Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 360

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Д.М, түүний орчуулагч Г.Болормаа,

Шүүгдэгч Г.Б , тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М, Г.Б  нарт холбогдох эрүүгийн 1802005150277 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Турк улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Австри улсын Салцбург хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, Турк улсын “  сургуульд суралцаж байгаад гарсан дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цахим биткойн арилжаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   тоотод түр оршин суух, Турк улсад бусдын нэр төрд халдсан хэргээр торгуулын ялаар шийтгүүлж байсан гэх,   дугаарын гадаад паспорттой, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай, Д.М.

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бага боловсролтой, манекурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Г.Б  .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Турк улсын иргэн, Д.М, түүний эхнэр

Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Монгол Улсын хууль дүрмийг сайн мэдээгүй ийм хэрэгт холбогдсондоо маш ихээр ичиж, гэмшиж байна. Шүүх үнэн зөвөөр шийдэх байх гэж итгэж байна. Гэм буруугаа ойлгосон. Би дахин Монгол Улсын хуулийг зөрчихгүй. Бидний хүүхдийг харж үзнэ үү. Хэнд ч хор уршиг үзүүлэхийг хүсээгүй. Биднийг харгалзан үзнэ үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлээс чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны 14 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1хх-7-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-157-158/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12236 дугаартай дүгнэлт /1хх-168-170/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 169 дүгнэлт /1хх-198-199/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 170 дүгнэлт /1хх-195-196/, шүүгдэгч Г.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-232-233/, шүүгдэгч Д.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-246-247/, шүүгдэгч Г.Б  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-24/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Турк улсын иргэн Д.М, түүний эхнэр Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ургамлын өгсөн: “...Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаг эмчилгээний найрлагад дельта-9 тетрагидроканнабинол багтдаг эсэх талаар би хариулж мэдэхгүй байна. Дельта-9 тетрагидроканнабинол агуулсан каннабисыг эм хийж хэрэглэж болдог. Гэвь хууль эрх зүйн хувьд Монгол улсад хэрэглэж болохгүй.” /1хх-132-133/ гэх мэдүүлэг,    

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б  яллагдагчаар өгсөн: “...Миний хагалгаанд орж авахуулсан хавдар бага зэрэг үлдсэн юм уу аль эсвэл дахиж ургаад байгаа юм уу мэдэхгүй хааяа хавдаж өвдөөд үе үе нүүр далийгаад байх шиг болдог. Тийм болохоор одоогоос 2 сарын өмнөг интернетээр мэдээлэл үзэж байгаад байтал хавдарын эсрэг тэмцдэг бодистой ургамал байдаг. 2 настай хүүхэд хүртэл эдгэсэн хөгшин настай хүн хүртэл эдгэсэн талаар мэдээд бии нөхөрөө энэ талаар хэлсэн. Америк, Туркэд энэ ургамлын орц найрлагатай цацлага хүртэл байдаг юм байна лээ. Манай нөхөр надад маш их халамжтай миний булчирхайнд байнга санаа зовдог болохоор миний хэлсэн ургамлыг хэрэглээд үзье гэж шийдээд тэр ургамлын үрийг интернетээр захиалж Ямар хаягаар захиалсаныг манай нөхөр мэдэж байгаа. Надад бол интернетийн мэдлэг байхгүй. Уг захиалга хийснээс хойш 10 орчим хоногийн дараа гэрийн хаягаар буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод байх хаягаар “Монгол шуудан” ХХК-аар илгээмж ирсэн. Тэгээд аваад үзэхэд жижигхэн бондгор самар шиг зүйл байсан. Тэрийг манай нөхөр интернетээр харж байгаад хэрхэн яаж ургуулах талаар судлаж тарьсан. Бордоо гээд савтай зүйлүүдийг бас илгээмжээр “Монгол Шуудан” ХХК-аас би өөрийн биеэр очиж авсан. Мөн тэр чийгшүүлэгч, багаж техник гэх мэтийг дандаа илгээмжээр авсан. Цагдаа нар гэрт орж ирж үзлэг хийх үед уг ургамал 1 cap л ургасан байсан. Нөхөр бид 2 уг ургамал мэт зүйлийг хар тамхи, мансууруулах бодисын төрлийн ургамад гэж мэдээгүй, интернет зар дээр эмчилгээний зориулалтын ургамал гэж бичсэн байсан. Харин тэр зурагтын тавиур дээр байсан ургамал мэт зүйл бол уг ургаж буй ургамлаас өөрөө хатаад унасан байсан навч байгаа юм. Манай хүүхэд мөлхдөг болохоор авчихаж магадгүй гэж бодоод уг навчийг аваад зурагтын тавиур дээр тавьсан. Ёроолыг нь цоолсон сав бол шиша буюу усан тамхийг нөхөр татахдаа ашигласан.” /1хх-115-116, 232-233/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.М-ын яллагдагчаар өгсөн: “...Уг ургуулсан үрийг яг ямар сайтаас захиалж авсанаа би мэдэхгүй байна. Уг үрийг захиалснаас хойш 10-20 өдрийн дараа ирсэн байх. 3арим бараа бүтээгдэхүүнийг би өөрөө очиж авч байсан, заримыг нь гэрт хүргэж ирж байсан учир яг уг үрийг яаж авсанаа санахгүй байна. Уг үрийг суулгаж ургуулаад 20 орчим өдөр болж байсан. Уг ургамлыг ургуулах аргыг, орчны талаар би интернэтээс мэдэж авсан. Би уг ургамлыг Каннабис гэх ургамал гэж мэдээгүй. Би тэр кварц гэрлийг нь алиэкспресс сайтаас захиалан худалдаж авсан. Уг цэцгийг хэзээ боловсрох, хавдарт хэрэглэж болох хугацааг би яг мэдэхгүй байсан. /1хх-246-247/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12236 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн "№8 гэж дугаарласан ургамлаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг" гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, "№13 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал зүйл, №18 гэж дугаарласан ургамлаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг" гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал зүйл, номин гэсэн бичиглэл бүхий скочоор ороосон ур мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн номин гэсэн бичиглэл бүхий скочоор ороосон ур мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “№8 гэж дугаарласан ургамалаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг” гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал зүйл, “13” гэж дугаарласан ногоо өнгийн ургамал мэт зүйл, “№18 гэж дугаарласан ургамалаас авсан дээж ХТТГазар а/х С.Батзориг” гэж хаягласан цаасан уутанд боосон ногоон өнгийн ургамал зүйлд делта 9 тетрагидроканнабилнол илэрсэн.

4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /1хх-168-170/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 169 дүгнэлтэд:

1. Д.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Д.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмэггүй байна.

4. Д.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

5. Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Д.М одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Д.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Д.Муратад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Д.М нь мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /1хх-198-199/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 170 дүгнэлтэд:

1. Г.Б  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

2. Г.Б  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Г.Б  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Г.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Г.Б  нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Г.Б  нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Г.Б  нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Г.Б  нь мансуурах донтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /1хх-195-196/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-29/,

Эд зүйлд үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-137-138, 139-156/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-157-158/,

  “Монгол Шуудан” ХХК-ны албан бичиг, хавсралт /2хх-48-51/,

  Шүүгдэгч Г.Б  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-24/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.М /Demirtas Murat/, түүний эхнэр Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12236 дугаартай дүгнэлт, “Монгол Шуудан” ХХК-ны албан бичиг, хавсралт,  Д.М, Г.Б  нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

  Шүүгдэгч Д.М /Demirtas Murat/, Г.Б  нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын үеэс өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "Каннабис" гэх нэршилтэй ургамлыг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн гүйцэтгэх” гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.М, Г.Б  нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.М, Г.Б  нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн

охинтой болох хүүхдийн төрсөний гэрчилгээгээр тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч Г.Б д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож байгаад 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон нийт 61 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Шүүгдэгч Г.Б  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байх бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Энэ хэрэгт №35 гэж дугаарлан хураан авсан 40x40 см хэмжээтэй хатуу цаас, 50 см өргөнтэй, 50 см урттай, 150 см орчим өндөртэй Каннабис гэх нэршилтэй ургамлыг ургах орчныг бүрдүүлсэн, дотор хэсгийг нь мөнгөлөг өнгийн цаасаар бүрсэн гар аргаар хийсэн лаборатори мэт зүйл, 8 гэж дугаарласан хайрцагний хамт 301,5 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, №12 гэж дугаарласан DAEWOONG гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн тагтай агаар чийгшүүлэгч, №18 гэж дугаарласан уутны хамт 0,6 грамм хатсан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хураан авсан "Хүлэгт хөрс" гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн ууттай зүйл, №3 гэж дугаарлан хураан авсан BASE A, SWEET STICKY, TREE TRUNK, GOLDEN TREE, BASE B, CALMAG IRON гэсэн бичиглэл бүхий 6 ширхэг дотроо шингэнтэй савнууд, №4 гэж дугаарлан хураан авсан Хатан туул гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо тал хүрэн өнгийн шингэнтэй усны сав, №1 гэж дугаарласан резинэн бээлий, №2 гэж дугаарлан 5мл-1 ширхэг, 3 мл-1 ширхэг тарианы шприц, базсан цагаан өнгийн нимгэн цагаан цаас мэт зүйл, улаан өнгийн 10 ширхэг, шар өнгийн 10 ширхэг, ногоон өнгийн 10 ширхэг дотроо шингэнтэй ургамлын бордоо, МАХ 100 грамм гэсэн бичиглэл бүхий гар жин, TDS-3/temp гэсэн бичиглэл бүхий усны бохирдол хэмжигч 2 ширхэг багаж, 13 гэж дугаарлан хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийг уутны хамт 1,4 грамм, №81 гэж дугаарлан хураан авсан дотроо хүрэн өнгийн шингэнтэй доод хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон хуванцар сав, шар өнгийн скочоор ороосон байдалтай, ургамлыг үр мэт зүйл 9 ширхэг, 8 гэж дугаарласан ваартай ургамал мэт зүйлээс авсан дээж уутны хамт 2,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д.М, Г.Б   нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М-ад 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.М-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М-ын цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

           6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.          

 

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хадгалахаар, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №35 гэж дугаарлан хураан авсан 40x40 см хэмжээтэй хатуу цаас, 50 см өргөнтэй, 50 см урттай, 150 см орчим өндөртэй Каннабис гэх нэршилтэй ургамлыг ургах орчныг бүрдүүлсэн, дотор хэсгийг нь мөнгөлөг өнгийн цаасаар бүрсэн гар аргаар хийсэн лаборатори мэт зүйл, 8 гэж дугаарласан хайрцагний хамт 301,5 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, №12 гэж дугаарласан DAEWOONG гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн тагтай агаар чийгшүүлэгч, №18 гэж дугаарласан уутны хамт 0,6 грамм хатсан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хураан авсан "Хүлэгт хөрс" гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн ууттай зүйл, №3 гэж дугаарлан хураан авсан BASE A, SWEET STICKY, TREE TRUNK, GOLDEN TREE, BASE B, CALMAG IRON гэсэн бичиглэл бүхий 6 ширхэг дотроо шингэнтэй савнууд, №4 гэж дугаарлан хураан авсан Хатан туул гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо тал хүрэн өнгийн шингэнтэй усны сав, №1 гэж дугаарласан резинэн бээлий, №2 гэж дугаарлан 5мл-1 ширхэг, 3 мл-1 ширхэг тарианы шприц, базсан цагаан өнгийн нимгэн цагаан цаас мэт зүйл, улаан өнгийн 10 ширхэг, шар өнгийн 10 ширхэг, ногоон өнгийн 10 ширхэг дотроо шингэнтэй ургамлын бордоо, МАХ 100 грамм гэсэн бичиглэл бүхий гар жин, TDS-3/temp гэсэн бичиглэл бүхий усны бохирдол хэмжигч 2 ширхэг багаж, 13 гэж дугаарлан хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийг уутны хамт 1,4 грамм, №81 гэж дугаарлан хураан авсан дотроо хүрэн өнгийн шингэнтэй доод хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон хуванцар сав, шар өнгийн скочоор ороосон байдалтай, ургамлыг үр мэт зүйл 9 ширхэг, 8 гэж дугаарласан ваартай ургамал мэт зүйлээс авсан дээж уутны хамт 2,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС