Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01963

 

 

 

 

 

 

2024 11 06 210/МА2024/01963

 

 

С ХХК, Б.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04106 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК, Б.М нарын хариуцагч А.О д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 125,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , түүний өмгөөлөгч П.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ...Зээлдэгч А.О нь С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М тай 2017 оны 06 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, уг зээлийг тухайн өдөр зээлдэгч А.О гийн хаан банкны 5033509999 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч А.О нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүүгийн төлбөр 38,400,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин үндсэн зээлийн төлбөрт 2018 оны 08 сарын 02-ны өдөр 15,500,000 төгрөг, 2021 оны 05 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000.000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж зааснаар алданги тооцоход 10,000,000 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй.

Зээлдэгч А.О нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр С ХХК-тай ТЗ-20170705-04 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, Toyota Harrier маркийн /3664 УНК/ автомашиныг худалдан авах зорилгоор тухайн машиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй зээлсэн. Уг зээлийг 2017 оны 07 сарын 07-ны өдөр зээлдэгч А.О гийн ТЗ-20170705-04 тоот гэрээнд заасан 5048081149 тоот хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлдэгч А.О нь мөн 2017 оны 11 сарын 29-ний өдөр С ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, дахин 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Уг зээлийг 2017 оны 11 сарын 29-ний өдөр зээлдэгч А.О гийн хаан банкны 5033509999 тоот дансанд 2,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг бэлнээр тус тус өгч нийт А.О д автомашин барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлдэгч А.О нь Бүгд Найрамдах Солонгос улс руу ажил хийхээр явах болсон тул автомашинаа зарж, замын зардал болон визний барьцаа төлөх шаардлагатай байна, эргэж ирээд зээлээ төлж барагдуулъя гэсэн хүсэлт гаргасны дагуу Toyota Harrier маркийн 3664 УНК улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөн барьцаа хөрөнгийг 2018 оны 10 сарын 29-ний өдөр зарсан. Зээлдэгч А.О нь 2018 оны 06 сарын 11-ний өдөр хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 29-ний өдөр хүүгийн төлбөрт 2,900,000 төгрөг, 2018 оны 10 сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 535,000 төгрөг, 2019 оны 07 сарын 10-ны өдөр хүүгийн төлбөрт 3,565,000 төгрөг, 2023 оны 01 сарын 27-ны өдөр хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг тус тус төлж нийт 23,000,000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 31,625,000 төгрөг, нийт 45,625,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй.

Мөн зээлдэгч А.О нь Хөх хотод гэр бүлийн хамт явж байхдаа мөнгөгүй болсон, туслаач Улаанбаатарт очихдоо гэрээ хийнэ гэсэн хүсэлтийн дагуу 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлдэгч А.О гийн хаан банкны 5033509999 тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 07 сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэмж бэлнээр олгон нийт 20,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай сарын хүүг 2,5 хувь байхаар харилцан тохиролцож С ХХК-тай ТЗ-20190706-01 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч А.О энэ зээлээс ямар ч төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 29,800,000 төгрөг, нийт 49,800,000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй. Зээлдэгч А.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул бидний зүгээс тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ... А.О нь С ХХК-иас зээл аваагүй, харин иргэн Б.М аас зээл авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2017 онд байгуулагдсан иргэд хоорондын зээлийн гэрээг хожим шалгалт ирэх болоод банк бус санхүүгийн байгууллагаар хийсэн гэж байна. С ХХК-д бүртгэлтэй зээл А.О д байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл авсан бол буцаан төлөх үүрэгтэй. 2017 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.О гээс 47,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, үлдэх 78,425,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 392,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй.

4.1. Зээлдэгч А.О 2017 оны 07 сарын 05-ны өдөр манай С ХХК-тай ТЗ- 20170705-04 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, Toyota Harrier маркийн 3664 УНК улсын дугаартай автомашиныг худалдан авах зорилгоор тухайн машиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй зээлсэн. Уг зээлийг 2017 оны 07 сарын 07-ны өдөр зээлдэгч А.О гийн ТЗ-20170705-04 тоот гэрээнд заасан 5048081149 тоот хаан банкны дансанд шилжүүлсэн.

2017 оны 11 сарын 29-ний өдөр зээлдэгч А.О гийн хаан банкны 5033509999 тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлж, 8,000,000 төгрөгийг бэлнээр тушаасан.

Мөн зээлдэгч А.О нь Хөх хотод гэр бүлийн хамт явж байхдаа: ... мөнгөгүй болчлоо, туслаач. Улаанбаатарт очихдоо гэрээ хийнэ... гэсэн хүсэлт гаргасны дагуу 2019 оны 06 сарын 06-ны өдөр зээлдэгч А.О гийн хаан банкны 5033509999 тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2019 оны 07 сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэмж бэлнээр олгон нийт 20,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай сарын хүүг 2,5 хувь байхаар харилцан тохиролцон С ХХК-тай ТЗ-20190706-01 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.

Харин зээлдэгч А.О 2018 оны 06 сарын 11-ний өдөр хүүгийн төлбөрт 7,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 29-ний өдөр хүүгийн төлбөрт 2,900,000 төгрөг, 2018 оны 10 сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 535,000 төгрөг, 2019 оны 07 сарын 10-ны өдөр хүүгийн төлбөрт 3,565,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлэгч С ХХК-д төлсөн.

Энэ байдлаас дүгнэж үзэхэд нэхмжлэгч С ХХК болон харуицагч А.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд зээлдүүлэгч С ХХК нь зээлдэгч А.О гээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт буцаан шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг өөрийн санаачилгаар хууль бусаар хүчин төгөлдөр бусд тооцож, бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй богосонд гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С болон хариуцагч А.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 сарын 05-ны өдрийн ТЗ-20170705-04 тоот зээлийн гэрээ, 2018 оны 06 сарын 11-ний өдрийн Т3-20180611-01 тоот зээлийн гэрээ, 2019 оны 06 сарын 06-ны өдрийн ТЗ-20190806-01 тоот зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 06-ны өдрийн Т3-20190706-01 тоот зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байна. Бидний хооронд бичгээр байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээг шүүх өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр бусд тооцсонд гайхан эргэлзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заажээ. Харин Улсын дээд шүүхийн 2010 оны 6 сарын 20-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-д Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэж тайлбарлажээ.

Дээр дурдсан хууль болон тайлбарын зохицуулалтаас үзэхэд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл-д тооцдог юм байна.

Гэтэл бидний хооронд байгуулагдсан 2017 оны 07 сарын 05-ны өдрийн Т3-20170705-04 тоот зээлийн гэрээ, 2018 оны 06 сарын 11-ний өдрийн ТЗ-20180611-01 тоот зээлийн гэрээ, 2019 оны 06 сарын 6-ны өдрийн T3-20190606-01 тоот зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 06-ны өдрийн ТЗ-20190706-01 тоот зээлийн гэрээнүүд ямар нэгэн хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй. Бид зээлийн гэрээ байгуулагдах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн бүх шаардлагыг бүрэн хангуулсан гэж үзэж байна. Учир нь зээлдүүлэгч С болон зээлдэгч А.О нар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, зээлийн гэрээнд талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан. Улмаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд үнэн, зөв болохыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нотариатч гэрчилсэн байдаг.

Ийнхүү зохигчийн хооронд холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх болсон үндэслэлээ шийдвэртээ тодорхой тайлбарлаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээr хууль зөрчсөн гэж үзсэн эсэх, эсвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсн хэлцэл гэж үзсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Энэ талаар шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үндэслэл бүхий дугнэлт хийж чадаагүй байна.

4.3. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон үндэслэлээ: ...иргэнээс мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь зээлдэгч А.О нь зээлдүүлэгч С ХХК-тай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч С ХХК-иас мөнгөн хөрөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөн хөрөнгийг бидний хооронд бичгээр байгуулагдсан Зээлийн гэрээ-нд заасан зээлдэгч А.О гийн Хаан банкин дахь 5048081149 тоот дансанд шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдох юм.

Нэхэмжлэгч С ХХК нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан иргэн хүний мөнгөн хөрөнгийг өмнөөс нь зээлдүүлсэн асуудал гаргаагүй болохыг хариуцлагатайгаар баталж байна. Учир нь шүүхийн шийдвэрт тодорхойлсон иргэн нь нэхэмжлэгч С ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.М . С ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.М нь зээлдэгч А.О гийн хүсэлтээр зарим нэгэн зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг банк бусын касснаас бэлнээр гаргаж аваад улмаар зээлдэгчийн харилцах данс руу шилжүүлдэг байсан. Энэ нь зээлдэгч А.О гийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа бөгөөд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн явдал гэж үзэхгүй.

Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон мөнгө олгосон баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч А.О д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч болох А.О нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байсан бөгөөд өвчний улмаас хариуцагчийн төлөөлөгчөөр Б.Б миний биед итгэмжлэл олгож Иргэний хуулийн дагуу хариуцагчийн өмнөөс хариу тайлбар гаргах, шүүхэд төлөөлөх, шүүх хуралд мэтгэлцэх бүрэн эрхийг олгосон байдаг. Уг хурал товлогдсон өдөр миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхацсан мөн хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Гэвч шүүх хурлаар миний хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлж хариуцагчийг эзгүйд шүүх хурлыг явуулсан байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл Мэтгэлцэх зарчим-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч А.О нь үүрэг гүйцэтгэгч этгээдээс шилжүүлсэн 40,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 81,400,000 төгрөгөөс үлдэх 23,000,000 төгрөгийг хасаж тооцон 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэн Б.М болон А.О нарын хооронд үүссэн харилцааны үүрэг нь дуусгавар болсон буюу нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон зээлийн мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан болох нь дансны хуулгаар нотлогдоно. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн шүүх хуралд шинээр нотлох баримтаар гаргаж өгөх байсан боловч шүүх уг боломжоор хангаагүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мөнхбаяр ажиллаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Батчимэгт шинээр итгэмжлэл олгосон. Уг шүүх хуралдаан болох өдөр шинээр итгэмжлэл авсан Б.Батчимэг Өнөөдрөөс эхэлж итгэмжлэл авсан тул хэргийн материалтай танилцах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралтай гэх агуулгаар тайлбар, хүсэлт гаргасан боловч уг тайлбар, хүсэлт хуульд заасны дагуу нотлох баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэн Б.М ын гаргасан нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т маш тодорхой дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, зээлдэгч А.О авсан зээлээсээ хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 05 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болно. Ингэснээр Б.М 2023 оны 07 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд хариуцагч талын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С ХХК, Б.М нар нь хариуцагч А.О д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж Б.М д, 95,425,000 төгрөг гаргуулж С ХХК-д тус тус олгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хариуцагч А.О нь нэхэмжлэгч Б.М тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.М нь 40,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон; /хх-ийн 1, 66, 38 тал/

3.2. Нэхэмжлэгч С ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл СН ББСБ нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 8 сарын 22-ны өдөр С ХХК гэж нэрээ өөрчилсөн;

3.3. С ХХК нь хариуцагч А.О тэй 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 10,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиололд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон;

3.4. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлсэн бол зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцсон;

3.5. Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нарт нийт 54,900,000 төгрөг төлсөн байна.

4. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхийн дүгнэлт хийгээгүй, гэрээний талуудын шаардах эрхийг зөв тодорхойлоогүй, хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцоолсон зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М , хариуцагч А.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

5.1. Нэхэмжлэгч Б.М нь ...А.О гээс түүнтэй байгуулсан 2017 оны 07 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийн алданги тооцож, нийт 30,000,000 төгрөг гаргуулна гэж шаардсан ба хариуцагчийг зээлийн хүүнд 34,400,000 төгрөг, үндсэн зээлээс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 15,500,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн гэж, хариуцагч А.О нь ...зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. /хх-ийн 152-р тал/

5.2. Нэхэмжлэгч Б.М дээрх гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлээ С ХХК-ийн нэхэмжлэлтэй А.О д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2024/15395 дугаар захирамжаар түүнийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан байна. /хх-ийн 152, 167-168/

5.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар тус тус зохицуулсан.

5.4. Хариуцагч А.О нь нэхэмжлэгч Б.М тай байгуулсан гэрээний сүүлийн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Б.М ын дансны хуулгаар тогтоогдож байх тул дээрх гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үүгээр тасалдсан гэж үзнэ. /хх-ийн 64/

Энэ хугацаанаас хойш гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульд заасан 3 жилээр тооцоход 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болжээ. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

6. Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа ... хариуцагч А.О тэй 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг тус тус олгосон, уг гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 31,625,000 төгрөгийн хамт 45,625,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, зээлийн хүү 29,800,000 төгрөгийн хамт 49,800,000 төгрөг буюу нийт 95,425,000 төгрөг гаргуулна. гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан, хариуцагч А.О нь ...С ХХК-тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.

6.1. Талууд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар байгуулж, гарын үсэг зурсан байна.

Анхан шатны шүүх С ХХК, А.О нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг Б.М ын данснаас шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй, харин нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасан. Зээлдүүлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь өөрийн эзэмшлийн данснаас зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй юм. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон ... иргэнээс мөнгийг шилжүүлсэн байхад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхгүй. гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

6.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч С ХХК нь хууль болон гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг хариуцагч А.О гээс шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.5-д ... Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээрийн гэрээ нь тусгай зориулалтын үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд хамаарч байх тул зээлдэгч нь гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээл, хүүг төлөхөөр байна.

6.3. Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь хэргийн 78, 79 дүгээр талд авагдсан мөнгөн шилжүүлгийн болон орлогын баримтаар тогтоогдсон байна. Гэвч нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж заасан хэдий ч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Харин гэрээг ямар хугацаагаар байгуулсан, хэдий хэмжээний хүү тохиролцсон зэрэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч хүү тооцон нэхэмжлэх эрхээ алдсан байна.

6.4. Хариуцагч дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 2,900,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 6,635,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,565,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банк дахь Б.М ын дансны хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 152, 65, 80/

Иймээс талуудын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.О д үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 83 сар 11 хоногоор тооцоход 33,346,663 төгрөг, нийт 43,346,663 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 10,000,000 төгрөг, нийт 53,346,663 төгрөгийн үүрэг үүсчээ. Үүнээс хариуцагч А.О гийн төлсөн 23,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 30,346,663 төгрөгийг түүнээс гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгуулах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А.О гээс 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүүгийн хамт нийт 49,800,000 төгрөг шаардсан. Уг гэрээний тухайд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон хэдий ч нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргийг хүлээн зөвшөөрч төлбөр төлж байсан, эсхүл төлөхөө илэрхийлсэн байдал болон нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймээс уг гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тодруулбал, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 3 жилээр тооцоход 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болжээ.

Хэргийн 158-160 дахь талд Б.М , А.О нарын хооронд харилцсан цахим захидалд үзлэг хийсэн баримт авагдсан байна. Уг баримтаар харицагч А.О нь мөнгө зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч, төлнө гэх агуулгатай зурвасуудыг илгээсэн байх боловч энэ нь хэнтэй байгуулсан аль гэрээний үүргийн талаар болох нь тодойрхойгүй байх тул 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний хооронд харилцсан дээрх цахим захидлаар хариуцагч А.О нь зээлийн төлбөр төлөхөө илэрхийлсэн байна. Үүнээс хойш 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийн төлөлт хийснийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт хамааруулан тооцож, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн. Харин дээрх үйл баримтыг талуудын 2019 онд байгуулсан гэрээний үүрэгт хамааруулан дүгнэх үндэслэлгүй байна. Иймд А.О гээс 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 49,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгоно.

8. Зохигч талуудын дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх боломжийг олгоогүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны товыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдэж, тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан боловч түүний шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр хэргийн материалтай танилцсан, түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй гэсэн үндэслэлээр шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Шүүх уг нэхэмжлэлд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн байх тул энэ хугацаанд зохигч талууд өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлд хамаарах баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан гэж үзнэ.

Иймээс мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04106 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч А.О гээс 30,346,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,078,337 төгрөгт холбогдох хэсэг болон 30,000,000 төгрөг гаргуулах тухай Б.М ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ... 868,334 ... гэснийг 309,683 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 550,075 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 393,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ