| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00650/И |
| Дугаар | 212/МА2024/00085 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2024/00085
Х.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00754 дүгээр шийдвэртэй, хүсэлт гаргагч ********* багт оршин суух хаягтай Ш овогт Х-ийн Х-ын хүсэлттэй,
“Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор, Булган сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Малчин Х.Х- би Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдлийн малыг маллаж малчин байсан ба тус нэгдэл таарсны дараа хувиараа мал ахуй эрхэлж 1993 оноос одоо хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт мал маллаж, малчин байсан. Гэтэл Х.Х- миний нэгдэлд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа, 1995-2000 онуудын А карт зөрчилтэй учраас малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2. Иймд малчин Х.Х- миний Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин байсан байдлыг болон Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгөхийг хүсэж байна.
2. Хүсэлтийн тодруулсан шаардлагад:
2.1. Хүсэлт гаргагч Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн урьд тус шүүхэд Х.Х-аас гаргасан хүсэлтийнхээ шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
2.2. Энэ нь иргэн Х.Х-ын Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг болон Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгөхийг хүсэж байна.
2.3. Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагад: Хүсэлтийнхээ шаардлагын хэмжээг багасгаж, Х.Х-ыг Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1991 онд нормчноор ажиллаж байсан байдлыг болон 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд малчин байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00754 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдал болон Булган сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн тус аймгийн Булган сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх малчин Х.Х-ын Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
4.2. Малчин Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт 1995-1996 онуудад мал маллаж, малчин байсан нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас олгосон 1995-1996 онуудын мал тооллогын А данс, тухайлбал малчин Х.Х- нь 1995 онд адуу 3, үхэр 1, хонь 13, ямаа 30 нийт 47 толгой, 1996 онд адуу 2, үхэр 2, хонь 10, ямаа 32 нийт 46 толгой мал тус тус тоолуулж байсан баримт, анхан шатны шүүхээс Х.Х-ыг 1997-2000 онуудад Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт мал маллаж, малчин байсныг тогтоосон нөхцөл байдал, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, Х.Х- нь 2021 онд малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх арга хэмжээнд малчны хувьд хамрагдаж байсан зэрэг нөхцөл байдлуудаар нотлогдож байна гэж үзэж байна.
4.3. Иймээс анхан шатны шүүх иргэний хэрэгт зохих журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь нягтлан үзээгүй байгаа явдалд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130\ШШ2024\00754 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч Х.Х-ын Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүх Х.Х-ын хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй орхигдуулсан байх тул шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгож өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
7. Х.Х- нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1990 оноос 1992 оныг дуустал нийт 3 жил малчин байсныг, мөн 1995 оноос 2000 оныг дуустал малчин байсныг тус тус тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Салтанат нэгдэлд 1990 оноос 1992 оныг дуустал хугацаанд 3 жил нормчноор ажиллаж байсан болон 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд малчин байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийнхээ шаардлагыг тодруулж өөрчилсөн байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Х-ын хүсэлтийн шаардлагын хэмжээг багасгаж, түүнийг Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1991 онд нормчноор ажиллаж байсан байдлыг болон 1995 оноос 2000 оныг дуустал хугацаанд малчин байсныг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.
8. Анхан шатны шүүх Х.Х-ын хүсэлтийн дээрх шаардлагын зарим хэсгийг, тухайлбал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1991 онд нормчноор ажиллаж байсан байдлыг болон 1997 оноос, 1998, 1999, 2000 оныг дуустал хугацаанд малчин байсныг тус тус тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1995, 1996 онд малчин байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийн “хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба үндэслэлээ “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй” гэж тайлбарлажээ.
Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж үзвэл, Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1991 онд нормчноор ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Х.Х-ын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэх ХААТР маягтын 14 дэх мөрөнд “Ажилладаг байгууллага: Салтанат нэгдэл; Эрхэлдэг ажил: “Нооромчин” ...” гэж тэмдэглэснээр /хэргийн 36 дугаар талын арын нүүр/ тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгджээ. Шүүх Х.Х-ыг тухайн цаг хугацаанд Салтанат нэгдэлд ажиллаж байсан гэж дүгнэхдээ Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 253 дугаар “Салтанат нэгдэл нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан” гэх архивын лавлагааг эш татсан үндэслэл нь тодорхойгүйг тэмдэглэх нь зүйтэй ба Х.Х-ын 1990 оны сүүлээр бүртгэсэн дээрх ХААТР маягтын тэмдэглэлийг түүнд 1990 онд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн 16-17 дахь талд Салтанат нэгдлийн тамга бүхий дардастай, сайшаал, шагналын тухай тэмдэглэгээтэй харьцуулж үзвэл, түүнийг 1991 онд тус нэгдэлд нормчноор ажиллаж байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
9. Х.Х-ад 1990 онд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн 16-17 дахь талд Салтанат нэгдлийн тамга бүхий дардастай, “Хоног-360, Хөлс-4434, Хөдөлмөрийн 70 дугаар дансны хуудас №23” гэсэн тэмдэглэгээ нь хэргийн 78 дугаар талд авагдсан Булган сумын Салтанат нэгдлийн 70 дугаар дансны 23 дугаар хуудаст “Х--д 4434 төгрөг тооцов” гэсэн тэмдэглэгээтэй тохирч байхад анхан шатны шүүх Х.Х-ын дээрх хөдөлмөрийн дэвтрийг “шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журамд нийцээгүй гэж үзнэ.
10. Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багт 1997 оноос 2000 оныг дуустал хугацаанд мал маллаж, малчин байсан нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 318 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн 2000 (39/14 дүгээр мөр), 1999 (15 дугаар мөр), 1998 (16 дугаар мөр), 1997 (32 дугаар мөр) оны мал тооллогын А дансны баримтуудад түүнийг малчин өрхөөр бүртгэж, мал тоолуулсан тухай тэмдэглэлээр хангалттай тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин хэргийн 9, 53 дугаар талд тус тус авагдсан 1996 оны мал тооллогын А дансны 22 дугаар мөрөнд Х.Х-ыг “хувийн малтай өрхийн тоо: 1, ам бүлийн тоо: 5, адуу-2, үхэр-2, хонь-10, ямаа-32” гэж нийт 46 толгой мал тоолуулсан талаар бүртгэсэн, энэ нь 1997 оны А дансны “1996 оны эцсийн тооллогоор байсан” малын бүртгэлтэй тохирч байгаа ба 1996 оны А дансанд Т, Ш нараас бусад бүх өрхийг малчин өрхөөр бүртгээгүй, харин 1997 оны А дансанд тухайн бүртгэлийн хуудаст буй бүхий л өрхийг малчин өрхөөр бүртгэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Х.Х-ыг 1996 онд мал маллаж байсан буюу малчин байсныг тогтоох нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
11. Тэрээр 1996 онд 46 толгой мал тоолуулсан нь тогтоогдсон, тухайн онд 2 өрхөөс бусад бүх өрхийг малчин өрхөөр бүтгээгүй атлаа 1997 оны А дансанд бүртгэлтэй бүх өрхийг малчин өрхөөр бүртгэсэн зэргээс үзвэл, анхан шатны шүүхийн Х.Х-ыг 1996 онд “малчин өрхөөр бүртгээгүй” учраас тухайн онд мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэв.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “тухайн ондоо мал тоолуулаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн 9-10, 53-54 дэх талд авагдсан хүсэлт гаргагчийг 46 толгой мал тоолуулсан тухай мал тооллогын А дансаар үгүйсгэгдсэн, “1994 онд төрсөн хүүхдийн ХААТР маягт” зэргийг эш үндэс болгож 1996 онд мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цугларсан Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багийн нийт өрхийн 1996, 1997 оны мал тооллогын А дансны Х.Х-ад холбогдох тэмдэглэгээ бүхий бүртгэлийг үндэслэж түүнийг 1996 онд мал маллаж байсан буюу малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй болно.
12. Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж, хүлээж авсан учраас Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00754 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэснийг “1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж, “1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд” гэснийг “1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Х.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК