Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02050

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02050

 

 

,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2024/03994 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 333,656,931.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3ээлдэгч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан. Зээлдэгч нь хуваарийн дагуу үндсэн зээл 35,431,834.59 төгрөг, хүү 61,437,577.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,101.15 төгрөг, нийт 96,896,513.20 төгрөг төлсөн.

Барьцааны гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017855 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 5866 тоот хаягт байршилтай 602 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Э-2202005464 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №000174336 дугаартай, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 гудамж, 5866 тоот хаягт байрлах 184 м.кв талбайтай газрыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 260,305,360.41 төгрөг, хүү 70,966,139.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,385,430.89 төгрөг, нийт 333,656,931.02 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд барьцаалбараар бүртгүүлсэн. Харин газар нь харьяалах газрын албанд барьцаалбараар бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Үүнээс харахад барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч ямар шалтгаанаар нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд манай талд хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн.

Зээлийн гэрээний 6.3-т гэрээг цуцалсан нөхцөлд банк зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах бөгөөд энэ тухай зээлдэгч нарт мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар мэдэгдэл өгөөгүй. Банк шүүхийн өмнөх урьдчилсан ажиллагааг явуулаагүй. Гэрээнд заасан эрх, үүргээ биелүүлээгүй байж барьцаалбараар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас 333,656,931.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн

А. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 602 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202017855 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Б. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 184 м.кв талбайтай, нэгж талбарын 1501514400 дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2202005464 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2,054,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас 2,054,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшилд байдаг Э-2202005464 улсын бүртгэлд бүртгэлтэй эзэмших эрхтэй 184 м.кв газрыг барьцаалсан барьцаалбар нь Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүртгэгдээгүй.

,,,,,,,,,,,,-тай байгуулсан барьцааны гэрээг хуульд нийцүүлж байгуулсан эсэхийг тогтоох зорилгоор барьцааны гэрээ бүртгэгдсэн эсэх лавлагааг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь цахимаар маргаан бүхий өөрийн нэр дээрх 184 м.кв газрыг барьцаалбарт бүртгэгдсэн эсэхийг шалгасан ба уг газар барьцаалбарт бүртгэгдээгүй талаарх баримт цахимаар гарсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Газрын барьцааг хуульд зааснаар харьяа газрын албанд бүртгүүлсэн. Шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан баримтаа хариуцагч тал өөрсдөө бүрдүүлэх ёстой байсан тул хүсэлтийг хангаагүй нь зөв. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн тул гэрээг цуцалж ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн үлдэгдэл 260,305,360.41 төгрөг, хүү 70,966,139.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,385,430.89 төгрөг, нийт 333,656,931.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал зээлийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл бүрдээгүй, газар барьцаалсан гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт 300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай олгохдоо ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 602 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн дээрх хаягт байршилтай, 184 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалжээ.

 

3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь үндсэн зээлд 39,694,639.6 төгрөг, хүү 61,437,577.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,101.15 төгрөг, нийт 101,159,318.20 төгрөгийг төлсөн.

Харин 2023 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн байна. Үүнтэй холбоотойгоор ,,,,,,,,,,,,,,-ийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг 2023 оны 06 дугаар сарын 05, 28-ны өдрүүдэд хариуцагч нарт мэдэгдсэн боловч үүргийн зөрчил арилаагүй.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

4.1. Зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зөрчлийг арилгуулахаар зээлдүүлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн мөнгөн төлбөрийн үүргийн үлдэгдэл, тооцооллын талаар мэтгэлцээний эсрэг байр суурь гараагүй учир анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 260,305,360.41 төгрөг, хүү 70,966,139.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,385,430.89 төгрөг, нийт 333,656,931.02 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй болжээ.

 

5.1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 602 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэгт зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

5.2. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 586б тоот хаягт байршилтай, 184 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалсан барьцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэсэн болох нь хэргийн 16 дугаар талд авагдсан барьцааны гэрээгээр тогтоогдсон.

Энэ тэмдэглэл хуурамч бөгөөд зохих ёсоор газрын албанд барьцаа бүртгэгдээгүй гэх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

5.3. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан газрын барьцаатай холбоотой баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн газрыг эзэмшигчийн хувьд газар барьцаалагдсан бүртгэл хийгдсэн эсэх баримтыг газрын албанаас өөрөө авах боломжтой байх ба энэ талаарх хүсэлтээ нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 5 сарын дараа шүүхэд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай тухайгаа хариуцагч тал нотлоогүй байна.

 

5.4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9, 14-18 дугаар зүйлд зааснаар зөвхөн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах тохиолдолд барьцаалбар үйлдэхээр заасан бөгөөд газар эзэмших эрхийг барьцаалсан тохиолдолд барьцаалбар үйлдэгдэхгүй.

 

5.5. Иймд газар эзэмших эрхийг барьцаалсан гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр тул үүнд холбогдох гомдлыг хангахгүй орхив.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасан.

Хариуцагч тал нь шийдвэрийн зөвхөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсэгт гомдол гаргасан байх тул гомдол гаргахад илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2024/03994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,984,188 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ