Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 604

 

                   Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                     хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1-17 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЯ76101913, Хачиг овогт Мягмарын Сүхбаатар,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1-17 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ76092201, Засгууд овогт Дэмбэрэлийн Сувдаа нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.765.968 төгрөг, зээлийн хүү 3.792.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.729 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 27.578.296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мягмар овогтой Сүхбаатар нь тус банкнаас 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1660002441 тоот зээлийн гэрээг байгуулан 28.000.000 төгрөгийн зээлийг хашаа байшин худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай, 1.68 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс, Улаангом  сум, 11 дүгээр баг, 1-17 тоотод байрлалтай, 72 м.кв байшин /ГД:000200312, УБД-1520003398/ 312 м.кв өмчлөх эрхтэй хашаа /ГД-000182282, УБД-1520002312/ барьцаалуулж авсан болно. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхдөө 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-д заасан “Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” 3.2.7-д заасан “Өрхийн орлогын эх үүсвэр, өөрийн болон өрхийн өөрчлөгдөх, өөр зээлдүүлэгчээс давхар зээл авах тохиолдолд банкинд урьдчилан 10 өдрийн өмнө мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

      Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.7 дахь заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.09.06/ байдлаар М.Сүхбаатар, Д.Сувдаа нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 23.765.968 төгрөг, зээлийн хүү 3.792.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.729 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 27.578.296 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлдэгч М.Сүхбаатар болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Сувдаа нарын барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгө, бараа материал, бүх төрлийн орлогын эх үүсвэрээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бунжаа нар 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Хас банк нь харилцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нараас зээл хүүгийн төлбөр болон бусад зардал 27.578.296 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх ажиллагаа явуулах явцад хариуцагч нартай тохиролцож зээлийн барьцаа хөрөнгөд барьцаалсан 11 дүгээр багийн 1-17 тоотод орших өмчлөлийн газар /312 м.кв Г-1520002312/ хувийн сууц, /72 м.кв Ү-1520003398/-ыг 18.522.000 төгрөгт тооцон банкны өмчлөх бусад хөрөнгөд авахаар, үлдэх зээл хүүгийн төлбөр 8.737.796 төгрөгийг 18 сарын хугацаанд сар бүр тэнцүү хуваан төлүүлэхээр тохиролцож, хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэн өгөхтэй холбоотой зардлыг хариуцагч тал хариуцахаар эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

    Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.765.968 төгрөг, зээлийн хүү 3.792.099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.729 төгрөг, нотариатын зардал 18.500 төгрөг, нийт 27.578.296 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бунжаа нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагаас 18.522.000 төгрөгт тооцон банкны зээлийн хөрөнгөд барьцаалсан Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 1-17 тоотод орших өмчлөлийн газар /312 м.кв Г-1520002312/ хувийн сууц, /72 м.кв Ү-1520003398/-ыг банкны өмчлөлд шилжүүлж өгөхөөр, 8.737.796 төгрөгийг бэлнээр хариуцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нар төлж барагдуулахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бунжаа нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 295.842 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 27.259.796 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 294.250 төгрөгийн тал хувь 147.125 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 148.717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нараас 147.125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Хас банк, хариуцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 27.578.296 төгрөгөөс 18.522.000 төгрөгт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 1-17 тоотод орших өмчлөлийн газар /312 м.кв Г-1520002312/ хувийн сууц, /72 м.кв Ү-1520003398/-ыг банкны өмчлөлд шилжүүлж өгөхөөр, 8.737.796 төгрөгийг /18 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх/ хариуцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нар төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 148.717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сан /150000941 тоот данс/-аас 147.125 төгрөг, хариуцагч М.Сүхбаатар, Д.Сувдаа нараас 147.125 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай. 

      3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР