Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | С.Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2024/00229/И |
Дугаар | 201/МА2024/00024 |
Огноо | 2024-11-07 |
Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 201/МА2024/00024
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00591 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдох
Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоол гарч тус тогтоолыг мөрдөж ажиллахыг захирал ******* надад үүрэг болгосон. Дээрх ТУЗ-ийн 18 дугаар тогтоолыг үндэслэн 2 ажилтантай байсан Төлөвлөлтийн хэсэг-ийг татан буулгаж, тус хэсгийн эдийн засагчийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар, төлөвлөлтийн менежерийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар тус тус томилон ажиллуулах талаар урьдчилан мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагчаар, *******г Захиргаа хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчаар томилсон. Мэдэгдэл хүлээн авсан ажилчид ямар нэгэн гомдол, саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *******, ******* нарт холбогдох тушаалыг гаргасан.
*******, ******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг эс зөвшөөрч Ажлаас халагдаж, тэтгэмж авах гэсэн агуулгаар байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж улмаар Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 02, 03 тоот шийдвэрээр ДБЭХС ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг манай байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж өгсөн. Манай компанийн зүгээс Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт ...эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Компанийн зүгээс ажилтан *******, ******* нарын хөдөлмөрлөх эрхийг огт зөрчөөгүй, компанийн ТУЗ-өөс гаргасан Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан. Дээрх ажилчдын ажиллаж байсан хэсгийг байхгүй болгож, хийж байсан ажил үүргийг яг хэвээр нь хадгалж өөр, өөр хэлтэст шилжүүлэн ажиллуулсан. Энэхүү шийдвэрээр дээрх ажилчдын цалин хөлс буураагүй, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулаагүй учир тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. *******, ******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл ДБЭХС ТӨХК-д ажилласан хэвээр байгаа бөгөөд ажлын цалин, хөлсөө бүрэн аваад ажиллаж байгаа болно. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн дугаар 02, 03 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтан *******, ******* нар нь тус бүр Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаар тушаалуудын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгаж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан байдаг. Манай гурван талт хороо өргөдлийг хүлээн аваад хуулийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Уг тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захиргаа ажилтнуудад мэдэгдэл олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг барьж нэгж татан буугдсан тул чөлөөлж байна гэж мэдэгдэл өгсөн байдаг. Энэ зүйлийг баримтлан чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан ажлаас чөлөөлсөн тэтгэмж олгох ёстой. Гэтэл яг чөлөөлсөн тушаал дээрээ дээрх хуулийн заалтуудыг дурдаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Гүйцэтгэх захирлын тушаалын тэргүү буюу товч утга тушаалын агуулга нь бүгд зөрчилтэй байх тул гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442, Б/443 дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй гаргасан акт байна. Иймд хүчингүй болгох ёстой гэж үзсэн. Захирлын тушаал нь хуульд заасан журмаар гаргах ёстой байтал мэдэгдэл, тушаал хоёр зөрчилтэй байсан. Мөн мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталчихаад тушаал гаргахдаа мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтыг барьсан, мөн тушаал нь эрх зүйн зөрчилтэй, тушаалын нэг дэх заалтанд ажлаас чөлөөлөөд, хоёр дах заалтанд ажилд томилж тушаал гаргасан нь зөрчилтэй байна гэж гурван талт хорооны гишүүд үзэж тушаалыг хүчингүй болгосон. Бидний хувьд зөвлөөд уг тушаалыг засах талаар манай гурван талт хорооноос чиглэл өгсөн. Тус хорооны гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах талаар шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдох Тус хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлын агуулга:
нэхэмжлэгч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл нь тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4-д Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах гэж заасны дагуу 2023 оны 08 сарын 18-ны өдөр 18 тоот Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоол гаргасан. Уг тогтоолоор нийт 630 ажилчдын тоог хэвээр үлдээж, компанийн өмнөх бүтэц зохион байгуулалтаас Хангамж үйлчилгээний хэлтэс-ийг, Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтэс болгон өөрчилж, Төлөвлөлтийн хэсэг-ийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэс-т ажиллуулсан. Ингээд хөдөлмөрийн нөхцөл хэвийн, хийж гүйцэтгэх ажил үүргийг хэвээр нь үлдээсэн.
Ажилтан *******, Л.Уугантуяа нарын ажлын байрны нэршил өөрчлөгдсөн болохоос орон тоо хасагдаагүй, аж ахуй нэгж татан буугдаагүй юм. Ажилтан *******, Г.Уугантуяа нарт ажлын байр нь өөрчлөгдөх гэж буй талаар 2023 оны 09 сарын 13-ны өдөр бичгээр Мэдэгдэл өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд Мэдэгдэл-ийг ажил олгогч шийдвэр гаргахаас 30 хоногийн өмнө өгсөн байх ёстой.
Харин гүйцэтгэх захирал нь 2023 оны 12 сарын 01-ний өдөр Б/442, Б/443 тоот тушаалуудыг гаргасан. Өөрөөр хэлбэл Мэдэгдэл-ийг ажилтнуудад өгснөөс хойш 2 сар 22 хоногийн дараа тушаал гарсан. Иймд Мэдэгдэл-д зааснаас зөрүүтэй тушаал гаргасан гэсэн нь үндэслэлгүй юм.
Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зохицуулах зүйл нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэхэд байдаг. Гэтэл Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь ажилтан *******, Л.Уугантуяа болон ажил олгогч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг хянан шийдвэрлэхгүйгээр гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг захиргааны акт гэж урьдчилан дүгнэж сонсох ажиллагаа хийгээгүй байна, тушаалын тэргүү буюу товч утга тушаалын агуулга нь бүгд зөрчилтэй хэмээн дүгнэж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа бус албан бичгийн хэлбэр, тушаал гаргахаас өмнөх ажиллагаа, тушаалын агуулгын алдааг хайсан ажиллагаа гүйцэтгэж, гүйцэтгэх захирлын дээрх тушаалуудыг хүчингүй болгож дүгнэсэн нь хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
...Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг нэршилтэй байгууллага учир аль болох талуудыг зохицуулахыг хүсдэг. Тушаал нь буруу гарсан учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Ингээд алдаагаа засварлах ёстой талаар зөвлөмжийг хүргүүлсэн. Алдаагаа засварлах боломжтой байтал шүүхэд хандаж байгааг гайхаж байна.
Тухайн гомдол гаргагч нарын хувьд анх компанийн удирдлагатай уулзаад тэтгэмж авах ёстой юм байна гэж ойлгосон байдаг. Гэтэл захирал тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг дурдаагүй байна. Ингэснээр ажилчид тэтгэмж авах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүнээс болж л гомдол гарах болсон. Мэдэгдэл, тушаал хоёр нь зөрүүтэй байгаа юм. Өөр нэгжид шилжүүлсэн гэж өмгөөлөгч одоо тайлбарлаж байгаа боловч тушаал дээр ажлаас чөлөөлсүгэй гэж тодорхой дурдсан. Чөлөөлсөн атлаа одоо чөлөөлөөгүй гэж тайлбарлаж болохгүй. Ер нь бол ажилчдад худал мэдээлэл өгч хуурах үйлдэл гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн юм. Тушаалын хоёрдугаар заалт дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шууд даалгасан. Харилцан тохиролцох гэдэг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн болохыг ойлгож байна. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг дуусгавар болгоод өөр албан тушаал нэршилд томилогдож байгаа бол өөр албан тушаалд томилогдсонд тооцно. Яг хийдэг ажлаа хийж байгаа, авдаг цалингаа авч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч шинэ албан тушаалд томилогдсон гэж үзэхээр байна. *******, ******* нартай харилцан тохиролцохгүйгээр өөр албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж болохгүй. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг зайлшгүй хийхээр хуульчилсан байдаг. ДБЭХС ТӨХК нь захиргааны байгууллага юм. Сонсох ажиллагааны үеэр харилцан тохиролцох ажиллагаа хийгдэх ёстой юм. Албан тушаал өөрчлөх тухай гэсэн нэршилтэйгээр тушаал гаргаж байгаа ч дотроо хөдөлмөрийн харилцааг цуцалж байна. ...Тэтгэмжээ аваад ажлаас чөлөөлөгдөх ёстой байтал тэтгэмж өгөхгүйгээр өөр албан тушаалд шууд томилж болохгүй юм. Хэрэв эрх зүйн зөрчилгүй тушаал байсан бол өөр ажилд томилогдсон хэсгийг хүчингүй болгоод ажлаас чөлөөлөгдсөн хэсгийг үлдээх боломжтой байсан. Тиймээс л тушаал нь эрх зүйн зөрчилтэй байна гэдгийг тайлбарласан. Бид шууд шийдвэрийг нь хүчингүй болгох эрх байхгүй юм. Зөвлөгөө өгч гаргасан шийдвэр гэж ойлгож болно гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдох Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нь хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоолын дагуу 2 ажилтантай байсан Төлөвлөлтийн хэсэг-ийг татан буулгаж, тус хэсгийн эдийн засагчийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хөдөлмөрийн эдийн засагчаар, төлөвлөлтийн менежерийг Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагчаар тус тус томилон ажиллуулахаар болж, урьдчилан мэдэгдэж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******г Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагчаар, *******г Захиргаа хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн эдийн засагчаар томилсон. Мэдэгдэл хүлээн авсан ажилчид ямар нэгэн гомдол, саналыг компанийн удирдлагад ирүүлээгүй учир хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон.
...*******, ******* нар нь тус компанийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 02, 03 тоот шийдвэрээр ДБЭХС ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
...Компанийн зүгээс ажилтан *******, ******* нарын хөдөлмөрлөх эрхийг огт зөрчөөгүй, компанийн ТУЗ-өөс гаргасан Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан. Дээрх ажилчдын ажиллаж байсан хэсгийг байхгүй болгож, хийж байсан ажил үүргийг яг хэвээр нь хадгалж өөр, өөр хэлтэст шилжүүлэн ажиллуулсан. Энэхүү шийдвэрээр дээрх ажилчдын цалин хөлс буураагүй, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулаагүй учир тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. *******, ******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл ДБЭХС ТӨХК-д ажилласан хэвээр байгаа бөгөөд ажлын цалин, хөлсөө бүрэн аваад ажиллаж байгаа болно. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн дугаар 02, 03 тоот шийдвэр үндэслэлгүй... гэж тодорхойлжээ.
5. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилтан *******, ******* нар нь тус бүр захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаар тушаалуудын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хувь хэмжээгээр тэтгэмж олгохыг даалгаж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан байдаг. Манай гурван талт хороо өргөдлийг хүлээн аваад хуулийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 тоот тушаалуудыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
...Тус компанийн захиргаа ажилтнуудад мэдэгдэл олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталсан атлаа тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг дурдаагүй байсан. ...Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Гүйцэтгэх захирлын тушаалын тэргүү буюу товч утга тушаалын агуулга нь бүгд зөрчилтэй байх тул гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний Б/442, Б/443 дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй гаргасан акт гэж үзэн хүчингүй болгох ёстой гэж шийдвэрлэсэн. ...Бидний хувьд зөвлөөд уг тушаалыг засах талаар чиглэл өгсөн. ...Тус хорооны гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах талаар шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарладаг.
6. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай тогтоолын дагуу төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн менежер *******, төлөвлөлтийн эдийн засагч ******* нарт 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл өгч, улмаар тус компанийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаартай тушаалаар албан тушаал өөрчилсөн үйл баримтууд тогтоогдож байна.
7. Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл болон мөн өдрийн 02, 03 дугаартай хуралдааны шийдвэрүүдээс үзэхэд Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/442, Б/443 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх, хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авах зэрэг эрхийг эдэлдэг.
Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.16-д заасны дагуу тус хороо маргааныг зохицуулж чадаагүй бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эсхүл шийдвэр гаргахаар тусгасан байхад ажил олгогчоос гаргасан тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 06-ны өдрийн 138/ШШ2024/00591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 02, 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
С.ГАНЧИМЭГ