| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2024/00451/И |
| Дугаар | 201/МА2024/00025 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 201/МА2024/00025
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00621 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Г.Нямхүү /цахимаар/, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тэдний хооронд 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: ******* миний бие Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг *******-н 5-р байр 2 тоотын 31 мкв 2 өрөө Ү-0614005266, №051077 бүртгэлийн дугаартай орон сууцыг 2020 оны 06-р сард ажлын газрын хүнээс худалдаж авсан. Би ам бүл 4-лээ нөхөр 2 хүүдхийн хамт амьдардаг байсан. Нөхрөөсөө 2023 оны 6 сард гэрлэлтээ цуцлуулсан. Одоо би бага хүү *******ийн хамт амьдардаг. Би уг байраа өөрийн төрсөн хүү *******ийн *******д 2023 оны 07 дйугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан 19-ний өдөр нь шилжүүлэн өгсөн. Энэ цаг үеэс хойш л хүү *******ы зан ааш эвдэрч намайг гэртээ оруулахгүй гэр оронд ирлээ битгий манай гэрээр ирж бай гэж үг хэлээр доромжлон хүйтэн хөндий хандах болсон. Би энэ байдлыг удаа дараа тэвчиж сэтгэл санаагаар унаж маш их гомдож байна. Хүү ******* нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн албанд ажилладаг. Би том хүүгээ гэр бүлтэй болж байгаа тул байр орон гэж санаа зоволтгүй ажил хөдөлмөрөө эрхлэн амжилттай яваг гэж бодож байраа бэлэглэсэн. Дээр нь миний нэр дээр цалингийн зээл авч гэртээ гал тогооны тавилга хийлгэсэн. Энэ зээлийг ******* өөрөө төлдөг. Гэрээний 4.3 дахь заалт буюу Иргэний хуулийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэг хүлээн авагч буюу хүү ******* нь төрсөн эх намайг гомдоож гэр орондоо оруулахгүй та байр өгсөн гээд албатай юм шиг орж ирлээ, та манайд орох эрх байхгүй гэх болсон. Иймд Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг *******-н 5-р байр 2 тоотын 31 мкв 2 өрөө орон сууцны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, миний орон сууцны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие 2023 оны .... 07-р сард Дорнод аймагт ирж байрыг нэр дээрээ шилжүүлэн авахад чи эхнэр, хүүхэдтэйгээ ирээд энд амьдар гэсний дагуу би 09-р сарын 15-нд ирж амьдарч эхэлсэн. Анх байранд амьдрах гэж ирэхэд байранд ямар ч засвар хийсэн зүйл байхгүй байсан ба өөрсдөө 4-5 сая төгрөгөнд засвар хийж орсон юм. Байранд амьдарч байх хугацаанд ээж гэрт ирээд энэ миний байр та хэд яв, зайл гэх мэтээр хөөж туусны дагуу бид 2 хоорондоо маргалдсан. Маргалдсаны улмаас би ээж *******ад та ирж хөөж туух гэж байгаа бол дахиж манайхаар ирээд хэрэггүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хойш манайхаар хэд хэдэн удаа ирсэн ба ирээд ямар нэг маргаан гаргалгүй энгийн харилцаатай байсан. Манай охин нь одоо 1 нас 5 сартай ба анх төрөхдөө тархины даралттай байсан ба байранд агааргүй байсан учир би тухайн байрыг зарж цэвэр агаарт амьдрахаар шийдэж хашаа байшин судалж Хэрлэн сум 4-р баг Хан-Уулын тоотыг сонгож тэндээ амьдрахаар болсон. Тэгээд байраа зарж хашаа байшиндаа ороод удаагүй байхад ээж ******* байр зарахгүй байсан юм гэсэн шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Би тухайн хашаа байшинд засвар хийж цахилгаан паараар халдаг болгож түлээ нүүрс шаардагдахааргүйгээр амьдрахаар болгосон. Ээжийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хашаа байшингаа өгье тухайн байрыг зарчихсан учир явдал их болно гэхэд надад хамаагүй би зөвхөн байраа л авна гэж зөрүүдэлсээр байна.
Би уг байрныг 60 сая төгрөгөөр зараад тэр хүний хашаа байшинг 40 сая төгрөгт тооцож аваад зөрүү 20 сая төгрөг авсан. Одоо цалингийн зээлтэй учир ээжид 40 сая төгрөг өгөх саналтай байна. Миний хувьд ээжийгээ доромжилсон гомдоосон зүйл байхгүй. Байраа авна гээд яваад байхаар нь маргалдсан. Ээж анхнаасаа л хашаа байшинд амьдарч байгаа. Дүү маань цагдаагийн сургуульд ороод хотод амьдарч байгаа шүү дээ. Ээж өөрөө юм ойлгохгүй, элдвээр хэлээд хэрүүл хийгээд яваад байгаа юм. Миний хувьд уг байрыг зарчихсан тул 40 сая төгрөг өгөх саналтай байна. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0928 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч үүнийгээ нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох талаар хуульд заасан. Миний төрсөн хүү ******* нь өөрийн төрсөн эхээ хүн гэж тоож үзэхгүй та манайхаар дахин битгий ирээрэй, дахин ирвэл оруулахгүй шүү, та энэ байрыг янхандаж байгаад тэр мөнгөөрөө худалдан авсан биз дээ, балай авгай минь зайл гэж хөөж тууж доромжилж байгаа нь хүний төрсөн үрийн амнаас гарах үг мөн үү. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэсэн үг байдаг, би хэдий муу муухай ядуу ч гэсэн түүнийг төрүүлж өдий зэрэгтэй өсгөж, өдий зэрэгтэй яваа нь эхийн ач тус шүү дээ би хүүгийн гаргасан энэ зан авир, доромжлолд үнэхээр их гомдож байна.
Төрсөн эхийгээ ингэж доромжилж хөөж тууна гэдэг чинь байх ёстой үйлдэл юм уу, үүнийг ноцтой үйлдэл гэхгүй юм бол өөр юуг ноцтой үйлдэл гэх юм бэ. Хуульд ямар үйлдлийг ноцтой үйлдэл гэх талаар заасан юм уу миний хувьд хараагүй, үзээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрэн хэлэлцэх саналдаа: ... Миний хувьд хүүгийнхээ гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүүгийн нэг өрөө байрны үнэ 50 сая төгрөг өгнө гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Мөн гомдол гаргах эрхгүй, дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг ойлгосон. гэв.
6. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрэн хэлэлцэх саналдаа: ... Нэг өрөө байрын зах зээлийн ханш 40-60 сая төгрөгтэй байгаа байх гэж бодож байна. Би одоо эхнэр хүүхэдтэйгээ байр түрээслэж амьдарч байгаа. Ээжийн хэлсэн 70 сая төгрөг бэлнээр нь гаргаж өгөх боломж байхгүй. Тиймээс хашаа байшингаа 40 сая төгрөгөөр зараад дээрээс нь 10 сая төгрөг нэмээд, нийт 50 сая төгрөгөөр нэг өрөө байр хангалттай авчих тул байрны үнэд 50 сая төгрөгийг ээжид өгөх саналтай байна. Гол нь би Дорнод аймагт байгаа хашаа байшингаа худалдахад цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг хүлээж чадна гэвэл эвлэрэхэд татгалзахгүй. ... Мөн би шүүх хуралдаанд онлайнаар оролцож байгаа тул эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар байгуулахад татгалзах зүйлгүй. Мөн гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо. гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд хариуцагчийн гаргасан нэг өрөө байрны үнэд 50 сая төгрөг өгье гэсэн саналыг хүлээн авч, хүүтэйгээ эвлэрэхэд татгалзахгүй гэж байгааг өмчгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Хамгийн гол нь хариуцагч хашаа байшингаа аль болох хурдан хугацаанд худалдаж, 50 сая төгрөгийг нь нэхэмжлэгчид өгөх асуудлыг анхаарах байх гэж бодож байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар эвлэрлийн гэрээ байгуулсанд тооцохыг дэмжиж байна. Зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсний үр дагаврыг ойлгож байгаа. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Дорнод аймаг Хэрлэн сум 4 дүгээр багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, *******-ийн 5 дугаар байр 2 тоотын 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг ... бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон... гэх үндэслэлээр хүчингүйд тооцуулж, өөрийн орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хариуцагчид холбогдох нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг гаргажээ.
5. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэн хэлэлцэх санал гаргасныг хэн алин нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан гаргасан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* нь орон сууцны үнэд 50 000 000 /тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгч *******ад төлж барагдуулахаар эвлэрч байгаа талаараа харилцан тайлбар гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл зохигч талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцсэн бол эвлэрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү болон хариуцагч ******* нар нь шүүх хуралдаанд цахимаар оролцож байгаатай холбогдуулан талууд өөрсдийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар байгуулахыг харилцан зөвшөөрч байх тул талуудын эвлэрлийг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эвлэрсэн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт ... зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, ... тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. гэж тус тус заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл болон давж заалдах журмаар гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70 200 төгрөг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 13-ны өдрийн 138/ШШ2024/00621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, зохигч талуудын шүүх хуралдааны үед эвлэрсэн нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан гаргасан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* нь орон сууцны үнэд 50 000 000 /тавин сая/ төгрөгийг нэхэмжлэгч *******ад төлж барагдуулах тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын анхан шатны шүүхэд нэхэмжлэл болон давж заалдах журмаар гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ