Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2024/00233/И |
Дугаар | 218/МА2024/00018 |
Огноо | 2024-11-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 218/МА2024/00018
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00269 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2866191 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Говийн-Ирээдүй" цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн Б/38 дугаар тушаалаар тус сургуулийн багш *******ийг төрийн албанаас халсан байна. Иргэн ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00531 дүгээр шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 218/МА2023/00004 дүгээр магадлалаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Говийн-Ирээдүй цогцолбор сургуулиас *******т ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу тус сургуулиас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,866,191 төгрөгийг *******т олгожээ. *******өөс *******д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд *******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2,866,191 төгрөгийг *******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох *******гээс гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийг үл зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Хариуцагч биш болох тухайд
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00531 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 218/МА2023/00004 дүгээр магадлалаар Дундговь аймгийн Говийн Ирээдүй цогцолбор сургуулиас *******т ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 218/МА2023/00004 дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон үед ******* миний бие нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэртээ гарсан байсан.
Энэ магадлалыг хэн хүлээн авч дараагийн шатны шүүхэд яагаад гомдол гаргаагүй талаар надад тайлбар мэдээлэл эрх бүхий ажилтан, албан хаагчдаас ирээгүй.
Хоёр. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тухайд
Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон нь ойлгомжгүй байна. Учир нь сургуулийн захирлын ажил нь хэн түүнийг гүйцэтгэж байгаагаас үл хамааран залгамж чанартай байж төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг нийтийн албан тушаалтан юм. Хэрэв Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг халсныг... шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ ... гэсэн боловч шүүхийн магадлалыг надад гардуулах ёстой байсан гэж үзэж байна. *******ийн нэхэмжлэлийг олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь захиргааны актын хууль хэрэглээний асуудалд дүгнэлт хийснээс биш үндсэн маргаан болох Багш хүн хүн зодож танхайран ёс зүйн ноцтой зөрчил гарган хөдөлмөрийн гэрээ шууд цуцлагдах зөрчил-д нь дүгнэлт хийгээгүй. Иймээс Монгол Улсын *******ийн ирүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мягмарсүрэн нь албан тушаал барьж байх үедээ шийдвэр гаргасан л бол хэдийгээр өнөөдөр өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ч гэсэн тэр нэхэмжлээд байгаа 2800000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэжээ.
4. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хариуцагч *******гээс 2821192 /хоёр сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45000 /дөчин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******гээс 60089 /жаран мянга наян есөн/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагчийн *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга
5.а. Шүүхийн шийдвэрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын цогцолбор сургуулиас *******т Дундговь аймаг дахь Сум дундын Анхан шатны Шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн магадлалаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,866,191 төгрөгийг олгожээ гэж дурдсан (шийдвэрийн 2 дугаар хуудас) боловч ямар эрх зүйн актаар тус мөнгөн олговрыг олгосон болохыг нотолсон баримтыг хэрэгт аваагүй, өөрөөр хэлбэл төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй.
5.б. Анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс (*******) *******т 2,866,191 төгрөгийг олгосон баримтаа ирүүлэх тухай хүсэлтийг гаргаж шүүгчийн зүгээс хүсэлтийг хангаж шийдсэн захирамж гаргасан боловч захирамжийн биелэлтийг хангаагүй шүүх хуралдааныг хийсэн нь ИХШХШтХ-ийн 25.1.1. эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хязгаарласан.
5.в. Төр бодитоор учирсан хохирлоо 2,866,191 төгрөгийг *******т шилжүүлсэн баримтаар нотлох ёстой. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон гэсэн нэхэмжлэлд дурдагдсан өгүүлбэрээр бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
5.г. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-дэх заалтыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон зохицуулалт байх бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00531 тоот шийдвэр, тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 218/МА2023/00004 дүгээр магадлалаар шийдэгдсэн үйл баримт нь хуульд өөрчлөлт орохоос өмнө болсон байдаг.
Хариуцагч ******* миний бие нь одоо бол өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн байгаа бөгөөд ямар үндэслэлээр намайг албан тушаалтан гэж тооцож Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага. эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалтад хамрагдах субъект гэж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасан байна. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, гэм хор учруулсны хариуцлага, арилгах хэмжээ хязгаарыг Иргэний хуулиар зохицуулсан байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дүгээр зүйлд ... шийдвэрийг гаргасан албан тушаалтан гэж заасан байхад хариуцагч намайг ямар эрх зүйн зохицуулалтаар эсхүл аль хуулийг төсөөтэй хэрэглэсэн байдлаар албан тушаалтан гэж тооцож байгаа нь тодорхойгүй байх бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарсан эсхүл шийдвэр гаргасан этгээд нас барсан тохиолдолд энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-ийг хэрхэн хэрэглэх тухай тусгайлсан зохицуулалт байхгүй байхад шууд буруутай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит нөхцөлд тохироогүй шийдвэр байна.
5.д. Насаараа төрийн байгууллагад ажилласан миний хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана (Учир нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00531 тоот шийдвэр, тус аймаг дах эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 218/МА2023/00004 дүгээр магадлалд хуулийн этгээдээс ажилгүй байсан үеийн олговрыг олгохоор шийдсэн байдаг) гэсэн хуулийн заалтад хамрагдах боломжгүй байгааг шүүх хангалттай нотолж чадаагүй хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргажээ.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ202Д/00269 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Төрд учирсан хохирол бодитоор гарсан нь баримтаар тогтоогдсон. Мягмарсүрэн гэдэг хүний тушаалаар төрийн албанаас *******ийг хууль бусаар чөлөөлсөн болохыг шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон. ******* шүүхийн шийдвэрийг үндэслэж төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Мягмарсүрэнгийн хувьд өөрөө эрх бүхий албан тушаалтан буюу сургуулийн захирал байхдаа гаргасан шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Тэтгэвэрт гарсан эсэх нь хамааралгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,866,191 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.
2.1 Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан ******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар тус сургуулийн Түүх нийгмийн ухааны багш *******ийг ёс зүйн ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх 6/
2.2. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00531 дугаар шийдвэрээр хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Говийн Ирээдүй цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 2,576,431 төгрөгийг *******т олгож шийдвэрлэснийг /хх 8-14/, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 218/МА2023/00004 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 15-22/
2.3. Дундговь аймгийн цогцолбор сургуулийн 2023 оны 06 сарын 14 өдрийн төлбөрийн хүсэлтээр Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд *******т төлөх үндсэн цалин 2,576,431 төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 45,000 төгрөг, мөн цогцолбор сургуулийн 2023 оны 11 сарын 21 өдрийн төлбөрийн хүсэлтээр Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд *******ийн нийгмийн даатгалын шимтгэлд 244,760 төгрөг тус тус шилжүүлжээ. /хх 45-46/
3. Хариуцагч ******* хууль бус шийдвэр гаргасан буруутай болох нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, үүний улмаас цогцолбор сургуулийн төсвөөс буюу төрөөс 2,821,192 төгрөгийг гаргаж *******т болон нийгмийн даатгалын санд олгосон байх тул төрд энэ хэмжээний хохирол учирсан нь нотлогдсон гэж үзнэ.
4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон бөгөөд төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага гаргах цаг хугацаанд шийдвэр гаргасан буруутай этгээд төрийн албан тушаалтан хэвээр байгаа эсэх нь хамааралгүй. Иймд хариуцагчийн би төрийн албан хаагч биш тэтгэвэртээ гарсан учраас надаас шаардаж байгаа нь буруу, би хариуцахгүй гэх гомдол үндэслэлгүй.
5.Мөн хариуцагчийн зүгээс *******т 2,866,191 төгрөгийг олгосон баримтыг гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбараар нотлогдож байх тул зохигчийн эрхийг хязгаарласан гэх гомдол үндэслэлгүй.
6. Иймд хариуцагч *******гээс төрд учирсан хохирол 2,821,192 төгрөгийг гаргуулан *******д олгохоор анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,089 /жаран мянга наян ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА