Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        04          19                                   380

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

хохирогч: Г.Батбаатар, О.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн;

шүүгдэгч: Т, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэндэлгэрийн Тт холбогдох эрүүгийн 1809029740848 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-ын задгай тоотод оршин суух,

Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр нийт 5 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, НЦ97030519 регистерийн дугаартай, Шархайн овогт Түмэндэлгэрийн Т.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд хохирогч Б.Бат-Эрдэнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Оросын Холбооны Улсад болох хөл бөмбөгийн тоглолтыг үзэх аялал зохион байгуулж байгаа, тоглолт үзэх багт оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр, 3.500.000 төгрөгийг Ж.Сайнбуян гэх хүний “ХААН” банкны 5517152826 дугаарын дансанд шилжүүлүүлэн, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “амь насны даатгалын мөнгө” гэж 400.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “дансанд байршуулах мөнгө” гэж 1.500.000 төгрөгийг бэлнээр, 580.000 төгрөгийн үнэлгээ бүхий “nikon D5100” маркийн зургийн аппарат зэргийг тус тус залилан авч нийт 6.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 47-21 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хас буурал групп” ХХК-ийн  барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч О.Баттөмөрийн өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “АSUS” брендийн Ай-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Сагсан бөмбөгийн холбоонд хэрэглэнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж авсан,

2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” пабын орчимд иргэн Г.Батбаатарын өмчлөлийн “Хуйвей пи-9 лайт” загварын гар утсыг “утсаа өгч бай, фейсбүүк ороод өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсны улмаас 479.400 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жаст 53А байрны гадна хохирогч Б.Билгүүнээс нийт 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг “playstation” видео тоглоомыг “1 хоног түрээсэлж тоглоод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж 4 удаагийн үйлдлээр 9.659.400 төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Б.Бат-эрдэнэ бид хоёр “SBS” телевизийн байранд хөтлөгч Батзаяа гэх хүнтэй уулзахад “одоо аялалд явах ямар ч боломжгүй болсон” гэж хэлсэн. Бид хоёр хамт Чинзоригтой очиж уулзахад Чинзориг “аялалд явуулна, чи мөнгийг нь авч бай” гэж хэлсэн. Чинзориг нь Бат-Эрдэнэд “06 дугаар сарын 08-ны өдөр онгоцоор явуулна” гэж хэлсэн. Чинзоригийн ажлын байрны гадна 2-3 удаа уулзсан. Чинзориг бид хоёрын дунд 1.000.000 төгрөг өгсөн авсан зүйл байхгүй. Гэрч Отгонбаярын мэдүүлэг дээр “Чинзоригтой гар утсаар ярьсан” гэж мэдүүлдэг. Чинзориг хэлэхдээ “би аялалд явуулж өгнө, мөнгөний асуудлыг Ттэй ярь” гэсэн хариултыг өгсөн байдаг. Чинзориг надаас бэлнээр 2.000.000 төгрөг авсан. Ард кинотеатрын урд талд байх бэлэн мөнгөний машинаас хохирогч Бат-Эрдэнэ надад мөнгө авч өгөөд явсан. Энэ мөнгийг би Чинзоригт өгсөн. Хохирогч Баттөмөрөөс авсан зөөврийн компьютерийг Монголын сагсан бөмбөгийн холбоонд өгсөн. Монгол Улсад сагсан бөмбөгийн 2 холбоо байдаг. Би 2018 онд энэ холбоонд орж ажилласан. Би Монголын сагсан бөмбөгийн холбоонд Баттөмөрийн компьютерийг Бямбажав гэх хүнд өгсөн байгаа. Гэхдээ би ямар нэгэн мөнгө аваагүй. Надад 99113777 дугаараас залгаж “би чамд Монголын сагсан бөмбөгийн холбоонд зөөврийн компьютер аваад өг гэж хэлж байгаагүй, чи наад асуудлаа Бямбажавтай ярь” гэж хэлсэн. Бямбажав гэдэг нь Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн комиссар байсан хүн байгаа юм. Чинзориг нь хохирогч Бат-Эрдэнийг Оросын холбооны улс руу явуулж өгнө гэх хэрэгт холбоотой. Үүнийг хохирогч өөрөө нотлоно. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч Төмөр намайг байцаалтын өрөөнд оруулж гутлын үдээс, хувцас тайлуулж байгаад зодсон. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг Цагдан хорих байрнаас түр бичгээр авч гарсан. Би тухайн үед хавтаст хэргийн материалтай танилцаж мэдүүлэг өгөх ёстой байсан боловч мөрдөгч намайг бороохойгоор цохиж зодсон. Тиймээс би дахин мэдүүлэг өгч чадаагүй.  Дэслэгч Пүрэв дээр шалгагдаж байгаа Алтангэрэл гэх залуу намайг зодуулсан гэдгийг нотлоно. Би энэ талаар гомдол гаргаж чадаагүй. Тухайн үед өмгөөлөгчгүй байсан учир гомдол гаргах хуулийн боломжийг мэдээгүй. Намайг Монголын сагсан бөмбөгийн холбоонд ажиллаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс нотлоно. Би Батбаатартай хамт тэмцээнийг шүүж байсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж Чинзориг гэх хүнэээс мэдүүлэг авахуулмаар байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр таксинд явж байхад Т миний машинд суусан. Тэгэхэд “та хөлбөмбөг сонирходог юм уу? Дэлхийн аваргын тоглолт үзэх 10 хүнтэй баг бүрдүүлж байгаа” гэж ярьж байсан. Тэгээд би Тт гар утасныхаа дугаарыг өгсөн. 05 дугаар сарын 14-ний өдөр Т “бид нар уулзаж байна” гээд ярихаар нь очтол Т ганцаараа байсан. “10 хүний баг бүрдүүлээд явна. Хоёулаа нэг хүний 4.000.000 төгрөг гаргаад явна. Та маргааш мөнгөө бэлэн болгочих” гэсэн. Би 05 дугаар сарын 15-ны өдөр 3.500.000 төгрөгийг Сайнбуян гэх хүний дансанд хийсэн. Энэ хүнийг аялал зохион байгуулж байгаа хүн гэж хэлж байсан. 460.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. 05 дугаар сарын 21-ний өдөр “Монре даатгалд” амь насны даатгал хийлгэнэ гээд 400.000 төгрөг авсан.  05 дугаар сарын 29-ний өдөр Чинзориг гэх хүнтэй уулзсан. Чинзориг нь “10 хүний батлан даалт  гэх 1.500.000 төгрөгийн хэрэг байна” гэсэн.  Энэ нь “оройн хүлээн авалттай, үүнд орохын тулд дансны хуулга үзүүлэх ёстой” гэсэн. “Надад мөнгө байхгүй байна” гэхэд Т “та машинаа ломбарданд тавьчих” гэж хэлсэн. Би  итгээд машинаа ломбарданд тавиад 1.500.000 төгрөг авч өгсөн. Үүнээс хойш утсаа авахгүй алга болчихсон. Дараа нь “”Жи мобайлын” захирал Даашкаагаас таны мөнгийг гаргуулж өгнө” гэсэн. Би “Даашка” гэх хүнээс нь асуухад “Т нь би таны фен гэж хэлээд зургаа авахуулаад гарсан” гэж байсан. 06 дугаар сарын 08-ны өдөр Чинзоригтой 2 дахь удаагаа уулзахад тодорхой юм яриагүй. Та хоёрыг араас нь онгоцоор явуулаад өгье гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас Чинзориг нь хохирогч гэсэн. Гэтэл Т нь шүүх хуралдаанд Чинзориг хамтран оролцсон гэж хэлж байна. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Чинзориг нь тухайн үед Тийн амыг дагуулаад ярьсан зүйлийг нь дэмжээд байж байдаг байсан. Намайг залилхад Чинзоригийн оролцоо байгаагүй. Т надтай уулзахад миний машинд зургийн аппарат явж байсан. Гэтэл Т нь “би орой тоглолттой, хэдэн зураг авчихаад таньд орой өгчихье” гэж хэлээд авсан. Надтай тоглоомоор камер сольсон зүйл байхгүй. Би бэлнээр 5.500.000 төгрөг, камер зэргийг залилуулсан.  Надад хохиролд авсан зүйл байхгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Баттөмөр мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Ардын эрхийн 47 дугаар байранд манай ломбард үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Т нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 3 удаа эд хөрөнгө барьцаанд тавин буцааж авч үйлчлүүлсэн байдаг. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т “айфоне 6 плас” гар утас, найк брендийн пүүз, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг барьцаанд тавиад надаас 800.000 төгрөгийг авсан. Тухайн үед шалгаж авахад гар утас нь өөрийн нэр дээр байсан. Зургийн аппаратыг нээж үзэхэд сагсан бөмбөгтэй холбоотой зургууд байсан. Эд зүйлийн барьцаанд тавьсан хугацаа дуусах өдөр надруу яриад ирсэн. Австралиас мөнгө орж ирэхээр өгье гэсэн. Т надаас “таньд зарах нөүтбүүк байна уу?” гэж асуусан. Тэгээд би “asus” маркийн нөүтбүүкийг үзүүлэхэд “би Монголын сагсан бөмбөгийн холбоонд авч өгөх гэж байгаа юм, утсаар асуугаад үзье” гэж хэлээд гараад явсан. Буцаж орж ирээд “аваад ир гэнээ, холбож үзээд үзүүлэлтийг нь шалгаж байгаад авъя” гэж байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн компанийн албан бланк дээр 1.100.000 төгрөгийн үнэлгээтэй нэхэмжлэл бичиж өгсөн.  Надад цахим үнэмлэхээ  үлдээгээд аваад явсан. Хэдэн цагийн дараа надруу залгаад “энэ нөүтбүүкийг авахаар боллоо, би орой очоод нөүтбүүкний мөнгө болон өөрийн барьцаанд тавьсан эд зүйлийн мөнгийн хамтаар аваачаад өгье” гэж хэлээд таг болсон.  Хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй, сүүлдээ утсаа унтраачихаар нь “би чамайг цагдаагийн байгууллагад хандлаа” гэж мессеж бичсэн. Гэтэл надруу залгаад “би тань дээр очье” гэж хэлээд бас алга болсон. Би Монголын сагсан бөмбөгийн холбоо руу утасдаад Т гэх хүн ажилладаг эсэх талаар асуухад тийм хүн ажилладаггүй гэсэн хариу хэлсэн. Хохирол болох 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үнэлгээн дээр нөүтбүүкний үйлдлийн системийн үеийг нь бичээгүй. Уг нөүтбүүк нь ай-5-ийн 7 дугаар үеийн үзүүлэлттэй. Үнэлгээтэй санал нийлэхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батбаатар мэдүүлэхдээ:  Би “30+” лигийг шүүдэг байсан. Хамт шүүдэг байсан Билгүүнбаатар нь  Тийн найз нь юм.  2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр надтай ажил ярих гэсэн юм гэхээр нь Арслантай  гүүрний хажууд уулзсан. Гэтэл миний утсыг “өгч байгаач фейсбүүк орчихоод өгье” гэж хэлээд авсан. Надад цүнхээ үлдээгээд “найз охиноо таксинд суулгаж өгчихөөд ирье” гэсэн. Би өөр хүний утсаар өөрийн дугаар луу залгаад үзэхэд миний гар утас холбогдохгүй байсан. Маргааш нь надруу өөр хүний утаснаас холбоо бариад “утсыг чинь өгөх гэсэн чинь Налайхад ирчихсэн байна бензиний мөнгөгүй болчихлоо” гэхээр нь би 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш таг болчихсон. Хохирол болох 470.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Билгүүн мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сард найз Чинзоригтойгоо ирээд миний плейстейшн тоглоомыг “түрээслье” гэж ирээд авсан. Тухайн үед Чинзоригийн жолооны үнэмлэхийг үлдээгээд явсан. Маргааш нь ганцаараа ирээд “дүү маань плейстейшинээр тоглож байгаа. Би Чинзоригтой дахиад тоглох гэсэн юм, нэг плейстейшн өгчих” гээд аваад явсан. Би Чинзоригоос асуух гээд залгасан боловч гар утас нь холбогдохгүй байсан. Ингээд гар утсаа салгаад алга болсон. Чинзориг нь Хэнтий аймагт хамт сурдаг байсан хүүхэд гэсэн. Би 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 88/, Б.Оюунтуяа /хх-ийн 94/, О.Баттөмөр /хх-ийн 64-65/, Г.Батбаатар /хх-ийн 11, 189/, Б.Билгүүн /хх-ийн 127,133-134/, гэрч Ж.Сайнбуян /хх-ийн 89/, О.Чинзориг /хх-ийн 90-91/, Б.Оюунтуяа /хх-ийн 94/, О.Чинзориг /хх-ийн 135-136/, Б.Дугарсүрэн /хх-ийн 240/, Б.Нямсүлд /хх-ийн 239/ нарын мэдүүлэг, Б.Бат-Эрдэний “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 98-101/, Ж.Сайнбуянд  3.500.000 төгрөг шилүүлжсэн баримт /хх-ийн 104/, хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-ийн 105/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18, 68-69, 184-185/, Монголын сагсан бөмбөгийн холбооны 18/07 дугаартай албан бичиг /хх-ийн 228/, “Хас буурал групп” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 74-75/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 138/,  Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 231-239/, Тийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 192/, Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 193-199/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Т нь  2018 оны 05 дугаар сарын 14-29-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Эрдэнийг “ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолт үзүүлэх аялалд явуулна” гэж 5.900.000 төгрөгийг, мөн “зураг авчихаад буцааж өгье” гэж “Nikon D5100” маркийн зургийн аппарат зэргийг нь залилан авч нийт 6.480.000 төгрөгийн,

мөн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 47-21 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хас буурал групп” ХХК-ийн  барьцаалан зээлдүүлэх газарт “Сагсан бөмбөгийн холбоонд хэрэглэнэ” гэж иргэн О.Баттөмөрөөс “АSUS I5” маркийн зөөврийн компьютерийг нь залилан авч 800.000 төгрөгийн,

2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есүй” пабын орчим “утсаар чинь фейсбүүк орчихоод өгье” гэж хэлэн иргэн Г.Батбаатарын “Huawei P-9 LITE” загварын гар утсыг нь залилан авч 479.400 төгрөгийн,

2018 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жаст 53А байрны гадна “1 хоног түрээсэлж тоглоод өгье” гэж хэлэн иргэн Б.Билгүүнээс 2 ширхэг “playstation” видео тоглоомыг залилан авч 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

            хохирогч Б.Бат-Эрдэнийн /1хх-ийн 88/: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний орой Түмэндэмбэрэл овогтой Т уулзаж “ОХУ-д зохиогдох Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнд 10 хүний баг бүрдүүлж, хоёулаа зохион байгуулж тал талаасаа 4.000.000  төгрөг нийлүүлж явах, гол нь өөрсдөө үнэгүй явах зорилготой. Маргааш 4.000.000 төгрөг өгөх шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Т нь аялал зохион байгуулж байгаа Жавхлан овогтой Сайнбуян гэх хүний “5517152826 дугаартай дансруу 4.000.000 төгрөг хийчих” гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын ХААН банкнаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн. 5 дугаар сарын 21-ний өдөр “даатгал хийлгүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын ХААН банкнаас 400.000 төгрөг бэлнээр Тт авч өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Олимп” хотхоны гадаа Т нь  Чинзориг гэх залуутай уулзуулж 24 цагийн турш Тийн дансанд байршуулах 3.000.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ардын эрхийн ХААН банкнаас бэлнээр 1.500.000 төгрөгийг Тт өгсөн. Т “маргааш Австралиас мөнгө шилжүүлнэ” гээд өгөөгүй. Дахин холбогдоход “би нууц үгээ мартсан, авч чадахгүй байна” гэж хэлсэн. Одоог хүртэл миний хуурч залилаад миний мөнгийг өгөхгүй байна..” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Ж.Сайнбуянгийн /1хх-ийн 89/: “...Т нь манай найз залуу бөгөөд  5 сарын өмнө фейсбүкээр холбогдож найзалсан...Т “цалин орж ирсэн” гэж хэлсэн...Т өөрийгөө спортын төв ордонд шүүгч хийдэг гэж хэлж байсан... Т миний картыг хэрэглэж байсан. Тухайн үед миний картнаас мөнгө уншуулаад байсан...Шилжиж орж ирсэн мөнгөнөөс нь би огт хэрэглээгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Чинзоригийн /1хх-ийн 90-91/ “...Миний бие Т гэх залууг 2016 оноос хойш сайн мэддэг болсон. ...2018 оны 04 дүгээр сард байх Т над руу яриад “Би 10 хүнтэй баг бүрдүүлээд ОХУ-руу явуулж хөл бөмбөгийн ДАШТ үзүүлэх гэж байгаа, та хамт явж үзэх үү” гэхээр нь “юу ч гэсэн уулзаж байгаад ярилцъя” гээд салгасан. Тэгээд өөрийгөө Монголын сагсны дээд лигийн тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа, одоо Сагсан бөмбөгийн холбоонд ажиллаж байгаа гэж ярьж байсан. Тэр бүгдээс нь итгэл төрөөд түүний явуулах гэж байгаа 10 хүний бүрэлдэхүүнд орж ОХУ-руу хөл бөмбөгийн ДАШТ-г очиж үзье гэж шийдээд түүнд хамт явахаар шийдлээ гэдгээ хэлэхэд “та тэгвэл 1.000.000 төгрөгийг нэг хүний данс руу хийчих, тэгээд тэр мөнгийг чинь орсны дараа дарга нартаа харуулчихаад баталгаажсаны дараа танд буцаагаад өгье” гэсэн юм. Түүний хэлсэн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба маргааш нь Т тэр 1.000.000 төгрөгийг надад бэлнээр нь авчирч өгсөн юм....2018 оны 06 сарын 02-03-ны өдрүүдийн аль нэгэнд нь Т надруу яриад “уулзах хэрэг байна” гээд Олимп хотхонд байх манай гэрийн гадаа ирж уулзсан. Уулзахдаа нэг Батдорж гэх залууг дагуулан ирээд “энэ залуу манай хамт явах 10 хүнд нэмэгдэж байгаа юм. Хэрэв манай 10 хүн бүрдчих юм бол та бид 2 бараг үнэгүй шахуу явж болохоор байна. Энэ залуутай та уулзаад яаж мөнгө төгрөг дансанд хийгээд авсан талаараа хэлээд өг, тань шиг надад итгэхгүй байна” гэж хэлээд тэр залуутай уулзуулсан юм. Батдорж гэх залуутай уулзахад Т нь “би энэ Батдорж гэх залуутай гэрээ байгуулчихсан, бараг 10 хүнээ олчихно. Харин мөнгөө яаж хийсэн талаараа та энэ залууд хэлээд өгөөч” гэхээр нь тэр залууд нь хандан өөрийнхөө явах мөнгөө дансанд хийж 1 хоног байршуулаад баталгаажсаны дараа мөнгөө буцаагаад авчихна гэж хэлсэн. Учир нь би болсон асуудлыг яг үнэнээр нь хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой Т над руу нөгөө Батдорж гэх залуугийн 99037724 дугаараас залгаад “би мөнгөө авчихлаа, энэ мөнгөө аль дансанд хийх вэ? Тус тусад нь байлгах уу? Нэг дансанд байлгах уу?” гэж ярихаар нь “чи чинь юу яриад байгаа юм бэ? ямар дансанд байршуулахыг чи өөрөө мэдэх ёстой юм байгаа биз дээ. Наадах чинь надад ямар хамаатай юм бэ?” гэсэн чинь өөдөөс “за, за юм аа болгочихоод эргээд ярина” гэж хэлээд утсаа тасалсан. Үүнийг сүүлд бодоод байхад Т нь нөгөө залуугаас мөнгө авчихаад тэрнийхээ хажууд худлаагаасаа над руу ярьсан юм шиг байна лээ. Тэгээд түүнээс хойш таг болчихсон би дахин холбогдож уулзаагүй. Учир нь би өөрийн 1.000.000 төгрөгөө түүнд өгөөд буцаагаад авчихсан болохоор ОХУ-руу явна гэдэг худлаа болчихлоо гэж ойлгоод холбогдоогүй юм...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Б.Оюунтуяагийн/ 1хх-ийн 94, 182/ “...Тэр үед би Т гэх залуутай анх удаа уулзсан болохоор сонирхоод түүнээс “хаана ажилладаг вэ? Энэ чиглэлээр ОХУ-руу хэдэн удаа хүн дагуулан явсан бэ? Очоод хаана байрлах гэж байгаа вэ? Хүн тосож авах уу? Манай ахын нэр дээр захиалагдсан буудал болон галт тэрэгний билет байна уу? Байвал үзүүлээч?” гэх зэрэг зүйлс асуухад ямар ч хариу хэлэлгүй “бид нар хөтөчтэй явна, бүх юм бэлэн болчихсон байгаа. Би чамтай харьцмааргүй байна, учир нь ахтай чинь бүх зүйлээ ярилцаад тохирчихсон учраас ахтай чинь л харьцана” гээд бараг уурлаж уцаарлаад байсан...Тэгээд орой нь ахтайгаа гэртээ уулзахад “өнөөдөр тэр ОХУ-руу явах аялалыг зохион байгуулж байгаа Чинзо гэх залуутай уулзсан. Маргааш өргөдөл гаргаад бичээд өгөөрэй мөнгийг минь гаргаад өгнө“ гэж байна лээ гэж хэлсэн. 2018 оны 06 сарын 11-ний өдөр болсон. Тэр өдөр би ахтайгаа утсаар ярьж байгаад Т гэх залуугийн байрны гадаа ахтайгаа уулзахад “Тийг хүлээж байна, намайг энд хүлээж бай гэж байна” гэсэн. Хүлээж байгаад нөгөө Чинзо гэдэг хүн манай ахруу залгахаар нь би өмнөөс нь утсыг нь аваад ярьж “манай ах ОХУ-руу явахгүй, та нар өгсөн мөнгийг нь буцаагаад гаргаад өг. Ттэй холбогдож чадахгүй байна” гэсэн чинь “би чамтай уулзахгүй наад мөнгө төгрөгийнхөө асуудлыг Ттэй ярь би зөвхөн аялалыг гаргаж өгсөн хүн, гэхдээ санхүүг нь хариуцдаг өөр хүн байгаа...” гэсэн...” гэх мэдүүлгээр,

           

хохирогч Б.Бат-Эрдэнийн  ХААН банкны дансны хуулга /1хх-ийн 98-101/ ,

           

Т, Б.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 105/,

           

хохирогч Б.Бат-Эрдэнэ нь Б.Оюунтуяад олгосон итгэмжлэл /1хх-ийн 167/,

           

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн184-185/,

           

Монголын сагсан бөмбөгийн холбооны 18/07 дугаартай албан бичиг /1хх-ийн 228/,

 

            хохирогч О.Баттөмөрийн /1хх-ийн 65/: “...Гэрчийн мэдүүлэг дээрээ болсон явдлыг үнэн зөвөөр тодорхой ярьсан учир гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

           

хохирогч О.Баттөмөрийн гэрчээр мэдүүлсэн  /1хх-ийн 66/ : “...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед зүс таних Т гэгч нь манай ломбардаар орж ирэн урьд тавьсан байсан гар утас, пүүз, зургийн аппарат, ай-под нарын хугацаа дууссан байсан учир уг эд зүйлсийг “сунгуулна шүү байлгаж байгаарай” гэж хэлчихээд, “таньд зарах юм байна уу” гэхээр нь “зөөврийн компьютер байгаа” гэж хэлэхэд “үзье, манай Сагсан бөмбөгийн холбоонд зөөврийн компьютер хэрэгтэй байгаа юм. Би захиралдаа үзүүлчихээд авах үгүйгээ хэлье. Та зөөврийн компьютерээ өгөөд явуулчих” гэхээр нь би “үгүй” гэхэд “та өгчихөө би ерөөсөө удахгүй” гэж намайг шалсаар байгаад зөөврийн компьютерийг авч явсан. Авч явчихаад 99732423 гэсэн дугаараас миний эзэмшлийн 99995964 гэсэн дугаар луу залган “таны зөөврийн компьютерийг захиралтай ярьчихаад авахаар боллоо. Одоо тань дээр яваад очьё” гэж хэлээд таг болсон. Уг залуу нь манай ломбарданд байнгын эд зүйл тавьдаг учир би зүс таньдаг болсон юм. Өөрийгөө надад хэлэхдээ МСБХ-нд шүүгчээр ажилладаг гэсэн ...Би уг зөөврийн компьютерийг Тт “1.000.000 төгрөгөөр худалдан ав” гэж хэлсэн байдаг. Ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй тул 1.100.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлгээр,

           

“Дамно” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 68-69/,

           

“Хас буурал групп” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1хх-ийн 74-75/,

 

хохирогч Г.Батбаатарын /1хх-ийн 18, 189/: “...2018 оны 06 сарын 17-ны өдөр Т фесбүүкээр холбогдоод “уулзъя хаана байгаа юм, ярих юм байна” гээд Багшийн дээдийн цаана байдаг “Есүй” пабын гадаа уулзаад “Нөүтбүүк байна уу, статистик хийх” гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь “байхгүй” гэсэн чинь “утсаа өгч бай, ганц фейсбүүк ороодохъё” гэхээр нь “чи утсаа яасан юм” гэсэн чинь “ойрхон цэнэглээд орхисон байгаа” гэхээр нь өгчихсөн. Тэгээд “хамт ойрхон явчихаад ирье” гэхээр нь хамт 64 дүгээр дэлгүүрийн орчимд байдаг ПиСи тоглоомын газар очоод цүнхээ аваад гарж ирээд надад “энийг түр бариад байж байгаач, хамт явж байгаа хүнээ таксинд суулгаж өгөөдхөе, харагдаж болохгүй шүү” гэсэн. Хүлээж байгаад 10-аад минутын дараа утас руугаа залгасан чинь миний утас холбогдохоо больсон байсан...Сүүлд нь нэг өдөр надтай 95012989 дугаарын утсаар яриад “Багшийн дээд дээр авчраад өгье” гээд алга болсон...Би 30+ лигийн ширээн дээр суудаг шүүгч Билгүүнээр дамжуулж танилцаж байсан. Т нь Билгүүний найз байсан. Т шүүгч хийж байгаагүй. Харин сагсан бөмбөгийн холбооны арын албанд ажиллаж байсан байж магадгүй...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 17-18/,

 

хохирогч Б.Билгүүний /1хх-ийн 127, 133-134/: “...Би плейстэйшн нь буюу РС-4 гэдэг тоглоом түрээсэлдэг юм. 2018 оны 09 сарын 05-ны өдөр 17 цагийн үед миний 99496243 дугаарын гар утас руу 94764637 гэсэн дугаараас “плейстэйшн буюу РС-4-ийг түрээслэе” гэж ярихаар нь “тэг хүрээд ир” гэсэн. Тэгээд Т, О.Чинзориг гэсэн 2 залуу ирээд О.Чинзориг нь жолооны В ангиллын үнэмлэх үлдээгээд, түрээсийн мөнгө болох 25.000 төгрөг үлдээгээд 2018 оны 09 р сарын 06-ны орой 20 цагт Т нь дахиад нэг РС-4 тоглоом аваад 50.000 төгрөг өгөөд, маргааш нь авчирч өгнө гээд явсан. Одоог хүртэл байхгүй байна...Би энэ 2 залууд плейстэйшн-4 тоглуулагч 2 ширхэгийг 4 СД, 4 гар, 6 залгуурын хамт өгч явуулсан.  Нэг ширхэг плейстэйшн-4 тоглоом 700.000 төгрөгийн үнэтэй. Би 1.400.000 төгрөгөөр нийлүүлээд үнэлж байна... Би тэр хоёрыг таньдаггүй байсан. Анхнаасаа Т нь надтай ярьж мөнгө төгрөг өгөхдөө хүртэл Т нь надад өгсөн. Т нь 2 дахь тоглоомыг авахаар ирэхдээ “би өчигдрийн авсан тоглоомыг дүүдээ өгөөд тоглуулж байгаа, Чинзориг бид 2 тусдаа энэ тоглоомыг авч тоглох гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгж худлаа хэлсэн байна лээ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Чинзоригийн /1хх-ийн 135-136/: “...Т надад хэлэхдээ “би плейстейшн хүнээс түрээслэж авах гэж байгаа юм, ойрхон юм чинь надтай хамт явчих уу” гэхээр нь би хамт явсан...Би жолооны үнэмлэхээ өгөөд Т 25.000 төгрөгөөр плейстейшн-4, 2 ширхэг гар, 2 ширхэг тоглоомыг авсан бөгөөд надад хэлэхдээ “манайх бөхийн өргөөний тэнд байдаг, би маргааш чиний үнэмлэхийг аваад буцаагаад өгье” гэж хэлээд бид 2 салсан...Тэгтэл 2018 оны 09 сарын 07-ны орой 23 цагийн орчим Билгүүн гэх залуу нь надтай яриад “танай найз Т өчигдөр ирээд дахиж нэг плейстейшн нэмж авч явчихаад ирэхгүй байна, надтай уулзах боломж байна уу” гэхээр нь орой 23 цаг өнгөрөөгөөд уулзсан. Тэгээд Билгүүн бид 2 Сансарын интернет кафе руу очиход хаачихсан байсан. Би Сансар явах замдаа Т рүү чат бичихэд “би хөдөө байна, маргааш нөгөөдрөөс очно. Плейстейшн нь гэрт байгаа, чи маргааш манайх руу очоод авчих” гээд Бөхийн өргөөний зүүн талын 4 дүгээр байрны 9 давхарт 56 тоотод байдаг гэж хэлсэн. Тэгээд тэр хаяг руу нь Билгүүний хамтаар очиход 9 давхарт тийм тоот хаяг байхгүй байсан бөгөөд Билгүүн бид 2 Тийг хайж эхлэхээр болсон. Би Тийн найз нөхдийн дугаарыг сураглая гээд, Билгүүн болохоор фейсбүүкээр сураглая гэж тохирсон...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Б.Дугарсүрэнгийн /1хх-ийн 240/: “...Яг хэзээг нь санахгүй байна . Ямар ч байсан 2018 онд намайг лангуун дээр сууж байхад нэг үл таних залуу “би Сагсан бөмбөгийн холбоонд менежер хийдэг. Би ломбарданд плейстейшн тоглуулагч тавьсан байгаа. Алдахаас нь өмнө та надаас худалдаж авчих” гээд надаас гуйгаад байсан. Тэгээд би Сансарт байрлах нэг ломбарданд тэр залууг дагаж очоод ломбарданд 350.000 төгрөг тушаагаад плейстейшн авсан. Тэгтэл маргааш нь тэр залуу дахиж над дээр ирээд “манай найз плейстейшн зарах санал тавьсан, та худалдаад авчих, хямдхан өгнө” гэсэн. Би тэр плейстейшнийг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тухайн 2 ширхэг плейстейшнийг засварлаж янзлаад 1 ширхэгийг ойролцоогоор 400.000 төгрөгөөр худалдаж борлуулсан. Ямар хүмүүст зарж борлуулсан талаараа би мэдэхгүй байна. Би өдөрт дунджаар 50 хүнтэй харилцдаг...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Б.Нямсүлдийн /1хх-ийн 239/: “...2018 оны 09 сарын 04-ний өдөр Э.Билгүүнбаатар гэх нэрээр плейстейшн тоглоом 250.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 272.500 төгрөгөөр буцаан авсан байна...” гэх мэдүүлгээр,

 

            “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн138/,

           

Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 231-239/,

           

Тийн /1хх-ийн 26-27, 192/: “...Яллагдагчаар татаж мэдүүлэг авч байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би 2018 оны 06 дугаар 17-ны өдөр Батуух Батуух гэсэн хаягтай өөрийн найзтай фейсбүүкээр чатлаж харилцаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний орчимд уулзаад хамт явж байгаад гар утсыг нь аваад “10 минутын дараа ирнэ” гэж хэлээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тэнд ломбарданд 150.000 төгрөгөөр тавиад хүнд мөнгө өгөх ёстой байсан тэрэндээ өгсөн..., ...2018 оны 06 сард Ардын эрхийн тэнд байдаг таньдаг ломбарднаас “Нөтбүүк худалдаж авья” гээд иргэний үнэмлэхээ үлдээгээд АЙ-5 загварын нөтбүүк аваад бөхийн өргөөний хажууд байрлах ломбарданд 250.000 төгрөгөөр тавиад тэр мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан..., ...2018 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэг Халдвартын тэнд Чинзориг гэдэг найзтайгаа уулзаад жолооны үнэмлэхийг нь барьцаанд тавиад 2 плейстейшн түрээсэлсэн, тэгээд өдрийн мөнгийг нь төлөөд 3 хоног болоод тэгээд өөр газар Сандей плаза дээр 1 давхарт 1066 лангуун дээр аваачаад хадгалуулсан нэрийг нь мэдэхгүй...Батбаатар бид 2 найзууд. Тэр өдөр би Батбаатартай уулзаад гар утсыг нь аваад салаад явсан. Би гар утсыг нь авахдаа түр хэрэглээд өгнө гэж хэлээд авсан. Тэгээд би тэр гар утсыг Сансарт байрлах нэг ломбарданд аваачиж тавьсан. Тэгээд тэнд нь тэр чигт нь орхисон...Би Бат- Эрдэнэтэй цуг ОХУ-руу явна гээд 450.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд тэр өдөр цуг явж байгаад 3.500.000 төгрөгийг найз охиныхоо дансруу хийлгэж авсан. Учир нь би өөрөө ямар нэгэн банкинд данс эзэмшдэггүй. Бэлнээр авахаар гээчих байх гэж бодоод дансруу хийлгэсэн. Би Бат-Эрдэнээс 3.950.000 төгрөг авсан. Мөн Бат- Эрдэнэ нь надаас 200.000 төгрөг авсан. Мөн дээрээс нь дэлгэдэг ДиВиДи авсан. Тухайн ДиВиДиг /100.000-150.000 төгрөгний үнэтэй байдаг/ би зургийн аппаратны оронд нь өгсөн. Гэхдээ бүр солилцоогүй түр өгсөн байсан. Тэгээд би хойшоо явах талаар хөөцөлдсөн боловч бүтээгүй...Баттөмөр лүү яриад “таньд зарж байгаа үзүүлэлт гайгүй нөтебүүк байна уу” гэж асуутал Баттөмөр надад “ASUS брендийн 5 дугаар үеийн Ай5 маркийн нөүтбүүк байна, би 1.000.000 төгрөгөөр зарахаар тавьчихсан байгаа. Чи авах юм бол 900.000 төгрөгөөр ав” гэсэн....Би тухайн нөүтбүүкийг зарсан, одоо хэнд зарсан талаараа би мэдэхгүй байна. Тухайн үед фейсбүүкээр зарсан...Найз Чинзориг руу залгаад үнэмлэх чинь байна уу би юм түрээслэж авах гэсэн юм аа. Тухайн үед миний үнэмлэх байхгүй Баттөмөрт байсан. Тэгээд Чинзориг над дээр ирээд бид 2 Билгүүний гэрт очоод 2 ширхэг плейстейшн 4 тоглоомыг аваад 1 ширхэгийг ломбарданд, маргааш нь хоёуланг нь Сандей дээр аваачиж зарсан...” гэх мэдүүлгээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нар нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Тийн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогч нараас худал хэлж мөнгө, эд зүйлсийг нь авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Т шүүхэд мэдүүлэхдээ “…Б.Бат-Эрдэнийг залилсан асуудалд О.Чинзориг холбоотой, тэрээр энэ асуудлыг зохион байгуулсан...” гэх боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж түүний мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

“ОХУ-д зохиогдох хөл бөмбөгийн тэмцээнд аялалаар явуулах” талаар Б.Бат-Эрдэнэд өгсөн мэдээллийн эх сурвалж нь Төөс гаралтай байгаа нь хэрэгт ач холбогдолтой.

 

Энэ тохиолдолд О.Чинзоригийн субьектив санаа зорилгод тулгуурлан хэргийн хамаарлын талаар дүгнэлт хийх учиртай. Энэ хэрэгт хамтран оролцсон  байж болзошгүй гэх О.Чинзоригийн сэдэлт, зорилгод дүгнэлт хийхэд тэрээр энэ хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өөрөө ч Тийн үг, үйлдэлд төөрөгдөж явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд энэ хэрэгт О.Чинзоригийг холбогдуулан шалгах шаардлагагүй болно.

 

Ийнхүү Тийн огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгч үр дүн маш эргэлзээтэй бөгөөд бүтээгүй тохиолдолд авсан мөнгөө эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Иймээс шүүгдэгч Тийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Б.Бат-Эрдэнэд учирсан хохирлын хэмжээг 6.980.000 төгрөг хэмээн тоо, тооцооны техникийн шинжтэй алдаа гарсныг 6.480.000 төгрөг хэмээн зөвтгөсөн болно.

 

Мөн  хохирогч О.Баттөмөрт учирсан хохирлыг 1.100.000 төгрөг хэмээн дүгнэжээ.

 

Хохирогч О.Баттөмөр мөрдөн байцаалтын явцад  ““ASUS I5” маркийн зөөврийн компьютерийг 510.000 төгрөгөөр үнэлсэн Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай санал нийлэхгүй, хэт ерөнхий байдлаар үнэлсэн” гээд үүнийгээ  ““ASUS I5” үзүүлэлттэй компьютер нь дотороо үеэрээ ялгагдана. Миний компьютер 7 дугаар үетэй компьютер байсан” гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  Ийм  учраас шинжээчийн дүгнэлтийг баримтлалгүйгээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлаж (1хх-ийн 75 ) хохирогч О.Баттөмөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 800. 000 төгрөгөөр тогтоов.

 

Дээрх байдлаар шүүх гэмт хэргийн хохирлыг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэхэд гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг дурьдаж байна.

 

Ингээд  мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох Б.Бат-Эрдэнийн 6.480.000 төгрөг, О.Баттөмөрийн 800.000 төгрөг, Г.Батбаатарын 479.400 төгрөг, Б.Билгүүний 1.100.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Төөс гаргуулж тэдэнд олгох нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шархайн овогт Түмэндэлгэрийн Тийг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тийн урьд цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Төөс нийт 8.859.400 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Бат-Эрдэнэд 6.480.000 төгрөгийг, хохирогч О.Баттөмөрт 800.000 төгрөгийг, хохирогч Г.Батбаатарт 479.400 төгрөгийг, хохирогч Б.Билгүүнд 1.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөлөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ