Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2016/00979

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2016/00979

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, 3-р баг, Цавчир Цагаан гол гудамж, 4-р байр, 2 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Боржигон овогт Гэндэнгийн Энхбаяр /РД:НВ65051701/,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Баян сумын Цацрал нэгдлийн туслах үйлдвэрт оёдолчноор орж ажилласан үеийн ажилд орсон, ажлаас халагдсан тушаал шийдвэр нь олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдлийн туслах үйлдвэрт оёдолчноор 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архиваас шүүлгээд гарахгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчингоор ажиллаж байсан гэх боловч, хэрэгт Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 78 тоот албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 353 тоот албан бичиг, Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч А.Батпүрэв, Г.Нарантогтох нарын иргэний үнэмлэхний хуулбар, 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 тоот “Социалист хөдөлмөрийн гавшгайч” цол тэмдэгийн гэрчилгээ, гэрч А.Батпүрэв, Ц.Лхагваа нарын шүүхэд ирж мэдүүлсэн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/182 тоот албан бичиг, Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 667 тоот албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 670 тоот Ч.Энхбаярын цалингийн түүвэр, гэрч Ч.Байгальмаагийн шүүхэд ирж мэдүүлсэн мэдүүлэг, зэрэг бичгийн нотлох баримт авагджээ.

Хэрэгт авагдсан Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 670 тоот Цалингийн түүвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж Г.Энхбаярыг Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдэлд 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсан гэсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гэндэнгийн Энхбаярыг Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ