Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02005

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/02005

 

 

,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,ад холбогдох,

хохирол 14,243,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ,,,, дугаар тушаалаар Ш.,,,,,,,,,,ыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны ,,,, дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.,,,,,,,,,,ыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нийт 14,243,344 төгрөгийг Ш.,,,,,,,,,,д ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгосон.

Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,243,344 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Төрийн сангийн мэргэжилтнүүдийг төсвийн захирагч төрийн сантай зөвшилцөж ажилд авч, чөлөөлдөг. Хамтын шийдвэр гаргаад хариуцлага хүлээх болохоор нэг хүн нь хариуцах ёстой гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй. Тухайн үед хамт олноороо маш олон удаа хуралдсан. Энэ хамт олон өөрөө энэ хүнтэй ерөөсөө харилцаж чадахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Мөн ,,,,,,,,,,,,өөс энэ талаар надад мэдэгдээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Уг маргаан төрийн албан хаагч буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн. Хариуцагч тал гэм буруутай гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,ад холбогдох төрд учирсан хохиролд 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Ш.,,,,,,,,,,ыг төрийн албанаас халсныг хууль бус болохыг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэж байгаа нь хариуцагчийг төрд шууд санаатай хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үгүйсгэж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,ыг шууд санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хорын хохирол учруулаагүй, шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Хамтын зарчмаар шийдвэр гаргасан. Захиргааны шүүхийн шийдвэрээр гэм бурууг тогтоогоогүй. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь төрд учирсан хохирол нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,ад холбогдуулан 14,243,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлөхөд хамтын шийдвэр гаргасан, шүүхийн шийдвэрээр гэм буруу тогтоогоогүй гэж маргасан.

 

3. ,,,,,,,,,,,, нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ,,,, дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.,,,,,,,,,,ыг ажлаас халсан.

 

4.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0137 дугаар магадлалаар ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ,,,, дугаар тушаалыг хүчингүй болгон, Ш.,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4.3. ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Ш.,,,,,,,,,,ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,912,466 төгрөг олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 1,235,724 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1,095,154 төгрөг тус тус төлсөн.

 

5. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад үндэслэн гэм хорын хохирлын маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэхийн зэрэгцээ гэм буруу, хохирлын шалтгаант холбооны талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой байна.

 

5.1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо, дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.,,,,,,,,,,ыг ажлаас халсан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ,,,, дугаар тушаалыг хүчингүй болгосон.

Үүнтэй шалтгаант холбоотойгоор ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газраас Ш.,,,,,,,,,,д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна.

 

5.2. Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ,,,,,,,,,,,,,, нь шууд санаатайгаар төрд эд хөрөнгийн хохирол учруулсан болохыг нэгэнт тогтоосон учир тэрээр бусдыг ажлаас халах тушаал гаргаж буй үйлдэлдээ гэм буруутай.

Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэлгэрүүлж тайлбарлахдаа тухайн магадлалаар нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн.

 

Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд эд хөрөнгийн хохирол учирсан байх тул уг хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5.3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбараар ,,,,,,,,,,,,,, нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ,,,,,,,,,, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон.

Иймээс Ш.,,,,,,,,,,ыг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилоогүй үйл баримтад ,,,,,,,,,,,,,,ын гэм буруу байхгүй.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Ш.,,,,,,,,,,д олгосон 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,667,013 төгрөг, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 538,366 төгрөг, нийт 6,205,379 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэлээс үлдэх 8,037,965 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03875 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас 6,205,379 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,037,965 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 114,236 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ