Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00010

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд

Нэхэмжлэгч: Д.Доржпүрэв, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Ш.Раднаадагий, Д.Цог-Очир, Б.Булганчимэг, Ж.Ганчимэг, Э.Амарбаясгалан, Б.Нэргүй, Б.Ганбаяр, Г.Лхагвадорж, Б.Цэвэгмид, Б.Бадрах-Эрдэнэ, Х.Манлайбаатар, Л.Батгэрэл, Б.Энх-Амгалан, Д.Эрдэнэцогт, Д.Мөнх-Очир, Г.Батмөнх, М.Болдбаатар, Б.Хээрийнбаатар, Т.Бямбажаргал, Х.Жаргаланбаатар, Д.Баярмагнай, Х.Хайрат, Б.Алтанхуяг, Р.Цэрэндорж, Р.Улаанхүү

Хариуцагч: Орхон аймгийн Сонгуулийн хороо

“Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр буюу Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0025/3 тоот индекс бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Доржпүрэв, Р.Цэрэндорж, Э.Амарбаясгалан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Доржпүрэв, Б.Гантүшиг, Д.Эрдэнэбат, Р.Рагчаа, Ш.Раднаадагий, Д.Цог-Очир, Б.Булганчимэг, Ж.Ганчимэг, Э.Амарбаясгалан, Б.Нэргүй, Б.Ганбаяр, Г.Лхагвадорж, Б.Цэвэгмид, Б.Бадрах-Эрдэнэ, Х.Манлайбаатар, Л.Батгэрэл, Б.Энх-Амгалан, Д.Эрдэнэцогт, Д.Мөнх-Очир, Г.Батмөнх, М.Болдбаатар, Б.Хээрийнбаатар, Т.Бямбажаргал, Х.Жаргаланбаатар, Д.Баярмагнай, Х.Хайрат, Б.Алтанхуяг, Р.Цэрэндорж, Р.Улаанхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Ардчилсан намын хороо /цаашид “Ардчилсан нам” гэх/ 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвших 33 хүний нэрийг тодруулж, Ардчилсан намаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16.47 цагт нэр дэвшигч 33 хүний материалыг албан ёсоор баталгаажуулан, хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Гэвч Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 33 хүнийг Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгээгүй. Харин хууль бусаар нэр дэвшсэн 18 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн тул Сонгуулийн хорооны дээрх хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч нэр бүхий иргэд бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралтыг хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намаас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчдийг бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаяр, Д.Ганбат нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад дурьдсан 33 нэр дэвшигчийг 29 нэр дэвшигч болгож, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч М.Ганзориг хяналтын гомдлоосоо татгалзсан тул Улсын дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар захирамжаар хяналтын гомдол гаргаагүйд тооцсон тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болно.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр бид Орхон аймгийн ШШГА-нд хандсан боловч тус албанаас шүүхийн шийдвэрт заасан зүйлийг л гүйцэтгэх үүрэгтэй гэж зөвхөн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхийг Сонгуулийн хороонд даалгадаг, харин Сонгуулийн хороо нь “ та бүгдийг бүртгэ гэсэн шүүхийн шийдвэр гарсан болохоос дахин сонгууль явуул гэсэн шийдвэр гараагүй тул дахин сонгууль явуулахгүй” гэдэг тайлбар өгсөөр өнөөдрийг хүргэсэн.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалаар Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн тул Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэг /Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно/-т зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болох бөгөөд Сонгуулийн дүн гаргасан шийдвэр ийнхүү хүчингүй болсон тохиолдолд дахин сонгууль явуулахаар Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйл /163.1 болон 163.1.1 дэх хэсгүүд/-д тодорхой заасан байна.

Дээрх тохиолдолд Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар зүйлийн 163.1.1, 163.2, 163.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн дахин сонгуулийн товыг зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулах үүрэгтэй. Сонгуулийн хорооны “та бүгдийг бүртгэ гэсэн шүүхийн шийдвэр гарсан болохоос дахин сонгууль явуул гэсэн шийдвэр гараагүй тул дахин сонгууль явуулахгүй” гэдэг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлд сонгууль /орон нутгийн/-ийг хүчингүйд тооцох хоёр тохиолдлыг заасан байна.

Нэгдүгээрт. “...хэсэгт дахин явагдсан санал хураалт хүчингүй болсон нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал тойрогт явуулсан сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болох бөгөөд тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргахаар”

Хоёрдугаарт. “...сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж тус тус заасан.

Хэсэгт дахин явагдсан санал хураалт хүчингүй болсон бол тойрогт явуулсан сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг л хүчингүйд тооцох шийдвэрийг сонгуулийн хороо гаргахаас бус шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэмжээгээр сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг дахин, дахин хүчингүйд тооцох шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй гэдэг нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн зохицуулалтаас харагдана. Иймд аймгийн Сонгуулийн хорооны дахин сонгууль явуулахгүй байгаа дээрх эс үйлдэл нь илт хууль бус эс үйлдэл болно.

 1. Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалаар Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 29 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах,

3.  Шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр буюу Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Доржпүрэв нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч тайлбар хүргүүлж байна.

1.Аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хууль болон хууль тогтоомжийн дагуу УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулан явуулсан болно. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн дүнд үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3, 161.4 дэх заалтуудыг үндэслэн түр үнэмлэхийг олгон аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүлж шинээр бүрдсэн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар төлөөлөгч нарын бүрэн эрхийг баталгаажуулсан. Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд аймгийн Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Ард түмнээ хайрлая нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Бүгд найрамдах нам, Бие даан нэр дэвшигчид зэрэг нийт 136 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ямар нэгэн гомдол гараагүй болно. Иймд аймгийн Сонгуулийн хороо сонгуультай холбоотой ямарваа нэгэн асуудалд илт хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулаагүй болно.

2. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасныг үндэслэн давж заалдах хугацааг сэргээлгэхээр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаад байна.

3.Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгээр хамгийн олон санал авсан  нэр дэвшигчдийг аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сонгуулийн дүнтэй холбоотойгоор нэр дэвшин өрсөлдсөн нам болон нэр дэвшигчдээс ямар нэгэн гомдол гараагүй болно. Иймд аймгийн Сонгуулийн хороо дахин сонгууль зарлах эрх зүйн үндэслэл, шаардлага байхгүй байна. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалт “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т  “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

13.1.1. нас барсан:

13.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан:

13.1.3.хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай  эмнэлгийн дүгнэлт гарсан:

13.1.4. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан:

13.1.5.тухайн орон нутгаас шилжсэн.

13.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 13.1.1-д заасан тохиолдолд шууд орон гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй” гэсэн байгаа нь сонгуулийн  эцсийн  дүн түүнээс үүдэн гарсан үйл ажиллагаанууд дээрээс үндэслэн дахин сонгууль явуулах, зохион байгуулах  хууль эрх зүйн үндэслэл байхгүй болно” гэжээ.

 Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Орхон аймгийн Сонгуулийн хорооноос дахин сонгуулийн товыг зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Орхон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  04 тоот тогтоолд гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гомдол гаргаж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болох 6 дугаар хавсралтыг хүчингүй болгох, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчдийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт: гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаснаар 10 дугаартай шийдвэрийг хянаж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж 221/МА2016/0436 дугаартай магадлалаар “нэр бүхий 29 дэвшигчийг бүртгэ” гэсэн өөрчлөлтийг оруулжээ. Орхон аймгийн Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан “Намын тухайн орон нутгийн төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд  нэр дэвшүүлнэ” гэсэн, 155.3-т “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тойргийн мандатын тооноос илүү нэр дэвшигчийг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлж Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байдаг.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар Орхон аймгийн сонгуулийн хорооны 04 тоот тогтоолын 6 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгож, нэр бүхий 29 нэр дэвшигчийг нэр дэвшигчийн бүртгэлд бүртгэхийг даалгаж, Сонгуулийн хорооны 04 тоот тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба уг тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр, магадлалаар Ардчилсан намаас нэр дэвшигч 29 нэр дэвшигчийг бүртгэ гэсэн шийдвэр гаргасан болохоос дээрх шүүхийн шийдвэр, магадлалд  дахин сонгууль явуул гэсэн үг, өгүүлбэр байхгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд учир нь тухайн үед сонгууль явагдаагүй байсан тул энэ асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байсан. Иймээс аймгийн Сонгуулийн хороонд дахин сонгууль зохион байгуулахыг шүүхийн шийдвэр, магадлалаар даалгасан мэтээр ярьж дахин зарлахгүй байгаа нь хууль бус гэж маргах үндэслэл байхгүй.

Үүний зэрэгцээ  Сонгуулийн хуульд заасан дахин сонгууль явуулах хуулийн үндэслэл бүрдээгүй байна. Аймгийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэсэн  04 тоот тогтоолд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийг дахин явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймээс аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын дагуу Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж явуулах эрх зүйн үндэслэлгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр явагдсан Орхон аймгийн ИТХ-ын сонгууль нь аймгийн Сонгуулийн хорооны дүн мэдээгээр нотлогддог. Орхон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд хуулийн дагуу оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгож, аймгийн сонгуулийн хуралдаанаар хэлэлцэж сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 дүгээр тогтоолыг гаргаж нийтэд мэдээлсэн. Хууль ёсны дагуу сонгогдсон Орхон аймгийн ИТХ-ын бүрэн эрх, сонгууль өгсөн 45657 сонгогчдын сонгох эрх зөрчигдөж байгаа учраас нэг намын нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар хүчин төгөлдөр явагдсан сонгуулийг дахин явуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын нэр  бүхий 29 иргэний гаргасан “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох,  Шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр буюу Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А.Түвшинжаргал, Г.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Б.Оюунбаяр, Х.Оюун-Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр явагдсан Орхон аймгийн ИТХ-ын сонгууль Сонгуулийн тухай хуулийн дагуу ямар нэгэн зөрчил маргаангүй явагдсан болох нь аймгийн Сонгуулийн хорооны дүн мэдээгээр нотлогддог. Орхон аймгийн Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхдээ тойргийн мандатын тооноос илүү нэр дэвшигчийг бүртгүүлж сонгуулийн хуулийг зөрчсөн байдаг. Орхон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд хуулийн дагуу оролцсон нэр дэвшигч нараас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгож, аймгийн сонгуулийн хуралдаанаар хэлэлцэж сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгож, аймгийн сонгуулийн хуралдаанаар хэлэлцэж сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Хуулийн дагуу сонгогдсон Орхон аймгийн ИТХ-ын бүрэн эрх, сонгогчдын  сонгох эрх зөрчигдөж байгаа учраас нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой асуудлаар хүчин төгөлдөр явагдсан сонгуулийн үйл ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын нэр бүхий 29 иргэний гаргасан  ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр явагдсан Орхон Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд Монгол ардын намаас  миний нэрийг Орхон аймгийн 9 дүгээр тойрогт дэвшүүлж өрсөлдөн 1075 хүний буюу хамгийн өндөр санал авч сонгогдсон. Орхон аймагт явагдсан орон нутгийн сонгууль Сонгуулийн тухай хуулийн дагуу ямар нэг маргаан, зөрчилгүй явагдаж сонгогч, сонгогдогч нарын эрх хуулиар хүлээн зөвшөөрөгдөн бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаж байна. Нэгэнт ямар нэгэн маргаан зөрчилгүй явагдсан сонгуулийг хүчингүйд тооцох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй гэж иргэдийн төлөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.  

Нэхэмжлэгч Р.Цэрэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны орон нутгийн Сонгууль хууль бус явагдсан, Сонгуулийн дүн хүлээн зөвшөөрсөн Сонгуулийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Сонгуулийн хороо анхнаасаа хууль зөрчиж ажилласан. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэхдээ хууль бус хуурамч баримтыг үндэслэж бүртгэсэн. Энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр нотлогдсон. Тиймээс Сонгуулийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг хүчингүй болгож дахин сонгууль зарлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ асуудал нь нэхэмжлэгчийн үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн Монгол улсад төрийн сонгууль, орон нутгийн сонгууль явагдахад хэн дуртай нь баримтаа бүрдүүлж өгөөд тэрийг нь бүртгээд улсын төсвийг зараад, нэр дэвшүүлж байгаа намуудын зардлыг үрсэн асуудал цаашдаа байж болохгүй гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгч Э.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, өөр нэмж хэлэх зүйлгүй “ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль  2016 онд ямар нэгэн зөрчил маргаангүйгээр хуулийн дагуу болж сонгуулийн дүн гарч иргэдийн төлөөлөгч нар сонгогдож бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөд  үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Сонгууль явагдахаас өмнөх процесс бол Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнээд шийдвэрээ гарсан учраас энэ нэхэмжлэл болон хэрэгтэй хамааралгүй тул ярих шаардлага байхгүй гэж үзэж байна.  Өнөөдөр сонгуулийн дүн гараад Сонгуулийн дүн гаргасан шийдвэр болон анхдугаар хурлаар төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаарх баримт бичгүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа. Үүнтэй нэхэмжлэгч нар маргаагүй. 2016 оны 06 дугаар сарын  13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, түүнийг хянасан магадлал зэргийг үндэслээд дахин сонгууль явуулаач гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсгийг  бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэсэн. Энэ хүмүүсийг бүртгэ гэж даалгаснаас биш, бүртгээд дахин сонгууль явуулах гэсэн асуудал шийдвэрлээгүй юм. Энэ талаар ч гэсэн 10 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Сонгуулийн тухай хуулиар дахин сонгууль явуулах тухай заасан байгаа.  Энэ хуульд заасан үндэслэлүүд байхгүй. Тиймээс дахин сонгууль явуулах үндэслэл байхгүй. Сонгуулийн хороонд ялалт байгуулсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа.  Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд “Нэр дэвшигч нь нэр дэвшигчид бүртгэгдсэн нь хууль бус болох нь илэрвэл нэрийн жагсаалтаас хасах, Сонгуулийн дүн гарснаас хойш хасах, Сонгуулийн дүн гарч бүрэн эрх нь тогтоогдсон бол хасах” гэж заасан. Сонгуулиар ялалт байгуулаад хамгийн олон санал авсан иргэд байгаа. Үүнтэй холбоотой өнөөдрийн байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг нь яах вэ? гэхээр энэ талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ямар тохиолдолд хугацаанаасаа өмнө бүрэн эрх нь дуусгавар болох, чөлөөлөгдөх, огцруулах талаар заасан байгаа. Нэхэмжлэгч нарын хүсээд байгаа дахин сонгууль явуулбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан зүйл заалт зөрчигдөх нөхцөл байдал үүснэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугар зүйлийн 13.1.1-д “Нас барсан”, 13.1.2-т “өөрийн хүсэлтээр”, 13.1.3 “хүндээр өвчилсөний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” 13.1.5-д “Тухайн орон нутгаас шилжсэн” гэх үндэслэлүүд байхгүй байна. Тиймээс дахин сонгууль явуулах ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын нийт  24 хүнийг төлөөлж шүүх хуралдаанд орж байна. Нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны  06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр, түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаартай магадлалаар Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 29  нэр дэвшигчийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн тул Сонгуулийн тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.2-т зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Сонгуулийн дүн хүчингүй болох бөгөөд шийдвэр нь дахин Сонгууль явуулахаар Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд тодорхой заасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд хуулийн дагуу оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгож, аймгийн сонгуулийн хуралдаанаар хэлэлцэж сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг гаргаж нийтэд мэдээлсэн. Сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй ил тод байх бөгөөд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэлийг гаргана”. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол шүүх хүлээн авахгүй” гэсэн заалтыг нэхэмжлэгч нар тус тус зөрчиж, нэхэмжлэлийг 3 сар 27 хоногоор хэтрүүлж, дахин Сонгууль явуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тиймээс нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын нэр бүхий 29 иргэний Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,  хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны Сонгууль хуулийн дагуу явагдсан гэж байна. Монгол улсын шүүхээс Сонгууль чинь хууль бус болсон, бүртгээгүй байгаа асуудал нь хууль бус байна гээд тогтоосон байхад яагаад хуулийн дагуу болсон гээд  улайраад байгаа юм. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоол хүчингүй болох талаар ХХ-5 дугаар талд Сонгуулийн дүн баталгаажуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоол, тогтоолын хавсралтыг  хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нөгөөтэйгүүр дахин сонгууль зарлах гэдэг үгэнд маань Сонгуулийн хороо өөрөө гаргасан тогтоолоо хүчингүй болгох эрх зүйн бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоос өөр арга байхгүй.  Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 10 дугаартай шийдвэрээр нэр дэвшигч нарыг бүртгэ гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар 2017 оны 05 дугаар сарын эхээр нэхэмжлэл шүүхэд гаргасан. Сонгууль 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр болсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сонгууль болохоос өмнө хуралдаад магадлалаараа анхан шатны шүүхийн 10 дугаартай шийдвэрийг ерөнхийд нь хэвээр үлдээсэн. Энэ үед нэр дэвшигч нарыг бүртгэсэн бол 2 хоногт ч хамаагүй сонгуулийн сурталчилгаа хийгээд сонгуульд оролцох боломжтой байсан. Тэгэхэд тухайн хэрэг сонгууль дууссаны дараа эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хууль ярьж байна. Энэ хууль бол хэрэглэгдэхгүй, тусдаа асуудал. Өнөөдрийн асуудал Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудал яригдаад байгаа юм.

Хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Нэр дэвшигч нарыг бүртгэхийг нь хүлээн зөвшөөрч байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна.  Энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Хэрвээ та 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эрх зүйн акт гаргаснаас хойш тоолж байгаа бол энэ хугацаа тоологдохгүй. Энэ тогтоол гарахад шүүхээс шийдвэр гараагүй байсан. Улсын дээд шүүхээс шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж бичгээр гарах гэж нэлээд удсан. Нэр дэвшигч нарыг бүртгэ гээд шүүхийн шийдвэр гарсан юм  чинь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т зааснаар дахин Сонгууль зарлах эрх нь бол байсан.

Нэхэмжлэл гаргасан 29 иргэн сонгуульд оролцох гэж нэрээ бүртгүүлэх гэсэн болохоос биш бүртгэлийн хуудсанд нэрээ бичүүлэх гэж маргаагүй юм. 2016 оны 08 дугаар сарын 23-ны  өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол гарсан. Бидний зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгуулийн хорооны даргатай уулзсан. Хөөн хэлэлцэх хугацаа маань эрх нь зөрчигдсөн гэж мэдсэн үеэс эхэлнэ гэж заасан. Дахин Сонгууль зарлах нь хуулиар зохицуулагдсан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгуулийн хорооны даргатай уулзахад хүлээн зөвшөөрөхгүй гэдэг зүйл яригдсан.  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “Орон нутгийн хурлын сонгуультай холбогдуулан тухайн шатны сонгуулийн хороонд холбогдох маргааныг тухайн сонгуулийн хороо байрлаж байгаа нутаг дэвсгэрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ.” Мөн 115.5-д зааснаар  “Сонгуулийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарсан бол хүлээн авсан өдрөөс хойш тухайн шатны шүүх 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гээд хуульчилсан байгаа. Сонгуулийн тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн зохицуулалт нь тус тусдаа өөр. Сонгуулийн хуулиар сонгуультай холбоотой зүйлийг зохицуулсан байдаг. Өнөөдөр орон нутгийн сонгуулийг дахин явуулах тухай хэлэлцэж байгаа учраас шүүхээс Сонгуулийн тухай хуулиа бариад хэргийг шийдвэрлэх ёстой. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэр дэвшигч нарыг бүртгэсэн актыг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан. Тухайн үед Сонгуулийн хороо сонгуулийн ажиллагааг хойшлуулах ёстой байсан. Тэгэхэд хуулиа зөрчөөд Сонгуулиа явуулсан байгаа. Энэ нь сонгууль хууль бус явуулсан гэдэгт хамаарч байгаа. Мөн захиргааны акт өөрөө хууль бус байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Энэ талаар зохицуулсан хуулийн заалт байдаг. Хавтаст хэргээс үзэх юм бол Орхон аймгийн Ардчилсан намаас Сонгуулийн хороонд хандсан байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол сонгууль дахин явуулахыг даалгах. Сонгуулийн тухай хуульд ямар тохиолдолд сонгуулийг дахин явуулах талаар заагаад өгсөн байгаа.  Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ” гээд заасан байгаа. Мөн хуулийн 8.6.3-т “орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг” дахин сонгууль гэж хэлнэ гээд хуулинд заагаад өгсөн. Үнэхээр хууль зөрсөн гэж үзээд байгаа бол Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хэд, хэдэн тойрогт эхлээд процессын хувьд хүчингүйд тооцуулах ёстой. Өөрөөр хэлбэл сонгуулийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаагүй.  Орхон аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаартай шийдвэрээр  бүртгэ гэсэн болохоос биш дахин сонгууль явуул гэдэг талаар ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Сонгуулийн тухай хуулиар ямар тохиолдол дахин сонгууль явуулж болох талаар заагаад өгсөн. Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д “дараах тохиолдолд дахин сонгууль явагдана”, 163.1.1-д “Сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон”,  163.1.2-д “Энэ хуульд заасан бусад үндэслэлээр” дахин сонгууль явагдана. Нэхэмжлэгч нарын зүгээс сонгуулийн шийдвэрт эрх бүхий байгууллагад гомдол гаргасан бөгөөд тэр гомдлыг хангаагүй. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа. Хуульд заасан бусад үндэслэл гэж юуг хэлээд байгаа гэхээр сонгуулийн дүн гарсаны дараа сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчээр бүртгүүлсэн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгоно гэж заасан. Дээрх хуулийн заалтуудаас харахаар нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө дээрх шийдвэрүүд дээр гомдол гаргаад, дээрх шийдвэрүүд эрх бүхий байгууллагаар хангагдсаны дараа дахин сонгууль явуулах талаар дурьдах ёстой. Ингэх юм бол хуульд нийцнэ. Гэтэл шууд давж яваад байна.  

Ардчилсан нам өөрсдийн дотоод буруутай үйлдлээс болоод дахин сонгууль явуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа дандаа процессын хувьд давж яваад байна. Гаргасан шийдвэр болгон дээр нь гомдол гараад явах байтал шууд дахин сонгууль явуулах хүсэлт гаргаж байна. Энэ маань өөрөө үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад тодруулж, нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

1.Д.Доржпүрэв, Р.Рагчаа, Ж.Ганчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын  Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6-р хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгох, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэж өгөхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр[1], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалаар[2] нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эцэслэн шийдвэрлэсэн,

Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр бүхий 12 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 тоот шийдвэрээр[3] нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн ба шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад дээр дурьдсан нэхэмжлэл болон холбогдох шийдвэрүүдийг нотлох баримтаар судлан, хэрэгт авагдаагүй тус шүүхийн 16 тоот шийдвэрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт үнэлэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч  Д.Доржпүрэв нарын 29 иргэний 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос  сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлд[4] эрх зүйн дүгнэлт хийсэн талаар:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” 09 тоот тогтоолын дагуу Орхон аймгийн орон нутгийн 2016 оны ээлжит /иргэдийн Төлөөлөгчдийн хурлын/ сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр явагджээ.

Дээрх үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.4-т “ ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй” зааснаар нотлох шаардлагагүй гэж үзэв.

3. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр явагдсаны дараа аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Түр үнэмлэх олгох тухай” 09 тоот тогтоол[5] болон түүнийг үндэслэн гаргасан тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 тоот тогтоол[6] гарч Орхон аймгийн Орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийн дүн баталгаажиж  хүчин төгөлдөр эрхийн акт болсон, уг орон нутгийн сонгуулийг хүчингүй болгуулах талаар хуулийн хугацаанд ямар нэгэн гомдол эрх бүхий этгээдээс гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан аймгийн Сонгуулийн хорооноос нотлох баримтаар гаргуулж ирүүлсэн “Аймгийн Сонгуулийн хороонд ирсэн бичгийн бүртгэл 2016 он”, “Аймгийн Сонгуулийн хорооноос явсан бичгийн бүртгэл 2016 он” зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нар нь 2016 оны 08 дугаар сарын 19[7], мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд “Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулж өгнө үү[8] хэмээн хандаж байсан болох нь тогтоогдсон болно.

4.Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 113.5-д “Сонгуулийн байгууллагад гаргасан өргөдлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан бол шийдвэрлэж дуусахаар хуульд заасан өдрөөс эхэлж нэхэмжлэл гаргах хугацааг тоолно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “...өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэгэж тус тус заажээ.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Доржпүрэв нар нь Сонгуулийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж “Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулж өгнө үүгэх гомдол, нэхэмжлэлээ[9] гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[10] болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдсон.

Тэрчлэн “Орхон аймгийн орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийн дүнг баталгаажуулсан  аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Түр үнэмлэх олгох тухай” 09 тоот тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 тоот тогтоолууд нь хүчинтэй, мөн гомдол болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон нутгийн сонгуулийг дахин явуулах боломжгүй” гэх хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд “Орхон аймгийн орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийг хүчингүйд тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах” үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйл /Дахин сонгууль явуулах/-ийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон”  зааснаар сонгуулийн дүн, түүнийг баталгаажуулсан шийдвэрүүд нь хүчинтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

5. Д.Доржпүрэв нарын 29 иргэнээс нэхэмжлэгч Л.Батгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зураагүй, мөн Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1-т заасан “ ...нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар”-аа нэхэмжлэлд хавсаргаагүй байх тул тус хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх “Гуравдагч этгээдийг оролцуулах тухай” №182 тоот шүүгчийн захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, гуравдагч этгээд И.Баасанжав, Д.Мөнхбат, Д.Ууганбаяр, Д.Даваадорж, Ц.Ойдов нарт мэдэгдсэн, түүнчлэн шүүх хуралдааны тов болон шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гуравдагч этгээд нарт мэдэгдэхийг Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд даалгаж[11] байсан.

Шүүхэд хүрэлцэн ирээгүй гуравдагч этгээд нарт хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг бусад хуульд заасан эрхтэй боловч шүүхэд хүрэлцэн ирэх /нэхэмжлэлийн хувийг гардуулах/ хүртэл хугацаанд  шүүх хэргийг шийдвэрлэлгүй хүлээх үүрэггүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүргийг хэргийн оролцогчид хүлээх тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэргийн оролцогч нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.5, 114 дүгээр зүйлийн 114.1, 163 дугаар зүйлийн 163.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Доржпүрэв нарын 28 иргэний “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос  сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр болон түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2016/0436 дугаартай магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин товлон зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Батгэрэлийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 


[1] ХХ-ийн 11-15 дугаар тал

[2] ХХ-ийн 16-26 дугаар тал

[3] 2 дахь хавтаст хэргийн 196-209 дүгээр тал

[4] 58-66 дугаар тал

[5] ХХ-ийн 29 дүгээр тал

[6] ХХ-ийн 143, 144 дүгээр тал

[7] ХХ-ийн 71, 72 дугаар тал

[8] ХХ-ийн 98-103 дугаар тал

[9] ХХ-ийн 1-6, 71, 72, 98-103  дугаар тал

[10] ХХ-ийн 193-194, 242-247 дугаар тал

[11] ХХ-ийн 125,151-154 дүгээр тал, 2 дахь хавтаст хэргийн  148-150 дугаар тал