Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 536

 

 

    2019       06           03                                    2019/ШЦТ/536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Г.Сундуй;  

шүүгдэгч: Ц, У (өөрсдийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баасандоржийн Ц, Мөнхцэцэгийн У нарт холбогдох эрүүгийн 1909005740337 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар түвшиний оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ..............., хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, .......... регистерийн дугаартай, Боржгон овогт Баасандоржийн Ц,

 

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, “Монос хүнс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, .......... регистерийн дугаартай, Хулд овогт Мөнхцэцэгийн У. 

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц нь Утай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд Д.Энхтулгатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч У нь Цтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд Д.Энхтулгатай маргалдаж улмаар эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд    хохирогч Д.Энхтулгын /хх-ийн 8/ мэдүүлэг, Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, Уын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14448 дугаартай дүгнэлт  /хх-ийн 13/, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 63-64/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 44-45/, Цийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-28/, Уын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-61/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 69/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Ц, У нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Холливүүд” бааранд иргэн Д.Энхтулгатай маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Д.Энхтулгын /хх-ийн 8/: “...Би Сүхбаатар дүүргийн
8 дугаар хороо, “Холливүүд” баараар үйлчлүүлж байсан юм. Тэгэхдээ би 3 залуутай маргалдаад, тайзан дээр нь хувцсаа тайлсан. Би хувцасаа буцаагаад өмссөн бөгөөд зодоон хийгээгүй. Буцаад тэр залуучуудтайгаа эвлэрсэн. Тэгээд гарах гэтэл хамгаалагч нар нь над руу дайраад маргалдаад хамгаалагчдынх нь ахлах гээд жижигхэн залуу миний нүд рүү цохисон, миний шүдийг хугартал цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Цийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19-20/: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Холливүүд” бааранд хамгаалагчаар ажиллаж байхад өлгүүр дээр нэг эрэгтэй агсам тавиад байсан. Тухайн эрэгтэйг Ууганаа, Мөнх-Эрдэнэ бид нар баарнаас гаргах үед би Энхтулга гэх залууг түлхсэн. Тэр бужигнаан дунд би нүүр хэсэг рүү нь санамсаргүй түлхэх юм уу хүрсэн байх...” гэх мэдүүлгээр

 

Уын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 52-53/: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Холливүүд” бааранд 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө хамгаалагчаар ажиллаж байсан. 02 цагийн орчимд нэг залуу баарны тайзан дээр нэг хүнтэй муудалцаж хувцсаа тайлаад байхаар нь ажил үүргийн дагуу тухайн хүнийг “баарнаас гар” гэж хэлээд баарны гадаа гаргатал өөдөөс дайраад байхаар нь би нүүр лүү нь гараараа түлхсэн тэгээд салаад буцаад баар луу орсон...” гэх мэдүүлгээр,

 

Д.Энхтулгын биед “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд их араа шүдний хугарал, баруун дээд 3-р шүдний эмтрэл, баруун сарвууны 3-р хуруунд зулгаралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14448 дугаартай дүгнэлтээр  /хх-ийн 13/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ц.Бадралын /хх-ийн 63-64/: “... Баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд их араа шүдний хугарал хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Дээрх гэмтлүүд хэрэг болох цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд...” гэх мэдүүлгээр болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 44-45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг 2 хүн зодсоныг хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг бүлэглэн зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Ц, У нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Ц, У нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Энхтулга “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц, У нарыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц, У нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Баасандоржийн Ц, Хулд овогт Мөнхцэцэгийн У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц, У нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц, У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ