| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00584/И |
| Дугаар | 605 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 605
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, 4-06 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, РД:ОД67070501, Шангас овогт Чимэдрэгзэнгийн Чагцалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чагцал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн, 49 настай. Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд аав, ээжийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд мал маллаж байгаад 1990 оноос гэр бүлтэй болж сумын төв рүү шилжин одоог хүртэл амьдарч байгаа. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байгаагүйн улмаас ажилласан жилээ бичүүлж чадаагүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чагцал нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Чимэдрэгзэнгийн Чагцалын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Гэрч Р.Эрдэнэдэлгэрийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилд орж улмаар тракторчнаар 1990 он хүртэл ажиллаад “Говийн хөгжил” ХХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ч.Чагцал нь аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 8 дугаар ангиа төгсөөд нэгдлийн Баяннуур бригадад бие даан малчнаар 1990 оыг дуустал ажиллаад гэр бүлтэй болж Улаангом сумын Хар толгойд ажиллах болсон санагдаж байна. Бид нэг нутаг усанд төрж өссөн, хоёулаа багаасаа гэр бүлийнхээ хамтаар мал маллаж өссөн, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан хүмүүс учраас нэг нэгнээ эртнээс сайн таньж мэдэх юм” гэх мэдүүлэг,
3. Гэрч З.Цэрэндолгорын шүүхэд өгсөн: “Миний бие 1971 оноос Увс аймгийн Зүүнговь сумын нэгдэл, захиргааны бичээчээр 2002 оныг дуустал ажилласан юм. Ч.Чагцал нь аав, ээжийн хамт “Говийн хөгжил” нэгдлийн Баяннуур бригадад мал маллаж байгаад 1990-ээд оны эхээр сумын төв рүү шилжсэн. Анх хэдэн онд ажилд орсныг нь санахгүй байгаа бөгөөд 1990 оныг дуустал нэгдэлд ажилласан байхаа. Ч.Чагцалын аав, ээж нь мөн нэгдлийн малыг маллаж байсан хүмүүс байсан, бид нэг нутгийн уугуул хүмүүс учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,
4. Гэрч Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ч.Чагцал нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Ч.Чагцалын цалингийн тодорхойлолт, гэрч Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Чагцалын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Чагцалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Чагцалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй нөхөр Санжмятавын бие муу асарч байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Чимэдрэгзэнгийн Чагцалын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Чагцалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР