| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0248/э |
| Дугаар | 398 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 398
2019 04 24 398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Даваасүрэн;
шүүгдэгч: Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мундаг овогт Даваахүүгийн Гт холбогдох эрүүгийн 1809011730288 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин засалч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 18 дугаар гудамжны 415 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, УЕ81013072 регистрийн дугаартай, Мундагт овогт Даваахүүгийн Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11-р хорооллын 2 дугаар байрны 24 тоотод 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Булнайгийнд цагаан сараар очиж золгочихоод гэрээс нь гарахдаа түүний “самсунг галакси А-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Булнай /хх-ийн 12-13/, гэрч Б.Уянга /хх-17/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, Гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 77-78/, Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны 24 тоот Б.Булнайгийн гэрээс “Самсунг галакси А-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
хохирогч Б.Булнайгийн /хх-ийн 12-13/: “...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 24 тоотод оршин суудаг юм. Өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт 15 цагийн орчим манай байгууллагад ажилладаг Г гэдэг залуу ганцаараа нилээн согтолттой ирж манайд байж байгаад гарахдаа “гутлаа өмсөж байна” гээд үүдэнд байгаад байсан. Удалгүй “би явлаа” гээд гараад явчихаар нь би гал тогооны өрөөнд байсан гар утсаа үзтэл байхгүй байхаар нь нөхөртөө хэлээд араас нь гаргасан. Манай эгч Уянга шатаар буугаад хайж байтал 5 дугаар давхарын харанхуй буланд Г миний гар утсыг барьчихсан байж байхаар нь барьж авсан байна лээ. Тэгээд манай эгч орилоод байхаар нь би араас нь гараад очтол Г манай эгч Уянгын гарнаас нь барьчихсан байж байсан. Намайг хараад манай эгчийн гарыг нь тавьчихсан юм. Би тэр дариудаа өөрийнхөө гар утсыг буцааж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Уянгын /хх-ийн 17/: “... тэр үед цагаан сар болж байсан болохоор би гадуур явж байгаад гэртээ орж иртэл Г “золгоно” гээд согтуу ирчихсэн байсан. Цай, ууж байгаад Г нь “гарлаа” гээд гараад явсан. Тэгсэн чинь манай дүүгийн хүүхэд 3 настай Ариунхур гэж хүүхэд “ээж таны утас байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би болон манай хүргэн дүү нар Хуягаагийн араас гарсан. Дүү, хүргэн хоёр шууд гараад явсан. Харин би хурдан гарахгүй байх гэж бодсон. Үүднээсээ 9 давхараас эхлээд хайж байтал 5 давхарт яг манай доод талын давхарын буланд сууж байхаар нь би очтол манай дүүгийн гар утсыг базаад унтраах гэж байхад нь би барьж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-10/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн Г нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны 24 тоотоос Б.Булнайгийн “Самсунг галакси А-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 890.000 төгрөгийн хохирол учруулж буй Гийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Б.Булнай нь хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Гт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мундагт овогт Даваахүүгийн Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг нийт 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г нийт 40 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 320 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ