| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0057/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Э-т холбогдох эрүүгийн 1920001470084 тоот хэргийг 2019 оны 06 сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, 1 эгч, 3 дүүгийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт найзындаа амьдарч байгаа гэх, Б овогт Э.Э,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Э нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Я төвийн гадаа иргэн О.Г-тай маргалдаж улмаар толгойн тус газар замын хавтангаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд. Би эхээс тавуулаа мэндэлсэн. Долоон нас хүртлээ хөдөө аав, ээжийн гар дээр хүмүүжсэн. 2007 онд Замын-Үүдийн Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 2015 онд 8 дугаар ангиа төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 2015-2018 оны хооронд хөдөө мал дээр байсан. 2018 оноос 2019 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн ... ангид хугацаат цэргийн алба хаасан. Одоо хийсэн ажилгүй байгаа. Эхнэр аваагүй. Аав хөдөө мал дээрээ байдаг, ээж “Н” дэлгүүрт ажилладаг. Эгч Э.М Улаанбаатарт оюутан, дүү нар Замын-Үүдийн сургуульд сурагч. Би архи уудаггүй, тамхи татдаггүй. 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг “Я” төвөөр үйлчлүүлээд гарахдаа гадаа О.Г-тай үл ялих зүйлээс болж марган түүний толгойн тус газарт явган хүний замын бетон хавтангаар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Бас гэмшиж байна. Ахин алдаа гаргахгүй байх болно гэжээ. /хх-ийн 43-44/
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж ярих зүйл байхгүй. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.
Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Замын-Үүд суман дахь “Я” нэртэй караокед эхнэр У, найз У, Ц нарын хамт орсон. Тэндээ 1 цаг дуулж хүн хүний 2, 2 лаазтай пиво уусан. Би бараг согтууруулах ундаа хэрэглэдэггүй тул нойр хүрээд караокенаас гарахаасаа өмнө 20 орчим минут унтсан. Ингээд караокены цаг дуусч гарахдаа У, Ц хоёрыг тооцоогоо хийчихээрэй гэж үлдээгээд У бид хоёр түрүүлээд гарсан. Караокены үүдний шатан дээр үл таних хоёр залуу таараад Э гэх залуу нь У-н хувцаснаас зуураад ал минь муухай хараад байна уу гэсэн. У тэр залуугийн гарыг нь тавиулаад цааш явсан. Би гайхаад хартал Э чи бас муухай хараад байна уу ал минь гээд над руу агсарсан. Би хажуугаар нь гартал намайг Э заамдаж авсан. Би зөрүүлээд заамдсан. Боолцоод байж байтал Э ахаа намайг тавьчих гэхээр нь тавьтал шууд газраас явган хүний замын тал хавтан шүүрч аваад миний толгойн ар хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь Э-г би ахин заамдаж аваад 1 удаа мөргөсөн. Хажуугаар Э-н найз нь гээд бас нэг залуу байсан ба салгахгүй, одоо зодолд энэ тэр гээд турхираад байсан. Манай найз У, Т-г болиулах гээд зууралдаад байж байсан. Ингээд удаагүй цагдаа нар хүрээд ирсэн. Дараа нь эмнэлэг орж толгодоо 4 оёдол тавиулсан. Э надаас сүүлд нь уучлалт гуйсан. Уг нь эрүүл саруулдаа харьцаа нь гайгүй л хүүхэд байна лээ. Гайгүй ээ дажгүй. Эдгэж байгаа. Бага зэргийн хөндүүр л байгаа гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Э манай гэрт ирээд бид хоёр гадагшаа гарч гэр хорооллын дэлгүүрээс үл таних хүнээр 0.5 литрын 1 шил С архи авахуулсан. Тэрийгээ гадаа хоёулаа хувааж уусан. Тэгээд надад 10000 төгрөг байсан караоке орж дуулъя гээд Я караоке орсон. Э-т бас мөнгө байсан. Тэнд бид хоёр нэг цаг дуулаад гарсан. Гарчихаад Я төвийн үүдэнд тамхи татахаар гарч ирэхэд үүдэнд үл таних хоёр ахтай шөргөөцөлдсөн. Тэр хоёр ах Э бид хоёроос тамхи асуусан. Энэнээс болоод маргасан. Би шатнаас буугаад эргээд хартал Э нэг ахад боолгочихсон дор нь орчихсон байсан. Би больлдоо ах гээд салгасан. Бас нэг ах нь надаас зуураад байсан. Нэг хартал Э газраас тал тоосго аваад нэг ахын толгойн ар хэсэг рүү нэг удаа цохьсон. Толгойгоо цохиулдаг ах эргээд бас тоосго аваад дайрахаар нь би гарыг бариад болиулсан. Ингээд гурав, дөрөвүүлээ зууралдаад байж байтал цагдаа ирсэн. Толгойгоо цохиулсан ахын дагз хэсгээс цус гарсан харагдсан. Э-н барьсан тоосгыг толгойгоо хагалуулдаг ах барьчихсан, цагдаад өгнө гээд аваад яваад байсан. Тэр нь яг тоосго биш явган хүний замын тал хавтан байна лээ. Харанхуйд л тоосго байна гэж хараад байсан юм билээ Тэр тал хавтанг толгойгоо хагалуулдаг ах танд өгч байсан. Тэр үед Э бид хоёр, бас нөгөө хоёр ах ч архи бага зэрэг уусан байсан. Э-н хүзүү боолгоод улайсан байсан, уруул нь хумхай долоочихсон юм шиг шархласан байсан. Бид нарыг зууралдаад байж байх үед толгойгоо хагалуулсан ахын эхнэр Я төвийн дотроос гарч ирж байгаа харагдсан. гэжээ. /хх-ийн 21/
Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой нөхөртэйгээ бас гэр бүлийн найзууд болох У, Ц нартай С талбай дээр салхилж яваад караокед орохоор шийдсэн. Ингээд бид дөрөв /цагийг сайн санахгүй байна/ “Я” караокед орсон. Каракокед 1 цаг авч дуулангаа нэг хүний 2, 2 лааз пиво авч уусан. Бас хоёр хоол захиалж идсэн. Манай нөхөр Г согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, 2 лааз пивоо уучихаад сүүлийн 20-30 минут унтаад өгсөн. Ингээд караокенаас гарах болоход У, Г хоёр түрүүлж гараад Ц бид хоёр тооцоо хийхээр үлдсэн. Тооцоо хийх гэж байхад үйлчлэгч охин танай хоёр гадаа хүнтэй муудалцаад байна гэхээр нь би Ц-г үлдээгээд түрүүлээд гадаа гарсан. Гадаа гараад ирсэн чинь Г тал тоосго шиг зүйл барьчихсан энүүгээр миний толгойг хагалчихлаа гээд Э гэх тэр толгойг нь хагалсан залууг зуураад зогсож байсан. Г-н толгойн дагз хэсгээс цус гарч байсан. Э-тай хамт яваа гэх Т нь Э-г авч явах гээд, Т-г У хориглоод байж байсан. Яагаад толгойг нь хагалж байгаа юм бэ гэхэд караокены шатан дээр муухай сайхан харлаа гээд муудалцсан гэсэн. Э нь зугтах гээд байсан тул би цагдаа дуудахаар цагдаагийн хэлтэс рүү явсан боловч өөдөөс хоёр цагдаа ирсэн. Ингээд цагдаа дээр бид нарыг бүгдийг аваачаад, би гомдол гаргаж шалгуулсан. Манай нөхрийн толгойн дагз хэсэгт дөрвөн оёдол тавьсан. Э нь их дээрэнгүй харьцаатай, ёс зүйгүй бүдүүлэг хүүхэд байна лээ. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Манай нөхрийн толгойг хагалсан тоосго шиг зүйл нь явган хүний замын хавтангийн тал хэсэг байна лээ. Тэрийг манай нөхөр танд өгсөн байгаа гэжээ. /хх-ийн 22-23/
Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой С талбай дээр эхнэр Ц, найзууд болох Г, У нарын хамт салхилж байгаад ойрд уулзаагүй юм чинь гээд бүгдээрээ караоке орохоор болж 20 цаг өнгөрч байхад байхаа “Я” караокед орсон. Каракокед ороод хүн бүр 2, 2 лааз пиво захиалж уусан. Бас хоол захиалж идсэн. Тэнд 1 цаг дуулаад цаг дуусан ба 10-20 минут юм ярьж сууж байгаад Г бид хоёр түрүүлээд гадаа гарсан. Хоёр эхнэр тооцоо хийчихээд үлдсэн. Г бид хоёр караокены үүдний шатан дээр Э, Т хоёртой таараад хажуугаар нь зүгээр гарсан чинь Э нь муухай хараад байна уу гэсэн. Бид хоёр тоогоогүй, жаахан хүүхдүүд шиг л байхаар тоолгүй хоорондоо юм яриад зөрсөн чинь ахиад муухай хараад байна уу алнууд минь гээд ахиад хэлсэн. Тэгэхээр нь Г та нар алнаас гараагүй юу гэж хэлсэн. Тэгтэл Э шууд ирээд та нар юмаар заалгахгүй шүү гээд Г-г заамдаад авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад байж байхад нь Т бид хоёр салгах гэж үзсэн. Бас хоорондоо барилдаж авсан. Т нь надаас зугтаад байсан. Тэгтэл гэнэт Э Г-н толгойн дагз хэсэг рүү юмаар цохиод авсан. Хэзээдээ салаад хаанаас тоосго шиг зүйл авсныг хараагүй. Г-н дагз хэсгээс цус гарч байсан. Э Г-г цохичихоод зугтах гэхэд нь Г зуурч аваад бас толгойг нь цохисон тоосго шиг дөрвөлжин чулууг бас аваад цагдаад өгнө гэсэн. Энэ үед У дотроос гарч ирээд цагдаа руу гүйгээд эргээд цагдаа дагуулаад ирсэн. Би бас тэр үед Т-г явуулахгүй гээд зуураад зогсож байсан. Тэр хоёр хүүхэд хоёулаа архи уучихсан байсан. Ингээд бид нарыг цагдаа дээр авчираад шалгаж эхэлсэн. Ийм л зүйл болсон доо гэжээ. /хх-ийн 24/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3-6/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн9-11/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/
Шинжээчийн 02/0293 дугаартай дүгнэлт: 1.Э.Э-н биед доод уруулын зулгаралт, буруун чамархай, хүзүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэоэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-26/
Дорноговь аймгийн Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 31-34/
Шинжээчийн 02/0294 дугаартай дүгнэлт: 1.О.Г-н биед толгойн шарх, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан толгойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 40-42/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт шүүгдэгчийн оршин суух хаягийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47, 55-56/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/
Хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 65/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Э.Э нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Я төвийн гадаа иргэн О.Г-тай маргалдаж улмаар толгойн тус газар замын хавтангаар цохиж, толгойн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч О.Г-н “...Би хажуугаар нь гартал намайг Э заамдаж авсан. Би зөрүүлээд заамдсан. Боолцоод байж байтал Э ахаа намайг тавьчих гэхээр нь тавьтал шууд газраас явган хүний замын тал хавтан шүүрч аваад миний толгойн ар хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгэхээр нь Э-г би ахин заамдаж аваад 1 удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “...Нэг хартал Э-р газраас тал тоосго аваад нэг ахын толгойн ар хэсэг рүү 1 удаа цохьсон.” гэх мэдүүлэг, гэрч Д.У-н “...Тэгтэл гэнэт Э, Г-н толгойн дагз хэсэг рүү юмаар цохиод авсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 02/0294 дугаартай дүгнэлтээр: “О.Г-н биед толгойн шарх, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан толгойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 35/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 31-34/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг оногдуулсан болно. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлого тодорхойгүй зэрэг байдал нь оногдуулах торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй болохоо шүүх хуралдаан дээр шүүгдэгч өөрийн мэдүүлэгтээ илэрхийлсэн тул түүнд оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч О.Г нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн явган хүний замын хавтан нь нэг талын хэсэгтээ улаан ягаан өнгийн будагны үлдэцтэй, 15 см өргөн, 13,5 см урт, 5 см өндөртэй тал нь хагарсан бетон чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн явган хүний замын хавтан нь нэг талын хэсэгтээ улаан ягаан өнгийн будагны үлдэцтэй, 15 см өргөн, 13,5 см урт, 5 см өндөртэй тал нь хагарсан бетон чулууг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б