| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0408/э |
| Дугаар | 504 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 504
2019 05 28 2019/ШЦТ/504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Г.Сундуй;
хохирогч: Э.Цэнгэл;
шүүгдэгч: Х (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийбаярын Хт холбогдох эрүүгийн 1909013760403 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер, морин циркийн жүжигчин мэргэжилтэй, “Неон” клубт менежер ажилтай, ам бүл 4, нагац ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 41 дүгээр гудамжны 118 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФА93080431 регистерийн дугаартай, Боржигин овогт Өлзийбаярын Х.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Х нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” баарны үүдэнд иргэн Э.Цэнгэлтэй маргалдаж улмаар түүний хүзүүг пивоны хагарсан шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 2 найзын хамт “Айлофт” бааранд орсон. Нэг эмэгтэй найз маань “тэр залуу миний бөгсөнд хүрсэн” гэж хэлэхээр нь заалгаж аваад тамхины өрөө рүү орсон. Ингээд Цэнгэлтэй тамхины өрөөнд муудалцаад салсан юм. Мөн тамхины өрөөнөөс гараад ч бааранд хэд хэдэн удаа Цэнгэлтэй маргалдсан. Гадаа гараад байж байтал Цэнгэл ирээд “уулзъя” гэхээр нь учраа ололцох гэж байгаа юм байна гэж бодоод дагаад явсан. Гэтэл Цэнгэл намайг “манай ах нартай уулз” гэж айлгасан. Би бодохдоо “намайг ах нартайгаа нийлж зодох гэж байгаа юм байна” гэж ойлгоод пивоны шил хагалаад хүзүүнд нь тулгасан юм. Ингээд бид 2 барьцалдаад газарт Цэнгэлийн дээр нь гараад сууж байсан. Тухайн үед их шоконд орсон байсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цэнгэл мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 2 найзтайгаа “Айлофт” бааранд орсон. Миний хувьд эмэгтэй хүний араас бөгс рүү нь цохисон асуудал гаргаагүй. Х “ах гэж худал хэлж байна, манай 2 найз л байсан. Миний санаж байгаагаар гадаа “гал байна уу” гэж асуухад “байхгүй” гэснээс болж Хтай муудалцаад нэг мэдэхэд хүзүүнээс цус гараад ухаан алдсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Одоо бол гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 600.000 төгрөг нэхэмжилж байсан боловч баримтыг нь манай эхнэр түрийвчиндээ авч явж байсан боловч автобусанд түрийвчээ суйлуулж хулгайд алдсан. Хохирлын баримтыг дахиж нөхөж авах бололцоо байхгүй юм байна лээ, ийм учраас нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Цэнгэл /хх-ийн 5-6, 28/, гэрч О.Гэрэлчимэг /хх-ийн 13/, гэрч Ц.Азбаяр /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4169 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/, Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/ камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/, Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х нь 2019 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнийн 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Айлофт” (ILOFT) нэртэй баарны гадна иргэн Э.Цэнгэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хүзүүг пивоны хагарсан шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Цэнгэлийн /хх-ийн 5-6, 28/: “... Би өөрийн найз Энэрэлтийн хамтаар 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Айлофт” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн юм. Тэгээд гарч ирээд нэг залуугаас “галаа өгөөч” гэж асуусан юм. Тэгтэл тэр залуу “чи надаас гал асуудаг хэн бэ?” гэж хэлээд над руу дайраад байсан ба тэрээр согтуу байсан юм. Тэгээд муудалцаж байгаад миний нүүр лүү толгойгоороо мөргөөд, нүүрээ дараад доошоо суусан чинь гартаа байсан пивоны шилээр толгой руу цохин хагалаад хагарсан хэсгээр нь миний хүзүүг зүсчихсэн...Би гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэсэн 600.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Гэрэлчимэгийн /хх-ийн 13/: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00:56 цагийн үед найз Зулаа, Х, Ган-Эрдэнэ нартай “Туушин” зочид буудлын ард байдаг “Айлофт” бааранд уулзсан... Шөнийн 01:30 цагийн үед Ган-Эрдэнэ, Х хоёр ариун цэврийн өрөө орсон хойгуур намайг Зулаатай текний хажууд хохирогч гээд байгаа хүзүүгээ зүсүүлдэг залуу миний хажуугаар өнгөрөхдөө миний бөгс рүү гараараа цохьчихоод явсан. Би тоохгүй хаячихаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нөгөө залуу ирээд дахиад миний бөгс рүү гараараа цохьсон. Тэгээд манай Ган-Эрдэнэ, Х нар ирчихсэн байхад дахиад миний бөгс рүү гараараа цохьсон. Тэгсэн чинь Ган-Эрдэнэ, Х хоёр ирээд тэр залуутай “яагаад байгаа юм бэ” гээд ярилцсан... Тэгээд хохирогч залуу над руу дунд хуруугаа гаргаад сонин, сонин хараад байсан. Тэгээд Х дундуур нь орж ирээд хохирогч залууг “чи эмэгтэй хүний бөгс рүү цохьдог хэн бэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Азбаярын /хх-ийн 15/: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цагийн үед “Туушин” зочид буудлын ард байдаг “Айлофт” бааранд манай найз залуу Х намайг дуудахаар нь би очсон юм. Намайг очиход Х, Хын гурван найз нь байсан. Бид нар гурван цаг хүртэл зүгээр бүжиглэж байхад хохирогч гээд байгаа залуу миний өгзөг рүү гараараа цохьсон. Тэгээд намайг ариун цэврийн өрөө орох гэсэн чинь бас дагаад яваад байсан. Би зүс таних нэг найзтайгаа тааралдаад “Айлофт” баарны тамхины өрөө рүү орсон. Тэгээд тамхи татаж байхдаа харахад Х хохирогч гээд байгаа залуутай маргалдаж байсан. Тэгээд би шууд гүйж гараад очсон чинь Х хохирогч гээд байгаа залуугийн дээр нь гараад суучихсан байсан. Хохирогч гээд байгаа залуугийн хэвтэж байсан толгойных нь хажууд хагархай шил байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Цэнгэлийн биед “хүзүүнд шарх“ бүхий ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4169 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 9/,
Хын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25/: “... Би 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00:30 цагийн үед “Туушин” зочид буудлын ард хэсэгт байрлах “Айлофт” бааранд орсон. Би бааран дотор хамт явж байсан охидуудаас болоод Цэнгэлтэй маргалдсан. Намайг тамхи татаад баарны гадна зогсож байхад Цэнгэл гарч ирээд намайг “уулзъя” гэж хэлээд намайг машины зогсоол руу дагуулаад явсан. Уулзаад учраа олчихно гэж бодсон чинь Цэнгэл “ах нартайгаа уулзана” гээд байхаар нь Цэнгэлийг айлгая гэж бодоод барьж байсан пивоны шилээ газар цохиж хагалаад Цэнгэлийн хүзүүнд тулгаж байгаад зүссэн... Цэнгэл надтай маргалдаж байгаад “ах нартайгаа уулзуулна” гээд намайг айлгаад байхаар нь өөрийг нь айлгая гэж бодоод пивоны шил хагалаад хүзүү хэсэгт нь зүссэн юм...” гэх мэдүүлгээр болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг шилээр зүссэнээ өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч шилээр зүсүүлсний улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг пивоны хагарсан шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Хын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Хын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Цэнгэл нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй, энэ талаархи баримт олдохгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигин овогт Өлзийбаярын Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ