээ, асарч сувилах зэрэгт зайлшгүй гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ