| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2024/02644/И |
| Дугаар | 210/МА2024/01965 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01965
2024 11 06 210/МА2024/01965
Ж.Х ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/04409 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Х ийн хариуцагч О.А д холбогдуулан гаргасан 2,778,813 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Х э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Өргөтгөлийн байрны дээврийн ус нэвтрүүлдэггүй мембран хуулга хуулж, эргүүлэн нөхөж наах ажлыг хийлгэхээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр О.А тай харилцан тохиролцож, ажлыг хийлгэсэн. О.А 1,2х5м хэмжээгээр мембран хуулгыг хуулж, эргүүлэн нөхөх ажлыг хийсэн боловч ажил гүйцэтгэснээс хойш 2 хоногийн дараа бороо орж таазнаас хана дагаж ус гоожиж эхэлсэн. Гэтэл мембран хуулгыг наахдаа хананд нааж бэхлээгүйгээс хана дагаж ус нэвтэрснийг өөрт нь хэлэхэд удахгүй ирж янзалж өгнө гэсэн боловч ирээгүй. Ингээд 2022 оны 12 дугаар болж хүйтний улирал эхэлснээр тухайн ажлыг хийх боломжгүй болсон. Хавраас хойш маш олон удаа ярьсан. Энэ хугацаанд бороо орох болгонд таазнаас ус гоожиж байдал улам хүндэрсэн. Дээврийг тэгш хийснээс болж мембран материалууд доошоо ус алдсан гэж тайлбарлаад байгаа боловч хананд бэхлээгүйгээс борооны ус гоожиж орсныг өөрт нь хэлсэн. Тааз засварлах зардлын үнэ ханшийг мэдэхгүй учир үнэлгээний компанид хандаж хохирлын үнэлгээг тогтоолгосон. Иймд хариуцагч О.А аас 2,778,813 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. О.А ыг Э ХХК-д ажиллаж байхад Ж.Х э өөрийн өмчлөлийн байранд өргөтгөлийн ажлыг компаниар хийлгэсэн. О.А өөрийн хүүгийн хамт налуу байсан дээврийг нэхэмжлэгчийн хүсэлтээр тэгш болгон хийсэн. Ажлыг хийхдээ О.А гурвалжин дээвэртэй гадаргыг тэгш болгоход ус гоожих талаар хэлж сануулсан боловч Ж.Х э тагт хийх учир санаа зоволтгүй гэх хариуг өгснөөр ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч өөрөө тагт хийгээгүйн улмаас ус нэвчсэн. Ажил хугацаандаа хийгдсэн тул ажил хийж гүйцэтгээгүйн улмаас гарсан хохирол, зардлыг хариуцахгүй. Мөн энэ ажлыг О.А ганцаараа биш хоёулаа хийсэн. Зардал, хохиролд 2,643,813 төгрөг бодитоор учирсан гэдэг нь нотлогдоогүй. Мембран хуулга сольсноос ус гоожсон гэх үйл баримт ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. О.А 2022 онд ажлыг хийж гүйцэтгэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дээврээс ус нэвчсэн талаар тухайн үед хэлж байсан. О.А ын хийсэн ажлаас болж ус нэвтэрсэн гэдэг нь тогтоогдоогүй. Мессэжээр холбогдож байхдаа О.А манайхаас шалтгаалсан бол засаж өгнө гэж хэлсэн. гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч О.А аас 2,778,813 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.А аас улсын тэмдэгтийн хураамжид 59,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х эд олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс Ж.Х ийн нэхэмжлэлтэй О.А д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл муутай болсон.
4.1. Анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар дээврээс ус гоожиж хохирол учирсан буюу О.А ын хийж гүйцэтгэсэн мембран солих ажлаас болж ус гойжсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх гагцхүү хариуцагч тал татгалзлын үндэслэлээ баримтаар нотолсонгүй гэх үндэслэл муутай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ 2 хоногийн дараа ус гоожсон гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гагцхүү мессеж бичсэн гэх баримтыг хавсаргаж өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх үнэлсэн, мөн үл хөдлөх хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан хэрэгт авагдсан бөгөөд уг үнэлгээний тайлангаар 2,643,913 төгрөгийн зардал орох юм байна гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн болохоос О.А ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хийж гүйцэтгэсэн ажлаас болж хохирол учирсан гэж үзэх дүгнэлт биш байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл байх хуулийн шаардлагад нийцэхгүй.
Хариуцагчийн зүгээс уг ажлыг хийж гүйцэтгэх үед ч гэсэн тааз нь ус гоожсон шарласан байсан тул ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэхгүй гэх тайлбарыг хийхэд шүүх энэ талаар татгалзлаа баримтаар нотолж чадсангүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, үүнийг нотлох ямар ч боломжгүй байхад шүүх баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
4.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзахдаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гомдол гаргах хугацааг алдсан гэх үндэслэлээр маргасан буюу Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу ажил хүлээн авсанаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа гэж Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанаас тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх дүгнэлтийг хийсэн боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуулиар нарийвчлан зохицуулсан байхад ерөнхий хөөн хэлэлцэх хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/04409 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Дээврийн 3.2 метр нь тэгш гадаргуутай, баруун тал руу дээврийн 5 метр хавтгай болгосон ба 2013-2022 он хүртэл буюу 9 жилийн турш хавтгайгаараа байхад ямар ч ус гоожоогүй. Гэтэл үлдсэн дээврийг адилхан хавтгай, урт болгож хийлгэсэн боловч дээврээс ус гоожсон. Хариуцагч дээврийг хавтгай болгосноос болж ус гоожсон гэж үгүйсгэдэг. Хэрэгт үнэлгээний тайланг нотлох баримтаар өгсөн. Хариуцагч уг дүгнэлтээр гүйцэтгэсэн ажлын улмаас дээврээс ус гоожсон гэж дүгнээгүй гэж маргадаг. Гэтэл хариуцагч дээврийг хийж гүйцэтгэснээс хойш хоёр хоногийн дараа ус гоожсон. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан баримтаас харвал хариуцагч шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч 37 дугаар хуудсанд авагдсан баримт болон 61 дүгээр хуудсанд авагдсан хурлын тэмдэглэлээс харвал хариуцагч үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан. Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан. гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ж.Х э нь хариуцагч О.А д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,778,813 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн шаардлага гаргах эрхтэй холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.
4. Талууд бичгийн гэрээ байгуулаагүй ч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч О.А нь өргөтгөлийн барилгын дээврийн зарим хэсгийн мембран хуулгыг хуулан авч, нөхөж наах ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч Ж.Х э нь ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 1, 29/ Улмаар талууд гэрээнд заасан ажил үйлчилгээг хүлээлцсэн талаар талуудын хэн аль нь тайлбарласан.
4.1. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.
4.2. Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлын үнэлгээний тайлан зэргийг харьцуулан дүгнэж, хариуцагч О.А аас 2,778,813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х эд олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
4.3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч О.А нь гэрээнд заасан ажил үйлчилгээг доголдолтой гүйцэтгэсэн, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй тул 2,778,813 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан.
Хариуцагч нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаас шалтгаалж нэхэмжлэгчид 2,778,813 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь баримтаар нотлогдоогүй, түүнчлэн энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзжээ.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч О.А ын хувьд ямар шалтгааны улмаас ус гоожсон буюу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой доголдлын улмаас хохирол учирсан эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал уг хүсэлтээсээ татгалзсан байна.
Шүүх шийдвэрээ анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд хариуцагчийн хувьд өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, маргааны үйл баримттай холбоотой гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Иймээс 2,778,813 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй гэх хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч талаас гаргасан хохирлын үнэлгээний баримтыг хариуцагч няцаагаагүй байна.
5. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдлын тухайд:
Талууд барилгын дээврийн ажил хийлгэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлын үр дүнг хүлээн авсан талаар тайлбарласан.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаар барилга, байшингийн ажлыг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Х э нь хариуцагч О.А аас гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээргүй байна. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/04409 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 ... гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ