Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1449

 

П.**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03476 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.**ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч **т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн цалин хөлсний зөрүүгээр тогтоогдох цалин болон албан тушаалын хангалтын шатахууны зардлыг тооцон гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн цалингаас хамаарах зөрүүг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч П.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад 1998 онд холбооны инженерээр ажилд орж тасралтгүй ажиллахдаа байнга албан тушаал дэвшин ажиллаж байсан ба 2013 онд Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэлгүй. Харин байгууллагын болон салбарын яамны баярын бичиг, хүндэт жуухаар шагнагдаж байсан.

**рын даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/135 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, шүүхээр 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Гэтэл **рын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/214 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлж, Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргын тушаалаар үйлдвэрийн нэгжид ахлах инженерээр томилж, хөдөлмөрийн цалин хөлс маш ихээр буурсан, ажилд буруу шилжүүлсэнд гомдолтой байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр буруу шилжүүлсэн тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн цалин хөлсний зөрүүгээр тогтоогдох цалин болон албан тушаалын хангалтын шатахууны зардлыг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн цалингаас хамаарах зөрүүг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын хугацаанд урьд авч байсан цалингаа авч байсан учир цалингийн зөрүү гэж гараагүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Харин өмнө эдэлж байсан шатахууны хангамжийг нөхөн гаргуулмаар байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.**ийг **рын даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар тус байгууллагын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргаар томилон ажиллуулсан бөгөөд тус байгууллагын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/214 дугаар тушаалаар П.**ийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн учраас зөрчлийг арилган ажлаас чөлөөлж 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр **рын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргын тушаалаар П.**ийг Холбооны хэсгийн өргөдөл, мэдээллийн технологийн тасагт ахлах инженерээр авч ажиллуулсан.

П.** нь Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргаар ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/18 дугаар тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү П.**г ажилд авсан бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар П.**г Радио холбоо, дамжуулгын тасагт кабелийн техникчээр жинхлэн томилж ажиллуулсан. Уг асуудлыг тодруулах зорилгоор **, Техник хангалт, навигацийн үйлчилгээний албанд хүсэлт өгсний дагуу тус албанаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12/760 тоот албан бичигт П.** нь тус албанд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Холбооны хэсгийн Радио холбоо, дамжуулгын тасагт кабелийн техникчээр томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл уг ажлын байранд ажиллаж байгаа болно гэсэн хариу өгсөн тул дээрх асуудлыг хэрхэн шийдэх талаар **рын зүгээс Авлигатай тэмцэх газарт албан тоотоор хандаж, Авилгатай тэмцэх газраас 2015 оны 12-р сарын 08-ны өдрийн 05/7879 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу манай байгууллагын авсан арга хэмжээ нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн П.**ийг 6 сарын хугацаанд урьд авч байсан үндсэн цалингаар үргэлжлүүлэн цалинжуулахаар тушаалд тусгасан бөгөөд энэ нь ажилтны эрх ашгийг хөндөөгүй, ажилтанд хохирол учруулаагүй үйлдэл болсон бөгөөд дээрх нөхцөл байдлыг П.** нь бүрэн хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Энэ нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн **рын харьяа Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргын Б/66 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гарын үсэг зурсан зэргээр нотлогдож байна.

Мөн ажиллаж байсан бол хэрэглэх байсан шатахууныг нэхэмжилсэн байна. Өдөрт 80 км газрыг ажлын хэрэгцээнд хэрэглэнэ гээд ажлын байрны тодорхойлолт дээрээ заагаад өгчихсөн байгаа. Өнөөдөр П.**ийг ажлаа хүлээлгэж өгсний дараа өөр хүн уг ажилд томилогдоод энэ эрхлэх асуудлынх нь хүрээнд албан үүргээ гүйцэтгээд явж байгаа. Энэ хангалтын зардал нь зөвхөн **рын гүйцэтгэх чиг үүрэг ажлын хүрээнд зарцуулагдах ёстой зардал байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар П.**ийг **рын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор болон албан тушаалын хангалтын зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн хэрэглэсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, 23.6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь зөвхөн урьдчилсан мэдүүлгийг хянахтай холбоотой юм. П.**ийн 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэг нь урьдчилсан мэдүүлэг биш бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилд томилогдсон тул 23.3 дахь хэсэгт заасан журмын дагуу томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын талаар мэдүүлэг гаргах ёстой байсан. Харин бид 24.2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлгийг хүлээн авч **рын даргад танилцуулснаар Авлигатай тэмцэх газар руу зөвхөн мэдүүлэг хүлээн авсан эсэх, зөрчилд ногдуулсан арга хэмжээний талаар тайланг хүргүүлдэг журамтай. Энэ үеэр **рын удирдлага солигдож Г.Нямдаваа 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба ажил хүлээн авсантай холбоотойгоор П.**ийн мэдүүлэгтэй 10 дугаар сарын 06-ны өдөр танилцаж, сонирхлын зөрчлийн талаар мэдмэгцээ Техник хангамжийн албанаас тодруулж, лавлагаа авснаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр П.**ийг өөр ажилд шилжүүлсэн. Ийнхүү хувийн ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлгийг 14 хоногоос хэтрүүлсэн ч хуулийн дагуу арга хэмжээ авсан ба хугацаа хэтрүүлэх нь П.**ийн ашиг сонирхлын зөрчлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох үндэслэл, хуулийн зохицуулалт байхгүй юм. Анхан шатны шүүх П.** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, төрсөн дүүтэйгээ захирах, захирагдах ажил албан тушаал эрхлэх нь сонирхлын зөрчлийг үүсгэхгүй, ажлаас халах үндэслэл болохгүй гэх дүгнэлтийг хийжээ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөр ажилд шилжүүлэх тухай Б/214 тоот тушаалын үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 11, 12 дугаар зүйлд заасны дагуу байсан. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу төрсөн дүүгээ өөрийн шууд удирдлага дор ажилд авах, удирдан ажиллах нь сонирхлын зөрчлийг бий болгож байгаа ба энэ талаар Авлигатай тэмцэх газраас дүгнэлт ирүүлсэн байхад шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Сонирхлын зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил байхаар Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.8, 4.2.3.11-д заасанд багтана. Тиймээс ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүй ёсоор бий болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.** нь хариуцагч **т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох,  хөдөлмөрийн цалин хөлсний зөрүүгээр тогтоогдох цалин болон албан тушаалын хангалтын шатахууны зардлыг тооцон гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн цалингаас хамаарах зөрүүг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

**рын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/214 тоот тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг баримтлан ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан П.**ийг Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/64 тоот тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Өгөгдөл, мэдээллийн технологийн тасагт ахлах инженерээр, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/66 тоот тушаалаар Радио холбооны тасгийн ахлах инежерээр тус тус томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч П.** нь Албан тушаалтны 2012, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгсөн байх бөгөөд хувийн ашиг сонирхол бүхий этгээдээр төрсөн дүү П.**г мэдүүлсэн нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч П.**ийн төрсөн дүү П.** нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр туршилтын болон түр хугацаагаар Техник хангалт, үйлчилгээний албаны Холбооны хэсэгт кабелийн техникчээр, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Радио холбоо, дамжуулалтын тасгийн холбооны хэсэгт кабелийн техникчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд гэр бүлийн буюу төрөл сандангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно” гэж заасанд хамаарахгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч **рын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/2966 тоот албан бичгээс үзвэл Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч П.**ийг Техник хангалт, навигацийн албаны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар ажил олгогчид мэдэгдээгүй байхад ажил олгогч нь нэхэмжлэгчийг ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт, **рын даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/214 тоот  тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай тус тус нийцээгүй тул шүүх түүнийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах, албан тушаалын хангалтын шатахууны зардлыг тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА