Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02051

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/02051

 

 

,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/04630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,,,,,,

Батлагдсан зураг төслийг өөрчлөн хууль бусаар нэмэлтээр барьсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж өмнөх байдалд нь оруулахыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нөхөр ,,,,,,,,,,гийн хамт 2014 онд ,,,,,,,,,,,,-иас Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ,,,,,,,,, дугаар байрны 41, 42 тоот орон сууцыг худалдан авч банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл ,,,,,,,,,,,, нь уг байрны 3 дугаар давхарт батлагдсан зураг төслийг өөрчлөн манай цонхыг тулган хааж, нэмэлтээр өргөтгөл барьж бизнесийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Өргөтгөлийн дээвэр дээр айлууд хог ихээр хаядаг бөгөөд хогийг дагаж маш муухай үнэр үнэртдэг болсон. Цонх онгойлгох, агаар оруулах ямар ч боломжгүй, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсоор 7 жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Уг хууль бус үйлдлийг эсэргүүцэн 2015 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад ,,,,,,,,,,,,-ийг Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоон Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан. 2019 онд дахин Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан боловч тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр зөрчил арилаагүй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариу ирүүлсэн.

Иймд, хууль тогтоомж зөрчиж барьсан өргөтгөлийг нурааж өмнөх байдалд нь оруулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж байгаа байдал тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нар энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш, нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ч өөрөө нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш.

Нэхэмжлэлийн шаардлага дээр хаягийн самбартай холбоотой шаардлага яригдаагүй. Хог хаягдал хаяж байгаа нь өөрөө тухайн субъектүүдийн эрх зүйн зөрчлийн асуудал байгаа. Бусад оршин суугчид хог хаягдал хаяад, тэрнээс болоод үнэр гарч байгаа нөхцөл байдлыг хариуцагч нарын үйлдэл гэж шууд ойлгох боломжгүй ба өргөтгөлтэй ямар ч хамааралгүй.

Барилга хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн өргөтгөл хяналтын ногоон стандарт болон Барилгын тухай хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаснаас биш 4 дүгээр давхрын айлд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж дүгнээгүй. Зөвхөн Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэх үндэслэл болохгүй.

,,,,,,,,,,,, тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан нь үнэн. Гэвч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа гэх 3 дугаар давхрын 31, 32, 33 тоотууд нь иргэн ,,,,,,,,ы өмчлөлд бүртгэгдсэн ба ,,,,,,,,,,,,-д ямар ч хамааралгүй. Бусдын эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол тухайн эд хөрөнгийн өмчлөгчид холбогдуулж гаргах нь зүйтэй.

Хариуцагч ,,,,,,,,ы хувьд мөн 2014 онд тухайн байруудын өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 31, 32 тоотын өмчлөлийг иргэн ,,,,,,,,,,т гэрээний дагуу шилжүүлсэн учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал тайлбарын агуулга:

Миний бие ,,,,,,,,,,,,-д ажилладаггүй. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ,,,,,,,,, дугаар байрны 3 давхар 31, 32 тоотыг худалдан авсан. ,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийн дагуу гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцох шаардлагагүй, хариу тайлбар хийх үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ,,,,,,,,, дугаар байрны 3 дугаар давхарт барьсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж өмнөх байдалд оруулахыг хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Бусдын өмч болох үл хөдлөх эд хөрөнгийг нураах асуудлыг өмчлөгч бус этгээдэд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

,,,,,,,,,, нь БГД-ийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ,,,,,,,,, дугаар байрыг барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Нэхэмжлэлд дурдсан тус барилгын 31, 32, 33 тоот орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний үндсэн дээр ,,,,,,,,,,ы өмчлөлд шилжүүлсэн, улмаар ,,,,,,,,,, нь 31, 32 тоот орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ,,,,,,,,,,т худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан бүхий орон сууцууд нь хариуцагч ,,,,,,,,,, болон ,,,,,,,,,, нарын өмч биш тул нэхэмжлэлд дурдсан асуудлыг хариуцахгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх өргөтгөлийн дээвэрт тогтсон хог хаягдлаас үүссэн үнэрийн улмаас цонхоо нээх боломжгүй болсон нь шүүхийн журмаар хийсэн үзлэгээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад авсан гэрэл зураг зэрэг баримтаар тухайн өргөтгөлийн дээвэр дээр их хэмжээний хог хаягдал үүссэн, тухайн хог хаягдлаас ямар нэгэн үнэр гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн өргөтгөлийн дээвэрт хог хаягдал хаясан хүмүүсийн үйлдлийг хариуцагч нарт шууд хамаатуулж, тухайн нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие ,,,,,,,,,,-тай амины болон албан тушаалын ямар нэгэн холбоо хамааралгүй, тус компанид ажилладаггүй бөгөөд Баянгол дүүргийн 7-р хороо, 3 дугаар хороолол, ,,,,,,,,, дугаар байрны 3 давхрын 31, 32 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нэг ч хууль, журмыг зөрчөөгүй бөгөөд Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд худалдан авч, ашиглаж байгаа атал миний хөрөнгийг нураах шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Талуудын маргаж буй орон сууцны өргөтгөл нь 2014 оны 05 дугаар сард хийгдэж гэрчилгээ олгосон ба ,,,,,,,,,,, нь 2014 оны 09 дүгээр сард байр худалдаж авсан байна.

Анхан шатны шүүх миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдлыг үл харгалзан хууль ёсоор олж авсан хөрөнгийг минь устгаж, миний амьдрах, оршин суух байрыг минь нураах шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хууль зөрчин барьсан өргөтгөлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдөж байна гэх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,д холбогдуулан батлагдсан зураг төслийг өөрчлөн хууль бусаар нэмэлтээр барьсан өргөтгөлийг нураан чөлөөлж, барилгын зурагт зааснаар засварлуулж өмнөх байдалд нь оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа нь тогтоогдоогүй, тухайн өргөтгөлийн өмчлөгч биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,,,,,, мөн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, маргаанд хамаарал бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ,,,,,,,,, дугаар байрны 41, 42 тоот орон сууцуудыг өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар 41 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийн нөхөр ,,,,,,,,,, бүртгэгдсэн. Хэдийгээр эдгээр хүмүүс нь гэр бүлийн хүмүүс байх боловч өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаарх шаардлагыг зөвхөн өмчлөгч гаргах учиртай. Түүнчлэн гэр бүлийн гишүүдээс тодруулаагүй атлаа дээрх хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Хэдийгээр ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар гэр бүлийн гишүүн эсэх талаар зохигчид маргаагүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ бие даан хэрэгжүүлэх учиртай.

Иймд, ,,,,,,,,,, нь өөрийн өмчлөх эрхийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг тодруулах ажиллагааг шүүх хийж гүйцэтгээгүй атлаа энэ эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

3.2 Мөн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндөж буй гэх өргөтгөл баригдсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ,,,,,,,,, дугаар байрны 31, 32 тоот орон сууцны өмчлөгчөөр ,,,,,,,,,, бүртгэгдсэн байхад түүнийг зөвхөн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөгч нь өөрчлөгдсөн байх боловч шүүхээс гарсан шийдвэр ,,,,,,,,,,ийн өмчлөх эрхийг шууд хөндсөн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим алдагдах нөхцөл байдал үүссэн байна.

Үүнээс шалтгаалж ,,,,,,,,,,ийн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлыг талуудаас тодруулах, түүнийг мэтгэлцээнд идэвхитэй оролцуулах шаардлагатай.

Дээрх ажиллагааг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлах замаар тодруулах боломжтой байсан боловч уг ажиллагааг гүйцэтгээгүйгээс хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй болжээ.

 

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар маргааны үйл баримтыг тогтоосны үндсэн дээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Маргаан бүхий барилгын 3 дугаар давхрын өргөтгөл барьсан хэсэг нь ямар хэмжээтэй болох, өргөтгөл барихаас өмнө уг талбай нь зөвхөн тагтны хэсэгт хамаарч байсан эсэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Үүнээс шалтгаалж хэрэв нэхэмжлэлийг хангасан тохиолдолд тухайн өргөтгөл барьсан хэсгийг урьд өмнө нь ямар байсан тэрхүү өмнөх байдалд буцаан оруулах боломжтой эсэхэд шүүх дүгнэлт өгнө.

Түүнчлэн тухайн өргөтгөл нь маргааны хүрээнд хөндөгдөж буй 3 давхрын 3 орон сууц болон 4 давхрын 2 орон сууцны аль хэсгийг хэрхэн хамаарч баригдсан болох нь мөн баримтаар тогтоогдоогүй.

Ийнхүү хэрэгт хамаарал бүхий үйл баримт тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийдэг.

Гэхдээ үзлэг хийх ажиллагаагаар хөрш залгаа хөрөнгүүдийн харилцан нөлөөллийн хүрээнд хог хаягдлаас үүссэн үнэрийн улмаас цонхоо нээх боломжгүй болсон гэх үйл баримтыг тогтоох ёсгүй. Учир нь, энэ нь эрх бүхий байгууллагаас өгөх дүгнэлтийн хүрээнд хамаарна.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргаанд материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/04630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ