| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/00815/И |
| Дугаар | 210/МА2024/02006 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02006
| 2024 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/02006 |
,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03611 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,-д холбогдох,
18,556,695.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний эцэг ,,,,,,,,,, нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ,,,,,,, дүүрэг, 7 дугаар хороо, ,,,,,,,,, 2 дугаар байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн Ү-2204000830 дугаартай 29 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар Худалдаа, хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 180 сарын хугацаатай, жилийн 0.8 хувийн хүүтэй, 40,000,000 төгрөг зээлж авсан. Ингэхдээ ,,,,,,,,,,,,,,-тай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ, ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг тус тус байгуулсан.
Миний эцэг ,,,,,,,,,, 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барж даатгалын эрсдэл үүссэн. Амь даатгалын гэрээний 3.2 дахь хэсэгт зүрх гэнэт зогсох амь насны нэмэлт эрсдэлийг сонгож 0.02 хувиар даатгалын хураамж төлж тооцуулан даатгалын хураамжийг төлсөн.
1.2. ,,,,,,,, би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өвлөгч болсон.
,,,,,,,,,,,,,,-иас даатгалын нөхөн төлбөрт 13,8,,,,,,,,,467 төгрөг олгосон ба энэ үндэслэлээ тайлбарлахаас татгалзсан. Мөн тус компани даатгалын нөхөн төлбөрийг зохих ёсоор олгоогүйгээс үүдэн зээлдэгчид өнөөдрийн байдлаар 220,644.90 төгрөгийн хүүгийн төлбөр үүссэн буюу гэрээний үүргийн зөрчлөөс хохирол учирсан.
Иймд зохих ёсоор олгоогүй нөхөн төлбөрийн үлдэгдэл 18,336,050 төгрөг, хүүгийн төлбөр 220,644.90 төгрөг, нийт 18,556,695.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Амь даатгалын гэрээний 3.2-т зааснаар даатгуулагч нь зүрх гэнэт зогсох, цус харвах, зүрх гэнэт зогсох-цус харвах гэсэн нэмэлт эрсдэлийг сонгон даатгуулсан ба энэ нь даатгуулагчийн нас барсан өвчний шалтгаантай таарч байгаа. Даатгуулагч нь 50 буюу түүнээс дээш насны даатгуулагч байх тул гэрээний үнийн дүнгийн 50 хувийг барагдуулсан.
Гэрээний 7.11 дэх хэсэгт 50-аас дээш насны даатгуулагч нь нэмэлт эрсдэлээр даатгуулсан бөгөөд зүрх зогсох, цус харвах эрсдэлээр нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нэхэмжилсэн дүнгийн 50 хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасан болно.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу даатгуулагчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,670,934,67 төгрөг байсан ба уг зээлийн үлдэгдлээс нөхөн төлбөрийг 50 хувиар бодож олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,-иас 18,226,837.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 329,857.52 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс даатгагчийг хууль хэрэгжүүлээгүй гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Даатгуулагчтай байгуулсан гэрээ нь даатгалын зуучлагчаар дамжин байгуулагдсан ба гэрээний гарын үсэг зурах хэсэг дээр даатгагчийн гарын үсэг, мөн дардас дарагдсан, даатгалын зуучлагч ба даатгуулагч нарын гарын үсэг зурагдаагүй.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт даатгалын гэрээг бичгээр хийх шаардлагыг заасан. Энэ шаардлагыг хангаагүй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэрээг байгуулах үедээ шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Гэтэл шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Даатгалын гэрээ байгуулагдсаны дагуу хураамжийг төлсөн. Зохих нөхөн төлбөрийг олгож байсан. Ипотекийн даатгалын журмыг хариуцагч биелүүлээгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,, нь гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан 18,556,695.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь гэрээнд заасан зохицуулалтын дагуу нөхөн төлбөрийг бууруулж олгосон үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. ,,,,,,,,,, нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр Худалдаа, хөгжлийн банкнаас 40,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, ,,,,,,, дүүрэг, 7 дугаар хороо, ,,,,,,,,, 2 дугаар байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэж авсан.
Энэ зээлийн гэрээний үндсэн дээр ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,-тай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр амь даатгалын гэрээ байгуулахдаа гэрээний 3.2-т зааснаар зүрх гэнэт зогсох, цус харвах, зүрх гэнэт зогсох-цус харвах нэмэлт эрсдэлийг даатгуулсан байна.
3.1. ,,,,,,,,,, нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зүрхний булчингийн томролт, хавхалгийн хатууралт бүхий архаг хууч өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан ба төрсөн охин ,,,,,,,, ,,,,,,, дүүрэг, 7 дугаар хороо, ,,,,,,,,, 2 дугаар байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өвлөж авсан.
,,,,,,,,,,ийг нас барсан үеийн буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 32,062,304.98 төгрөг байснаас даатгагчийн зүгээс нөхөн төлбөрт 13,8,,,,,,,,,467 төгрөг олгосон.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9/4888 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн 100 хувиар олгох ёстой болохыг даатгагчид мэдэгдсэн.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
4.1. Хариуцагч нь хэрэгт бичгээр авагдсан даатгалын гэрээнд даатгуулагч гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус гэж гомдол гаргасан.
Хэрэгт талуудын бичгээр байгуулсан гэрээ авагдсан бөгөөд үүний дагуу даатгуулагч нь даатгалын хураамж төлж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрт 13,8,,,,,,,,,467 төгрөг олгож гэрээ бодитоор хэрэгжсэн тул гэрээнд даатгуулагч гарын үсэг зураагүй нь гэрээг бичгээр байгуулагдаагүй хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.
Түүнчлэн даатгагч нь гэрээний стандарт нөхцөлийг нийтэд санал болгогчийн хувьд хэрэглэгчээр гэрээнд гарын үсэг зуруулах үүргийг хүлээнэ.
Иймд талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.
4.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагчаас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэсэн.
5. Даатгуулагч ,,,,,,,,,, нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зүрхний булчингийн томролт, хавхалгийн хатууралт бүхий архаг хууч өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барснаар даатгалын гэрээний 3.2-т зааснаар даатгалын тохиолдол үүсжээ.
Үүнтэй холбогдуулан даатгагч нь даатгалын гэрээний 7.11-д 50-аас дээш насны /календарийн огноогоор/ даатгуулагч нь нэмэлт эрсдэлээр даатгуулсан бөгөөд зүрх зогсох, цус харвах эрсдэлээр нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нэхэмжилсэн дүнгийн 50 хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар олгохгүй гэж тайлбарласан.
5.1. Хэдийгээр гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг бууруулж тооцох нөхцөл үүссэн боловч даатгагч нь даатгалын чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага тул Даатгалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг дагаж мөрдөх, хэрэглэгчид стандарт нөхцөл бүхий гэрээг тайлбарлан танилцуулах үүргээ биелүүлээгүй учир даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд зааснаар бууруулан тооцох үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
5.2. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно, 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан.
Гэтэд даатгагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, стандарт нөхцөл бүхий гэрээний зохицуулалт, түүний үр дагаврыг даатгуулагчид танилцуулж, үүнийгээ мэдүүлгийн маягтаар баталгаажуулаагүй. Мөн даатгалын зуучлагч энэ талаарх үүргээ гүйцэтгэсэн эсэхийг нягтлаагүй.
Хэрэв даатгуулагч гэрээний зохицуулалтын үр дагавартай бүрэн танилцсан тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах, өөр даатгагчтай гэрээ байгуулах зэрэг асуудал нээлттэй байх байжээ.
5.3. Иймд даатгагчийн дээрх журмыг хэрэгжүүлээгүй буруутай үйлдлийг даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй ба даатгуулагчид учирсан хохирлыг даатгагч хариуцан төлөх үр дагавар үүсгэнэ гэж дүгнээд даатгалын гэрээний 7.7, 7.10-т заасан зохицуулалтыг үндэслэн даатгуулагчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 32,062,304.98 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 18,226,837.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцэж байна.
5.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс үлдэх 329,857.52 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/03611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ