| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0348/э |
| Дугаар | 535 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 535
2019 06 03 2019/ШЦТ/535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: С.Эрдэнэтуяа;
шүүгдэгч: А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт-Очирын Ат холбогдох эрүүгийн 1909003460324 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эдмакс Креатив” ХХК-д хаяг тогтоогч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт Дундговь аймаг, Дэлгэрхангай сум 2 дугаар баг, Таргат оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 987 тоотод түр оршин суух, урьд:
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 12 сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, гавъяа шагналгүй, ЗД78091914 регистерийн дугаартай, Баяжих овогт Цогт-Очирын А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 гудамжны 26В тоотод хохирогч Б.Идэрбаттай маргалдан улмаар сандлаар толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд толгойн оройн хуйханд шарх буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлгээ өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Идэрбат /хх-ийн 13-17/, гэрч Д.Эрдэнэчулуун /хх-ийн 27/, гэрч Д.Бадарч /хх-ийн 29/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1267 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-6/, Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-46, 48-52, 55-63/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 гудамжны 26В тоотод иргэн Б.Идэрбаттай маргалдан улмаар түүнийг сандлаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Идэрбатын /хх-ийн 13-17/: ”...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 26В тоотод Баярхүүгийн гэрт очиход Баярхүү, Бадарч нар байсан. Тэр хоёр 0,75 литрийн архи хуваагаад ууж байсан. Тэр хоёртой хамт архийг хувааж уусан. Тэгээд Баярхүүгийн найз А гэх залуу орж ирсэн. Бид 4 хамт нэг шил архи хувааж уусан, ...Энэ үед А гэх үл таних залуу над руу агсам тавиад томроод байсан. Үүний дараа А нь гэнэт “чи зайл” гэж хөөгөөд босож ирээд миний зүүн доод эрүү рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд би сандал дээрээс босоод ирсэн чинь А гал тогооны тавилга руу очоод хутга аваад над руу гүйж ирээд намайг хутгалах гэж оролдоод тэр хутга нь миний зүүн суган доогуур орсон. Үүний дараа Эрдэнэчулуун ах Аын хутгыг булааж авсан, ...Салаад удаагүй байж байхад А ахиад гал тогооноос хутга аваад хаалга руу чулуудсан. А намайг “гадаа гаръя” гэж дуудахаар нь би “болъё, зүрх өвдөөд байна” гэж хэлсэн. Ингээд сандал дээр суусан чинь гэрийн эзэн Баярхүү босож ирээд “юу болоод байна, Ааа чи манай найзыг барахгүй шүү дээ” гэж хэлэх хооронд төмөр суурьтай дөрвөлжин сандал аваад миний толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Одоо А миний хохирлыг бүрэн барагдуулж уучлалт гуйсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Эрдэнэчулууны /хх-ийн 27/: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд танил найз Идэрбат болон Баярхүү нартай таарсан. Тухайн үед Идэрбат болон Баярхүү нар архи авсан байсан. Намайг “хамт уух уу” гэхэд би “тэгье” гээд гэр лүү нь дагаж явсан. Энэ үед Баярхүүгийн гэрт Бадарч, А нар сууж байсан. Удаачгүй байхад Идэрбат архи задлахаар нь тэд нартай нийлээд хамт архи ууцгаасан. Архи уугаад нилээн хэсэг байж байтал Баярхүү тасраад унтаад өгсөн. Идэрбат, А хоёр нэг мэдэхэд хоорондоо муудалцаж байгаад А гал тогооны өрөөнөөс хутга аваад Идэрбатыг айлгаад байсан. Удалгүй Бадарч Аын хутгыг нь гарнаас нь алдуулахад Идэрбат, А хоёр хоорондоо барилцаад авсан. Дараа нь А үгийн зөрүүгийн жижиг модон сандлаар цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Бадарчийн /хх-ийн 29/: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчмын үед би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах найз Баярхүүгийн гэрт очсон юм...Энэ үед Идэрбат, Эрдэнэчулуун нар архи ууцгаагаад сууж байсан бөгөөд намайг “хамт уугаач” гэхээр нь би хамт архи хувааж уусан. Удалгүй Идэрбат гадагш гараад архи авч ирэхдээ Аыг дагуулж орж ирээд бид нар дахин архи хувааж ууцгаасан. Удалгүй Баярхүү тасраад гэртээ унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа Идэрбат, А хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Энэ үед А гал тогооны өрөөнөөс хутга аваад мах хэрчиж байтал Идэрбат “чи их уусан байна, одоо гэртээ харь” гэж хэлэхэд А “чи миний хаана явахыг заахгүй” гэж хэлээд хоорондоо хэрэлдэж байгаад А нь “чи зүгээр байгаарай, би хутгатай байна шүү, хол байгаарай чи” гэж хэлээд Идэрбатыг айлгаад байсан. Удалгүй би Ааас хутгыг нь булааж аваад газар унагаасан. Дараа нь Идэрбат, А хоёр барилцаад А Идэрбатын толгой руу төмөр суурьтай модон сандал аваад нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
Б.Идэрбатын биед “толгойн оройн хуйханд шарх” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1267 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/,
Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-6/: “... Би тухайн үед Идэрбаттай маргалдаад сандлаар толгой руу нь нэг удаа цохиж гэмтээсэн үйлдэл маань үнэн. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн толгой руу сандлаар цохисноо өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг сандлаар толгой тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Аын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Идэрбатын “...Ааас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн нь хавтаст хэргийн 17, 67 дугаар талд тус тус авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баяжих овогт Цогт-Очирын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ