Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 532

 

     2019       06         03                                     2019/ШЦТ/532

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батбаярын Гд холбогдох эрүүгийн 1909014550507 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын өрлөгчин ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 363 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ГА86041277 регистерийн дугаартай, Аюур овогт Батбаярын Г.

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Ц.Сэмпилмаа нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 268 тоот хашааны гадна түүний эзэмшлийн 2 нохойд хазуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

           

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сэмпилмаагийн мэдүүлэг /хх-ийн 19-26/, гэрч Б.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Н.Отгондоржийн мэдүүлэг /хх-ийн 28/, Гы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4878 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн  40-42/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г нь өөрийн эзэмшлийн тэжээвэр 2 нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас дээрх нохойнууд нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 268 тоот хашааны гадна иргэн Ц.Сэмпилмаа руу дайрч хазан хүндэвтэр гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ц.Сэмпилмаагийн /хх-ийн 19-26/: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-268 тоот хашааны гадаа машинаас буугаад гэр рүүгээ орох гээд зогсож байхад хажуу айлын үүдэн дээр зогсож байсан хоёр нохой над руу дайраад миний хөл, гар, толгой хэсгээс хазаж гэмтэл учруулсан бөгөөд нэг үл таних залуу чулуу шидэж нохойг хойш зайлуулсан. Тэгээд түргэн тусламж ирж намайг авч явсан. Манай гэрийн хойно байдаг айлын том чонон саарал нохой хазсан. Мөн бор өнгийн өндөр нохой байсан. Нохойны эзэн гэх залуу сая ирж уулзсан. Би эзнийг нь хараад танина. Миний толгой хэсэг болон зүүн гар, хөл, гуя, өгзөг хэсэгт гэмтэл учирсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Эрдэнэбилэгийн /хх-ийн 27/: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байдаг гэртээ байж байхад 17 цаг 20 минутын орчим манай нөхөр Отгондорж гадаа бие засчихаад гаднаас нилээд сандарсан байдалтай гүйж орж ирээд “Батдэлгэрийн эхнэр хашааныхаа гадна нохойд бариулчихсан байна” гэхээр нь би сандарч гараад эмнэлэг, цагдаа дуудаад Батдэлгэрийн хашааны гадна очиход Батдэлгэрийн эхнэр хашааныхаа үүдэнд доошоо сөхрөөд суучихсан толгойноос нь нүүр рүү нь маш их хэмжээний цус урссан байдалтай байсан. Би түүнийг “та битгий дээшээ босоорой, битгий хөдлөөрэй цус алдаж магадгүй, би эмнэлэг дуудчихсан байгаа” гэж хэлээд байж байхад 10 орчим минутын дараа эмнэлгийн машин ирээд түүний толгойг нь боогоод аваад явсан. Ирсэн эмч нь газраас “энэ хүний хуйх нь газарт унасан байна” гээд газраас алгын чинээ хэмжээтэй үстэй хуйх мэт зүйл аваад уутанд хийгээд авч байсан...Батдэлгэр гэдэг хүний эхнэр гэдгээр нь мэднэ. Өөрийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Яг ямар айлын нохой урсан гэдгийг бол хараагүй. Харин манай нөхөр Отгондорж гаднаас орж ирэхдээ хажуу айлын том шар нохой сул явж байна. Тэр нохой урсан юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Отгондоржийн /хх-ийн 28/: “...эхнэр Эрдэнэбилэгийн хамт гэртээ байж байгаад гадаа гараад бие засч байтал манай хашааны арын доголд нохой шуугилдаад байхаар нь гараад хартал манай хөрш Батдэлгэр гэж айлын хашааны үүдэн дээр түүний эхнэрийн нүүр ам нь цус нөж болсон байдалтай газар сууж байхаар нь би гэр рүүгээ явж ороод эхнэртээ хэлж түүний гар утсаар нь эмнэлэг, цагдаа дуудуулаад буцаж Батдэлгэрийн хашааны гадна очоод байж байтал эмнэлэг ирээд Батдэлгэрийн эхнэрийг аваад явсан...намайг хашаанаасаа гараад очиж байхад манай урд талын айлын том шар нохой, алаг нохой хоёр зөрөөд хашаа руугаа гүйж байсан.Тэр хоёр нохой л урсан бололтой байна лээ...” гэх мэдүүлгээр,

         

           Гы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-52/: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай хажуу айлын хүн манай нохойг “хүн урсан байсан” гэж над руу залгаж хэлсэн юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-363 тоот гэртээ ирсэн чинь манай хоёр нохой уяанаасаа тасарсан байсан бөгөөд сул явж байсан. Тэгээд юу болсон талаар хүмүүсээс асуухад урд айлын эгчийг манай хоёр нохой ураад, уруулсан хүнийг эмнэлэг авч явсан гэж байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж хохирогч Ц.Сэмпилмаа түүний нөхөр Батдэлгэр хоёртой уулзаж юу болсон талаар асуухад эгчийг гэр рүүгээ орох гэж байхад манай эр, эм хоёр нохой урсан гэж байсан. Би хохирогчийн эмнэлгийн зардал 570.000 төгрөгийг барагдуулсан ба эмнэлэгт байх үед нь хоол унд байнга авч өгдөг байсан. Би орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан үйлдэлдээ харамсаж гэмшиж байна....” гэх мэдүүлгээр,

 

Ц.Сэмпилмаагийн биед “зулайн хуйхны том хэмжээний эдийн дутагдал бүхий хууларч урагдсан шарх, зүүн бугалга, мөр, нуруу, баруун гуя, зүүн шилбэний хазагдсан шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнуулах хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4878 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 34/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн  40-42/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/ зэрэг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн тэжээвэр нохойнууд хохирогчийг хазаж, урж гэмтээснийг хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь нохойд хазуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г нь өөрийн болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас орчиндоо аюул учруулж болох амьтныг (нохойг) зохих хамгаалалтгүй байлгасан, үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Гы “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Сэмпилмаа нь “хохирлын мөнгө болох 1.170.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Гыг “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Аюур овогт Батбаярын Гыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ