Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

 

 

 

 

     2019       06         05                                     2019/ШЦТ/539 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч: Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хишигжаргалын Бд холбогдох эрүүгийн 1809040470823 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун Тасганы 9 дүгээр гудамжны 81 тоотод оршин суух, урьд:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хорих газраас суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, ЧМ84070271 регистерийн дугаартай, Халх овогт Хишигжаргалын Б.

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч X. Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Этүгэн” их сургуулийн цайны газраас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед орлогын 2.235.000 төгрөгийг хулгайлж, хохирогч Б.Даариймаад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

яллагдагч Б нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр тус дүүргийн татварын хэлтсийн 305 тоот өрөөнөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Саруулбуянгийн “Айфоне 6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг  дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соманг плаза” үйлчилгээний төвийн 201 тоот өрөөнөөс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ж.Энхжаргалын “Самсунг J7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ж.Энхжаргалд 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б нь Баянгол дүүргийн  17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБО холдинг” ХХК-ийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Дархан оточ” нэртэй хувийн эмнэлгийн 3 дугаартай өрөөнөөс 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн орчим иргэн Н.Жаргалмаагийн “Айфоне-Икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын эмнэлгийн 401 тоот өрөөнөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Болорцэцэгийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Би энэ 5 удаагийн хулгайн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин би ганц бие эцэг юм. Энэ талаархи байдлыг маань үгүйсгэж байгаад гомдолтой байна. Хүүхэд маань одоо улсын асрамжийн газарт байдаг юм. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Ж.Энхжаргалын мэдүүлэг /1хх-ийн 120-121/, X.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 129-130/, хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 124-125/, хохирогч Н.Жаргалмаагийн мэдүүлэг /1хх-ийн 228/, X.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 236-238/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 220-223/, хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 233/, хохирогч Б.Дариймаагийн мэдүүлэг /1хх-ийн 15-16/, гэрч Д.Хүрэлбаатарын мэдүүлэг /1хх-ийн 17/, X.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 11-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 14/, хохирогч Д.Болорцэцэгийн мэдүүлэг /1хх-ийн 182-183/, X.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 190-193/, хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 188/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 177-179/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 145-147/, хохирогч Г.Саруулбуянгийн мэдүүлэг /1хх-ийн 149-150/, Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 158-159/, хөрөнгийн үнэлгээ /1хх-ийн 154-155/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх-ийн 45-48/, Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 29, 31-34, 55-75/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1хх-ийн 99, 169/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “Соманг плаза” үйлчилгээний төвийн 201 тоот өрөөнөөс иргэн Ж.Энхжаргалын “Самсунг J7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн  17 дугаар хорооны нутагт байрлах “Дархан оточ” нэртэй хувийн эмнэлгийн 3 дугаартай өрөөнөөс иргэн Н.Жаргалмаагийн “Айфоне-Икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 9 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Этүгэн” их сургуулийн цайны газраас (иргэн Б.Дариймаагаас) орлогын 2.235.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын эмнэлгийн 401 тоот өрөөнөөс иргэн Д.Болорцэцэгийн “Айфоне-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 305 тоот өрөөнөөс иргэн Г.Саруулбуянгийн “Айфоне 6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 348.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 5.985.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Ж.Энхжаргалын /1хх-ийн 120-121/: “...2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би 16:30 минутын үед “Соманг плаза”-д байрлах 201 тоот өрөөнөөсөө түр гараад эргээд ажил руу орох үед нэг залуу надтай зөрсөн. Би ажил руугаа ороод текэн дээр байсан миний гар утас байхгүй байхыг анзаараад эргээд доошоо буугаад, доор байсан 2 залууг “тэр хүнийг бариад аваарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

            X.Бын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 129-130/: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соманг плаза”-гийн 5 давхарт байрлах “Сор” хамгаалалтын албанд ажилд бүртгүүлэхээр явж байсан. “Сор” хамгаалалтын албан дээр очиж уулзахад цалин нь сарын 290.000 төгрөг гэсэн болохоор голоод ажилд орохоос татгалзсан. Тэгээд 5 давхараас шатаар буугаад 2 давхарт гэж санаж байна, Гоо сайханы салоны газар байхаар нь хаалганы завсраар нь харахад дотор нь хүн байхгүй байсан. Тэгээд үүдний хонхыг нь дуугарахгүйн тулд хаалгыг зөөлөн татаж байгаад дотогшоо ороод текний дээгүүр нь өнгийгөөд харсан чинь нэг гар утас цэнэглээстэй байсан. Тэгээд гар утсыг нь текний дээрээс нь гараа оруулаад цэнэглэгчээс нь салгаад аваад халаасандаа хийгээд хаалгыг нь эвтэйхэн онгойлгож гараад гаднаас гарсан. Тухайн үед хэн ч намайг мэдээгүй. Тэгээд шатаар доош буух гэж байтал нэг эмэгтэй гарч ирээд над руу ирээд сүрхий харахад нь би дотроо сэжиг аваад гар утасны эзэн нь байж магадгүй гялс зугтаах санаатай доош бууж байтал араас нөгөө эмэгтэй “хүүш тэр залууг бариад аваарай” гээд орилоход үүдэнд тамхи татаж байсан 2 залууд баригдаад гар утсыг нь буцаагаад өгсөн. Надад өөр нэмж ярих зүйлс байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

            хулгайд алдагдсан эд зүйлсийг 432.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр /1хх-ийн 124-125/,

 

хохирогч Н.Жаргалмаагийн /1хх-ийн 228/: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 19:40 цагийн үед би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБО” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Дархан-Оточ” нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гар утсаа өрөөнийхөө орон дээр тавиад хажуугийн 1 дүгээр өрөө лүү орж сувилагчтайгаа уулзаад байж байгаад 20:10 цагийн орчим өрөөндөө ороход орон дээр байсан миний гар утас алдагдсан байсан. Тэгээд би өөрийн гар утас руугаа залгахад тасалж байгаад унтраачихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг 1 дүгээр өрөөнд байх үед хар өнгийн хувцастай, эрэгтэй гадны хүн явж байсан. Тэр хүнийг авсан гэж бодож байна. “Айфоне-икс” маркийн хар өнгөтэй, ягаан өнгийн гэртэй, дэлгэц хэсэгтээ 2-3 ширхэг жижиг зураастай утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

X.Бын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 236-238/: “...Би 2018 оны 8 дугаар сарын эхээр байх, яг өдрийг нь санахгүй байна. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модны 2”-ын замынхаа урд талд байрлах “Эбо Холдинг” ХХК-ийн байрны тэр хавьд согтуу явж байсан. Би тухайн үедээ ганцаараа явж байсан бөгөөд нэмж архи уумаар санагдаад “Эбо Холдинг” ХХК-ийн байрны 1 дүгээр давхарт орж шүдний эмнэлэг рүү нь ороод “шүд хэдэн төгрөгөөр янзлах уу” гэж асуутал “30.000 төгрөг” гэх шиг болсон. Тэгэхээр нь арай үнэтэй байна гэж бодоод 3 давхарт гартал бас нэг хувийн эмнэлэг байхаар нь тийшээ ортол жижүүр эмч нь байхгүй байсан. Тэгэхээр нь би 3 номерийн өрөөгөөр шагайтал өрөөнийх нь орон дээр нэг гар утас дуугараад байсан. Тэгэнгүүт нь би уг гар утсыг нууцаар аваад гарсан. Би тэр өрөөнөөс өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Би уг гар утасны маркийг нь мэдэхгүй... Эмэгтэй хүн барьж байсан бололтой гадуураа ягаан өнгийн гэртэй, хар өнгийн утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

            камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 220-223/,

           

            хулгайд алдагдсан эд зүйлсийг 2.050.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр /1хх-ийн 233/,

 

            хохирогч Б.Дариймаагийн /1хх-ийн 15-16/: “...2018 оны 9 дүгээр сарын 7-ны 17 цагийн үед цайны газраа хаагаад, цэвэрлэгээ хийгээд явах гээд хувцасаа солих гээд хойд талын өрөөндөө ороод байж байгаад гараад иртэл цайны газрын текний хойно тавьсан байсан миний жижиг хар өнгийн цүнхнээс гялгар ууттай 2.235.000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Д.Хүрэлбаатарын 1хх-ийн 17/:”...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед манай цайны газар хаачихсан, тогооч нар арын өрөөнд хувцсаа солиод намайг хог хаях гээд цайны газраас гарах үед надтай 170 см орчим өндөртэй, саарал ноосон цамцтай залуу зөрөөд орсон. Тэгээд намайг буцаад орж ирэхэд тэр залуу байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

X.Бын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 27-28/: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед “Этүгэн” их сургууль дээр очоод... нэг давхарт ирээд цайны газар руу ороод зогсож байтал нэг эрэгтэй, эмэгтэй хоёр “цайны газар ажиллаж байгаа юм уу” гэж надаас асуухаар нь “ажилаагүй хаасан байна” гэж хэлээд текний хойд талд хар өнгийн эмэгтэй хүний цүнх байхаар нь дөхөж очоод цүнхииг нээж үзэхэд цагаан өнгиин гялгар ууттай их хэмжээний мөнгө байхаар нь ууттай мөнгийг аваад биеийн тамирын цамцан дотроо боогоод сургуулиас гараад байрнуудын дундуур яваад алхаж явсаар байгаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 9-81 тоот гэртээ ирсэн....” гэх мэдүүлгээр,

 

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 7-9/,

            “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Этүгэн” их сургуулийн цайны газрын камерийн бичлэгт үзлэг хийхэд нийт 3 ширхэг файл байх ба 1МС_0916 гэсэн файлыг тоглуулахад нийт 18 секундын бичлэг байх бөгөөд 30 орчим насны дээгүүрээ бор өнгийн 5 гэх бичиглэлтэй подволктой, доогуураа хар өнгийн гутал, цагаан өгийн пүүз өмссөн сэжиг бүхий этгээд нь баруун гартаа цамцаараа ороосон мэт зүйл бариад “Этүгэн” их сургуулийн баруун тийш гүйж байгаа, 1МО_0916 файлыг тоглуулахад сэжиг бүхий этгээд цайны газар руу ороод зогсож байсан, 1МС_0918 файлыг уншуулахад 30 орчим насны 3 гэх бичиглэлтэй подволктой доогуураа хар өнгийн өмд, цагаан өнгийн ултай пүүз өмссөн сэжиг бүхий этгээд “Этүгэн” их сургуулийн шатаар дээшээ өгсөж байсан...” гэх  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 11-12/,         

 

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор /1хх-ийн 14/,

 

хохирогч Д.Болорцэцэгийн /1хх-ийн 182-183/:”...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17-18 цагийн орчимд ажил дээрээ өвчтөн үзээд сууж байгаад хажуугийн 401 тоот өрөөнөөс багаж авах гэж орсон бөгөөд энэ үед миний гар утсанд гаднаас дуудлага ирж би гар утсаараа ярьчихаад ширээн дээр нь гар утсаа үлдээгээд буцаад өвчтөн байсан 404 тоот өрөөндөө орж ирсэн. Улмаар гар утсаа мартсанаа санаад буцаад 401 тоот өрөөнд тэр даруй очиход миний гар утас алга болсон байсан. Тухайн үед 4 давхарт би болон надад үзүүлж байсан өвчтөнөөс өөр хүн байгаагүй болно. Тэгээд би эмнэлгийнхээ хяналтын камерийн бичлэгийг үзэхэд саравчтай малгайтай, уртавтар куртиктэй эрэгтэй хүн 4 давхарын шатаар дээш, доошоо явж байгаа нь харагдаж байсан. Тэр хүнийг гар утас авсан байх гэж бодож байна. Тэр хүнээс өөр хүн 4 давхарт гараагүй гэсэн үг...” гэх мэдүүлгээр,

 

X.Бын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 190-193/: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Судалт” төвийн автобусны буудлаас урагшаа бага зэргийн халамцуу алхаад явж байхад “Нүүр ам судлалын төв” гэсэн бичигтэй эмнэлэг байхаар нь миний урд талын шүд байхгүй болохоор нь тухайн үед шүд хийлгэхээр уг эмнэлгийн 3 давхарт гарахад шилэн хаалга байхаар нь дотогш харахад ширээн дээр ил гар утас байсан. Уг хаалгыг татаж онгойлгоод ороход ширээн дээр хар өнгийн “Айфоне 6” гар утас байхаар нь унтраагаад куртикнийхээ халаасанд хийгээд авч гарсан...” гэх мэдүүлгээр,

 

хулгайд алдагдсан эд зүйлсийг 920.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр /1хх-ийн 188/,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 177-179/,

 

дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 145-147/,

 

хохирогч Г.Саруулбуянгийн /1хх-ийн 149-150/:”...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “ТВ 8” телевизийн байрны 3 дугаар давхарын 305 тоот өрөөнөөс өөрийн гар утсаа хулгайд алдсан. Би 13 цагт цайндаа гарах гээд гар утсаа үзэхэд миний гар утас ширээн дээр байхгүй байсан болохоор ...залгаж үзэхэд миний гар утас холбогдох боломжгүй байсан учир өрөөний хяналтын камерийг шалгаж үзэхэд үл таних эрэгтэй хүн миний ширээн дээрээс “Айфоне 6 эс плас” загварын гар утсыг авч гарсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Бын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 158-159/: “...Би 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ...”Оранж” төв рүү ороод 3 давхарт нь гараад явж байтал нэг онгорхой өрөө байсан. Тэгээд юм асуух гээд орсон чинь өрөөнд хүн байхгүй болохоор нь өрөө рүү ороод ширээн дээр байсан цагаан өнгийн гар утсыг халаасандаа хийгээд гараад явсан ...” гэх мэдүүлгээр,

хулгайд алдагдсан эд зүйлсийг 348.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-ийн 154-155/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

            Дээрх нотлох баримтууд “хохирогч нар эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү олон удаагийн үйлдлээр бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Бын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Бын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

            “Хэдийгээр шүүгдэгч Б нь эмнэлэг, албан тасалгаа, цайны газар зэргээс бусдын хөрөнгийг хулгайлж байгаа боловч дээрх газрууд нь “орон байр” гэсэн хуулийн тодорхойлолтод (Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбар) хамаарахгүй учир хүндрүүлэн зүйлчлээгүй” гэсэн прокурорын тайлбарыг шүүх хүлээн авч тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Н.Жаргалмаагийн 2.050.000 төгрөгийг, хохирогч Б.Дариймаагийн 2.235.000 төгрөгийг, хохирогч Д.Болорцэцэгийн 920.000 төгрөгийг, хохирогч Г.Саруулбуянгийн 348.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Баас гаргуулж  олгох нь зүйтэй. 

 

Хохирогч Ж.Энхжаргал хулгайд алдсан зүйлээ биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгч Быг түүнд төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Халх овогт Хишигжаргалын Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б энэ хэрэгтээ 149 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан CD 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Баас нийт 5.553.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Жаргалмаад 2.050.000 төгрөг, хохирогч Б.Дариймаад 2.235.000 төгрөг, хохирогч Д.Болорцэцэгт 920.000 төгрөг, хохирогч Г.Саруулбуянд 348.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б нь хохирогч Ж.Энхжаргалд төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ