| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00601/И |
| Дугаар | 606 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 606
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын Даланхуруу багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЕ66111306, Алтмаа овогт Тунхуугийн Цэрэндолгорын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Басан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд, 2000 он хүртэл “Давшилт” нэгдлийн Даланбулаг бригадад мал маллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Басан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Цэрэндолгор нь Увс аймгийн Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд, “Давшилт” нэгдлийн Даланбулаг бригадад мал маллаж байсан. Одоо тэрээр нас өндөр болж байгаа ба тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандсан. Иймд Т.Цэрэндолгорын Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэндолгор нь Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Тунхуугийн Цэрэндолгорын Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Т.Цэрэндолгорыг шагнасан “Диплом”,
3. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс 1987 оны 1 дүгээр сард Т.Цэрэндолгорыг шагнасан “Хүндэт Жуух бичиг”,
4. Итгэмжлэл,
5. Гэрч Н.Эрдэнэпүрэвийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдлийн Даланбулаг бригадын малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. Т.Цэрэндолгор бид хоёр нэг нэгнээ багаасаа таньж мэдэх бөгөөд 1982 оноос эхлэн тус нэгдлийн Даланбулаг бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан. Т.Цэрэндолгорын аав, ээж нь мөн насаараа нэгдлийн мал малласан, нөхөр нь мөн л малчин хүмүүс юм. Бид нэг багт олон жил хамт айл саахалт амьдарч ирсэн учраас Т.Цэрэндолгорыг би сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
6. Гэрч Б.Бямбадоржийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдлийн Даланбулаг бригадын малчнаар 1993 он хүртэл ажилласан юм. Намайг 1986 онд цэргээс халагдаж ирэхэд Т.Цэрэндолгор “Давшилт” нэгдлийн Даланбулаг бригадад малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 он хүртэл ажилласан юм. Т.Цэрэндолгорын аав, ээжийг сайн таньу мэдэх бөгөөд олон жил айл саахалт амьдарч байсан учраас би сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед нэгдлийн даргаар н.Палам, н.Сүхбаатар, н.Памаж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Н.Эрдэнэпүрэв, Б.Бямбадорж нарын Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Цэрэндолгор нь Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Т.Цэрэндолгорын цалингийн тодорхойлолт, малчнаар ажиллаж байхдаа Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шагнуулсан “Диплом”, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс 1987 оны 1 дүгээр сард шагнуулсан “Хүндэт Жуух бичиг”, гэрч Н.Эрдэнэпүрэв, Б.Бямбадорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Цэрэндолгорын Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 2 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алтмаа овогт Тунхуугийн Цэрэндолгорын Увс аймгийн Зүүнхангай сумын “Давшилт” нэгдэлд 1982 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 2 /хоёр/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР