Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Чимгээ,

Иргэдийн төлөөлөгч Л.Нэргүй,

Хохирогч Р.Баяр, түүний өмгөөлөгч П.Пүрэвбаатар,

Шүүгдэгч Ц.Н , түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Н т холбогдох эрүүгийн 1706 03655 0067 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,   нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ц.Н .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.Н  нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 11а байрны 59 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Р.Баярыг утсандаа бичлэг хийснээр шалтаглан хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Баяр мэдүүлэхдээ: “....Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс 5.600.000 төгрөгийг төлсөн. Би гэдсэндээ шархтай болсон, тэрнээсээ болоод гэдэс наалддаг болсон. Эмэгтэй хүнийг үрээс нь салгая гэж бодохгүй байна. Гомдол саналгүй.” гэв.

       

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Р.Баярын өгсөн мэдүүлэг /хх-27-29, 36-39/, гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-33-34/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 14685 дугаартай дүгнэлт /хх-57/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11090, 11091, 5786 дугаартай дүгнэлт /хх-42-49/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Төрбат, дэд ахлагч С.Билгүүн нарын илтгэх хуудас /хх-16/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-24/, Цэргийн төв эмнэлгийн 014429 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-61-73/, хэргийн газарт хийсэн бичлэг бүхий сидиг уншуулж үзлэг хийсэн тэмдэглэл /хх-80/, Ц.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-113-115/, Ц.Н ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/, Ц.Н ийн хувийн байдлын тухай баримтууд /хх-118-121/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ц.Н  нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 11а байрны 59 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Р.Баярыг утсандаа бичлэг хийснээр шалтаглан хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Баярын өгсөн: “...Би хэд хоногийн өмнө фейсбүүкээр Ц.Н  гэх эмэгтэйтэй танилцсан. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Ц.Н  “гэртээ лам найзтайгаа байна, ном уншуулж байна, хүрээд ир” гэхээр нь нэг шил Соёрхол архи аваад очсон. Тэгж анх удаа уулзсан. Өөрийгөө Б.Лхагвасүрэн лам гэх 50 орчим насны эрэгтэй байсан. Тэр 2 нэг шил архи уусан гээд халамцуу байсан. Тэгээд миний аваачсан архийг уугаад юм ярьж суусан. Би тэдэнтэй үг яриа нийлэхгүй байснаас явахаар болоод өлгүүрээс гадуур хувцсаа авахад халаасанд байсан гар утас, малгай бээлий, 10 орчим мянган төгрөг байхгүй болсон байсан. Ингээд Ц.Н ээс нэхэхэд “Б.Лхагвасүрэн авсан юм болов уу” гэх зэргээр мэдэн будилж байснаа угаалгын машин доороосоо гар утсыг гаргаж ирсэн. Тэгээд би малгай бээлийгээ нэхээд “явъя” гэхэд “явуулахгүй” гээд хаалганаасаа түлхүүрээ аваад жижиг өрөөндөө ороод түгжчихсэн. Тэгээд би буцаад буйдан дээр суутал Б.Лхагвасүрэн гэгч нь “чи Ц.Н тэй шаалцдаг юмуу” гэх зэргийн юм яриад доромжлоод байсан. Ингэж байтал Ц.Н  цаад өрөөнөөсөө гарч Б.Лхагвасүрэнд “та юу хийгээд байгаа юм бэ, хачин юм яриад” гэсэн. Энэ үед би утсаараа бичлэг хийж байсныг хараад “Лхагваа ахаа бичлэг хийгээд байна, утсыг нь авч устгахгүй бол болохгүй” гээд миний утсыг авах гэж дайраад булаацалдсан. Тэгэхээр нь би Ц.Н ийг түлхэхэд хивсэн дээрээ өвдгөө тэврээд сууж байснаа “чамайг ерөөсөө зүйл дуусгачихъя” гээд гал тогооны хэсгээсээ шар иштэй хутга барьж ирээд юу юугүй миний цээж рүү хутгалсан. Би Ц.Н ийг бэлгийн харьцаанд орохоор оролдож барьсан зүйл юу ч болоогүй. Б.Лхагвасүрэнг архины шил индүүгээр цохиж зодсон зүйл байхгүй. Миний гар утсыг авах гээд 2 талаас зуураад байхаар нь түлхсэнээс өөр цохиж зодоогүй. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү орж дотроос нь түгжээд цагдаад дуудлага өгсөн. Ц.Н  намайг хутгалсны дараа “Лхагваа ахаа утсыг нь булааж аваачээ, би шоронд орлоо дээ” гээд хоёулаа дайрахаар нь биеэсээ холдуулах гээд түлхэхэд Б.Лхагвасүрэн нь хойшоо телевизорын тийшээ унасан, гэмтэл бэртэл учирсан эсэхийг мэдэхгүй. Намайг 00-н өрөөнд цагдаа хүлээгээд цаг гаруй болоход тар 2 том өрөөндөө юм яриад л байгаад байсан. Би энэ хүнд хутгалуулахаасаа өмнө эрүүл саруул зааланд тоглочихдог хөнгөн шингэн байсан, одоо тийм зүйл байхгүй болсон. Хоол унд хориотой, гэдэс дотор өвдөж хямардаг, гэдэсний наалдангитай болсон. Нэг удаа эмнэлэгт хэвтсэн, 2 удаа сувилалд явсан. Эмчилгээний зардал хэдэн төгрөг гарсныг одоо мэдэхгүй байна, би нэгтгэж хуулбарлаад өгье гэж болож байна. Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй. /хх-27-29, 36-39/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Ц.Н ийн байрны нэг өрөөг хөлслөх санаатай ирсэн юм. Тэгээд нэг өрөөнд нь эд зүйлсээ орхиод гадагш айлд очиж ном уншаад үдээс хойш буцаж ирээд байж байтал Ц.Н  нь фейсбүүкийн найз ном бичдэг хүнтэй танилцуулна гээд нэг хүнийг дуудсан. Тэр хүнийг ирэхээс нь өмнө би тэр айлд архи уусан ба тэр айлын хүний өгсөн архийг би Ц.Н тэй хувааж уусан. Ингээд би тасарсан бөгөөд бөгөөд Ц.Н ийн дуудсан хүнийг ирсэн үгүйг нь мэдээгүй. Танилцсан эсэхийг ч мэдэхгүй байгаа юм. Инээд би ухаан сэргэхэд Ц.Н ийн гэрийн том өрөөнд газар хивсэн дээр хэвтэж байгаад сэрсэн. Миний хөлийн доор Ц.Н  хэвтэж байсан ба түүний өмд нь шувтарчихсан байдалтай байхаар нь түүнийг татахад сэрүүн байсан тул босооч гээд босгосон. Тэгээд 00 руу очиход цээж нүцгэн нэг эрэгтэй хүн байхаар нь Ц.Н ийг оролдсон гэж ойлгоод түүнтэй маргалдсан. Тэгэхэд Ц.Н  “бичлэг хийгээд байна, фейсбүүкт тавина гэж байна” гээд хэрэлдээд байсан ба цаад эрэгтэй нь бичлэг хийсэн юм шиг байсан. Ингээд хэрэлдэж байснаа Ц.Н  “би хүн хутгалчихлаа” гээд орилсон. Би юу болов гээд тонгойтол нэг юмаар толгой руу цохичихсон. Хэн юугаар цохисныг мэдэхгүй. ухаан алдчихсан. Нэг сэрэхэд би Гэмтлийн эмнэлэгт оччихсон, миний толгойд оёдол тавьж байсан. Толгой дээр маш том язарсан, 10 гаруй оёдол тавьсан. Мөн нүүр ам битүү хавдаад, уруул олон газраа язарсан, дээд 4-н шүд хөдөлсөн, одоо эдгэрээд 1 шүд л хөдөлж байгаа, 2 нүд хоёулаа хавдсан байдалтай байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт толгойдоо оёдол тавиулаад Гачуурт руу гэр рүүгээ очсон. Би энэ асуудлаас эмээгээд цагдаагийн байгууллагад ирээгүй ба өөрөө сахилтай лам учир хэрүүл амнаас хол байх ёстой байсан юм.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Н ийн яллагдагчаар өгсөн. “...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтоод унтсан байсан. Р.Баяр, Б.Лхагвасүрэн ах хоёр хоорондоо маргалдаад чимээ гарахаар нь би сэрсэн чинь миний өмдийг өвдөг хүртэл тайлчихсан байхар нь би нойл гүйж ороод буцаад гараад ирсэн чинь Р.Баяр гэх хүн надаас уучлалт гуйгаагүй. Би маргааныг нь таслан зогсоогоод юм яриад суусан чинь Р.Баяр гэх хүн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Тухайн бичлэг хийсэн санаа нь намайг айлгах санаатай байсан байх гэж бодож байна. Би тухайн үедээ согтуу сэтгэл санааны хувьд бас таатай байгаагүй бичлэг хийгээд байхаар нь би хутга аваад зөрүүлээд айлгаж бичлэгийг нь болиулах санаатай хутга авчихсан байсан чинь урдаас босоод ирэхээр нь урдаас нь шууд хутгалсан. Би гэм буруугаа ойлгож байна.” /хх-113-115/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14685 дугаартай дүгнэлтэд:

1. Р.Баярын биед хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, нэвтэрсэн их сэмж гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх-57/ гэх дүгнэлт,

 

Өвчний түүх /хх-61-73/,

Илтгэх хуудас /хх-16/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-75/,

Сидинд бичигдсэн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-80/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-24/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-92-98, 135-137/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-126/,

Шүүгдэгч Ц.Н ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ц.Н  нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 11а байрны 59 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Р.Баярыг утсандаа бичлэг хийснээр шалтаглан хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Р.Баяр, гэрч Б.Лхагвасүрэн нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14685 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас, өвчний түүх, сидинд бичигдсэн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, хохирол нэхэмжилсэн баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Н ийн 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 11а байрны 59 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Р.Баярыг утсандаа бичлэг хийснээр шалтаглан хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Н ийг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн зүгээс хохирогч Р.Баярын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5.600.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Р.Баяр нь “гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Р.Баяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Ц.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ц.Н т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Н т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ц.Н ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Ц.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Ц.Н т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Р.Баяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

         7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                       

 

         

 

                                  ДАРГАЛАГЧ,  

                                        ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС

                                          

                                   ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                             С.ӨСӨХБАЯР