Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2024/0012

 

Ц.И-ы нэхэмжлэлтэй, Төв аймгийн

Баянчандмань сумын Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                        Х.Батсүрэн 

                                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                             Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2023/0027 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0636 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Ц.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Ц.И-аас “Миний нэр дээр байгаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***, ***, *** дугаар бүхий гэрчилгээтэй газруудад Баянчандмань сумын Засаг даргын захирамж гаргуулан, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2.Нэхэмжлэгч Ц.И нь 2017 онд Х.М, М.Н, О.Б нараас *** аймгийн *** сумын *** баг, *** гудамж ***, ***, *** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг “Газар худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авчээ.

2.1.Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Ц.И-д “... тус сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжаар нэр бүхий 21 иргэнд 10.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байх бөгөөд 21 иргэний хавсралтаар баталсан байна. Тухайн үед Баянчандмань суманд газрын даамлаар ажиллаж байсан албан хаагч нь хавсралтын арыг сольж бусдад газар өмчлүүлсэн асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдсан бөгөөд тус захирамжийн хавсралт сольж газар өмчилсөн асуудлаар олон иргэн хохироод байна. Иймд төрийн байгууллага, төрийн албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болж иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, үйл ажиллагаа явуулсан иргэдийн цаг хугацаа, хөрөнгө санхүүд ихээхэн хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул уг асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэсэн хариуг өгсөн байна.

3.Нэхэмжлэгчээс “... өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, кадастрын зурагтай газруудыг худалдаж авсан. Тэр үед ямар ч асуудалгүй үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн” гэж,

4.Хариуцагчаас “... иргэн Ц.И-ы худалдаж авсан гэх ... газруудыг шалгаж үзэхэд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна. Ц.И-д худалдсан М.Н, Х.М, О.Б нарын газар өмчлөх хүсэлт, баримт нь архивт болон хувийн хэрэгт байхгүй. Сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн шийдвэр гараагүй байна. Засаг даргын захирамж, шийдвэр гаргах боломжгүй байна. Мөн тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болно” гэж маргажээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2023/0027 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.И-ы өмчилж авах хүсэлтээ илэрхийлсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***, ***, *** дугаар бүхий гэрчилгээ гарч байсан байршил бүхий 0,5 га хэмжээтэй 3 нэгж талбар бүхий газрын газар өмчлөх эрхийг баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн захирамж гаргаж, өмчлөх эрх олгогдсон газрыг газрын мэдээллийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгаж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22.1 /2018 оны хуулиар өөрчлөлт орсон/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тус хаяг байршилд байрлах 3 газрын өмчлөх эрхийг сэргээж, тус хаяг байршилд байрлах 3 газрын өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.И-ы өөрийнх нь гаргасан нэр бүхий 3 иргэний нэр дээр 2017 онд тус суманд иргэн нэг бүрд олгогдож байсан гэх 0,5 га хэмжээгээг 3 нэгж талбар бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, өмчлөх эрхийг баталгаажуулахыг,

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасныг баримтлан улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжийг үндэслэн бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, шинээр олгогдсон нэгж талбар бүхий газруудын бүртгэлийг зөвтгөн бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0636 дугаар магадлалаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2023/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан Ц.И-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.Нэхэмжлэгч магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

7.1.Миний бие магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6.1 цогцолборт “... Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар (хууль ёсоор гарсан захирамжийн хавсралтаар) өмчлүүлсэн газрын байршил нь хуурамч хавсралтад заасан, нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх газрын байршилтай давхцаагүй, уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж, газар өмчлөх эрх нь хүчингүй болоогүй, өөрчлөлт ороогүй” гэж дүгнэсэн байдаг. Гэсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8. “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн талаарх анхан шатны шүүх зөв дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь “Захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж ойлгохоор заасан хуульчилсан тайлбартай нийцэхгүй байна.

7.3.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус газрыг өмчлөх эрхийн харилцаанд шударга өмчлөгч болсон буюу өмчлөх эрхтэй болсон нь захиргааны байгууллагын хууль бус ажиллагаанаас үүдэлтэй буюу газрын даамал, Засаг даргын буруутай байж болох үйл ажиллагаа нь нэхэмжлэгч надаас үл хамаарах асуудал. Нөгөөтээгүүр гуравдагч этгээдүүдэд өмчлөх эрх олгосон Засаг даргын захирамжийг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, гол нь өмнө, одоо ч уг газар хэн нэгний өмчлөл эзэмшилд байхгүй байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд захиргааны байгууллага иргэний эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зайлшгүй шаардлагатай буюу энэ зарчим хэрэглэгдэх үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх захиргааны буруутай үйл ажиллагааг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, хуулийг буруу тайлбарлах замаар үгүйсгэж нэхэмжлэгч миний шударгаар олж авсан өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

7.4.Давж заалдах шатны шүүхийн магадлалын “... Захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдоогүй, улмаар тухайн газрыг өмчлүүлэх талаар нарийвчлан хуулиар зохицуулсан харилцаа огт үүсээгүй байхад захиргааны хэргийн шүүхээс уг хуулийг хэрэглэж, хариуцагч Засаг даргад газар өмчлүүлэхийг даалгах эрх зүйн үндэслэлгүй” буюу хянавал хэсгийн 4 дэх цогцолборын дүгнэлтийн тухайд: Энэ хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий 2 акт байгааг мөн нэг актад нь гуравдагч этгээд 3 иргэний нэр байгаа, байхгүй талаар мэдэх боломжгүй буюу хуулиар нарийвчлан зохицуулсан газар өмчлөх эрхийн харилцаа үүссэн эсэх талаар огт мэдэх боломж байхгүй, тийм шаардлага ч байхгүй.

7.5.Хууль ёсны тамга тэмдэгтэй Засаг даргын захирамжийг үндэслэн Улсын бүртгэл надад өмчлөгчийн гэрчилгээ гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл “захиргааны хууль бус үйл ажиллагаа“ үүгээр тогтоогддог. Захиргааны байгууллага түүний албан тушаалтны гаргасан шийдвэрийг иргэн, төрийн байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллага ч хууль ёсны шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй, гэтэл шүүх захиргааны буруутай үйл ажиллагааг хаацайлж, “захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдоогүй” гэж дүгнэж байгаа нь харамсалтай. Төрийн алба тасралтгүй байх зарчимтай, одоогийн Засаг дарга тухайн үед ажиллаж байгаагүй гэдгээр тухайн үеийн Засаг дарга, газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан үр дагаврыг арилгах үүрэгтэй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэж, нэхэмжлэгч намайг хохирсон дээр хохир гэж хандаж байгаад гомдолтой байна.

7.6.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5 дахь цогцолбор буюу “шүүх хохирол гэх ойлголтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчид газар өмчлөх эрх олгож хохирлыг арилгахаар даалгасан нь үндэслэлгүй" гэх дүгнэлтийн тухайд: Энэ хэсэгт давж заалдах шатны шүүх “... Хариуцагч Засаг дарга болон газрын даамал нь бусдын дарамтаар маргаан бүхий актыг гаргасан буюу Засаг дарга, газрын даамлын буруутай үйл ажиллагаа байхгүй” гэх агуулгатай дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй буюу алдаатай байна. Учир нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн хавсралтыг 2017 онд гаргасан хавсралттай хольж тайлбарлаж байна. Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “аливаа нөлөөлөлд автахгүй байх” хуулиар хүлээсэн үүрэгтэй, газрын даамлыг бусдын дарамтад орж шийдвэр гаргасан гэж үзвэл уг төрийн албан хаагч өөрөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу тангаргаа зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу юм.

7.7.Нөгөөтээгүүр төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан “бусдын дарамт”-д орсон гэж хэлсэн төдийд л эвийлдэг шүүх байх юм бол төрд ажиллаж байгаа хэн ч бай үндэслэлтэй, үндэслэлгүйгээр “би бусдын дарамтаар шийдвэр гаргасан” гээд л иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлоо төлөхөөс зайлсхийх боломжтой байхаар ойлгогдож байна. Улмаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаарх Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулиар тус тус хүлээсэн үүргээ “төр” биелүүлэхгүй байх, холбогдох заалтуудыг төрөөс хэрэгжүүлэхгүй байх боломжийг шүүх шийдвэрээрээ олгож болохгүй гэж үзэж байна. Иймээс хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.  

8.1.Бид 2022 оны 05 дугаар сард худаг гаргаж, хашаа байшингаа барьж эхлэхээр сумаас “Худаг гаргахыг дэмжих бичиг” авах хүсэлт гаргахад сумын байгаль орчны байцаагч шинэчилсэн бүртгэлд ороогүй бол болохгүй гэсэн тайлбар хэлж, сумын Засаг даргад хандахыг зөвлөсөн. Зөвлөгөөний дагуу сумын Засаг даргад хүсэлтээ өгөөд хүсэлт дэмжигдсэн, ирж аваарай гэсэн. Дэмжих бичгээ аваад сумын Засаг дарга н.А-д талархал илэрхийлээд, одоо шилжиж ирэх тухайгаа хэлэхэд “Танайх нөгөө хохирсон айл бил үү?” гэсэн “тийм” гэж хариулахад “манай сайхан нутгийг зөв сонгожээ. Тавтай морил” гэсэн. Бид ч баярлаж хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгээд ажлаа эхэлж байтал сумын Засаг дарга утсаар залгаад “Би жаахан андуурчээ” гэсэн. Бид маш хүнд цохилтод орж, сумын Засаг даргаас одоо яах ёстойгоо асуухад “Талбайн теннисийг бол дэмжиж байна. Та гэхдээ яг энэ газраа нэг бол дуудлага худалдаанд орж авч болно эсхүл шүүхийн шийдвэрээр авч болно” гэсэн. Дуудлага худалдаанд ороход бид газраа баттай авах магадлал байхгүй учир шүүхэд хандсан.

8.2.Сумын Засаг дарга өөрөө “Манайд газрын даамал хийж байсан нөхөр л баахан хүнд газар өгч, асуудал үүсгэсэн байгаа. Та шүүхээр л яв” гэсний дагуу Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд очсон. Анхны өмчлөлийн гэрчилгээг авсан дээрх 3 иргэн, хуурамч бичиг баримт үйлдэж авсан эсэх талаар бид мэдэхгүй ба 3 айлын газрыг үзэж тохироод, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэх, газар өмчлөх хүсэлтээ өгсний дараа Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *** нэгж талбарын дугаартай, *** тоот газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ кадастрын зурагтайгаа, *** нэгж талбарын дугаартай, *** тоот газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ кадастрын зурагтайгаа, *** нэгж талбарын дугаартай, *** тоот газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ кадастрын зурагтайгаа, улсын бүртгэлийн газрын тамга тэмдэгтэй, улсын бүртгэгчийн гарын үсэгтэй гэрчилгээ эх хувиараа гарч ирсэн. Бид улсаас өгч байгаа энэ л гэрчилгээнд итгэсэн учраас гэрчилгээ гарсны дараа худалдах, худалдан авах гэрээгээр өгч авалцсан болно.

8.3.Үүгээрээ бид хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт нь 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл хамгаалагдахгүй гэснийг эсэргүүцэж мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэсэн заалтын дагуу хууль ёсны шударга өмчлөгч болсон. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж өмчлөх хүсэлт өгөх үед н.Б, н.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ц нотариатаар батлуулсан итгэмжлэлтэй, н.Н-ийн ээж гэх н.Т бас нотариатаар батлуулсан итгэмжлэлтэй ирсэн болно. Эндээс харахад эрх мэдэл бүхий албан хаагч зохих бүрдүүлбэрийн материалыг бүрдүүлж өгснөөр анхны өмчлөгч нарт улсын бүртгэлийн гэрчилгээ гарах нөхцөл бүрдэж гарсан хэмээн үзэж байна.

8.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хуулийг тайлбарлах байгууллага биш гэж үзэж үгүйсгэж байна. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх байгууллага нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шийдвэр гаргах эрх бүхий байгууллага бөгөөд эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан нь хууль ёсны байтал Засаг даргад даалгах эрх зүйн үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж байгаа нь хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байгааг хүлээн авч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үнэн бодитой, нягт шалгасан, төр нь иргэнээ хохироохгүй байхыг, шударгаар шүүж гаргасан, зөв үндэслэлтэй гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 502 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

10.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

11.Нэхэмжлэгч Ц.И нь Х.М, М.Н, О.Б нараас *** аймгийн *** сумын *** бага *** гудамж ***, ***, *** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг “Газар худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлийн байгууллагаас ***, ***, *** дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.  

12.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар 21 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа төлбөргүйгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, тус захирамжийн хавсралтад Ц.И-д газраа худалдсан иргэдийн нэрс байхгүй, хавсралтын 4, 5, 6-д өөр иргэдийн нэр тусгагдсан[1] байна.

13.Харин Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн бүртгэлийн хувийн хэрэгт Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 4, 5, 6-д М.Н, О.Б, Х.М нарын нэр багтсан[2] байна.  

14.Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаар тогтоолоор Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Д.Г нь тус сумын Засаг даргын “газар өмчлүүлэх тухай” захирамжийг хуурамчаар үйлдэж, бусдад газар олгосон” болох нь тогтоогдож байгаа боловч “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

15.Улмаар газрын даамал Д.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаартай дан 5000 метр квадрат захирамж байсан. Тэгэхээр нь уг захирамжийг дугаарыг нь аваад Л.Б-ын өгсөн өргөдөлд заагдсан хүний нэрийг оруулаад захирамж төлөвлөөд Засаг даргын гарын үсэг, тамгатай захирамж дээр байрлуулаад хуурамчаар хэвлэж гаргаад материалынх нь хамт өгөөд явуулсан” зэргээр сумын Засаг даргын газар өмчлүүлсэн захирамжийн хавсралт дахь иргэдийн нэрсийг сольж, хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

16.Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн фото зураг[3], Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамлын “*** сумын ***  багийн нутаг дэвсгэр ***, ***, *** тоотуудад байршилтай газрууд нь давхцалгүй байна” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эзэмшил, өмчлөлд давхцал байхгүй ... манай өмчлөлд 7 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд маргаан гараагүй” гэсэн тайлбар, баримтаар нэхэмжлэгчийн ***, ***, *** дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээрх хаягт байрших газрыг эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд байхгүй, нэхэмжлэгч нь хашаа хатгасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх эсэх,

-Иргэнд газар өмчлүүлэхийг шүүхээс захиргааны байгууллагад даалгах боломжтой эсэх тухай байна.

17.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах” эрхтэй гэж зааснаар газрыг худалдсан этгээдүүдэд газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг газар өмчлөх эрх үүссэн талаарх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч газрыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

18.Газрыг худалдсан этгээдүүдийн газар өмчлөх эрх хуурамч нотлох баримтыг үндэслэн үүссэн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон, энэхүү захиргааны байгууллага /газрын даамал/-ын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг өмчлөх эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авч хашаа хатган, худаг гаргах зөвшөөрөл авах зэргээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нэхэмжлэгчид хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй.

19.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах эрх нь захиргааны байгууллага, тэр дундаа хариуцагч сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тул шүүхээс нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн захирамж гаргах, шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

20.Анхан шатны шүүхийн “хариуцагч нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхээ баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт зөв боловч газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, өмчлөх эрхийг баталгаажуулахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

21.Иймд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ц.И-ы хүсэлтийг хүлээн авч, судлан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын байршилд хамаарч буй тохиолдолд нэхэмжлэгчийн 0,5 га хэмжээтэй 3 нэгж талбар бүхий газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

22.Тухайлбал, уг газарт ямар нэгэн давхцал байхгүй тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн газрыг өмчлүүлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчимд нийцнэ.

23.Давж заалдах шатны шүүхээс “захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй, улмаар тухайн газрыг өмчлүүлэх талаар нарийвчилсан хуулиар зохицуулсан харилцаа огт үүсээгүй” зэргээр нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамааралгүй, өмнөх үйл баримтыг маргааны зүйлээр тодорхойлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0636 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2023/0027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И-ы өмчлөх эрхийг баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 2 дахь заалт болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж, 5, 6 дахь заалтыг 3, 4 дэх заалт болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгч Ц.И-ы хяналтын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                               Х.БАТСҮРЭН

                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

           Ц.ЦОГТ

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал,

[3] 2 дугаар хавтаст хэргийн 10, 11 дэх тал,