| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/01046/И |
| Дугаар | 212/МА2024/00084 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2024/00084
У.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00712 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** тоотод оршин суух Ж овогт У.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ************** багт оршин суух У овогт Х.Х-д холбогдох,
“7,248,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Х.Х- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие У.Т- нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Х.Х-тай тохиролцон хүнсний ногоо болон манжин луувангийн үр өгсөн. Үүнд төмс 11 тонн буюу нэг бүрийн үнэ 500 төгрөг нийт 5,500,000 төгрөг, сонгино 200 кг буюу нэг бүрийн үнэ 7000 төгрөг нийт 1,400,000 төгрөг, манжингийн үр 0,5 кг нэг бүрийн үнэ 200,000 төгрөг нийт 100,000 төгрөг, луувангийн үр 1,5 кг нэг бүрийн үнэ 30,000 төгрөг нийт 45,000 төгрөг, шар машины 7 хоногийн түрээс 300,000 төгрөг бүгд 7,345,000 төгрөг байх ба тухайн үеийн ханшаар бодож зээл олгосон.
1.2. Тухайн үед дээрх үр, ногоог Баян-Өлгий аймаг рүү Ганболд гээд жолоочид ачуулсан. Үр суулгадаг шар машиныг түрээсэлж аваад, төмс болон бусад үрүүдийг явуулсан. Хариуцагч Х.Х- гуай надаас төмсийг тарина гэж аваагүй, борлуулаад өөрөө зарна гээд таваарын төмс авсан. Тухайн үед би өөрийнхөө төмсийг биш Ховд аймгийн Ховд сумын зооринд байгаа 11 тонн төмс ачуулсан юм. Тухайн үед бид хоёр төмсийг 500 төгрөгөөр тохиролцож, Х.Х- гуай мөнгийг чинь явсан машины жолоочдоо шилжүүлнэ гээд авсан юм. Хариуцагч Х.Х- нь мөнгийг маргааш, нөгөөдөр өгнө гэсээр байгаад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин мөнгийг өнөөдөр хүртэл өгөөгүй. Х.Х- гуай өөрөө мэдэж байгаа. Би Баян-Өлгий аймагт 4 удаа мөнгө авахаар гэрт нь очсон. Тэгээд маргааш, нөгөөдөр гээд хойш нь тавьсаар байж байгаад 4 жил болж байна.
1.3. Х.Х- нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй тул зээлийн үлдэгдэл 7,345,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 8,845,000 төгрөг байх ба би эвлэрүүлэн зуучлагчид хандахад төлсөн 30,000 төгрөгийн хамт нийт 8,848,000 төгрөг болж байна. Х.Х- нь үүнээс 2023 оны 11 дүгээр сард 1,600,000 төгрөг шилжүүлснийг хасаад одоо үлдэгдэл 7,248,000 төгрөгийг өгөхгүй 2 жил болж байна. Иймд Х.Х-аас 7,248,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Х.Х- би 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр У.Т-аас төмс 11 тонныг 1 кг-ийг 500 төгрөгөөр нийтдээ 5,500,000 төгрөгөөр, сонгино 200 кг, 1 кг-ыг 7000 төгрөгөөр нийтдээ 1,400,000 төгрөгөөр, лууван 1.5 кг-ийг 30,000 төгрөгөөр нийтдээ 45,000 төгрөгөөр, манжин 0.5 кг-ийг 200,000 төгрөгөөр 100,000 төгрөгөөр бүгд 7,045,000 төгрөгийн материалыг Камаз машиныг ачуулсан.
2.3. Тухайн үед миний бие X.Х- 3 дугаар сард Ховд багийн иргэн У.Т-ыг урилгаар дуудаж төмс ногоо тарих талбайг Бугы багаас газраас сонгож үзүүлж авсан. Уг газарт Бугат сумын Засаг даргад хүсэлт гаргаж, 15.6 га газарт хүнсний ногоо тарих захирамж гаргуулсан. 5 дугаар сарын 15-аас эхэлж тус газарт талбайн бэлтгэл ажил хийж үрийн төмс авахаар У.Т-ад захиалсан. Тэр үед үрийн төмсний 1 кг нь 200-250 төгрөгөөр олж өгөхөөр тохирч байсан. Тухайн үед банкнаас зээл авах хүсэлт гаргасан боловч зээл олгоогүй.
2.4. Дээрх материалыг буулгаж авахад төмс нь 11 тонн хүрэхгүй байсан ба төмс нь 10.800.010 кг, сонгино 135 кг гарч байсан. Эдгээрийг тухайн үед өөрт нь мэдэгдсэн.
2.5. Дээрх 10.800.010 кг төмсийг 6 дугаар сарын 25-ны өдөр Баяннуур сумын иргэн Хы-тай тохиролцож, талбайд суулгаж авсан. Тухайн оны намар тус талбайгаас 8 шуудай төмс авсан. Тэр үеэс эхэлж надаас дээрх мөнгийг өг гэж хүсэлт тавьсан. 2022 онд 500.000 төгрөг өгсөн. 2023 оны 11 дүгээр сард 1.000.000 төгрөг өгсөн юм. У. Т- нь 6 дугаар сард эвлэрүүлэн зуучлах шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлах шүүх нь 2023 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасныг мэдсэн.Уг нэхэмжлэлд надаас алданги тооцох 1.500.000 төгрөг нэхсэн байна. Б тус хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй.
2.6. Тухайн үеийн төмс, сонгино, лууван, манжны үрийн үнийг өөрөө дур мэдэн бичиж надаас илүү мөнгө нэхэмжилж байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00712 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Х-аас 4,895,000 (дөрвөн сая найман зуун ерэн таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Т-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,353,000 (хоёр сая гурван зуун тавин гурван мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,470 (нэг зуун гучин хоёр мянган дөрвөн зуун далан) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Х-аас 93,270 (ерэн гурван мянган хоёр зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Т-ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 130/ШШ2024/00712 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгч бидний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2. Нэхэмжлэгч талын Ховд аймгийн Жаргалант сум дахь ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэгийн тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь тус аймгийн Жаргалант сумын ИТХ-ын тогтоолоор Жаргалант сумын үнэ ханш тогтоосон комиссын тодорхойлолтыг үндэслэх ёстой.
4.3. Шүүгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үнийн ханш тогтоосон тодорхойлолтын дагуу тогтоох ёстой. Миний бие У.Т-ыг 2021 оны 4-р сард урилгаар дуудаж, төмс, лууван тарих талбайг сонгож газар дээр нь сонгож өгсөн. Тухайн үед миний бие үрийн төмс авахаар тохиролцсон. У.Т- нь 6-р сарын 10-ны үеэр 10 тн соёолсон таваарын үрийн төмс байгаа, тэрийг миний сонгож өгсөн талбайд суулгаж, намар оронд нь ургац хураах үеэр төмс өгөөрэй гэсэн.
4.4. Нэхэмжлэгч У.Т- нь 2021 оны 5-р сарын 12-нд таваарын төмс өгсөн. Х.Х- нь худалдаж байгаад мөнгөө эргэж төлж өгнө гэсэн худал мэдүүлэг өгч байна. Би худалдах төмс аваагүй. Урьд өмнө ямар нэгэн хүнсний ногоо худалдаж байгаагүй. Улмаар Бугат сумын ИТХ-аас 2021 оны 05-р сард тогтоол гаргаж, тус газрыг эзэмшүүлэх гэрчилгээ, захирамж гаргуулж, талбайг 2021 оны 06-р сарын 27-ны өдөр бэлтгэж дууссан.
4.5. Тухайн төмсийг би 5-р сарын 12-нд аваагүй, хэлэлцээр хийгээгүй. Үнэ тохироогүй. Ховд аймгийн гэрч Х.Б, М.Б нарын гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байна. Жолооч Л.Г гэрчийн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн. Төмс, лууван, материалыг хүлээлгэж өгөөгүй. Учир нь ковидын үед кабинд сууж байсан, бид 3 хүн 200 шуудай төмс буулгаж авсан. Бид бүх шуудайг задлан үзэх боломжгүй байсан. Хүлээж авснаас хойш 15 хоног манай машины гаражид байсан. Төмс нь хурдан муудаж, түргэн соёолдог, халуунд тэсдэггүй, ийм тохиолдолд төмсийг идшинд хэрэглэх боломжгүй. Уг төмсийг улсын хэмжээнд 80% хямдруулж үрэнд хэрэглэх журамтай.
4.6. Би 6-р сарын 12-оос хойш ямар нэгэн хүнээс үрийн болон таваарын төмс аваагүй. Гэрч Б, Хы нарын мэдүүлгээр 2021.06.27-ны өдөр соёолсон, муудсан төмсийг тус талбайд суулгасан.
4.7. Аливаа хүнсний ногоог худалдан авахад хорогдол хасах ёстой. Жишээ нь төмсний 10 кг-аас 1 кг хасдаг. У.Т- нь 1 кг үрийн төмсийг 500 төгрөгөөр, бөөрөнхий сонгиноны үр 7000 төгрөг, манжны үр 1кг 200000 төгрөг, луувангийн үрийн 1 кг 30000 төгрөгөөр өөрөө дур мэдэн үнэ нэмж, нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны 2024.08.15-ны өдрийн 130/ШШ2024/00712 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Миний хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 130/ШШ2024/00712 дугаартай шийдвэр үндэслэлтэй гэж харж байгаа. Тийм учраас хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.2. Анхан шатны шүүхэд бүх бодит байдал тогтоогдож, шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа. Болсон явдлын талаар жолооч ч гэсэн маш тодорхой дурдсан. Өнөөдөр хариуцагч зарим зүйлийг албаар худлаа мэдэн будилж худлаа мэдүүлж байна.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч Х.Х-ын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч У.Т-ын хариуцагч Х.Х-д холбогдуулан гаргасан “ногооны үнэ 7,248,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
8. Нэхэмжлэгч У.Т- нь хариуцагч Х.Х-д холбогдуулан 7,248,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн Х.Х-тай тохиролцсон хүнсний ногоо болон манжин луувангийн үр өгсөн. Үүнд төмс 11 тонн буюу нэг бүрийн үнэ 500 төгрөг нийт 5,500,000 төгрөг, сонгино 200 кг буюу нэг бүрийн үнэ 7000 төгрөг нийт 1,400,000 төгрөг, манжингийн үр 0,5 кг нэг бүрийн үнэ 200 төгрөг нийт 100,000 төгрөг, луувангийн үр 1,5 кг нэг бүрийн үнэ 3,000 төгрөг нийт 45,000 төгрөг, шар манжин 7 хоногийн түрээс 300,000 төгрөг бүгд 7,345,000 төгрөг байх ба тухайн үеийн ханшаар бодож зээл олгосон. Тухайн үед дээрх үр, ногоог Баян-Өлгий аймаг рүү Ганболд гээд жолоочид ачуулсан. Үр суулгадаг шар машиныг түрээсэлж аваад, төмс болон бусад үрүүдийг явуулсан. Хариуцагч Х.Х- гуай надаас төмсийг тарина гээд аваагүй, борлуулаад өөрөө зарна гээд таваарын төмс авсан. Тухайн үед би өөрийнхөө төмсийг биш Ховд аймгийн Ховд сумын зооринд байгаа 11 тонн төмс ачуулсан юм. Тухайн үед бид хоёр төмсийг 500 төгрөгөөр тохиролцож, Х.Х- гуай мөнгийг чинь явсан машины жолоочдоо шилжүүлнэ гээд авсан юм. Хариуцагч Х.Х- нь мөнгийг маргааш, нөгөөдөр өгнө гэсээр байгаад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин мөнгийг өнөөдөр хүртэл өгөөгүй. Х.Х- гуай өөрөө мэдэж байгаа. Би Баян-Өлгий аймагт 4 удаа мөнгө авахаар гэрт нь очсон. Тэгээд маргааш, нөгөөдөр гээд хойш нь тавьсаар байж байгаад 4 жил болж байна. Х.Х- нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй тул зээлийн үлдэгдэл 7,345,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 8,845,000 төгрөг байх ба би эвлэрүүлэн зуучлагчид хандахад төлсөн 30,000 төгрөгийн хамт нийт 8,848,000 төгрөг болж байна. Х.Х- нь үүнээс 2023 оны 11 дүгээр сард 1,600,000 төгрөг шилжүүлснийг хасаад одоо үлдэгдэл 7,248,000 төгрөгийг өгөхгүй 2 жил болж байна. Иймд Х.Х-аас 7,248,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан;
9. Хариуцагч Х.Х- хариу тайлбартаа: “...Миний бие 2021 оны 04 дүгээр сард У.Т-тай танилцсан. 2021 оны 4 дүгээр сард Бугын газраас ногоо тарих газрыг сонгож, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ногоо тарих газрын зөвшөөрөл авсан юм. Нэхэмжлэгч У.Т- нь нэхэмжлэл дээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төмс өгсөн гэж бичсэн байна. Би 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр газрын зөвшөөрөл аваад, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үрийн төмс авсан. Би таваарын төмс биш үр авсан.
Би 2021 оны 06 дугаар сарын 12-ы өдөр У.Т-аас төмс 11 тонныг 1 кг-ийг 500 төгрөгөөр нийтдээ 5,500,000 төгрөгөөр, сонгино 200 кг-ийг 7000 төгрөгөөр нийтдээ 1,400,000 төгрөгөөр, лууван 1.5 кг-ийг 30,000 төгрөгөөр нийтдээ 45,000 төгрөгөөр, манжин 0.5 кг-ийг 200,000 төгрөгөөр 100,000 төгрөгөөр бүгд 7,045,000 төгрөгийн материалыг Камаз машиныг ачуулсан. Нэхэмжлэгч У.Т- нь өөрийн дураар дур мэдэж үнэ бичсэн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтай жимс холбоо гэх мэргэжлийн байгууллага нь 2021 оны 5, 6 дугаар сарын байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны үрийг худалдах, худалдан авах тухай үнийн судалгааг үндэслэн тогтоосон. Хүнс хөдөө аж ахуйн яамны сайдын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А\135 дугаар үнэ тогтоох хувиар баталсан тухай тушаал, мөн Хүнсний үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын хамтран байгуулсан хүнсний ногоо үр нийлүүлэх 05170 гэрээний хавсралтаар луувангийн үрийг 16,500 төгрөг, шар манжингийн 1 килограммыг 18,000 төгрөг, бөөрөнхий сонгино 1 килограммыг 3,360 төгрөгөөр тус тус тогтоосон. Тухайн үед бол төмс болон бусад хүнсний үнийн талаар хоорондоо тохиролцсон ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул би алданги төлөх ёсгүй. Харин тухайн үед үр, ногоог хүлээж авах үед төмс нь 10,810 килограмм байсан. 100 төгрөгөөр тооцож 1,081,000 төгрөг, сонгино 135 килограмм байсан ба 3,360 төгрөгөөр бодоод 453,600 төгрөг болсон. Манжин 5 килограммыг 18,000 төгрөгөөр бодоод 90,000 төгрөг, лууван бол 1,5 килограмм байсан 16,500 төгрөг байсан...” гэж маргажээ.
10. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Х.Х- нь нэхэмжлэгч У.Т-аас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тохиролцож хүнсний ногоо болон манжин луувангийн үр авсан, үүнд төмс 11 тонн буюу нэг бүрийн үнэ 500 төгрөг нийт 5,500,000 төгрөг, сонгино 200 кг буюу нэг бүрийн үнэ 7000 төгрөг нийт 1,400,000 төгрөг, манжингийн үр 0,5 кг нэг бүрийн үнэ 200,000 төгрөг нийт 100,000 төгрөг, луувангийн үр 1,5 кг нэг бүрийн үнэ 30,000 төгрөг нийт 45,000 төгрөг, үр суулгадаг шар машины 7 хоногийн түрээс 300,000 төгрөг бүгд 7,345,000 төгрөг гэж, хариуцагч Х.Х- 10810 кг үрийн төмс, 135 кг сонгинын үр хүлээж авсан талаар тайлбарлаж манжин болон луувангийн үрийн хэмжээнд маргаагүй ба тухайн хүнсний ногоо болон манжин, луувангийн үнэ дээр маргасан үйл баримт тогтоогджээ.
11. Анхан шатны шүүх хариуцагчаас 4,895,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,353,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч У.Т-аас болон хариуцагч Х.Х- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.
12. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хооронд байгуулагдсан 2021 оны Хүнсний ногооны үрийн үнэлэх тухай №ТГ/21/0517/-01 дугаартай гэрээнээс үзэхэд уг гэрээний зорилго нь 2021 оны тариалалтын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байх ба Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын баталсан үнийн тариф нь 2021 онд Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн худалдаалж байгаа үнэ байх тул дээрх гэрээ болон тухайн тарифыг үндэслэн тогтоосон Алтайн жимс холбооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боложээ.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сум дахь Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Мөнгөнцэцэгийн тодорхойлолтоор 2021 онд Ховд аймгийн Жаргалант суманд төмс 1 кг нь 850 төгрөг, луувангийн үр 1 кг нь 45,000 төгрөг, шар манжингийн үр 1 кг нь 200,000 төгрөг, бөөрөнхий сонгинын үр 1 кг нь 7000 төгрөгийн үнэлгээтэй байсан, үүнийг үндэслээд нэхэмжлэгчээс төмсний 1 кг-ын үнийг 500 төгрөг, 1 кг сонгинын үрийн үнийг 7000 төгрөг, манжингийн үрийн 1 кг-ыг 200,000 төгрөг, луувангийн үрийн 1 кг-ыг 30,000 төгрөг гэж тус тус тодорхойлж нэхэмжилснийг хариуцагч тал баримтаар няцаан үгүйсгээгүй тул нэхэмжлэгчээс 1 кг төмсний үнийг 500 төгрөг, 1 кг сонгинын үрийн үнийг 7000 төгрөг, манжингийн үрийн 1 кг-ыг 200,000 төгрөг, луувангийн үрийн 1 кг-ыг 30,000 төгрөг гэж тус тус тооцож нэхэмжилсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх хариуцагчийн хүлээж авсан гэх ногооны хэмжээгээр тооцож төмсний үнэ 5,405,000 /10810 кг х 500 төгрөг=5,405,000/ төгрөг, сонгинын үрийн үнэ 945,000 /135 кг х 7000=945,000/ төгрөг, манжингийн үрийн үнэ 100,000 төгрөг /0.5 кг х 200,000=100,000/ төгрөг, луувангийн үр 45,000 /1.5 кг х 30,000 = 45,000/ төгрөг, нийт 6,495,000 төгрөгийг худалдан авагч төлөх үүрэгтэй, үүнээс 1,600,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул үлдсэн 4,895,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Иймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн “...нэхэмжлэгчийн дур мэдэн үнэ нэмж нэхэмжилснийг эс зөвшөөрч байна...” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас нь өөрийн татгалзал ба үгүйсгэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх талуудаас хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудын хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоож, түүнд Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ