Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01964

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 210/МА2024/01964

 

 

М.С ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/03127 дугаар шийдвэртэй, М.С ын нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр С ХХК-д менежерээр томилогдон ажиллаж эхэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Т/018 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тушаалаа гардан авч, ажлаа хүлээлгэн өгсөн. Уг тушаал нь миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ажилтныхаа үүргийг биелүүлж, чин сэтгэлээсээ ажлаа хийдэг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй, борлуулалт муу байна гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Энэ үндэслэл нь шууд ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болно. Одоо байгаа орон тоо байгаа эсэх асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал. Нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С ХХК нь үндсэн харилцагч Шарын гол ХК-д дизелийн түлш нийлүүлэх, бусад аж ахуйн нэгжүүдэд түлш борлуулах чиглэлээр ажилладаг. Зах зээлийн шаардлагаас шалтгаалан түлшийг импортоор оруулж ирэх ажлыг сайжруулах, үүнтэй холбоотойгоор бүтэц орон тоог шинэчлэх хэрэгтэй гэж үзээд 2022 оны №2022/09/27/01 тоот захирлын тушаалаар орон тоог нэмэгдүүлж ажилласан. С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Э томилогдон өөрийн багийн хүмүүс болох М.С нарын хүмүүсийг авч ирснийг зохих албан тушаалуудад томилон ажиллуулсан. Нэг жил гаруй хугацаанд шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад хүсэж байсан үр дүн гараагүй ба үйл ажиллагааны зардал өссөн, зах зээл хумигдсан, ОХУ-аас түлш энэ хугацаанд импортолж чадаагүй зэрэг шалтгаанаар үндсэн худалдан авагч Шарын гол ХК болон бусад аж ахуйн нэгжид түлш нийлүүлэх боломжгүй болсон. Эдгээр байдлаас шалтгаалж зардлаа багасгахын тулд орон тоог цөөлөх шаардлага гарсан тул 2023 оны №Т/17 тоот захирлын тушаалаар 2022 онд батлагдсан орон тоог цомхотгож, хуучин бүтэц орон тоогоор нь ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирал Ц.Э өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөөд явахад М.С ыг хамт чөлөөлөх байсан боловч энэ нөхцөл байдлыг өөрт нь хэлээд хэсэг хугацаанд ажиллуулсан. Орон тоог цөөлнө гэдгийг хэлсэн бөгөөд ээлжийн амралт, нэг сарын тэтгэмжийг нь олгоод 2023 оныг дуусгана гэж тооцсон. Одоо компанийн нөхцөл байдлаас шалтгаалан шинэ орон тоо бий болгож М.С ыг эргүүлэн ажилд авах боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан тэтгэмж, ажилласан хугацаан дахь амралтын мөнгийг олгосон болно. гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.С ыг хариуцагч С ХХК-ийн менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч С ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 28,696,645 /хорин найман сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С д олгон, хариуцагч С ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.С ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 371,633 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилласан бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлээд улмаар компанийн бүтэц орон тоог өөрчлөн баталсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №Т/017 тоот тушаалаар М.С ын ажлын орон тоо хасагдсан. Тушаалыг бүх ажилтнуудад танилцуулсан ба өөрийн биеэр М.С той уулзаж Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж таниулсан. Хэдийгээр орон тоо хасагдсан боловч нэхэмжлэгчийг ажил олох хүртэл тодорхой хугацаагаар цалинжуулж тухайн оныг дуусгахаар тохирсон. Үүний дагуу М.С д 2023 оны 10, 11 дүгээр сарын цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Ярилцаж тохирсны дагуу Т/017 дугаартай тушаал гарснаас хойш 60 хоногийн дараа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3-т заасан үндэслэлээр ажилтанд хөдөлмөр эрхлэлтийг цуцлах тухай 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдээгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.С ын нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 12-нд хүлээн авснаас хойш үндэслэл муутай шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан. Хойшлогдсон хугацаагаар хариуцагч нэхэмжлэгчийн цалинг нөхөж олгохоор болж байгаа нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 зүйлийн 71.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тушаалыг М.С од 30 хоногийн өмнө огт мэдэгдээгүй гэж хэлдэг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд уулзалт хийсэн гэж ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг, Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд 30 хоногийн өмнө мэдэгдэж гарын үсэг зуруулна гэснийг шүүх үндэслэлтэй тайлбарласан. Уг ажлын байр байхгүй гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал болохоос биш шүүхийн шийдвэрийн асуудал биш гэж мэтгэлцсэн. Хариуцагч багаар нь ажилд авсан гэж тайлбарладаг боловч ийм ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлагын баг гэж ажилд томилоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.С нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч М.С той 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус компанид менежерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Т/018 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 1, 17, 21, 30-р тал/

3.1. Ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэн М.С той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Тус тушаалыг ажилтан эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч буюу хариуцагч тал тушаалын хууль зүйн үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар нотлох үүргийг хүлээнэ.

3.2. Хариуцагч татгалзалдаа, М.С ын ажиллаж байсан менежерийн орон тоо хасагдсан, энэ талаар түүнд танилцуулсан, одоо шинэ орон тоо бий болгож түүнийг ажилд авах боломжгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч М.С ын ажиллаж байсан менежерийн албан тушаал хариуцагч С ХХК-ийн орон тооны бүтцээс хасагдсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/09/27/01 дугаартай Бүтэц орон тоо нэмэх тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Т/017 дугаар Бүтэц орон тоог өөрчлөх тухай тушаал болон уг тушаалуудын хавсралтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэл бий болжээ.

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч хариуцагч С ХХК нь дээрх хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар нэхэмжлэгч М.С д мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч нь ... Бүтэц орон тоог өөрчлөх тухай тушаалыг бүх ажилтнуудад танилцуулсан, М.С той уулзаж хөдөлмөрийн гэрээг цуцлан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж таниулсан. гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй.

3.4. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгч М.С ыг хариуцагч С ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 28,696,645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.С д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... шүүх хүндэтгэн үзэх шалтгаан багатайгаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, мөн хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. гэжээ. Шүүх С ХХК-д холбогдуулан гаргасан М.С ын нэхэмжлэлд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд 2 удаа шүүх хуралдаан зарлаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг тус тус хойшлуулжээ. Шүүх хэргийн оролцогчдын хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/03127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,434 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ